Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2016

 

 

“У” ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/02132 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “У” ХХК -ийн хариуцагч К-д холбогдуулан гаргасан гэрээний үлдэгдэл төлбөрт 6 197 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“У” ХХК  нь Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээний удирдлага мэдээллийн болон цахим хэлбэрийн системийг нийлүүлж байгаа компани бөгөөд манай компани иргэдийг цахим картаар хангах үйл ажиллагааг дэмжих мөн хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагааг дэмжиж зорилгоор нийслэлийн бүх дүүргүүдэд үйл ажиллагаа явуулж байгаа хадгаламж зээлийн хоршоодтой карт борлуулах цэнэглэх үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан. Энэ ажлын хүрээнд 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийг төлөөлөн К-тaй тухайн үед уг хоршооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.П нь төлөөлөн манай компанитай карт борлуулах, цэнэглэх үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж, нийт 4 800 ширхэг картыг өөрөө гарын үсэг зурж хүлээж авсан. Энэ картуудыг хүлээж аваад өөрийн гишүүн хадгаламж зээлийн хоршоодод тараан өгч, иргэдэд худалдан борлуулах байсан. Нэг ширхэг карт иргэдэд зарагдах үнэ нь 3 600 төгрөг байсан ба хадгаламж зээлийн хоршоодод манай компаниас гэрээний дагуу нэг картыг 3 200 төгрөгөөр борлуулаад хоршоодын нийт гишүүд нь худалдан борлуулсан нэг ширхэг карт тутмаас 400 төгрөгийн шимтгэл авах нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Үүнээс хойш К 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс хойш Хан-Уул дүүргээс К-оос гэсэн утгатайгаар картын төлбөрийг тухай бүрт нь шилжүүлж байгаад хамгийн сүүлд 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр төлж, өөрөөр ямар нэгэн төлбөр төлөөгүй. Энэ хугацаанд нийтдээ 4 800 ширхэг картын үнэд 15 360 000 төгрөг төлөхөөс 9 243 200 төгрөгийг төлж, үлдэгдэл 6 126 800 төгрөгийг төлөөгүй байна. Тиймээс манай компаниас гэрээний дагуу төлбөрөө шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргахад үйл ажиллагаа явуулдаг хаягаа өөрчилж, энэ тухайгаа Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүй, хаягаа бүртгүүлээгүй байсан учраас манай компаниас дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж К-г эрэн сурвалжлуулж, Д.П захирлын хаягийг Цагдаагийн байгууллагаас олж тогтоож тэрээр манай компанид ирж уулзаж, тодорхой хугацаа тогтоогоод гишүүддээ тараагаад өгсөн байгаа. Гишүүдээсээ аваад танай байгууллагад сарын дотор төлж барагдуулна гэж хэлсэн. Үүнийхээ дагуу төлбөрийг төлөөгүй учраас дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээр хэлэлцүүлж байна. Гэрээ байгуулж түүнээс хойш хийгдсэн төлбөрийн тооцоо, санхүүгийн баримт болон бусад холбогдох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагч талын маргаж байгаа гол үндэслэл нь гүйцэтгэх захирал Д.П-тай тухайн хадгаламж зээлийн хоршоо хөдөлмөрийн гэрээ байгуулсан, Д.П гэрээний 2.2-т заасан төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээг хэтрүүлсэн гэж тайлбарлаж байна. Хадгаламж зээлийн хоршооны тухай хуульд зааснаар тэргүүлэгчдийн зөвлөлөөс гүйцэтгэх захиралтай гэрээ хийсэн. Тухайн гэрээнд ямар ямар заалт тусгах, гүйцэтгэх захирал ямар эрх үүрэгтэй байх талаар дүрэмд тодорхой зааж өгсөн. Дүрмийн 10.2, 10.3-т үүргийг зааж өгсөн ба гүйцэтгэх захирал дараах эрх үүрэгтэй гээд 10.3.3-т хоршооны нэрийн өмнөөс иргэний эрх зүйн харилцаанд оролцох гэж зааснаас үзэхэд гүйцэтгэх захирлын эрх хэмжээ нь хадгаламж зээлийн хоршооны тухай хуулиар баталгаажиж түүнийгээ дүрэмдээ зааж өгсөн байна. Гүйцэтгэх захирал эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэхэд тэргүүлэгчдийн зөвлөл, хяналтын зөвлөл эрх хэмжээгээ хэрэгжүүлж, хяналт тавиагүй, ажил үүрэг хариуцлагыг К өөрийн дотооддоо шийдэх ёстой болохоос биш тэргүүлэгчдийн зөвлөл, хяналтын зөвлөл ажил үүргээ гүйцэтгээгүйгээс үүсэх хариуцлагыг манай компани үүрэх ёсгүй. Дүрэмд зааснаар тухайн хадгаламж зээлийн хоршооны гишүүн хоршоондоо хохирол учруулсан бол дүрэм болон хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн хадгаламж зээлийн хоршоо өөрийн гишүүнээс учруулсан хохирлын талаар тусдаа нэхэмжлэл гаргах замаар шийдвэрлэх боломжтой. Д.П нь одоо болтол К-ны гишүүнээр бүртгэлтэй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.П нь манай хоршоотой 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус хоршооны гүйцэтгэх захирлаар 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл гэрээний дагуу ажиллаж байсан. К-ны гүйцэтгэх захирал нь хоршооны тэргүүлэгчдийн эзгүйд хоршооны үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, гүйцэтгэх удирдлагаар хангах үүргийг хэрэгжүүлдэг. Хоршоог төлөөлөн аливаа этгээдтэй гэрээ байгуулахдаа заавал тэргүүлэгчдийн зөвлөлөөс зөвшөөрөл авдаг. Энэ нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.П-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.2.1-т зааснаар нотлогдож байгаа. К-ны зүгээс “У” ХХК -тай 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр карт борлуулах, цэнэглэх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулаагүй ба тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.П тус хоршоог төлөөлөн “У” ХХК -тай гэрээ байгуулах ямар нэгэн эрхийг олгоогүй. Хоршооны тухай хуульд заасны дагуу хоршоог итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь зөвхөн хоршооны дарга буюу одоог хүртэл Хоршооны даргаар ажиллаж байгаа н.Ү байсан. Д.П нь тус хоршооны зөвшөөрөлгүйгээр дур мэдэн тухайн үед хоршооны тамга тэмдгийг ашиглаж гэрээ байгуулсан гэж үзэж байна. Хоршооны тухай хуульд хоршооны үйл ажиллагааны чиглэлийг дэлгэрэнгүй тусгасан. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт хоршоо дараах үйл ажиллагаа эрхэлж болно гээд 8 дахь заалтыг тусгаж өгсөн байдаг. Түүний 3 дугаар зүйлийн 3.4.3-т хадгаламж зээлийн хоршоо буюу манай хоршоо зөвхөн хадгаламж зээлийн үйл ажиллагаа явуулах эрх үүрэгтэй байсан. Хоршоонд хамааралгүй карт борлуулах цэнэглэх үйлчилгээ үзүүлэх гэрээ буюу Хоршооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3 дугаар зүйлийн 3.4.5-т заасан үйлчилгээний буюу хоршооны хэрэгжүүлэх боломжгүй үйл ажиллагааны чиглэлээр энэ гэрээг байгуулсан. Хариуцах ёстой этгээд нь Д.П ба К нь Д.П-ын эрх хэмжээгээ хэтрүүлэн ашиглаж байгуулсан гэрээтэй холбоотой харилцаанаас үүссэн үр дагаврыг хариуцахгүй. Хоршооны дүрмийн 10.3.3-т заасныг нэхэмжлэгч тал тайлбарлаж нэхэмжлэлээ дэмжсэн байр сууриа илэрхийлж байна. Хоршооны нэрийн өмнөөс иргэний эрх зүйн харилцаанд оролцох үүргийг гүйцэтгэх захиралд олгосон зүйл байхгүй. Манай хадгаламж зээлийн хоршоо зөвхөн хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхэлнэ гэж тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хавсралт, хадгаламж зээлийн хоршооны дүрэмдээ зааж өгсөн байдаг. Уг хадгаламж зээлийн хоршоо нь зөвхөн хадгаламж болон зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг. Гэтэл гүйцэтгэх захирал Д.П хоршоог төлөөлж байгаа гэсэн нэрээр “У” ХХК -тай харилцан тохиролцож бүтээгдэхүүнийг нь худалдан борлуулж, түүнээс тодорхой хэмжээний ашиг олох зорилготойгоор гэрээ байгуулсан ба энэ гэрээ нь хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаатай хамааралгүй, ийм үйл ажиллагаа хэрэгжүүлэх тусгай зөвшөөрөл аваагүй. Энэ үйл явдлыг нэхэмжлэгч талаас шүүхэд нэхэмжлэл гаргах үед Д.П-ыг гэрээ байгуулсан гэдгийг олж мэдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 399 дүгээр зүйлийн 399.1, 219 дугаар зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч К-aaс 6 197 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “У” ХХК -д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 114 102 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч К-aaс 114 102 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “У” ХХК -д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б давж заалдах гомдолдоо:

… Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулахаар дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай заалтыг зөрчсөн.

Хоршооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт заасны дагуу хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хоршоо нь бусад хоршооны үйл ажиллагааг нэгэн зэрэг эрхэлж болохгүй буюу энэ нь хуулиар хориотой байхад шүүхээс хуульд заасны дагуу хуулиар хориглоогүй үйл ажиллагаа явуулсан гэж үзсэн нь үндэслэлгүй байгаа юм. Мөн К нь карт борлуулах, цэнэглэх үйлчилгээ үзүүлэх гэрээнд заасан үйл ажиллагааг эрхлэх талаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооноос ямар нэгэн байдлаар зөвшөөрөл авч байгаагүй тул гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.П-ын дур мэдэн байгуулсан гэрээ нь Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсэгт заасны дагуу нэгдүгээрт Хорооноос зөвшөөрөл аваагүй, хоёрдугаарт хуулиар хориглосон үйл ажиллагаа байх тул К нь “У” ХХК -тай байгуулсан гэрээгээр хэрэгжүүлэхээр тохирсон гэх үйл ажиллагаан нь хоршооны үйл ажиллагаанд хориотой үйл ажиллагаа байна.

К-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.П-ын хоршооны тэргүүлэгчдээс эрх олгоогүй байхад дур мэдэн хийсэн хэлцэл нь төлөөлөх нь эрхгүй этгээдийн хийсэн хэлцэл байна.

Иймд Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасан “Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална” гэх заалтын дагуу К-ны зүгээс тус хэлцлийг хүчин төгөлдөрт тооцохыг зөвшөөрөхгүй тул тус хүчин төгөлдөр бус байна.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхэд “У” ХХК -ийн нэхэмжлэлтэй хэргийн материалд Комбинат хадгаламж зээлийн хоршооны дарга н.Ү нь “У” ХХК  дээр очиж, саналаа солилцсон гэх нэг ч баримт авагдаагүй ба энэ талаар зөвхөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаан дээр амаар гаргасан тайлбар болон энэ харилцааны улмаас учирсан хохирол төлбөрийг хариуцах ёстой этгээд болох Д.П-ын гэрчээр өгсөн мэдүүлгээр дээрх үйл баримтыг нотлогдож байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Хэрэв үнэхээр Комбинат хадгаламж зээлийн хоршооны дарга н.Ү нь “У” ХХК  дээр өөрийн биеэр очиж, хурал, уулзалтад оролцсон, санал солилцсон бол энэ талаар баримт нэхэмжлэгч “У” ХХК -д хадгалагдаж байх ёстой, гэтэл ийм баримт хавтаст хэрэгт авагдаагүй нь дээрх үйл баримтыг худал болохыг гэрчилж байна гэж үзэж байна.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч “У” ХХК  нь хариуцагч К-д холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөрт 6 197 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 02/296 тоот “Карт борлуулах, цэнэглэх үйлчилгээ үзүүлэх гэрээ”-гээр цахим картыг К нь өөрийн цэгүүдээр тогтоосон үнийн дагуу борлуулах, цахим картыг төлбөртэйгээр цэнэглэх үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээж, /хх24-33/ “У” ХХК -аас нийлүүлсэн 4 800 ширхэг цахим картыг хүлээн авч, 3 600 төгрөгөөр борлуулан, 400 төгрөгийг борлуулсны хөлсөнд тооцож авахаар тохиролцсоноос үзвэл талуудад Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээний харилцаа үүссэн, энэ талаар шүүхийн дүгнэлт зөв байна.

 

            Хариуцагч К нь карт борлуулсан, цэнэглэсний төлбөрийг гэрээнд заасны дагуу төлж байсан, гэрээний үлдэгдэл төлбөр 6 126 800 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдсон байна. Мөн эрэн сурвалжлуулахаар улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

 

К-ны гүйцэтгэх захирал Д.П нь Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.7.1, 39.7.2, 39.7.3, К-ын дүрмийн 10 дугаар зүйлийн 10.3.1-10.3.3-т тус тус зааснаар эрх хэмжээнийхээ хүрээнд “У” ХХК -тай гэрээ байгуулсан байх бөгөөд талууд гэрээний үүргээ биелүүлэх нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт нийцэх тул хариуцагчийн уг үндэслэлээр гаргасан тайлбар, татгалзлыг хүлээн авах боломжгүй.

 

Харин анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг шийдвэрт баримталсан нь оновчгүй байх тул шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас хассан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/02132 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаас “... 243 дугаар зүйлийн 243.1” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

 

                                          ШҮҮГЧИД                                     С.ЭНХТӨР

 

А.ОТГОНЦЭЦЭГ