Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2016/0018

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Э*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С******* нарыг оролцуулан Ө******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс манай компанийн эзэмшлийн 7162Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хадгалах үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйг тогтоолгох, Ө******* оюу ХХК-ийн 7162Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хэвээр байдлыг хадгалж кадастрын бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: ...Манай компани Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт орших Цагаанч*******т гэдэг газарт 7162Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа бөгөөд тусгай зөвшөөрөл бүхий талбайд хайгуулын үйл ажиллагааг хуульд заасны дагуу хийж гүйцэтгэн тайлан, төлөвлөгөөгөө Ашигт малтмалын тухай хуульд заасан хугацаанд хүргүүлж, жил бүрийн төлбөрийг бүрэн гүйцэд төлж тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох зөрчил дутагдал гаргаж байгаагүй болно.

Ашигт малтмалын 7162Х хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусахаас өмнө геологи хайгуулын ажлыг хийж гүйцэтгэн тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл хайгуулын ажлын үр дүнгийн нэгдсэн тайланг батлагдсан маягт, шаардлагад нийцүүлэн боловсруулж, анхдагч материалын хамт ашигт малтмалын газарт хүргүүлэн зохих журмын дагуу буюу тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө 2013 оны 03 дугаар сарын 20-ний өдөр шинжээч томилуулан Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр тайланг хэлэлцүүлэхээр ажиллаж байгаа болно.

Гэтэл манай компанийн гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланд Ашигт
малтмалын газраас томилогдсон шинжээч хайгуулын ажлыг дахин нарийвчлан хийх
шаардлагатай гэж үзэн тайланг буцаасан болно.

Томилогдсон шинжээчийн урьдчилсан дүгнэлтийн дагуу манай компанийн зүгээс хайгуулын ажлыг нарийвчлан хийх гэтэл Баян-Өлгий аймгийн Сагсай суманд 2013 оны 7 дугаар сараас 09 дүгээр сарыг дуустал малын гоц халдварт шүлхий өвчин гарсаны улмаас тусгай зөвшөөрөл бүхий талбайд хайгуулын ажил хийж чадаагүй юм. Тусгай зөвшөөрөл байрлаж байгаа газарт цаг агаар эрт хүйтэрдэг тул хайгуулын ажил хийж чадаагүй болно.

Гоц халдварт өвчин гарсан давагдашгүй хүчин зүйлийн улмаас хайгуулын үйл ажиллагаа явуулж чадаагүй энэхүү нөхцөл байдал үргэлжилж байх хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусч байгаа тухай Ашигт малтмалын газрын хариуцсан ажилтнуудад удаа дараа харилцан ярилцаж 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр албан бичгээр мэдэгдэж 7162Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгохгүй байх талаар хүсэлт гаргаж байсан болно.

Манай компанийн 7162Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхэд дүгнэлт гаргахаар томилогдсон шинжээч тайлан болон холбогдох материалыг судлан үзээд ордын хайгуулын судалгааны ажлыг газрын гадаргуугаас хангалтгай түвшинд судалсан боловч хүдрийн биетүүдийг гүнрүү нь дахин нэмж судалгаа хийх, бүрэн гүйцэтэд судалгаа хийсний дараа түүний үр дүнгээр нөөц бодож тайланг шинжээчид дахин танилцуулж хянуулахаар зөвлөж, буцаасан тул бид шинжээчийн дүгнэлтэд нийцүүлэхээр нэмэлт хайгуулын зарим ажлуудыг хийж, тайланд холбогдох өөрчлөлтийг оруулсан болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлд тусгай зөвшөөрлийг эзэмших эрхийг хадгалах хууль зүйн үндэслэлийг заасан бөгөөд тус зүйлд мөн хуулийн 32, 33 дугаар зүйлийг зөрчвөл энэ хуулийн 56 дугаар зүйлд заасан үндэслэлээр цуцална гэж заасан. Манай компанийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн 32, 33 дугаар зүйлийг хангаж ажиллаж байсан тул ордын нөөцийг хуулийн дагуу батлагдах хүртэл хугацаанд тусгай зөвшөөрлийг эзэмших эрх хадгалагдаж байгаа гэж үзэн ажиллаж байсан.

Гэтэл Улсын Их Хурлаас 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан мөн хуулийн Ашиглалтын өмнөх уйл ажиллагааны гэрээтэй холбогдолтой заалтыг хүчингүй болгож цаашид ашиглалтын өмнөх үйл ажилллагааны гэрээ байгуулахгүй болсон.

Түүнчлэн 7162 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хийсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Ашигт малтмалын газраас томилсон шинжээчийн дүгнэлтийн дагуу өөрчлөн хайгуулын зарим ажлыг дахин хийж дуусган Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэх гэхээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож бүртгэсэн тул хэлэлцүүлэх боломжгүйд хүрч манай компанийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөөд байна.

Энэ тухай Ашигт малмалын газрын даргад 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр албан бичгээр хандсан боловч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс манай тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон тул сунгах боломжгүй гэсэн хариуг 2015 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн- 6/3771 тоот албан бичгээр ирүүлсэн болно. Энэхүү үйлдлийг манай компанид мэдэгдээгүй бөгөөд бид ирүүлсэн албан тоотоос нь мэдэн шүүхэд хандан шийдвэрлүүлэхээр болсон.

Манай компани Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийи 48.3-т заасан хугацаа дуусахаас өмнө холбогдох шинжээч томилуулан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр тайланг хэлэлцүүлэх шатанд кадастрын хэлтэс нь тусгай зөвшөөрлийн бүртгэлд хугацаа дуусгавар болгон бүртгэл хийсэн, тусгай зөвшөөрлийн 9 жилийн хугацаа дуусч цаашид сунгуулах хуулийн боломжгүй, ашиглалтын өмнөх үйл ажиллагаа явуулж байгааг харгалзан үзээгүй тусгай зөвшөөрлийг дуусгавар болгож бүртгэл хийсэн нь цаашид ордын нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулах боломжгүй болгож манай компанийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсоноор манай компанийн Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах эрх байхгүй болсон тул тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэлд зохих өөрчлөлт оруулахыг Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ашигт малтмалын газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, хууль зүйн үндэслэлдээ: ..."Ө*******-*******" ХХК нь "Шаргалболор" ХХК-ийн эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт орших Цагаан ч*******т нэртэй 8318.47 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын 7162Х дугаартай тусгай зөвшөөрлийг ГУУКГ-ны даргын 2008 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 806 тоот шийдвэрээр шилжүүлж авсан байна.

"Ө*******-*******" ХХК нь 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 03/2013 албан тоотоор 7162Х дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдөр дуусч байгаа тул ЭБМЗ-ийн хурлаар хэлэлцүүлж дуустал тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг сунгаж өгөхийг хүссэн бөгөөд Ашигт малтмалын тухай хуулиар 9 дэх жилийн хугацаа нь дуусгавар болж байгаа тусгай зөвшөөрлийг сунгах эрх төрийн захиргааны баигууллагад олгогдоогүй бөгөөд сунгах хууль зүйн үндэслэл байхгүй юм.

Харин "Ө*******-*******" ХХК нь 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдөр буюу тусгай зөвшөөрлийн 9 дэх жилийн хугацаа дуусгавар болохоос өмнө уг тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын өмнөх гэрээ байгуулах хүсэлт гаргаж, Ашигт малтмалын тухай хүулийн 23 дугаар зүйлийн 23.1. дэх хэсэгт "Хайгуулын ажлын явцад ашигт малтмалын орд тогтоогдож түүний нөөцийг нь улсын бүртгэлд бүртгэснээс хойш ордыг ашиглах зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, уурхай барьж байгуулах, бүтээгдэхүүн гаргах хүртэлх үеийг уурхайн ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе гэж үзнэ" гэж заасны дагуу өөрийн талбай дээрх нөхцөл шаардлагуудыг тооцсоны үндсэн дээр Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээг 3 хүртэлх жилийн хугацаатай байгуулах боломжтой байсан байна.

Мөн энэ үед Ашигт малтмалын газрын даргын 2009 оны 410 дугаар тушаалаар батлагдсан "Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах журам" хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан.

"Ө*******-*******" ХХК нь ЭБМЗ-ийн 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1645 дугаартай шийдвэрээр Шинжээч томилуулсан хэдий ч тусгай зөвшөөрлийнхөө хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас өмнө ЭБМЗ-өөр ордын нөөц хэлэлцүүлэх тайлангаа өгөөгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дүгээр зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссаныг Кадастрын бүртгэлийн системд 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр дуусгавар болгож бүртгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хадгалах үүрэг нь төрийн байгууллагын үүрэг биш харин тусгай зөвшөөрөл эзэмшигч "Ө*******-*******" ХХК-ийн хуульд заасан үүрэг бөгөөд энэ тухай Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт "Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохи************** тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй" гэж заасан.

"Ө*******-*******" ХХК-ийн 7162Х дугаартай ашигт малттмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хэвээр байдлыг тус тусгай зөвшөөрлийн талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайланг Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх хүртэл хугацаагаар хадгалж кадастрын бүртгэлд өөрчлөлт оруулахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага нь Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлагыг хангахгүй юм.

Нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болгож кадастрын системд бүртгэсэн бүртгэлтэй холбоотой гомдлоо Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг "Хуульд өөрөөр заагаагүйрол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууляага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана" гэж зааснаар дуусгавар болгон бүртгэснийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор төрийн захиргааны байгуулагад гаргаж шийдвэрлүүлзэгүй атал Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан хугацааг хэтрүүлэн гаргасан байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8 дах хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар зэргийг харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч Ө******* оюу ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч тус шүүхэд хандаж Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс манай компанийн эзэмшлийн 7162Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хадгалах үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйг тогтоолгох, Ө******* оюу ХХК-ийн 7162Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хэвээр байдлыг хадгалж кадастрын бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Ө******* оюу ХХК нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт орших Цагаан ч*******т нэртэй 8318,47 га талбайд ашигт малтмалын хайгуулын 7162Х дугаар бүхий тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан, уг тусгай зөвшөөрлийн 9 дэх жилийн хугацаа 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр дуусгавар болох үйл баримтууд тогтоогдож байна.

Нэхэмжлэгч компаниас 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Ашигт малтмалын газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хандаж 2012-2013 онд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан-г хүргүүлснийг тус мэргэжлийн зөвлөлийн салбар хуралдаанаар хэлэлцэн тус хуралдааны дарга Б.Б*******гийн саналаар тухайн ашигт малтмалаар мэргэшсэн зэрэгтэй О.Ч*******ныг шинжээчээр томилж энэ тухайгаа нэхэмжлэгчид Ашигт малтмалын газрын Геологийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Б*******оос 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 4-2201 дугаар албан бичгээр мэдэгджээ.

2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Ө******* оюу ХХК-иас 02/2013 дугаар албан бичгээр Ашигт малтмалын газрын Геологийн албанд хандаж ...хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх шатанд явж байгааг дурдаад ийнхүү хэлэлцэж дуустал тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг сунгаж өгнө үү гэсэн хүсэлт хүргүүлсэн ба уг хүсэлтийн хариуг хариуцагчаас дээрхи 4-2201 дугаар албан бичгээр өгөхдөө тусгай зөвшөөрлийг сунгах үндэслэл бий эсэх талаар дурдалгүйгээр зөвхөн шинжээч томилсон тухай л мэдэгдсэн байна.

Тус компаниас Цагаан ч*******тын гянтб*******ын ордод 2009-2013 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан-г хүргүүлснийг шинжээч О.Ч*******н хүлээн авч танилцаад 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Хайгуулын ажлын тайлангийн тухай албан бичгээр ...ордын хайгуулын судалгааг бүрэн гүйцэд хийж түүний үр дүнгээр нөөц тооцон бодсоны дараа хайгуулын ажлын үр дүнгийн нөөцийн тооцоотой тайланг шинжээчид дахин танилцуулахыг зөвлөж ордын хайгуулын ажлын тайланг буцаажээ.

Үүнээс үзвэл нэхэмжлэгч 2009-2013 онд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайланг 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдөр буюу тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө Ашигт малтмалын газарт хүргүүлж, үүнээс хойш Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд тайлангаа хэлэлцүүлэх батлуулах үйл ажиллагаа үргэлжилж байсан, улмаар Ашигт малтмалын газрын Геологийн албанд хандаж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар тайланг хэлэлцэж дуусах хүртэл тухайн зөвшөөрлийн хүчинтэй хугацааг сунгуулах хүсэлт гаргасан байхад уг хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан атлаа 2014 оны 4 дүгээр сарын 29-нд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож бүртгэсэн нь үндэслэлгүй, захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа гэж шүүх дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э*******д 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны товыг  дугаарын утсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, 2016 оны 12 дугаар сарын 16 болон 12 дугаар сарын 30-ны өдрүүдэд товлогдсон шүүх хуралдаан түүний гаргасан хүсэлтүүдээр хойшилж байсан, энэ удаагийн шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр явуулж өгөх хүсэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан зэргийг үндэслэн түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ашигт малтмалын тухай хуулийн  21 дүгээр зүйлийн 21.1.5, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ө******* оюу ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн хайгуулын тусгай зөвшөөрлийн бүртгэлд Ө******* оюу ХХК-ийн эзэмшлийн 7162Х дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр гэсэн өөрчлөлт оруулахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгасугай

2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь Ө******* оюу ХХК-ийн эзэмшлийн 7162Х дугаар бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг 2009-2013 оны хайгуулын ажлын тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс шийдвэр гаргах хүртэл хугацаагаар хадгалж энэхүү шийдвэрийг биелүүлэхийг дурдсугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид олгосугай.

4.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.ДУЛАМСҮРЭН