Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 125/2017/0017/з |
Дугаар | 221/MA2017/0614 |
Огноо | 2017-08-29 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 221/MA2017/0614
2017 оны 08 сарын 29 өдөр | Дугаар 221/МА2017/0614 | Улаанбаатар хот |
У.Мандахын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэгийн гаргасан давж заалдах гомдлоор, У.Мандахын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ц.Давааням холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 22 дугаар шийдвэрээр: Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч У.Мандахын “Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 21-08-004-136 дугаартай актыг хүчингүй болгуулж, 4.236,200 төгрөгийн төлбөрөөс чөлөөлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг давж заалдах гомдолдоо: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч У.Мандахын өмгөөлөгч миний бие шүүх шаардлагатай нотлох баримт дутуу бүртгүүлсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Үүнд: 1. Шүүх нь Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2014 оны 21-08-004-136 дугаар акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.4-д заасан хуулийн шаардлагыг хангасан эсэх, хуулийг буруу хэрэглэсэн эсэхэд дүгнэлт хийгээгүй. Энэ талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч миний бие шүүх хуралдаан дээр тайлбарласан болно.
2. У.Мандахыг М.Ариунболорын асран хамгаалагчаар тогтоосон захиргааны актын талаар талууд маргаагүй тул шүүхээс дүгнэлт хийх боломжгүй гэж дүгнэжээ. Нэхэмжлэгч талын хувьд “У.Мандахыг асран хамгаалагчаар тогтоосон, ийм учраас хүүхэд асран халамжилсны тэтгэмж авсан” гэсэн үндэслэл нь нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл байсан. Энэ талаараа нэхэмжлэлдээ дурдаж, шүүх хуралдаан дээр тайлбарлаж холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дүгнэх боломжгүй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
3. Шүүх нь Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д заасан бүтэн өнчин хүүхдэд М.Ариунболор нь хамаарахгүй байна гэж дүгнэжээ.
Гэтэл М.Ариунболор яагаад У.Мандахын асран хамгаалагчаар тогтоосон нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй.
4. Шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үүргийнхээ дагуу нэхэмжлэгч тал гаргаж өгөх боломжгүй акт тогтоосон төлбөрийн хэмжээ нь тухайн үед авсан тэтгэмжийн хэмжээтэй тохирч байгаа эсэх, тухайлбал 2009-2015 оны хугацаанд бүтэн өнчин хүүхэд асарч байсан тэтгэмжийн хэмжээ нь нийгмийн халамжийн байгууллагаас тодорхойлсон нотлох баримтыг гаргуулж аваагүй. Гэтэл М.Ариунболор нь хагас өнчин хүүхэд бөгөөд тухайн үед авсан нийгмийн халамжийн тэтгэмж нь хагас өнчин, бүтэн өнчин хүүхдийн тэтгэмж аль аль нь болох эсэхийг нотлох баримтаар тодорхойлох ёстой байсан.
Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 16-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү”гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг буюу “зээ охин М.Ариунболорын халамжийн тэтгэмжийг актын дагуу зогсоосон үеэс нь нөхөн олгуулах, халамжийн тэтгэмжийг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн “бүтэн өнчин” хүүхдийг асран хамгаалсны тэтгэмжээр үргэлжлүүлэн олгохыг Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 159 дүгээр захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж шийдвэрлэсэн байна.
Ингэснээр шүүхэд Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ц.Даваанямд холбогдуулан “Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 21-08-004-136 дугаартай актыг хүчингүй болгуулж, 4.236.200 төгрөгийн төлбөрөөс чөлөөлүүлэх” нэхэмжлэлийн шаардлага үлдсэн бөгөөд анхан шатны шүүх энэхүү шаардлагатай хэргийг шийдвэрлэхдээ болсон үйл баримт, нотлох баримтад буруу дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна гэж үзэв.
Хэргийн болсон үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтыг дүгнэж үзвэл М.Ариунболор нь 2000 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, эх М.Сарангоо нь 2001 оны 8 дугаар сарын 09-ний өдөр буюу охиныгоо 7 сар 11 хоногтой байхад нас барсан, тэр үеэс эхлэн охиныг эцэг нь бус У.Мандах асран хамгаалж, өсгөсөн, У.Мандахын асран хамгаалагчаар тогтоолгох хүсэлтийн дагуу Ховд аймгийн Манхан сумын Засаг даргын 2007 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 77 дугаар захирамжаар У.Мандахыг А.Ариунболорын асран хамгаалагчаар тогтоосон байна.
У.Мандах нь дээрх захирамжийн дагуу М.Ариунболорын асран хамгаалагч болсон байх бөгөөд уг захирамжийг өөрчилсөн, хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр гараагүй өнөөдрийг хүрсэн байна. Гэтэл анхан шатны шүүх тухайн захирамжийн талаар болон У.Мандах яагаад М.Ариунболорын асран хамгаалагчаар тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй байна.
Нийгмийн халамжийн тухай хуулийн зорилт, зохицуулалтаас үзвэл нийгмийн халамж нь тодорхой зорилтот бүлэг тухайлбал эрүүл мэндийн доройтолтой, гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, бие даан, эсхүл бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй, өвөрмөц хэрэгцээ бүхий иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор улсаас тэтгэвэр, тэтгэмж олгох, тусгайлсан үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн байна. Энэхүү ойлголтод М.Ариунболорын хамааруулж үзэх боломжтой байна.
Шүүх дан ганц /эцэг байх эрхээ хасуулсан/ эцэг Б.Амаржаргал нь амьд байгаа гэдэг үндэслэлээр М.Ариунболорыг нийгмийн халамж шаардлагагүй, өөрөө бие даан амьдрах боломжтой байсан мэтээр дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.
У.Мандахыг М.Ариунболорын асран хамгаалагчаар тогтоосон захиргааны актын талаар талууд маргаагүй тул шүүхээс дүгнэлт хийх боломжгүй гэж анхан шатны шүүх дүгнэжээ. Дээрх У.Мандахыг асран хамгаалагчаар тогтоосон захирамж нь нэхэмжлэгчийн тухайд эерэг нөлөөлөл бүхий, түүний хүсэл сонирхолд нийцэж гарсан, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж гарсан захиргааны акт юм.
Иймд дээрх захирамжтай нэхэмжлэгч маргах үндэслэлгүй, шаардлагагүй юм. Гэтэл нэхэмжлэгчийг өөрт эерэг нөлөөлөлтэй захиргааны акттай маргаагүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын тодорхой, гол үндэслэлд дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Харин давж заалдах гомдолд “Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2014 оны 21-08-004-136 дугаар акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.4-д заасан хуулийн шаардлагыг хангасан эсэх, хуулийг буруу хэрэглэсэн эсэхэд дүгнэлт хийгээгүй” гэж дурдсан боловч маргаан бүхий акт 2014 онд гарсан, харин Захиргааны ерөнхий хууль 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж үйлчилсэн тул гомдлын энэ үндэслэлийг хүлээн авах боломжгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч У.Мандахын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 21-08-004-136 дугаар актыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР