Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2017

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/02055 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Э” ХХК-ийн хариуцагч Н.Н-д холбогдуулан гаргасан захиалгаар орон сууц бариулах гэрээний төлбөрт 3 485 232 334.94 төгрөг гаргуулах тухай үндсэн, захиалгаар орон сууц бариулах гэрээ болон нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэрээний төлбөрт шилжүүлсэн 440 000 000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Э” ХХК болон Н.Н-ийн хооронд 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр захиалгаар орон сууц бариулах тухай JAR-105/603-1 тоот гэрээ байгуулж, гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Жардин Резиденс хотхон, 105 байр, 60 тоот орон сууцыг хариуцагч захиалгаар бариулж, орон сууцны үнэ болох 2 621 049 375 төгрөгийн гэрээнд заасны дагуу хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцсон боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул захиалгаар орон сууц бариулах тухай JAR-106/603-1 дугаар гэрээнд 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж, төлбөрийн нөхцөл болон хуваарьт өөрчлөлт оруулж, тус өдөр 446 341 727.56 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авснаар энэ хэмжээнд төлбөр төлөгдсөн. Талуудын байгуулсан гэрээ нь захиалгаар орон сууц бариулах гэсэн нэртэй боловч Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээнд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлснөөр гэрчилгээг Н.Н-ийн нэр дээр гаргаж өгөхөөр тохиролцсон. Иймд хариуцагч Н.Ннь гэрээний үүргээ зөрчиж төлбөрөө тогтоосон хугацаанд төлөөгүй тул орон сууцны захиалгын гэрээний үндсэн төлбөрт 2 174 707 647.44 төгрөг, алданги 1 310 524 687.5 төгрөг, нийт 3 485 232 334.94 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Н шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр захиалгаар орон сууц бариулах тухай JAR-105/603-1 тоот гэрээ байгуулж, гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Жардин Резиденс хотхон, 105 байр, 60 тоот, 374.50 м.кв талбайтай орон сууцыг хүлээн авч өнөөг хүртэл амьдарч байгаа бөгөөд дараах үндэслэл, тодорхой шалтгааны улмаас орон сууцны үнийн төлбөр төлөгдөөгүй байгаа болно. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь орон сууц захиалгын гэрээ биш бөгөөд гэрээ байгуулагдах үед уг орон сууцыг улсын комисс хүлээж авсан болох нь хэрэгт авагдсан улсын комиссын актаар тогтоогддог. Гэрээ байгуулах үед төлбөр төлөх нөхцлөө тохирсон боловч Н.Н-ийн хувьд санхүүгийн хүндрэлтэй байдалд орсон, түүнчлэн тухайн орон сууцны үнэ хэт өндөр буюу 1 м.кв талбай нь 3 505 ам.доллар буюу 7 009 965.95 төгрөгийн үнэтэй байсан. Иймд уг гэрээ нь худалдах худалдан авах гэрээ биш тул төлбөрийг төлөх үндэслэлгүй, зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч Н.Н шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр захиалгаар орон сууц бариулах тухай JAR-105/603-1 тоот гэрээ байгуулж, гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Жардин Резиденс хотхон, 105 байр, 60 тоот, 374.50 м.кв талбайтай орон сууцыг хүлээн авч өнөөг хүртэл амьдарч байгаа бөгөөд дараах үндэслэл, тодорхой шалтгааны улмаас орон сууцны үнийн төлбөр төлөгдөөгүй байгаа болно. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь орон сууц захиалгын гэрээ биш бөгөөд гэрээ байгуулагдах үед уг орон сууцыг улсын комисс хүлээж авсан болох нь хэрэгт авагдсан улсын комиссын актаар тогтоогддог. Иймд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь хуулийн шаардлага хангаагүй гэрээг байгуулсан. Өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлэх Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангаагүй, мөн гэрээний үнийн болон төлбөрийн нөхцөл нь үндэсний мөнгөн тэмдэгтээр төлбөр тооцоо хийх хуулийн шаардлагыг зөрчсөн бөгөөд халхавчлах зорилгоор нэмэлт гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т зааснаар хууль зөрчсөн, халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бусд тооцож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар гэрээний үүрэгт шилжүүлсэн 440 000 000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ орон сууц худалдах, худалдан авах зорилгоор хийгдсэн бөгөөд уг орон сууцанд 4 жил амьдарчихаад ийм зүйл ярьж байгааг зөвшөөрөхгүй. Талуудын байгуулсан гэрээний 2.2-т тухайн орон сууцны нийт үнийг 2 621 049 375 төгрөг гэж монгол төгрөгөөр тохирсон. Мөн гэрээний 5.1, 7.1, 7.3-т талууд дээрх үнийг хэрхэн хувааж төлөх, мөн байрны үнийг бүрэн төлснөөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхөөр харилцан тохиролцсон. Өөрөө хэлбэл гэрээний 7.1-т заасан үүргээ биелүүлж “Э” ХХК нь орон сууцыг захиалагчийн эзэмшил ашиглалтад бүрэн хүлээлгэж өгөөд 4 жил өнгөрсөн байхад үүргээ биелүүлээгүй, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар ярьж байгааг ойлгохгүй байна. Иймд гэрээний үүрэг биелүүлэх дараалал ёсоор манай тал үүрэг зөрчөөгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй газарт бүртгүүлээгүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд шинээр баригдаж улсын комисс хүлээн авсан байранд өмчлөх эрх шилжүүлэх гэсэн ойлголт байхгүй бөгөөд Н.Номингэрэлийг төлбөрөө 100 хувь төлсөн тохиолдолд бид гэрчилгээг гаргаж өгөхөд одоо ч бэлэн байгаа. Иймд дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй, талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн гэрээнүүд юм гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Номингэрэлээс 3 485 232 334.94 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, хариуцагч Н.Н-ийн 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр захиалгаар орон сууц бариулах тухай JAR-105/603-1 тоот гэрээг болон 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн №JAR-105/603-2 нэмэлт гэрээг хууль зөрчсөн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 440 000 000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 17 584 111 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Н.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 326 000 төгрөгийн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1 255 800 төгрөгийг /2190514881124 нэхэмжлэхийн дугаартай/ улсын орлогоос гаргуулан хариуцагч Н.Н-д олгож, хариуцагч Н.Н-ээс улсын тэмдэгтийн хураамжид 17 584 111 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б давж заалдах гомдолдоо:

… Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийн талаар:

Зохигчдын хооронд байгуулагдсан "Захиалгаар орон сууц бариулах гэрээ"-г агуулгын хувьд "Орон сууц худалдах, худалдан авах гэрээ" мөн гэж нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрснөөр гэрээний төрлийн талаарх маргаан нэгэнт арилсан байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт энэхүү маргааны талаар “өөр ямар нэг хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн гэх үйл баримт тогтоогдоогүй" гэж дүгнэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалтыг үндэслэн шийдвэрээ гаргажээ. Иймд шүүх хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн тул анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан "Орон сууц захиалгаар бариулах гэрээ"-ний 8.3-т зааснаар гэрээ цуцлах бол орон сууцны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх торгууль төлөх нөхцөл нь Иргэний хуулийн 205 ба 232 дугаар зүйлд заасантай харшилж байгаа. Гэтэл шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн уг шаардлагыг хангах эсэх талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдаагүй атлаа тогтоох хэсэгт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгийг буруу хэрэглэн хэрэгсэхгүй болгосон тул уг шийдвэрийг хуульд нийцээгүй гэж үзэж байна.

Үндсэн нэхэмжлэлийн талаар:

Шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан хэлэлцэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг үндэслэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулахаар энэхүү давж заалдах гомдлыг гаргав гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүх нэхэмжлэлийн болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулж, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтын агуулгыг маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байх тул давж заалдах шатны шүүх  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

            Нэхэмжлэгч “Э” ХХК хариуцагч Н.Н-д холбогдуулан гэрээний үүрэгт 2 174 707 647,44 төгрөг, алданги 1 310 524 687,5 төгрөг, нийт 3 485 232 334,94 төгрөг гаргуулахаар шаардсаныг, хариуцагч эс зөвшөөрч марган, талуудын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан Захиалгаар орон сууц бариулах тухай JAR-105/603-1 тоот гэрээг болон 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 440 000 000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

            Гэрээний үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “зах зээлийн үнийн өөрчлөлттэй холбоотойгоор гэрээг цуцлан, орон сууцыг чөлөөлж өгөх саналтай байсан, мөн “Э” ХХК нь гэрээг цуцлах нөхцөл бүрдсэнийг болон цуцалсан болохыг албан ёсоор мэдэгдэж байсан, уг мэдэгдлүүд нь эрх зүйн хувьд хүчин төгөлдөр байгаа” гэсэн татгалзлыг бичгээр гаргажээ. 

 

            Мөн хэргийг анхан шатны журмаар хэлэлцэх явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үр дагаврыг ”гэрээгээр шилжүүлсэн зүйлсийг харилцан буцаах” гэсэн агуулгаар тодорхойлсон нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.

 

            Нэхэмжлэгч нь гэрээний 8.1-д заасны дагуу нэг талын санаачилгаар гэрээг цуцлах болсныг, түрээсийн төлбөр төлж, орон сууц чөлөөлнө үү гэсэн агуулгатай мэдэгдлийг 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тус тус хариуцагч Н.Н-д хүргүүлж байсан нь баримт хэрэгт авагджээ. /хх-34, 36/

 

            Хариуцагч Н.Ннь дээрх мэдэгдлийг хүлээн авч, гэрээг цуцалж, түрээсийн төлбөрийн хэмжээг харилцан тохиролцох талаар саналаа илэрхийлж байсан  баримт хэрэгт авагдсан байна. /хх-35/

 

            Дээр дурдсан бичгийн баримтуудын агуулга, хариуцагчийн тайлбараас үзвэл хүчин төгөлдөр гэрээг хууль болон гэрээнд зааснаар цуцлах талаар зохигчид хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлж байжээ.

 

            Гэтэл нэхэмжлэгч нь шүүхэд гэрээний үүргээ зөрчсөн гэж, нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны алдангийн хамт төлбөр гаргуулахаар шаардсан, хариуцагч нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж сөрөг шаардлага гаргасан байх бөгөөд талуудын гэрээг цуцлах хүсэл зориг яагаад өөрчлөгдсөн, нэхэмжлэлийн болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй, хэргийн нөхцөл байдал тодорхой бус байх тул шүүхийн шийдвэрт давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/02055 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 396 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

     ШҮҮГЧИД                                С.ЭНХТӨР

 

                                                                                          А.ОТГОНЦЭЦЭГ