Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00521

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнсувд даргалж, шүүгч Б.Ундрах, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 09ий өдрийн 183/ШШ2019/02132 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 02ы өдрийн 2016 дугаар магадлалтай,

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Комбинат ХЗХ холбогдох

Гэрээний үлдэгдэл төлбөрт 6,197,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадралын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Х.Сонинбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Алтанзул, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК нь Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээний удирдлага мэдээллийн болон цахим хэлбэрийн системийг нийлүүлж байгаа компани бөгөөд манай компани иргэдийг цахим картаар хангах үйл ажиллагааг дэмжих мөн хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагааг дэмжиж зорилгоор нийслэлийн бүх дүүргүүдэд үйл ажиллагаа явуулж байгаа хадгаламж зээлийн хоршоодтой карт борлуулах цэнэглэх үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан. Энэ ажлын хүрээнд 2015.08.03-ны өдөр Хан-Уул дүүргийг төлөөлөн******* хадгаламж зээлийн хоршоотой тухайн үед уг хоршооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Пүрэвдагва нь төлөөлөн манай компанитай карт борлуулах, цэнэглэх үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж, нийт 4,800 ширхэг картыг өөрөө гарын үсэг зурж хүлээж авсан. Энэ картуудыг хүлээж аваад өөрийн гишүүн хадгаламж зээлийн хоршоодод тараан өгч, иргэдэд худалдан борлуулах байсан. Нэг ширхэг карт иргэдэд зарагдах үнэ нь 3,600 төгрөг байсан ба хадгаламж зээлийн хоршоодод манай компаниас гэрээний дагуу нэг картыг 3,200 төгрөгөөр борлуулаад хоршоодын нийт гишүүд нь худалдан борлуулсан нэг ширхэг карт тутмаас 400 төгрөгийн шимтгэл авах нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Үүнээс хойш******* хадгаламж зээлийн хоршоо 2015.08.14-ний өдрөөс хойш Хан-Уул дүүргээс******* хадгаламж зээлийн хоршооноос гэсэн утгатайгаар картын төлбөрийг тухай бүрт нь шилжүүлж байгаад хамгийн сүүлд 2016.03.01-ний өдөр төлж, өөрөөр ямар нэгэн төлбөр төлөөгүй. Энэ хугацаанд нийтдээ 4,800 ширхэг картын үнэд 15,360,000 төгрөг төлөхөөс 9,243,200 төгрөгийг төлж, үлдэгдэл 6,126,800 төгрөгийг төлөөгүй байна. Тиймээс манай компаниас гэрээний дагуу төлбөрөө шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргахад үйл ажиллагаа явуулдаг хаягаа өөрчилж, энэ тухайгаа Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүй, хаягаа бүртгүүлээгүй байсан учраас манай компаниас дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж******* хадгаламж зээлийн хоршоог эрэн сурвалжлуулж, Д.Пүрэвдагва захирлын хаягийг Цагдаагийн байгууллагаас олж тогтоож тэрээр манай компанид ирж уулзаж, тодорхой хугацаа тогтоогоод гишүүддээ тараагаад өгсөн байгаа. Гишүүдээсээ аваад танай байгууллагад сарын дотор төлж барагдуулна гэж хэлсэн. Үүнийхээ дагуу төлбөрийг төлөөгүй учраас дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээр хэлэлцүүлж байна. Гэрээ байгуулж түүнээс хойш хийгдсэн төлбөрийн тооцоо, санхүүгийн баримт болон бусад холбогдох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагч талын маргаж байгаа гол үндэслэл нь гүйцэтгэх захирал Д.Пүрэвдагватай тухайн хадгаламж зээлийн хоршоо хөдөлмөрийн гэрээ байгуулсан, Д.Пүрэвдагва гэрээний 2.2-т заасан төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээг хэтрүүлсэн гэж тайлбарлаж байна. Хадгаламж зээлийн хоршооны тухай хуульд зааснаар тэргүүлэгчдийн зөвлөлөөс гүйцэтгэх захиралтай гэрээ хийсэн. Тухайн гэрээнд ямар ямар заалт тусгах, гүйцэтгэх захирал ямар эрх үүрэгтэй байх талаар дүрэмд тодорхой зааж өгсөн. Дүрмийн 10.2, 10.3-т үүргийг зааж өгсөн ба гүйцэтгэх захирал дараах эрх үүрэгтэй гээд 10.3.3-т хоршооны нэрийн өмнөөс иргэний эрх зүйн харилцаанд оролцох гэж зааснаас үзэхэд гүйцэтгэх захирлын эрх хэмжээ нь хадгаламж зээлийн хоршооны тухай хуулиар баталгаажиж түүнийгээ дүрэмдээ зааж өгсөн байна. Гүйцэтгэх захирал эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэхэд тэргүүлэгчдийн зөвлөл, хяналтын зөвлөл эрх хэмжээгээ хэрэгжүүлж, хяналт тавиагүй, ажил үүрэг хариуцлагыг******* хадгаламж зээлийн хоршоо өөрийн дотооддоо шийдэх ёстой болохоос биш тэргүүлэгчдийн зөвлөл, хяналтын зөвлөл ажил үүргээ гүйцэтгээгүйгээс үүсэх хариуцлагыг манай компани үүрэх ёсгүй. Дүрэмд зааснаар тухайн хадгаламж зээлийн хоршооны гишүүн хоршоондоо хохирол учруулсан бол дүрэм болон хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн хадгаламж зээлийн хоршоо өөрийн гишүүнээс учруулсан хохирлын талаар тусдаа нэхэмжлэл гаргах замаар шийдвэрлэх боломжтой. Д.Пүрэвдагва нь одоо болтол******* хадгаламж зээлийн хоршооны гишүүнээр бүртгэлтэй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Пүрэвдагва нь манай хоршоотой 2014.11.25-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус хоршооны гүйцэтгэх захирлаар 2017.10.29-ний өдрийг хүртэл гэрээний дагуу ажиллаж байсан.******* хадгаламж зээлийн хоршооны гүйцэтгэх захирал нь хоршооны тэргүүлэгчдийн эзгүйд хоршооны үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, гүйцэтгэх удирдлагаар хангах үүргийг хэрэгжүүлдэг. Хоршоог төлөөлөн аливаа этгээдтэй гэрээ байгуулахдаа заавал тэргүүлэгчдийн зөвлөлөөс зөвшөөрөл авдаг. Энэ нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Пүрэвдагватай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.2.1-т зааснаар нотлогдож байгаа.******* хадгаламж зээлийн хоршооны зүгээс ******* ХХК-тай 2017.08.03-ны өдөр карт борлуулах, цэнэглэх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулаагүй ба тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Пүрэвдагва тус хоршоог төлөөлөн ******* ХХК-тай гэрээ байгуулах ямар нэгэн эрхийг олгоогүй. Хоршооны тухай хуульд заасны дагуу хоршоог итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь зөвхөн хоршооны дарга буюу одоог хүртэл Хоршооны даргаар ажиллаж байгаа н.Үрэл байсан. Д.Пүрэвдагва нь тус хоршооны зөвшөөрөлгүйгээр дур мэдэн тухайн үед хоршооны тамга тэмдгийг ашиглаж гэрээ байгуулсан гэж үзэж байна. Хоршооны тухай хуульд хоршооны үйл ажиллагааны чиглэлийг дэлгэрэнгүй тусгасан. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт хоршоо дараах үйл ажиллагаа эрхэлж болно гээд 8 дахь заалтыг тусгаж өгсөн байдаг. Түүний 3 дугаар зүйлийн 3.4.3-т хадгаламж зээлийн хоршоо буюу манай хоршоо зөвхөн хадгаламж зээлийн үйл ажиллагаа явуулах эрх үүрэгтэй байсан. Хоршоонд хамааралгүй карт борлуулах цэнэглэх үйлчилгээ үзүүлэх гэрээ буюу Хоршооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3 дугаар зүйлийн 3.4.5-т заасан үйлчилгээний буюу хоршооны хэрэгжүүлэх боломжгүй үйл ажиллагааны чиглэлээр энэ гэрээг байгуулсан. Хариуцах ёстой этгээд нь Д.Пүрэвдагва ба******* хадгаламж зээлийн хоршоо нь Д.Пүрэвдагвын эрх хэмжээгээ хэтрүүлэн ашиглаж байгуулсан гэрээтэй холбоотой харилцаанаас үүссэн үр дагаврыг хариуцахгүй. Хоршооны дүрмийн 10.3.3-т заасныг нэхэмжлэгч тал тайлбарлаж нэхэмжлэлээ дэмжсэн байр сууриа илэрхийлж байна. Хоршооны нэрийн өмнөөс иргэний эрх зүйн харилцаанд оролцох үүргийг гүйцэтгэх захиралд олгосон зүйл байхгүй. Манай хадгаламж зээлийн хоршоо зөвхөн хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхэлнэ гэж тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хавсралт, хадгаламж зээлийн хоршооны дүрэмдээ зааж өгсөн байдаг. Уг хадгаламж зээлийн хоршоо нь зөвхөн хадгаламж болон зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг. Гэтэл гүйцэтгэх захирал Д.Пүрэвдагва хоршоог төлөөлж байгаа гэсэн нэрээр ******* ХХК-тай харилцан тохиролцож бүтээгдэхүүнийг нь худалдан борлуулж, түүнээс тодорхой хэмжээний ашиг олох зорилготойгоор гэрээ байгуулсан ба энэ гэрээ нь хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаатай хамааралгүй, ийм үйл ажиллагаа хэрэгжүүлэх тусгай зөвшөөрөл аваагүй. Энэ үйл явдлыг нэхэмжлэгч талаас шүүхэд нэхэмжлэл гаргах үед Д.Пүрэвдагвыг гэрээ байгуулсан гэдгийг олж мэдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.09ий өдрийн 183/ШШ2019/02132 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 399 дүгээр зүйлийн 399.1, 219 дугаар зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Комбинат хадгаламж зээлийн хоршооноос 6,197,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 114,102 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Комбинат хадгаламж зээлийн хоршооноос 114,102 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.02ы өдрийн 2016 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.09-ний өдрийн 183/ШШ2019/02132 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаас ... 243 дугаар зүйлийн 243.1 гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадрал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1.Хадгаламж зээлийн хоршооны эрхлэх үйл ажиллагааны чиглэлд хамаарахгүй хуулиар хориотой үйл ажиллагаа болох талаар: Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт заасны дагуу хадгаламж, зээлийн хоршоо гэж гишүүдийнхээ эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилгоор 1 гишүүддээ хадгаламж, зээлийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үзүүлэх ардчилсан удирдлага, хамтын хяналт бухий ашгийн төлөө бус хуулийн этгээдийг ойлгоно. Хадгаламж зээлийн хоршоо нь тус хуулийн 13.4, 13.5 дахь хэсэгт заасан үйл ажиллагааг эрхлэх ба бусад үйл ажиллагаа эрхлэхийг тус хуулийн 13.6 дахь хэсэгт заасны дагуу хориглосон байдаг. Гэтэл Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхээс. хоршооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Пүрэвдагвын дур мэдэн хийсэн хууль бус хэлцлийг зөвтгөхдөө хууль болон дүрэмд заасны дагуу өөрийн эрх хэмжээний хүрээнд Хоршооны нэрийн өмнөөс иргэний эрх зүйн харилцаанд оролцож, хуулиар хориглоогүй санхүүгийн үйл ажиллагаа явуулсан гэж дүгнэснийг Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхээс үндэслэлгүйгээр хэвээр үлдээн шийдвэрлэсэн. Мөн******* ХЗХ Хан-Уул дүүргийн 3 хороо, Чингисийн өргөн чөлөө, Бид ББСБ-ийн байранд байрлаж үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд картыг борлуулах цэгүүд гэх зүйл огтхон байхгүй, ямар нэгэн салбаргүй нэг л хаягтаа байршиж үйл ажиллагаа явуулдаг болно. 2015.08.03-ны өдрийн Карт борлуулах, цэнэглэх үйлчилгээ үзүүлэх гэрээ-г тухайн үед хоршооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Пүрэвдагва нь******* хадгаламж зээлийн хоршооны тэргүүлэгчдийн зөвлөлд мэдэгдэлгүйгээр, өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж, ******* ХХК-д хоршоог төлөөлөх эрхтэй мэтээр ойлгуулж, хувьдаа ашиг олох зорилгоор хоршооны тусгай зөвшөөрөл бичиг баримт, тамга тэмдгийг хууль бусаар ашиглаж гэрээ байгуулсан ба хуулиар хоршооны үйл ажиллагаанд хориотой үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9 дэх хэсэгт заасны дагуу хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхээр байна.

2.Хадгаламж, зээлийн хоршооны гүйцэтгэх захирлын эрх хэмжээний талаар: Шүүхээс Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.7.3 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж, хоршооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Пүрэвдагвыг хоршоог төлөөлөн иргэний эрх зүйн харилцаанд оролцсон тул гэрээ байгуулсан нь үндэслэлтэй гэж үзсэн байна. Гэтэл тус хуулийн 39.7.1 дэх хэсэгт Тэргүүлэгчдийн зөвлөлөөс эрх олгосноор гадаад, дотоод харилцаанд төлөөлөх эрхтэй талаар хуульчилсан ба өөрөөр хэлбэл Тэргүүлэгчдийн зөвлөлөөс эрх олгоогүй үйл ажиллагаанд төлөөлөх эрхгүй болох нь тогтоогдож байгаа юм.******* ХЗХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Пүрэвдагвын хоршооны Тэргүүлэгчдээс эрх олгоогүй байхад дур мэдэн хийсэн хэлцэл нь төлөөлөх нь эрхгүй этгээдийн хийсэн хэлцэл байна. Иймд Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасан Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална гэх заалтын дагуу******* ХЗХ-ний зүгээс тус хэлцлийг хүчин төгөлдөрт тооцохыг зөвшөөрөхгүй тул тус хүчин төгөлдөр бус байна.

3.Нийслэлд байгаа бүх хадгаламж зээлийн хоршоодтой гэрээ байгуулах боломжгүй тул Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчидтэй зөвшилцөн тухайн дүүргийг төлөөлж,******* хадгаламж зээлийн хоршоо гэрээ байгуулсан, тухайн үед хоршооны дарга н.Үрэл, гүйцэтгэх захирал Д.Пүрэвдагва нар ******* ХХК дээр өөрсдөө ирж саналаа солилцсон болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна гэх талаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхэд ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийн материалд******* ХКХ-ны дарга Б.Үрэл нь ******* ХХК дээр очиж, саналаа солилцсон гэх нэг ч баримт авагдаагүй ба энэ талаар зөвхөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаан дээр амаар гаргасан тайлбар болон энэ харилцааны улмаас учирсан хохирол төлбөрийг хариуцах ёстой этгээд болох Д.Пүрэвдагвын гэрчээр өгсөн мэдүүлгээр дээрх үйл баримтыг нотлогдож байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Хэрэв үнэхээр******* ХЗХ-ийн дарга Б.Үрэл нь ******* ХХК дээр өөрийн биеэр очиж, хурал, уулзалтанд оролцсон, санал солилцсон бол энэ талаар баримт нэхэмжлэгч ******* ХХК-д хадгалагдаж байх ёстой, гэтэл ийм баримт хавтаст хэрэгт авагдаагүй нь дээрх үйл баримтыг худал болохыг гэрчилж байна гэж үзэж байна.

4.№2016 дугаартай Магадлалд: Хариуцагч******* ХКХ нь карт борлуулсан, цэнэглэсний төлбөрийг гэрээнд заасны дагуу төлж байсан, гэрээний үлдэгдэл төлбөр 6,126,800 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдож байна гэх талаар******* ХЗХ нь Улаанбаатар Смарт Карт ХХК-тай нэхэмжлэлд дурдсан гэрээг байгуулаагүй ба нэг ч удаа тус гэрээний дагуу төлбөр тооцоо хийж байгаагүй, тус гэрээний дагуу нэхэмжлэгчээс карт хүлээн аваагүй юм. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд******* ХЗХ нь гишүүдээрээ дамжуулж, тус компаниас худалдан борлуулахаар тохиролцсон гэх картыг хүлээн авсан гэх тайлбарыг, картыг хүлээн авсан гэх баримтуудын хамт гаргаж өгсөн. Тус баримтуудыг үзэхэд нийт 19 баримт дээр хэн нь тодорхойгүй иргэд гарын үсэг зурж, карт хүлээн авсан байдаг. Мөн тус баримт дээрх гарын үсэг зурсан гэх иргэд нь******* ХЗХ-ийн гишүүд биш болох нь баримтаар болон гэрч Д.Пүрэвдагвын мэдүүлгээр тогтоогдсон. Хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд талуудын хооронд байгуулагдсан гэж үзээд байгаа гэрээний дагуу үнэхээр Улаанбаатар Смарт карт ХХК-аас картуудаа******* ХЗХ-д өгсөн гэх үйл баримт тогтоогддоггүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байх тул магадлалыг хэвээр үлдээх зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч ******* ХХК,******* ХЗХоршооноос гэрээний үлдэгдэл төлбөрт 6,197,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасанд, анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хангасан, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх маргааны харилцаанд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийг баримталсан зөв боловч мөн хуулийн 243 дугаар зүйлийг хамтад нь хэрэглэсэн нь оновчтой болоогүйг, давж заалдах шатны шүүх зөвтгөн уг заалтыг хасаж шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хуулийн үндэслэл бүхий болсон гэж үзлээ.

1.                        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадрал хяналтын журмаар гаргасан гомдолд: 2015.08.03-ны өдрийн Карт борлуулах, цэнэглэх үйлчилгээ үзүүлэх гэрээ-г хоршооны гүйцэтгэх захирал байсан Д.Пүрэвдагва нь хоршооны тэргүүлэгчдийн зөвлөлд мэдэгдэлгүйгээр, өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж хийсэн, гэрээний дагуу карт хүлээн авч төлбөр тооцоо хийж байгаагүй, Хадгаламж зээлийн хоршоо нь хоршооны хуулийн 13 дугаар зүйлийн 13.4, 13.5 дахь хэсэгт заасан үйл ажиллагааг эрхлэх ба бусад үйл ажиллагаа эрхлэхийг хуулийн 13.6 дахь хэсэгт заасны дагуу хориглосон байхад хууль зөрчсөн үйл ажиллагаа гэж үзэж байна гэсэн агуулга зааж шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохыг хүссэн байна.

2 .Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд 2015.08.03-ны өдөр Карт борлуулах, цэнэглэх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдсан гэрээний дагуу нийтийн тээврийн үйлчилгээний 15,360,000 төгрөгийн үнэ бүхий 4,800 ширхэг цахим картыг хариуцагч байгууллага хүлээн авч борлуулан 9,243,200 төгрөг төлж үлдэгдэл 6,126,800 төгрөг төлөөгүй байгаа нь тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтад тулгуурлажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэргийн нотлох баримт үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй, дээрх гэрээ байгуулах үед Д.Пүрэвдагва нь******* ХЗХоршооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан нь, тус хоршооны 2014.10.25-ны өдрийн тогтоолоор тогтоогдсон төлөөлөх эрх бүхий этгээд мөн гэх шүүхийн дүгнэлт зөв байна. (хх-83)

Түүнчлэн хоёр шатны шүүх талуудын хооронд даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь талуудын байгуулсан гэрээний тохиролцоонд нийцжээ. Хариуцагч нь гэрээний зүйл болох картыг нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс борлуулж хөлсийг карт борлуулсан үнийн зөрүүгээр буюу борлуулсан 1 ширхэг карт тутмаас 400 төгрөгийн шимтгэл хэлбэрээр тооцохоор тохиролцсон тул, нэхэмжлэгч гэрээгээр тохирсон үнийн үлдэгдэл төлбөрийг төлж үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй болно.

3.                        Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д Хадгаламж, зээлийн хоршоо нь энэ хуулийн 13.4, 13.5-д зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно. гэж заажээ.

Мөн зүйлийн 13.4-д Хадгаламж, зээлийн хоршоо нь Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр мөнгөн хадгаламж, зээлийн үйл ажиллагааг эрхлэхийг, 13.5-д Хадгаламж, зээлийн хоршоо нь Хорооноос зөвшөөрсөн, хууль тогтоомжоор хориглоогүй санхүүгийн бусад ажил, үйлчилгээг эрхэлж болохыг тус тус зохицуулжээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэлийн үндэслэл болсон 2015.08.03-ны өдрийн Карт борлуулах, цэнэглэх үйлчилгээ үзүүлэх гэрээ, уг гэрээний зүйл болох нийтийн тээврийн үйлчилгээний цахим карт борлуулсан үйл ажиллагаа нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хийгдэх санхүүгийн ажил, үйлчилгээнд хамаарахгүй байх тул******* ХЗХоршоог үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж Иргэний хуулийн 56 дугаар 56.1.9-д заасан хэлцэл хийсэн гэх хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд дээр дүгнэснээр хариуцагчийн гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02ы өдрийн 2016 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадралын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 115,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                                                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Х.ЭРДЭНЭСУВД 

                                                                 ШҮҮГЧИД                                          Б.УНДРАХ

                               Х.СОНИНБАЯР

                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                               Д.ЦОЛМОН