Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 0030

 

 

 

 

 

 

 

 

Н.Л нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

    Прокурор                                                     Л.Э

 Шүүгдэгч                                                     Н.Л,Б.С,      

                                                                М.Н, Б.Б

 

 Шүүгдэгч нарын өмгөөлөгч                     Б.Б,Б.Д, Н.З, Д.О

 Хохирогчийн өмгөөлөгч                          Д.Н

 Нарийн бичгийн дарга                            Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж, ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг, шүүгч Г.Энхтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 279 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Д.О, шүүгдэгч Н.Л, түүний өмгөөлөгч Б.Б, Б.Д, Н.З нарын давж заалдах гомдлоор шүүгдэгч Н.Л нарт холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х овгийн Н-н Л,

 

О овгийн Б-н С,

 

О овгийн Б-ны Б,

 

Х овгийн М-н Н,

 

Н.Л, Б.С нар нь бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр        аймгийн           сумын төвд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн М.Н-тай маргалдаж, толгойн тус газар өшиглөж амь насыг нь хохироосон,

Б.С нь дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа амь хохирогч М.Н-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Б.Б, Н.Н нар нь иргэн М.Н-н амь нас хохирсон гэх эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед 2019 оны 07 дугаар сарын 25-26-ны өдөр гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хөвсгөл аймгийн Прокурорын газраас: Н.Л, Б.С нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11, Б.Б, М.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Б.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Х овогт Н-н Лг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүнийг бүлэглэж алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч О овогт Б-н Сийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүнийг бүлэглэж алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч О овогт Б-ны Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөх баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х овогт М-н Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөх баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Сид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, шүүгдэгч Б.Б, М.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар шүүгдэгч Н.Лг 15 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Сийг 13 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Лд оногдуулсан 15 жилийн хорих ял, шүүгдэгч Б.Сид оногдуулсан 13 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Лгийн цагдан хоригдсон 2 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, М.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Н.Л, Б.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1,3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Лгээс 3 506 500 төгрөг, шүүгдэгч Б.Соос 466 500 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч М.Н-д олгож, хохирогч М.Н-н нэхэмжлэлийн шаардлагаас 10 680 000 төгрөгийг,          аймгийн прокурорын газрын нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн хоёр ширхэг хос гутлыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.С, Б.Б, М.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч М.Н, Б.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.С  давж заалдах гомдолдоо:

... Би талийгаач Н-г өшиглөсөндөө маш их харамсан гэмшиж байгаа. Талийгаач Н нь Лгийн өшиглөснөөс болж арагшаа савж унахдаа тархиндаа гэмтэл авсан байх гэж боддог. Яагаад гэвэл Лг өшиглөнгүүт арагшаа савж унаад шууд хурхираад эхэлсэн. Би тархиндаа гэмтэл авсан хүн шууд хурхирдаг гэж огт мэддэггүй. Шинжээч эмч нар тэгж бичсэн нь тухайн үед болж өнгөрсөн явдалтай яг таарч байна. Намайг өшиглөсний дараа өө за за та нар ингэдэг болчихсон юм уу тээ гээд яриад сууж байхад нь Л өшиглөчихсөн юм. Түүний өшиглөснөөс л болж талийгаач нас барсан. Үнэхээр харамсаад барахгүй байна. Иймд тус тогтоолын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутай гэх шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч байна. Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 96 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 384 дугаартай дүгнэлт, мөн хөндлөнгийн гэрч нарын мэдүүлгээр миний бие  Н-н биед үхэлд хүргэхээр гэмтэл учруулаагүй нь нотлогдож байгаа билээ. Иймээс 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан тогтоолыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Шүүгдэгч Н.Л давж заалдах гомдолдоо: ... Хэргийг шалгагч мөрдөгч Д бид нар    аймгийн         сум руу 2 удаа модонд явсан гэж ярьсан. Ингэж хэргийн оролцогч нарыг авч явахдаа юу ярьсан ямар зорилготой явсныг нь хардах, сэрдэх үндэслэлтэй. Мөн том биетэйгээр нь Н.Лг барьж унаж байж хэргээс бид нар амархан сална гэж нөлөөлсөн. Биднээс мэдүүлэг авахдаа мөрдөгч Д өөрөө мэдүүлгийг бичсэн, бид нараас асуулт асууж мэдүүлэг авах гэж гэрч нар ярьсан. Мөрдөгч Д нь гэрч болох 4 хүнээс тус бүрд нь 450.000 төгрөг, нийт 1.800.000 төгрөгийн торгууль, хэргээс салгаж байгаа нэрийдлээр авсан нь албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон. Мөн гэрч ярихдаа одоо 100.000 төгрөг бил үү 150.000 төгрөг өгөөгүй үлдсэн гэж ярьсан. Дээрх үйлдлүүдийн улмаас гэрч нарт мөрдөгч Д нь тулган мэдүүлэг авсан болох нь харагдаж байна. Иймд энэ хэргийг үнэн зөв бодитой шалгуулах, хуульд нийцсэн дүрэм журам мөн гэрч нарын мэдүүлгийг харгалзан үзэж хэргийг анхан шат буюу байцаалтад буцаан хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Н.Лгийн өмгөөлөгч Б.Б, Б.Д, Н.З нар давж заалдах гомдолдоо:

Хавтаст хэргийн материалд гэрчийн тайлбар мэдүүлэг өгсөн С.Б нь яллагдагч Н.Лтэй төрөл садангийн буюу гэр бүлийн холбоотой мөн тус хэргийн шүүгдэгч Б.С нь төрөл садангийн холбоотой нь шүүхийн хэлэлцүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байсан. Гэрч С.Б-с 4 удаагийн гэрчийн мэдүүлэг, Б.Соос удаа дараа мэдүүлэг авсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй’' гэж заасан эрх үүргийг тайлбарлан өгөлгүй түүнээс мэдүүлэг авч тулган шаардсан үйл баримтыг шүүгдэгч нар хэлэлцүүлгийн үед мэдүүлсэн. Мөн шүүхийн хэлэлцүүлэг эхлэхийн өмнө шүүгдэгчид гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлаж өгөөгүй, дээрх гэрчүүдийн мэдүүлгийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нь хуулийг ноцтой зөржээ.

Яллагдагч М.Н, Б.Б нар нь хавтаст хэргийн материалд гэрчээр тус бүр гурван удаагийн тайлбар, мэдүүлэг өгсөн байх бөгөөд тухайн мэдүүлгүүдээр Б.С нь босож ирээд бакалаараа амь хохирогч Н-н нүүр хэсэг хүү эгц урдаас нь өшиглөсөн талаар аль аль нь тодорхой мэдүүлдэг. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн үед тухайн хэргийг мөрдөн шалгасан мөрдөгч Б.Д нь мэдүүлэг авахдаа хууль тайлбарлан өгөөгүй, өөрөө асууж өөрөө тухайн байцаалтыг зохиогоод бичиж гарын үсэг зуруулсан нь үнэн. Мөн яллагдагч Н.Лг барихгүй бол та нар эвгүйтнэ, том биетэй тул түүн рүү чиглүүлж байж та нар хөнгөн мултарна гэж шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой мэдүүлж байснаас гадна мөрдөгч Б.Д нь гэрч М.Н, Б.Б нарыг яллагдагч Б.Стой хамт 2 удаа модонд дагуулж явсан үйл баримтын талаар мэдүүлдэг. Мөн тухайн асуудлаас хөнгөн гаргаж өгөхөөр амлаж гэрч нарын мэдүүлгийг өөрчлүүлэн торгуулийн мөнгө хэмээн 450.000 төгрөгийг тус бүр бэлнээр авсан үйл баримт байсаар байхад анхан шатны шүүх мөн л хуулийг буруу тайлбарлан хэрэглэж гэрчийн мэдүүлэг өгсөн М.Н Б.Б нарын мэдүүлгийг үнэлэлгүй шийдвэр гаргасан нь хууль ёсны бөгөөд үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ талаар хэргийн материалд хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжигдсэн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 223 дугаартай       аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хүртэл авагдсан байдаг. Тухайн шийтгэх тогтоолд дээрх хэргийг мөрдөн шалгаж байсан мөрдөгч Б.Д нь тухайн хэрэгт гэрчийн тайлбар мэдүүлэг өгсөн Б.Б, Э.Э, М.Н, С.А нараас тус бүр 450.000 төгрөг авч “энэ хэргээс салж байгаа юм” азтай байна гэх зэргээр тэднийг худал мэдүүлэг зориуд өгүүлэн Н.Лг гэмт хэрэг үйлдсэн мэтээр үгсэн тохирч мэдүүлэг авсан нь дээрх гэрч нарт нөлөөлсөн, тулган шаардсан үйл баримт тодорхой харагдаж байна. Гэтэл дээрх үйл баримтыг анхан шатны шүүх бүрэн дүүрэн үнэлэлгүй хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргасан байна гэхдээ гэм буруутайд тооцлоо, шаардлагатай гэж үзвэл шинээр илэрсэн нөхцөл байдлаар хэргээ дахин шийдүүлэх нь зүйтэй юм байна хэмээн тайлбарлаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх” зарчмыг ноцтой зөрчиж байна.

Анхан шатны шүүхийн шүүгч нар хуульд нийцүүлэн шийдвэр гаргах ёстой байтал хэт яллах талыг барин яллах хандлагатайгаар тухайн хэрэгт хандаж байгаа нь хуулийг гажуудуулж байгаагийн тод жишээ билээ. Бид эрх зүйт төртэй ардчилсан нийгэмд амьдарч өөрийн гэм буруугаа шүүхийн өмнө эцэслэн үнэнч шударгаар тогтоолгох эрхтэй байтал шүүхийн зүгээс хууль зөрчсөн процессын хэд хэдэн зөрчлийг мэдсээр атлаа, зөрчсөн байна хэмээн үзсэн хэрнээ хуулиа зөрчин шийдвэр гаргасан нь хуульд захирагдах зарчмыг зөрчсөнд гомдолтой байгаа болно.

Хавтаст хэргийн материалд авагдсан 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн           дугаартай яллах дүгнэлтийн хүрээнд: Хэргийн материалд авагдсан 206 дугаартай яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг бүрэн дүүрэн хангаагүй байх бөгөөд тухайн яллах дүгнэлтэд бидний үйлчлүүлэгч Н.Лг яллагдагч Б.Стой бүлэглэн согтуугаар 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр       аймгийн         сумын төвд амь хохирогч М.Н-г хүндэлж харьцсангүй гэх шалтгааны улмаас маргалдаж, түүний толгойн тус газар өшиглөж улмаар амь насыг нь хохироож “Хүнийг алах” гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлтийг үйлдэн ирүүлсэн. Үнэхээр яллагдагч Н.Л нь яллагдагч Б.Стой тухайн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий 3.7 дугаар зүйлийг журамлах ёстой байсан. Энэ нь Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээнэ” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн байна. Түүнчлэн 1 дүгээр хавтаст хэргийн 173 дугаар хуудсанд авагдсан 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Яллагдагчаар татах тогтоолд. Нэмэлт өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол”-д “2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол”-ын тогтоох хэсгийн 1 дэх заалтын Эрүүгийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсаныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 болгон өөрчилж мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 д заасан “Хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн хэмээн өөрчлөлт оруулсан. Гэтэл 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 206 дугаартай яллах дүгнэлтэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь хуулийг ноцтой зөрчиж байна. Үүнийг анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Н.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч Б.Сид уг зүйл хэсгээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Н.Лг яллагдагчаар татсан зүйл хэсгийг хэрхэн шийдвэрлэсэн тодорхойгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх үйлдэл нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул дээрх зөрчлийг арилгуулах, шүүгдэгч Н.Лгийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал бий болсон байна хэмээн үзсэн нь анхан шатны шүүх мөн л хуулийг агуулгаар нь буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Тодруулбал: Бидний үйлчлүүлэгч Н.Лд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэмээн үзэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан прокурорын тогтоол хэргийн материалд авагдсан боловч уг тогтоолтой холбоотойгоор тухайн зүйл, хэсгийг хүчингүй, үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол хэргийн материалд авагдаагүй болно.  Мөн шийтгэх тогтоолд тусгагдсан Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “энэ хуульд заасан үндэслэл ... эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хориглоно гэсэн заалтыг баримталсан боловч тухайн асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсаныг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзэн хуулийг нэг мөр хэрэглэн бидний үйлчлүүлэгчийн хуульд заасан эрхийг зөрчсөн хуулийг буруу хэрэглэсэн тодорхой үйл баримт байх тул хэргийг прокурорт буцаах нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах хууль зүйн үндэслэлтэй хэмээн үзэж байна.

Яллагдагч Б.Сийн хувьд амь хохирогч М.Н-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заанаар уг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл анхан шатны шүүх яллагдагч Б.Сийг хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан үйлдлийг гэм буруутайд тооцсон боловч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь мөн л хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь шүүхээс гэм буруутайд тооцсон бол хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр заасан байх хуулийн зохицуулалтыг зөрчиж хууль зөрчин хэргийг хэрэгсэхгүй болгосон.

          аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 96 дугаартай дүгнэлт болон 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 384 дугаартай шинжээч эмч Г.Ц-с авсан мэдүүлэг нар нь утга агуулгын хувьд өөр хоорондоо зөрүүтэй эргэлзээ бүхий нөхцөл бүрдээд байна. Тодруулбал: 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 96 дугаартай дүгнэлтэд “...Н-н биед зүүн чамархай, дух, дагзны дэлбэн бага тархинд аалзавчин хальсан доорх цус харвалт, тархины 3,4-р ховдолд цус харвалт, тархины дунд артерийн урагдал, тасралт, нугасны эдэд цус харвалт, дагзны хуйх, залгиур булчинд цус хуралт, баруун хөмсөгний дотор өнцөг, эрүү, нуруу, баруун шилбэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой хэмээн үзсэн. Гэтэл шинжээч эмч Г.Ц-н мэдүүлэг болон 2020 онд дүгнэлтэд тусгагдсан дээрх гэмтлийг нэг удаагийн буюу эгц урдаас өшиглөх үед үүсэх боломжгүй хэмээн мэдүүлсэн нь дээрх 2 дүгнэлт өөр хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй байхаас гадна яллагдагч Н.Лгийн хувьд амь хохирогчийн нүүрэн тус газар хүрээгүй мөн гэрч нар шүүхийн хэлэлцүүлэг баруун болон зүүн гарт цохисон хэмээн мэдүүлсэн нь яллагдагч Н.Л нь амь хохирогчийн нүүрэнд хүрээгүй бүрэн дүүрэн тогтоож байгаа болно.

Бидний үйлчлүүлэгч Н.Лгээс тухайн хэрэгт холбогдуулан тайлбар мэдүүлэг авах, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч заавал оролцуулан мэдүүлэг авах ёстой байсан боловч хуулийг нэг мөр хэрэглээгүйгээс гадна өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг тайлбарлан өгөлгүй нийтэд илэрхий болсон хэвшмэл бланкин дээр тулган шаардан гарын үсэг зуруулан мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн Хуулийн 16.2 дугаар зүйлд заасан үндсэн суурь эрхийг эдлүүлэлгүйгээр, ноцтой зөрчин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байдаг. Мөн тухайн хэрэгт яллагдагчаар татагдсан Б.С, гэрчийн мэдүүлэг өгсөн С.Б нар нь бидний үйлчлүүлэгч Н.Лтэй төрөл садан /гэр бүлийн хамааралтай/ байтал хуульд заасан эрхийг тайлбарлан өгөхгүй байх эрхийг сануулалгүйгээр тулган шаардан мэдүүлэг авсан нь хавтаст хэргийн материал тусгагдсан болно.

Тухайн хэргийг мөрдөн шалгаж байсан мөрдөгч Д-н хууль бус үйлдлийн улмаас тухайн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Б.Б, М.Н нар нь мөрдөгчийн дарамт шахалтын улмаас мэдүүлгээ өөрчлөн Н.Лгийн эсрэг үгсэн тохирч мэдүүлэг өгсөн байдаг. Гэхдээ тэрхүү мэдүүлгийг гэрч нар мөрдөгч өөрөө бичээд л байсан бид нараар гарын үсэг зур хэмээн зуруулсан, тухайн хэргээс хөнгөн авч гарна хэмээн айлган сүрдүүлж торгуулийн мөнгө авсан үйл баримт болон мөрдөгч Д-н гэм буруутайг нотлох анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн материалд нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр бэхжигдсэн болно. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хүрээнд: 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 279 дугаартай Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна.

Тодруулбал: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргийн материалаас шинжлэн судалсан нотлох баримтуудад гэрч Э.М, С.Б, М.Н, Б.Б, Б.С     аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн          дугаартай дүгнэлт, 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн      дугаартай шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт зэргийг шинжлэн судалсанд тооцож шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байна. Гэтэл шүүгдэгч Н.Лгийн өмгөөлөгч бидний зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу хүчингүйд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” мөн хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсгүүдийг зөрчиж авсан мэдүүлэг 2 дахь хэсгийн 2.2-д заасны хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь нотлох баримтаар тооцохгүй байхаар хүсэлт гаргасан. Шүүхээс уг хүсэлтийг хүлээн авсан боловч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зөвхөн яллагдагч Н.Л, Б.С нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, Б.Б, М.Н нарыг тухай хэрэгт зориуд худал мэдүүлэг өгсөн гэх хэргийг хүний амь нас хохирсон гэх хэрэгтэй нэгтгэн шалгаж, гэрчүүдэд хэргийн материалыг бүхэлд нь танилцуулж, нэг яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцэхгүй, гэрчийн мэдүүлгийн хууль ёсны ач холбогдлыг алдагдуулсан байна. Иймд Б.Б, М.Н нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй хэмээн үзсэн боловч мөн тухайн хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн Б-н гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэн шийдвэр гарсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн Б нь шүүгдэгч Н.Л болон Б.С нартай төрөл садангийн буюу гэр бүлийн хамааралтай хүмүүс байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэл журмыг зөрчсөн, тухайн зөрчил нь нотлох баримтын шаардлага хангахгүй байхад шийтгэх тогтоолын үндэслэл болсон нь анхан шатны шүүх хэт нэг талыг барьсан яллах хандлагатайгаар хандсан гэх хардлагыг төрүүлж байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд: Шүүгдэгч нарын гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч Н.Л, Б.С нар нь 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр М.Н-тай маргалдаж, толгойн тус газар нь Н.Л нь нэг удаа, Б.С нэг удаа өшиглөснийг үйлдлээрээ нэгдэж бусдын амь нас эрүүл мэндэд халдаж бүлэглэн довтолсон гэх үндэслэлтэй байна хэмээн үзсэн. Гэтэл тухайн өдөр амь хохирогч Н.Лтэй маргалдсан нь үнэн боловч яллагдагч Б.С нь эхлээд амь хохирогчийн нүүрэн тус газар хатуу ултай бакалан гутлаар өшиглөж үүний дараа хохирогчийн зүгээс ямар нэгэн хариу үйлдэл /үг, үйл хөдлөл/ үзүүлэлгүй донхойсон маягтай сууж байх үед яллагдагч Н.Л түүний баруун гарын мөр хэсэгт пүүзэн гутлаараа хүрсэн үйлдлийг эхлээд Н.Л нүүрэнд тус газар нь цохисон мэтээр шийтгэх тогтоолд хэд хэдэн удаа дурдсан нь Б.Сийн буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон үйлдлийг хаацайлсан Н.Л яллах хандлагатайгаар зориуд оруулсан хэмээн үзэж байна. Түүнчлэн тухайн хэрэг учрал болсон үеийг гэрчийн тайлбар мэдүүлэг өгсөн Б.Б, М.Н нар нь шүүхийн хэлэлцүүлгийн үед яллагдагч Н.Лг амь хохирогч Нямдаваагийн нүүр лүү цохисон эсэхийг хараагүй хэмээн мэдүүлдэг. Үүнийг анхан шатны шүүх үнэлэлгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд дээрх хэд хэдэн процессын зөрчилтэй мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, дээрх ажиллагааг явуулсан мөрдөгч тухайн хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн гэрч нараас мөнгө авч тухайн хэргийн талаар зориуд худал мэдүүлсэн нотлогдож       аймаг дах сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоол авагдсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэл журмын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаан нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлэхээр энэхүү гомдлыг гаргаж байна гэжээ.

Шүүгдэгч Б.Сийн өмгөөлөгч Д.О давж заалдах гомдолдоо:  ... Шүүх Б.Сийг хүний амь насыг бусадтай бүлэглэж хохироосон гэж гэм буруутайд тооцохдоо Б.С Н.Л нар аль аль нь хохирогчийн толгойн тус газар өшиглөсөн, үйлдлээрээ нэгдэж хохирогчийн амь нас, эрүүл мэндэд халдаж довтолсон тул бүлэглэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн гэжээ. Шүүгдэгч нар нь үйлдлээрээ нэгдсэн гэж үзэх үндэслэлгүй юм байна. Учир нь 2 дахь хавтаст хэргийн 43-48 дугаар хуудсанд байх хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийж гаргасан шинжээчийн       дугаартай дүгнэлтээр ... нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой бөгөөд сүүлийн үйлдлийн улмаас үүсгэгдсэн байх боломжтой нэг удаагийн үйлчлэлээр буюу урдаас цохиход арагш савж унахад үүссэн байх боломжтой гэсэн байна. Түүнчлэн 2 дахь хавтаст хэргийн 52-53 дугаар хуудсанд байх дээрх дүгнэлтийг хамтарч гаргасан шинжээч эмч А-ын мэдүүлэгт ... талийгаачид учирсан зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал, буйлны цус хуралт, доод уруулын шарх гавал тархины гэмтэлд нөлөөлөхгүй гэсэн гэмтэл үүссэн даруйд шууд ухаан алдаж комын байдалд орсон буюу ухаангүй болж хурхирах шинж ... шинжүүдээр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэж үзсэн гэсэн байна.Шүүх энэ дүгнэлтийг хуульд заасан шаардлага хангасан хохирогчийн үхлийн шалтгааныг эргэлзээгүй тогтоосон гэж дүгнэсэн мөртлөө Б.С, Н.Л нарыг бүлэглэж энэ гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь үнэхээр ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл      дугаартай шинжээчийн дүгнэлтийг шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үнэлсэн мөртлөө эсрэгээр нь шийдвэрлэсэн байна. Түүнчлэн хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болох Б.Сийн мэдүүлэг гэрч Нын мэдүүлэг, гэрч Бийн мэдүүлэг, гэрч Б-н мэдүүлэг зэргээр хохирогч нь Лгийн өшиглөлтөөс савж унаад шууд хурхирсан гэсэн нь комын байдалд орсон буюу ингэж арагш савж унахдаа тархиндаа хүнд гэмтэл авсан болохыг нотолж байна. Шүүх эдгээр нотлох баримтуудыг ямар нэг байдлаар үнэлээгүй бөгөөд яагаад гэдгээ зөвхөн Б, Н нарын мэдүүлгийг үнэлэхгүй гэдгээр тайлбарлажээ. Сийг шүүгдэгч гэдэг байдлаар мэдүүлгийг нь үнэлээгүй байж болох. Гэтэл гэрч Б нь талийгаачийг Л өшиглөнгүүт арагшаа савж унаад шууд хурхираад эхэлсэн гэж мэдүүлсэн нь          дугаартай шинжээчийн дүгнэлтийг нотолж байхад үнэлэхгүй орхигдуулжээ. Түүнчлэн гэрч Б Н нарын хэд хэдэн удаагийн мэдүүлгээс чухам аль мэдүүлгийг нь үнэлэхгүй гэж үзэж байгаа нь тодорхойгүй байна. Тэд хэргийн талаар худал мэдүүлээгүй. Харин хэргийн газарт байгаагүй гэж мэдүүлсэн байдаг. Тэд хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн байж болох үндэслэл нь гэрч Б, шүүгдэгч С, Л нарын мэдүүлгээр давхар нотлогддог. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.Сийг хүний амь насыг бусадтай бүлэглэж хохироосон гэж үзэх үндэслэл байхгүй байх тул түүнийг гэм буруугүйд тооцсон заалтыг шийтгэх тогтоолд оруулна уу ... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Н.Л  тайлбартаа: Хэргийг дахин шалгуулахаар буцааж өгнө үү гэв

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.С тайлбартаа: Тайлбаргүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч М.Н тайлбартаа: Тайлбаргүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Б тайлбартаа: Тайлбаргүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б тайлбартаа: ... Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д тайлбартаа: ... Давж заалдах гомдлоо дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.З тайлбартаа: ... Давж заалдах гомдлоо дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О тайлбартаа: ... Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.Сийг бусадтай бүлэглэн хүний амь насыг хохироосон гэж үзэх үндэслэл тогтоогддоггүй тул түүнийг гэм буруугүйд тооцож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Д.Н тайлбартаа:  Хохирогчийн хохирол нөхөн төлөгдөөгүй, хэн төлөх нь тодорхойгүй байгаа гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

           

            Шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Д.О, шүүгдэгч Н.Л, түүний өмгөөлөгч Б.Б, Б.Д, Н.З нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Н.Л, Б.С, М.Н, Б.Б нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр, хэргийн бүх ажиллагааг хянан үзлээ.

 

Шүүгдэгч Н.Л, Б.С нарыг 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр        аймгийн         сумын төвд бүлэглэн согтуугаар М.Н-тай маргалдаж, толгойн тус газар өшиглөж хүнийг алах гэмт хэрэгт, шүүгдэгч Б.С нь дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа амь хохирогч М.Н-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Б, Н.Н нарыг иргэн М.Н-н амь нас хохирсон гэх эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед 2019 оны 07 дугаар сарын 25-26-ны өдөр гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогдуулан        аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэх асуудлыг хэлэлцэж шүүгдэгч Н.Л, Б.С нарыг хүнийг бүлэглэж алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Б, М.Н нарыг гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөх баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар         аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Сид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, шүүгдэгч Б.Б, М.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар шүүгдэгч Н.Лг 15 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Сийг 13 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэснийг эс зөвшөөрч шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн эсэх хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн нотломжийн түвшин агуулга зэргийг үнэлж хэргийг шийдвэрлэх учиртай байдаг.

 

Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад энэхүү хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй байхад дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох дараах нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэжээ.

 

Тухайлбал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Гэмт хэргийг хэн үйлдсэн” зэргийг нарийвчлан тогтоогоогүйгээс гадна шүүгдэгч тус бүрийн үйлдэл, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг хангалттай нотлоогүй, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан мөрдөгч нь яллагдагч болон гэрчүүдийг залилан мөнгө авсан үйлдэл нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэрчүүдийн мэдүүлэгт нөлөөлсөн эсэхийг шалгаж тогтоогоогүй байна.

 

Аливаа хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх ёстой.

Амь хохирогчийн нас барсан шалтгааныг тогтоосон         аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Ц-н 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн       дугаартай дүгнэлтэд “ ... Н-н биед баруун зүүн чамархай, дух, дагзны дэлбэн, бага тархинд аалзавчин хальсан доорх цусан харвалт, тархины 3, 4-р ховдолд цус харвалт, тархины суурь хэсэгт хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, тархины дунд артерийн урагдал тасралт, нугасны эдэд цус харвалт, дагз хэсгийн хуйх, залгиур, жолоо булчинд цус хуралт,доод урууланд няцарсан шарх, зүүн дээд 1-р шүд хөдөлгөөнтэй, буйланд цус хуралт, баруун хөмсөгний дотор өнцөг, эрүү, нуруу, баруун шилбэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо ... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой ...” гэжээ.

 

Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн       дугаартай дүгнэлтэд “...     дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна... Талийгаачийн цогцост учирсан тархины баруун зүүн чамархай, ....нугасны эдэд цус харвалт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр толгойн хэсэгт цохих, өшиглөх хүчний нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой бөгөөд сүүлийн үйлдлийн улмаас үүсгэгдсэн байх боломжтой ... нэг удаагийн үйлчлэлээр буюу урдаас цохиход арагш савж унахад үүссэн байх боломжтой...” гэсэн байна.

 

Гэтэл дээрх      дугаартай дүгнэлт гаргасан шинжээч Г.Ц нь  “... яг альных нь өшиглөлтийн улмаас амь хохирогчийн биед учирсан гэмтэл болон үхэлд хүргэснийг ялгах боломжгүй юм. Учир нь дээрх хоёр хүний өшиглөлт нэг газар луу чиглэсэн, нэг удаагийн буюу хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн бөгөөд эхний өшиглөлт буюу дараагийн өшиглөлтөөс болж дээрх гэмтэл нь үүссэн, үхэлд хүргэсэн эсэхийг ялгах боломжгүй ... “ гэж мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг зэрэг нь агуулгын хувьд зөрүүтэй бөгөөд шүүгдэгч Н.Л, Б.С нарын хэний үйлдлийн улмаас амь хохирогчийн тархинд хүнд хохирол учирсныг тогтоохын тулд бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах шаардлагатай гэж дүгнэв.

 

Түүнээс гадна мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан байх бөгөөд тухайн үед Н.Лгээс “... шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна. Мөн шинжээч Б.А-н мэдүүлэг нь эргэлзээтэй, тодорхойгүй байх тул дахин шинжээч томилуулах” тухай хүсэлт гаргасан /2 дугаар хх 61/ байхад мөрдөгч уг хүсэлтийг хангасан, эсхүл хэрэгсэхгүй болгосон нь тодорхойгүй /энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийг зөрчсөн байна.

 

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Л, Б.С нарыг үйлдлээрээ бүлэглэн хохирогч М.Н-н амь насыг хохироосон гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн атлаа яллах дүгнэлтдээ тэдгээрийг гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, хэсгийг журамлаагүй, мөн Б.Сийг амь хохирогч М.Н-н эрүүл мэндэд хэрхэн, яаж хөнгөн хохирол учруулсан талаар тодорхой дурдаагүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангаагүй гэж үзнэ.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг хөдөлбөргүй тогтоох боломжгүй байхад шүүгдэгч Н.Л, Б.С нарын хэнийх нь үйлдлийн улмаас амь хохирогч нас барсан болон хэргийн талаар мэдэж байсан гэрчүүдийн мэдүүлгийг хэрхэн үнэлээгүй талаар хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр тэдгээрийг үйлдлээрээ нэгдэж гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

Мөн Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа болон шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа эрүүгийн хэрэгт гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо өмнө нь үйлчилж байсан процессын хэм хэмжээ болох гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолох зохицуулалтыг хэрэглэхгүй байхаар тайлбарласан тул  шүүгдэгч Б.С, Б.Б, М.Н нарт холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Н.Л болон түүний өмгөөлөгч нарын ... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж нэмэлт ажиллагаа хийлгэж өгнө үү ... гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Хөвсгөл аймгийн Прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Харин шүүгдэгч Н.Лгийн өмгөөлөгч нар нь давж заалдах гомдолдоо “Н.Лд холбогдох хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг ... хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол хэргийн материалд авагдаагүй” гэсэн боловч Прокурорын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 11 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан яллагдагч Н.Лд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн /2 дугаар хх 66/ байгааг  дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй тул шүүгдэгч Б.С болон түүний өмгөөлөгч Д.О нарын  ... гэм буруугүйд тооцож өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг  хэлэлцэхгүй орхиж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1. 3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 279 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Л нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг          аймгийн Прокурорын газарт буцаасугай.

 

2. Шүүгдэгч Н.Л, түүний өмгөөлөгч Б.Б, Д.Д, Н.З нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Д.О нарын давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

 

3. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Н.Л, Б.С, Б.Б, М.Н нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         З.ХОСБАЯР

               ШҮҮГЧИД                                                                 С.УРАНЧИМЭГ

                                                                                                            С.ЦЭЦЭГМАА