Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2019/02055

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2019/02055

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Э ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй

 

            Хариуцагч: Н /РД:/-д холбогдох

            Захиалгаар орон сууц бариулах гэрээний төлбөрт 3 485 232 334.94 төгрөг гаргуулах тухай үндсэн,

Захиалгаар орон сууц бариулах гэрээ болон нэмэлт гэрээг хүчинтөгөлдөр бусд тооцуулж, гэрээний төлбөрт шилжүүлсэн 440 000 000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Майдри, хариуцагчийн төлөөлөгч Д.Бат-Өлзий, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

            Нэхэмжлэлийг 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э ХХК болон Н.Нийн хооронд 2015 оны 9 сарын 30-ны өдөр Захиалгаар орон сууц бариулах тухай JAR-105/00-1 тоот гэрээ байгуулж, гэрээгээр Хан-Уул дүүрэгийн 11 дүгээр хороо, Ж хотхон, 00, 00 тоот орон сууцыг хариуцагч захиалгаар бариулж, орон сууцны үнэ болох 2 621 049 375 төгрөгийн гэрээнд заасны дагуу хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцсон боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул Захиалгаар орон сууц бариулах тухай JAR-106/00-1 дугаар гэрээнд 2018 оны 8 сарын 20-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж, төлбөрийн нөхцөл болон хуваарьт өөрчлөлт оруулж, тус өдөр 446 341 727.56 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авснаар энэ хэмжээнд төлбөр төлөгдсөн. Талуудын байгуулсан гэрээ нь Захиалгаар орон сууц бариулах гэсэн нэртэй боловч Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээнд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлснөөр гэрчилгээг Н.Нийн нэр дээр гаргаж өгөхөөр тохиролцсон. Иймд хариуцагч Н.Н нь гэрээний үүргээ зөрчиж төлбөрөө тогтоосон хугацаанд төлөөгүй тул орон сууцны захиалгын гэрээний үндсэн төлбөрт 2 174 707 647.44 төгрөг, талуудын байгуулсан гэрээний 9.4-т заасан алданги 1 310 524 687.5 төгрөг, нийт 3 485 232 334.94 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.Нийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2015 оны 9 сарын 30-ны өдөр Захиалгаар орон сууц бариулах тухай JAR-105/00-1 тоот гэрээ байгуулж, гэрээгээр Хан-Уул дүүрэгийн 11 дүгээр хороо, Ж хотхон, 00, 00 тоот, 374.50 м.кв талбайтай орон сууцыг хүлээн авч өнөөг хүртэл амьдарч байгаа бөгөөд дараах үндэслэл, тодорхой шалтгааны улмаас орон сууцны үнийн төлбөр төлөгдөөгүй байгаа болно. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь орон сууц захиалгын гэрээ биш бөгөөд гэрээ байгуулагдах үед уг орон сууцыг улсын комисс хүлээж авсан болох нь хэрэгт авагдсан улсын комиссын актаар тогтоогддог. Гэрээ байгуулах үед төлбөр төлөх нөхцлөө тохирсон боловч Н.Нийн хувьд санхүүгийн хүндрэлтэй байдалд орсон, түүнчлэн тухайн орон сууцны үнэ хэт өндөр буюу 1 м.кв талбай нь 3 505 ам.доллар буюу 7 009 965.95 төгрөгийн үнэтэй байсан. Тухайн үед байрыг буцаан өгч, түрээс хэлбэрээр мөнгийг төлөх санал гаргасан боловч компани хүлээж аваагүй бөгөөд нэмэлт гэрээ гэсэн зүйл хийсэн байдаг. Иймд уг гэрээ нь худалдах худалдан авах гэрээ биш тул төлбөрийг төлөх үндэслэлгүй, зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч Н.Н шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг дэмжиж хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 9 сарын 30-ны өдөр Захиалгаар орон сууц бариулах тухай JAR-105/00-1 тоот гэрээ байгуулж, гэрээгээр Хан-Уул дүүрэгийн 11 дүгээр хороо, Ж хотхон, 00, 00 тоот, 374.50 м.кв талбайтай орон сууцыг хүлээн авч өнөөг хүртэл амьдарч байгаа бөгөөд дараах үндэслэл, тодорхой шалтгааны улмаас орон сууцны үнийн төлбөр төлөгдөөгүй байгаа болно. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь орон сууц захиалгын гэрээ биш бөгөөд гэрээ байгуулагдах үед уг орон сууцыг улсын комисс хүлээж авсан болох нь хэрэгт авагдсан улсын комиссын актаар тогтоогддог. Иймд үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд талууд хуульд заасан шаардлага хангаагүй гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлэх Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д заасан хуулийн шаардлага хангаагүй, мөн гэрээний үнийн болон төлбөрийн нөхцөл нь үндэсний мөнгөн тэмдэгтээр төлбөр тооцоо хийх хуулийн шаардлагыг зөрчсөн бөгөөд халхавчлах зорилгоор хийсэн гэрээ гэж үзэж байна. Иймд үндсэн гэрээ болон гэрээнд өөрчлөлт оруулсан нэмэлт гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т зааснаар хууль зөрчсөн, халхавчилах зорилгоор хийсэн хүчинтөгөлдөр бусд тооцож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар гэрээний үүрэгт шилжүүлсэн 440 000 000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ Орон сууц худалдах худалдан авах зорилгоор хийгдсэн бөгөөд уг орон сууцанд 4 жил амьдарчихаад ийм зүйл ярьж байгааг зөвшөөрөхгүй. Талуудын байгуулсан гэрээний 2.2-т тухайн орон сууцны нийт үнийг 2 621 049 375 төгрөг гэж Монгол төгрөгөөр тохирсон байдаг. Мөн гэрээний 5.1, 7.1, 7.3-т талууд дээрх үнийг хэрхэн хувааж төлөх, мөн байрны үнийг бүрэн төлснөөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхөөр харилцан тохиролцсон. Өөрөөр хэлбэл гэрээний 7.1-т заасан үүргээ биелүүлж Э ХХК нь орон сууцыг захиалагчийн эзэмшил ашиглалтад бүрэн хүлээлгэж өгөөд 4 жил өнгөрсөн байхад үүргээ биелүүлээгүй хэрнээ, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар ярьж байгааг ойлгохгүй байна. Иймд гэрээний үүрэг биелүүлэх дараалал ёсоор манай тал үүрэг зөрчөөгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд шинээр баригдаж улсын комисс хүлээн авсан байранд өмчлөх эрх шилжүүлэх гэсэн ойлголт байхгүй бөгөөд Н.Нийг төлбөрөө 100% төлсөн тохиололд бид гэрчилгээг гаргаж өгөхөд одоо ч бэлэн байгаа. Иймд дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй, талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн гэрээнүүд юм гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э ХХК хариуцагч Н.Нд холбогдуулан гэрээний үүрэгт 2 174 707 647.44 төгрөг, алданги 1 310 524 687.5 төгрөг, нийт 3 485 232 334.94 төгрөг гаргуулахаар шаардсныг, хариуцагч Н.Н талуудын хооронд 2015 оны 9 сарын 30-ны өдөр Захиалгаар орон сууц бариулах тухай JAR-105/00-1 тоот гэрээг болон нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 440 000 000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Талуудын хооронд 2015 оны 09 сарын 30-ны өдөр Захиалгаар орон сууц бариулах тухай №JAR-105/00-1 гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ж хотхон, 00, 00 тоот орон сууцыг захиалагч талд хүлээлгэн өгөх, захиалагч нь байрны үнэ нийт 2 621 049 375 төгрөгийг тодорхой хуваарийн дагуу төлөх, төлбөрийг 100% төлсөн тохиолдолд сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан өгөхөөр тохиролцжээ./хх-ийн 18-21/

Дээрх гэрээний зүйл болсон орон сууцны барилга нэхэмжлэгч Э ХХК-ийн захиалгаар баригдаж, Хан-Уул дүүргийн 11-р хороо Жардин цогцолбор хотхоны 127 байр сууцны барилгыг 2014 оны 10 сарын 22-ны өдөр ашиглалт орж, улсын комисс хүлээн авсан байх ба Ж хотхон, 00, 00 тоот орон 2016 оны 10 сарын 13-ны өдөр хариуцагч Н.Нд хүлээлгэн өгч, хариуцагч хүлээн авсан болох нь зохигчдын тайлбар болон байр хүлээлцсэн акт, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт зэргээр тогтоогдож байна./хх-ийн 27-32, 75-77/,

Хариуцагч Н.Н нь дээрх орон сууцны үнийг гэрээгээр тохирсон хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч тал төлбөр төлөх мэдэгдлийг хариуцагчид 2016.8.10, 2016.9.13-ны өдрүүдэд хүргүүлж байсан байх ба талууд 2018 оны 8 сарын 20-ны өдрийн №JAR-105/00-2 нэмэлт гэрээгээр  446 341 727. 56 төгрөгийг төлөгдсөнд тооцож, гэрээний хавсралтад дурдсан нэр бүхий 3 үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн гэрээг байгуулжээ.

 

Харин нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээнд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлснөөр гэрчилгээг Н.Нийн нэр дээр гаргаж өгөхөөр тохиролцсон. Иймд хариуцагч Н.Н нь гэрээний үүргээ зөрчиж төлбөрөө тогтоосон хугацаанд төлөөгүй тул гэрээний үлдэгдэл төлбөр, алдангийн хамт гаргуулна. ...” гэснийг, хариуцагч нь “Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь орон сууц захиалгын гэрээ биш бөгөөд гэрээ байгуулагдах үед уг орон сууцыг улсын комисс хүлээж авсан болох нь хэрэгт авагдсан улсын комиссын актаар тогтоогддог. Иймд үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд талууд хуульд заасан шаардлага хангаагүй гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлэх хуулийн шаардлага хангаагүй, мөн гэрээний үнийн болон төлбөрийн нөхцөл нь үндэсний мөнгөн тэмдэгтээр төлбөр тооцоо хийх хуулийн шаардлагыг зөрчсөн бөгөөд халхавчлах зорилгоор хийсэн гэрээ гэж үзэж байна. Иймд гэрээнд өөрчлөлт оруулсан нэмэлт гэрээг мөн хүчин төгөлдөр бус гэрээ тул эдгээр гэрээнүүдийг  хууль зөрчсөн, халхавчилах зорилгоор хийсэн хүчинтөгөлдөр бус гэж тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байна ” гэх тайлбарыг гаргаж маргажээ.

 

Хариуцагчийн тайлбар, татгалзал, сөрөг нэхэмжлэл дараах үндэслэлгүй байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний хууль зүйн үндэслэлийг худалдах-худалдан авах гэрээ гэж тайлбар гаргаж байх тул энэ асуудлаар талуудыг маргаагүй гэж үзнэ.  

Уг гэрээгээр “худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ба нэхэмжлэгч Э ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ж хотхон, 00, 00 тоот орон сууцыг хаягт байрлах 374.50 м.кв талбайтай орон сууцыг Н.Нд хүлээлгэн өгсөн, хариуцагч нь уг орон сууцыг хүлээн авч, уг үл хөдлөх эд хөрөнгөнд одоог хүртэл амьдарч байгаа хэдий ч төлбөр төлөх гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй болох нь дээрх үйл баримтуудаар тогтоогдож байна.

Түүнчлэн хариуцагч нь худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлөхөөр нэмэлт гэрээ байгуулж, тодорхой эд хөрөнгийг шилжүүлсэн, дээрх гэрээнүүдийн дагуу эд хөрөнгийг эзэмшил, ашиглалтандаа шилжүүлэн авч, одоог хүртэл амьдарч байгаа зэргээс дээрх гэрээнүүд хууль зөрчсөн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.

 Тодруулбал, талуудын байгуулсан гэрээгээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авах хүсэл зориг бүрэн илэрхийлэгдэж, улмаар талууд гэрээний гол нөхцөл болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ж хотхон, 00, 00 тоот орон сууцыг захиалагч талд хүлээлгэн өгөх, захиалагч нь байрны үнэ нийт 2 621 049 375 төгрөгийг тодорхой хуваарийн дагуу төлөх, төлбөрийг 100% төлсөн тохиолдолд сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан өгөхөөр тохиролцсон зэрэг нь Иргэний хуулийн Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан хэлцлийн шинжийг агуулсан, мөн хуулийн 43.1.1-т заасны дагуу хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохирсон гэх нөхцөл байдлыг илэрхийлсэн гэрээ байгуулагджээ.

Мөн хариуцагч тал “талуудын байгуулсан дээрх гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн” гэж тайлбарласан нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” гэдэг нь тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог хэлцэл байдаг.

Иймд талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 09 сарын 30-ны өдөр Захиалгаар орон сууц бариулах тухай №JAR-105/00-1 гэрээ, 2018 оны 8 сарын 20-ны өдрийн №JAR-105/00-2 нэмэлт гэрээнүүд нь хууль зөрчсөн болон талуудын хооронд байгуулагдсан өөр ямар нэг хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байх ба хариуцагч нь энэ талаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байна.

Түүнчлэн талуудын байгуулсан гэрээний 9.4-т алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг зөрчөөгүй байх тул алданги нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

Дээрхийг нэгтгээд хариуцагч Н.Нээс гэрээний үүрэгт 2 174 707 647.44 төгрөг, алданги 1 310 524 687.5 төгрөг, нийт 3 485 232 334.94 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч  Э ХХК-д олгож, хариуцагч Н.Нийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч Э ХХК нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар хойшлуулах хүсэлт гаргасныг шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн ба хариуцагч Н.Н нь сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж илүү төлснийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Нээс 3 485 232 334.94 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-д олгож, хариуцагч Н.Нийн 2015 оны 9 сарын 30-ны өдөр Захиалгаар орон сууц бариулах тухай JAR-105/00-1 тоот гэрээг болон 2018 оны 8 сарын 20-ны өдрийн №JAR-105/00-2 нэмэлт гэрээг  хууль зөрчсөн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 440 000 000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 17 584 111 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Н.Нийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 326 000 төгрөгийн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1 255 800 төгрөгийг /00 нэхэмжлэхийн дугаартай/ улсын орлогоос гаргуулан хариуцагч Н.Нд олгож, хариуцагч Н.Нээс улсын тэмдэгтийн хураамжинд 17 584 111 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.  

           

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг  тус тус дурдсугай. 

                                  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Б.МӨНХЖАРГАЛ