Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/316

 

 

 

 

 

 

 

2023            08            25                            2023/ШЦТ/316

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг, шүүгч Г.Энхтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах,

Улсын яллагч Л.Отгончимэг,

Иргэдийн төлөөлөгч Х.Гэрэлчулуун,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Н- /цахим/,

Шинжээч Г.Ариунзул /цахим/,

Шинжээч Эрдэмболор /цахим/,

Шүүгдэгч Б.С-, түүний өмгөөлөгч Д.Оюунчимэг,

Шүүгдэгч М.Н-, түүний өмгөөлөгч Д.Энхбаяр /цахим/,

Шүүгдэгч Н.Л- түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт /цахим/ нарыг оролцуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 21.2 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Л-, Б.С-, М.Н- нарт холбогдох эрүүгийн 1938005150306 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Х аймгийн Р суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, дээд боловсролтой, н мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Х аймгийн Р сумын 0 дүгээр багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овгийн Н-гийн Л- /РД: хх00000/,

 

Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Х аймгийн Р суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Х аймгийн Р сумын 0 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, О овгийн Баярхүүгийн Б.С- /РД: хх000000/,

 

Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Х аймгийн И суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, охины хамт, Х аймгийн И сумын 0-р багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овгийн М-ын Н- /РД:хх0000000/,

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Л- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 25-ны  өдөр Х аймгийн Р сумын төвд амь хохирогч М.Б “хүндэлж харьцсангүй” гэх шалтгааны улмаас маргалдаж, түүний толгойн тус газар өшиглөж алсан гэх,  

Шүүгдэгч Б.С- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Х аймгийн Р сумын төвд амь хохирогч М.Б “хүндэлж харьцсангүй” гэх шалтгааны улмаас маргалдаж, түүний эрүүн тус газар өшиглөж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх,

Шүүгдэгч М.Н- нь “М.Н-гийн амь нас хохирсон”  эрүүгийн 1938005150306 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2019 оны 07 дугаар сарын 25-26-ны өдөр гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэх гэмт хэргүүдэд тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд авагдсанаар/,

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шинжээч нарын өгсөн мэдүүлэг болон хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

  1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн орой Х аймгийн Р сумын нутаг дэвсгэрт байрлах иргэн Э.Э-гийн хашаанд Н.Л-, Б.С-, Б.Б-, М.Н-, С.А-, Э.Э-, М.Н-, С.Б- нар нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар хохирогч М.Н- шүүгдэгч Н.Л- нар нь хоорондоо маргалдаад сууж байхад шүүгдэгч Б.С- нь хохирогч М.Н-гийн эрүү лүү өшиглөсөн, дараа нь Н.Л- толгойн тус газар луу нь өшиглөхөд М.Н- нь хойшоо унаж хэрэг учралын газарт нас барсан бөгөөд М.Н- нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгөхдөө хэрэг учрал болоход байсан атлаа байхгүй байсан, архинд явчихсан байсан гэж мэдүүлсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь шүүгдэгч Н.Л-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 07 сарын 25-ны өдөр амь хохирогч Н-тай маргалдаад сууж байхад Б.С- босож ирээд амь хохирогчийн эгц урдаас нүүрэн тус газар  нь хүчтэй өшиглөсөн. Тэгэхэд таг хийх чимээ гарсан, тухайн үед амь хохирогч ямар нэгэн дуу гаргаагүй духайсан байдалтай сууж байсан. Тухайн амь хохирогчийн уруулнаас цус гарч байгааг харах боломжгүй нөхцөл байдалд байсан. Харанхуй болсон байсан, би тэр хүнээс цус гарсаныг хараагүй. Би хэсэг хугацааны дараа амь хохирогч хүндэлж харьцсангүй гэх шалтгаанаар намайг удаа дараа хэлж байсанд нь дургүйцлээ илэрхийлээд амь хохирогчийн толгой тус газар нь өшиглөөгүй, түүний баруун мөрөнд нь хүрсэн гэдгийг тухайн үед мөрдөн байцаалт өгч байсан байцаагчдаа хэлж байсан. Намайг өшиглөсөний дараа унах нь унасан, тэр хүн ямар нэгэн ухамсарт үйлдэл үзүүлээгүй, би амь хохирогчийн нүүрэн тус газар хүрээгүй...” гэсэн мэдүүлэг,

 

-Шүүгдэгч Т.Б.С-ийн шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн: “...2019 оны 07 сарын 25-ны өдөр би төв ороод Э- гээд айлд очсон. Тэнд А-, Б-, Л-, Э-, талийгаач Н-, Н-, Б- нар байсан. Нэг 0.75 гр архи хувааж уугаад амь хохиргч Н- Л-тэй маргалдсан. Тэгэхээр нь би гэрт нь хүргэж өгчихөөд буцаж ирээд сууж байсан чинь буцаад хойноос ирээд дахиад маргалдаад байхаар нь би таныг харьж амар гээд байх чинь яах гээд байгаа юм бэ гээд тухайн үед босож ирээд өшиглөсөн. Өө за за та нар тэгдэг болсон юм уу гээд сууж байтал Л- босож ирээд эгц урдаас нь өшиглөхөд хойшоо тас гээд саваад унасан. Би гүйж очоод тэвэрч авахад хэд хөхөрч байгаад өнгөрсөн. Тэгээд эмч дуудаад ирж үзээд өнгөрсөн байна гэсэн. Л- хэрэг болсоны дараа ойртоогүй, Н-, Б- энэ гурав хашааны тэнд зогсоод байсан. Л- тухайн үед босож ирээд эгц урдаас нүүр рүү нь өшиглөсөн. Л- над руу чихээд байх шиг байна, тухайн үед юм яриад зүгээр сууж байсан хүнийг өшиглөсөн...талийгаачийн биед өшиглөж хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,

 

-Шүүгдэгч М.Н-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хөдөө Б- гэдэг залууг аваачиж байшин дээвэрлүүлчихээд буцаж орж ирээд эд нартай тааралдаад ганц нэг юм уусан. Энэ хоёр өшиглөсөнийг би өөрийн нүдээр хараагүй, би архи уугаад нилээн муудсан байсан. Сүүлд нь хүн өнгөрчихлөө гэхэд нь ухаан орсон. Өөр ярих зүйл алга...Л- Б- бид хоёрыг байхгүй байсан гээд хэлчихсэн гэхээр нь бид хоёр байгаагүй гээд худлаа хэлчихсэн юм буруугаа хүлээж байна...” гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Н-ийн шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 25-ны орой 10 цагийн орчимд манай хадам эгч яриад ахын чинь бие тааруу байна гэсэн дуудлага ирсэн. Тэгээд 11 цаг өнгөрч байхад А гэдэг айлын хашаанд хүмүүс байхад очсон. Тэгэхэд бие нь хөхөрсөн уруул нь сэтэрсэн байдалтай байсан. Би гомдолтой байна. Хэрвээ нэг нь өшиглөсөн бол амьд байх байсан юм болов уу гэж боддог. Б.С-оос 3,500,000 төгрөг оршуулгын зардал гэж авсан. Л-гээс оршуулгын зардал аваагүй. Л-гээс оршуулгын зардал, бензин тооцооны үнэ 3,500,000 орчим төгрөг гарах байх, нотлох баримтын хүрээнд шийдвэрлэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг,

 

-Шинжээч Б.Ариунзул шүүхийн хэлэлцүүлэгт: “...Цолмон эмч бол тухайн хэргийн хувьд анхны задлан шинжилгээ хийж дүгнэлт гаргасан эмч. Анхны задлан шинжилгээ хийгээд тухайн хүний нас барсан шалтгааныг тогтоож дүгнэлт гаргасан... нас барсан шалтгааныг зөв тогтоосон... харин манайх хэргийн материалтай танилцаад комиссын дүгнэлт гаргахдаа үхэлд хүргэсэн эмнэлзүйн шинж тэмдэг, бусад зүйлүүдийг шинжлээд дүгнэлт гаргасан... Цохилтын хүчээс хамаарч гэмтлүүд учирна... Энэ хүнд ганцхан гэмтэл байгаад байгаа юм биш, олон шарх, гэмтэл байгаа, тэгэхээр энэ гэмтлүүдийг олон удаагийн гэж хэлсэн. Түүнээс биш үхэлд  хүргэсэн гавал тархины гэмтэлийг олон удаагийн үйлдэл гэж бичээгүй тархи нугасны хүнд гэмтэл авсан хүн үйл хөдлөл хийх боломжгүй...” гэсэн мэдүүлэг,

 

-Шинжээч Ч.Эрдэмболор шүүхийн хэлэлцүүлэгт: “...Цолмон эмч бол анхны задлан шинжилгээ хийсэн. Нас барсан шалтгааныг тогтоож гаргасан энэ нь үндэслэлтэй...Дараа нь үхэлд хүргэсэн эмнэл зүйн шинжийг тогтооход хэргийг уншиж байхад гол эмнэл зүйн шинж тэмдэг нь тархины урагдал тасралт, энэ  гэмтлийг авахад шууд ухаан алддаг суух, ярих боломжгүй...” гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Н- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 23 цагийн үед манай хадам эгч О- миний утас руу залгаад ах чинь хүн амьтанд зодуулсан юм шиг байна, бие нь тааруу байна, яаралтай орж ир гэж хэлэхээр нь...би орж ахыгаа харахад юмаар бүтээчихсэн уруул нь сэтэрчихсэн царай нь хөхөрсөн, бие нь хөшсөн байдалтай байсан...гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 35-36/,

 

-Гэрч С.А- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Н.Л-гийн хажууд М.Н- суугаад тэгээд би хажууд нь суугаад, Б.С- бид гурвын урдаас хараад сууж байсан Их-Уулын 2 залуу архинд явж байсан, Э- тэр үед гэрийнхээ довжоон дээр суугаагаараа унтаж байсан. Тэр үед талийгаач М.Н- Н.Л- 2 маргалдаад байх шиг болсон. Тэгснээ пид пад гээд явчихсан чинь талийгаачийг Н.Л- өшиглөөд унагаачихсан М.Н- ухаан алдсан байна эмч хурдан дуудаач гээд Б.С- хашгирч байсан... Мөрдөгч Д- миний  мэдүүлэгт огт нөлөөлсөн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 40-42/,

 

- Гэрч Э.М- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр... Яасан юм, юу болсон юм, наад хүн чинь амьд юм уу гээд хойшоо хэвтүүл гээд хэвтүүлээд амьсгал, фульсийг нь үзэхэд нас барчихсан байсан. Н-гийн гаднаас нь харахад доод уруул нь сэтэрсэн шархтай, амандаа цус ихтэй, дээд үүдэн шүд суларчихсан байдалтай бие нь нилэнхүйдээ норчихсон байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 52-54/,

 

- Гэрч С.Б- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр... Э- талийгаач Н- хүүхэдтэйгээ, Л-, А-, Б.С- нар буу тааруулж байсан. Бид нар нийлж нэг шил 0,75-тай Ерөөл архи хувааж уугаад сууж байсан чинь талийгаач Н.Л-г яагаад мэндлэхээ байчихав, багийн дарга байхаараа хүнтэй мэндлээд багийн дарга биш болчихоороо хүнтэй мэндлэхээ байчихдаг юм уу гээд Л-г үгээр өдөөд байсан...Л- нь таньд бол алуулна гэж юу байхав гэхээр нь би Л-г ахын дүү хүнтэй битгий хэрүүл хий гэсэн чинь Б.С- босч ирээд бакалаар талийгаачийн эрүү хэсэг рүү өшиглөсөн. Тэгсэн чинь талийгаачийн уруулнаас цус гоожоод ирсэн. Тэгсэн талийгаач Н- чи одоо яаж байгаа юм, өө за за ингэдэг болсон юм уу гэж хэлээд сууж байсан чинь Л- босож ирээд пүүзэн гутлаараа нүүр лүү нь өшиглөсөн чинь талийгаач Н- нь хойшоогоо тас гэдэргээ савж унаад хурхираад унасан...Энэ хэргийг Э-гаас бусад нь мэдэж байгаа...Л- надад хэлэхдээ Их-Уул сумын Б-, Н- нарыг талийгаачийг өшиглөх үед архинд явсан байсан гэж хэлээрэй. Чамайг бол огт байхгүй байсан гэж хэлнэ битгий ирээрэй гэсэн. Тэгэхээр нь би мэдүүлэг өгөөгүй юм” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 64/,

 

- М.Н- 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гэрчээр өгсөн: ”... Б- бид 2 хүмүүсийн архинаас уучихаад яаж зүгээр байх вэ гэж бодоод дэлгүүр рүү архинд явсан...буцаад Э- гэж айлынд очиход бид нарын суугаад архи ууж байсан газарт М.Н-гийн уруул нь цус болчихсон ухаангүй дээшээ хараад хэвтэж байсан. Л- гэдэг залуу би хүн алчлаа ш дээ гээд орилоод сандарсан байдалтай байхаар нь тайвшир ахын дүү гээд нуруун дээр нь илээд юу болсон талаар асуусан чинь би М.Н-г нүүр лүү нь өшиглөж унагаагаад хүн алчлаа гээд орилоод байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 50-51/,

 

- М.Н-ын 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гэрчээр дахин өгсөн: “...Тэгсэн чинь Б.С- босч ирээд бакалаар талийгаачийн урдаас өшиглөсөн. Тэгсэн талийгаачийн уруулаас цус гараад өө за за ингэдэг болсон юм байна гэж талийгаач Н- хэлсэн чинь Л- босож ирээд шууд талийгаач Н-гийн толгой руу хүчтэй өшиглөөд Н- хойшоо тас гэдэргээ саваж унаад хурхираад унасан. Тэгээд тэр чигээрээ сэргээгүй нас барсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 69-70/,

 

-Б.Б-ийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гэрчээр өгсөн: “...архи ууж байгаад Л-г чи мэндэлсэнгүй гэж хэлээд ... тэр хоёр маргалдсан. Тэгсэн талийгаач Н- нь Л-д хандаж та нар шиг банди нарыг бол  ах нь ална ш дээ гээд Л-гийн хүзүүн дээр алгадах шиг болсон. Тэгсэн чинь Б.С- босож ирээд бакалаар талийгаачийн урдаас өшиглөсөн. Тэгсэн талийгаачийн уруулаас цус гараад өө за за ингэдэг болцон юм байна гэж хэлсэн чинь талийгаач Н-г Л- босож ирээд шууд толгой руу хүчтэй өшиглөөд Н- хойшоо тас гэдэргээ саваж унаад хурхираад унасан... талийгаач Н-г нас барсан гэдгийг мэдээд Л- би хүн алчихлаа гээд хашаа нүдээд байхаар нь Н- тайвшруулсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 66-67х/,

 

- Б.Б-ийн яллагдагчаар өгсөн:“...Хэрэг болох үед Н- бид хоёр хамт байсан. Хэрэг болсны дараа Л- та хоёрт гай болоод яахав энэ хэрэгт хамаагүй юм чинь ийш тийшээ явсан гээд хэлчихгүй юу гэсэн...тэгэхээр нь ...Н- бид хоёр дэлгүүр лүү архинд явсан байсан юм гээд худлаа мэдүүлчихсэн... Д- надаас мөнгө авахдаа торгуулийн мөнгө гэж авсан, надад нөлөөлсөн зүйл байхгүй... ” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 183-184х, 4хх-ийн 223х/,

 

- Гэрч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд: “...яллагдагч Н- ор үндэсгүй худал мэдүүлэг өгсөн байна. Миний хувьд “том биетэйгээр нь Л-гээ барихгүй бол мөд салахгүй шүү” гэж хэлсэн зүйл огт байхгүй...Хэрэв би Н-ын мэдүүлгийг зохиож бичсэн бол энэ хүмүүс тухайн үед нь гомдол гаргах байсан...” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 148-149/,

 

-  Гэрч Э.Э- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Д-гийн хувьд миний  мэдүүлэгт нөлөөлсөн, надад үг зааж өгсөн, айлган сүрдүүлсэн, эрүүдэн шүүсэн зүйл байхгүй. Тэнд байсан хүмүүс ярихдаа эхлээд Сэнгээ өшиглөөд, дараа нь Лхагваа өшиглөсөн гэж  ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 155/,

 

- Шинжээч эмч Ц.Ганболд мөрдөн шалгах ажиллагаанд: Амь хохирогч М.Н-гийн нас барсан шалтгаан нөхцөл болох тархины  гэмтэл нь нэн даруй  ухаангүй болж улмаар амь нас шууд хохирох тул дүгнэлтэд тусгагдсан сүүлийн үйлдэл буюу толгойд хүч үйлчилж гэмтлийг авсан гэж дүгнэж байна. Эхний өшиглөлтийн улмаас хохирогчийн уруулаас цус гарч байсан гэдэг нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байсан...” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 190-192/,

 

- Шүүгдэгч М.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би урьд өмнө гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ тодорхой ярьсан байгаа. Тухайн хэрэг болох үед би байсан. Түүнийгээ гэрчээр мэдүүлэг өгөхдөө тодорхой ярьсан. Мэдүүлэг өгөх үедээ би архинд Б-ийн хамтаар явсан байсан гэж худал мэдүүлсэн. Хэрэг болох үед бол Б- бид хоёр байсан юм... цагдаа шүүхээр явна гэхээр айсан юм... Өөр бол ямар нэгэн муу санаа агуулж юм нууж мэдүүлэг өгөөгүй ... Л- нь миний төрсөн эгч Сүглэгмаагийн нөхөр болох Л-гийн төрсөн эгчийнх нь хүүхэд нь учир худ ургийн холбоотой. Харин Б.С- нэг жил ойрхон өвөлжиж таньдаг болсон... Л- өөрөө ч өшиглөсөн гэдгээ хүлээгээд нас барчихлаа, би одоо яанаа гээд байсан ... Д- ... мөнгийг авахдаа торгуулийн мөнгө гэж авсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 185-186, 4хх-ийн 218-220х/,

 

 - Шүүгдэгч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:  “...Би хүний амь нас хохироогоогүй. Би талийгаач М.Н-гийн уруул хэсэгт нь нэг л удаа бакалаар өшиглөсөн. Намайг өшиглөсний дараа өө за за та нар ингэдэг болсон юм уу гэж хэлж байсан. Тэгэж хэлсний дараа Л- босож ирээд талийгаач М.Н-гийн нүүрэн тус газарт нь их хүчтэй өшиглөсөн. Тэгэхэд тас хийх чимээ сонсогдоод талийгаач М.Н- тас гэдэргээ савж унаад хурхираад ахиж босож ирээгүй нас барсан. Тиймээс би хүнийг санаатай бусадтай бүлэглэн амь насыг нь бүрэлгээгүй. Харин уруул нь гэмтсэн гэмтлийг би учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 187-188/,

 

- Шүүгдэгч Н.Л-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр орой 20 цаг 30 минутанд Э-гийнд Б.С-, А- нарын хамтаар буу тааруулахаар очсон юм...Тэгэхээр нь би хажууд нь сууж байгаад та одоо яагаад байгаа юм гээд жаахан зайгаа бариад суусан чинь Б.С- сууж байснаа гэнэт талийгаачийн нүүр лүү эгц урдаас нь бакалаараа өшиглөөд так хийх чимээ гараад явчихсан. Тэгсэн чинь талийгаач Н- нь доошоо духайгаад суусан. Талийгаач тэгэхэд чимээгүй болоод ямар нэгэн үг хэлж дуу гаргаагүй. Тэгэхээр нь би босч ирээд талийгаачийг цээжин бие мөр лүү нь пүүзэн гутлаараа нэг удаа өшиглөсөн чинь Н- ах шууд хойшоогоо унаад хурхираад унасан. 2-3 удаа тэгж хурхирхаар нь ухаан алдчихлаа гэж бодоод Б.С- сэгсрээд би цээжийг нь илээд хөл гарыг нь атгаад А-г усанд гүйгээд ир гээд байшин руу гүйлгэсэн...Э- утсаар эмч дуудаж Мөнх-Үйлс ирж үзээд нас барсан байна гэж хэлсэн... Б.С-ийг өшиглөсний дараа ямар хугацаа өнгөрсний дараа ашигласан гэдгээ сайн мэдэхгүй байна. Талийгаачид би цохиулсандаа хэсэг манарч суусны дараа орчноо мэдрэхэд л талийгаач завилаад доошоо хараад толгойгоо гудайлгаад суучихсан. Өмднийх нь хоёр шуумаг руу болон оймос руу цус болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 177-182/,

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 11-18/,

 

- Н.Л-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: “... Би босож ирээд нүүр лүү нь өшиглөхөд урд зүгт эгц дээшээ харж савж унасан гээд байрлалыг үзүүлэв... хохирогчийн доод эрүү хэсэгт хөлийн тавхайн дээд хэсгээр таарч өшиглөсөн...” гэсэн тэмдэглэл /1хх-ийн 22-24/,

 

- Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 96 дугаартай:

1. М.Н-гийн биед баруун зүүн чамархай, дух, дагзны дэлбэн бага тархинд аалзавчин хальсан доорхи цус харвалт, тархины 3, 4-р ховдолд цус харвалт, тархины суурь хэсэгт хатуу хальсан доорхи цусан хураа, тархины эдийн няцрал, тархины дунд артерийн урагдал, тасралт, нугасны эдэд цус харвалт, дагз хэсгийн хуйх, залгиур, жолоо булчинд цус хуралт, доод урууланд няцарсан шарх, зүүн дээд 1-р шүд хөдөлгөөнтэй буйланд цус хуралт, баруун хөмсөгний дотор өнцөг, эрүү, нуруу, баруун шилбэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. Тархи нугасны гэмтэл нь үхэлд хүргэсэн ба бусад хэсгийн гэмтэл нь үхэлд хүргээгүй байна. Тархи нугасны гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин бусад хэсгийн гэмтэл нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. М.Н-гийн биед үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. М.Н- нь тархи нугасны хүнд гэмтлийн улмаас нас барсан байна.

5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

6. Тархи нугасны хүнд гэмтэл нь баруун, зүүн чамархай, дух, дагзны дэлбэн, бага тархинд аалзавчин хальсан доорх цусан харвалт, тархины 3, 4-р ховдолд цус харвалт, тархины суурь хэсэгт хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, тархины дунд артерийн урагдал тасралт, нугасны эдэд цус харвалт зэрэг шинж тэмдэгээр батлагдаж байна” гэсэн дүгнэлт /1хх-96-101/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 384 дугаартай

1. Шинжээч эмч Г.Цолмонгийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 96 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Шинжээч эмч талийгаачийн задлан шинжилгээний онош, дүгнэлт, үүсэх шалтгааныг зөв тайлбарласан байна.

2. Талийгаачийн цогцост учирсан тархины баруун зүүн чамархай, дух, дагзны дэлбэн, бага тархинд аалзавчин хальсан доорх цусан харвалт, тархины 3, 4-р ховдолд цус харвалт, тархины суурь хэсэгт хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, тархины дунд артерийн урагдал тасралт, нугасны эдэд цус харвалт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр толгойн хэсэгт цохих, өшиглөх хүчний нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой бөгөөд сүүлийн үйлдлийн улмаас үүсгэгдсэн байх боломжтой.

3. Гавал тархины гэмтлийг гэмтлийн бус гаралтай үүсгэгдсэн гэх ойлголт байхгүй.

4. Талийгаач нь дээрхи гэмтлийг авсан даруйдаа комд орсон байх ба үг хэлэх ухамсарт үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй.

5. Талийгаачийн цогцост учирсан дээрхи гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

6.7.8. Талийгаачид учирсан доод урууланд няцарсан шарх, зүүн дээд 1-р шүдний булралт, буйланд цус хуралт гэмтэл хатуу мохоо зүйлийн цохих хүчний нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, тархины баруун зүүн чамархай, дух, дагзны дэлбэн, бага тархинд аалзавчин хальсан доорх цусан харвалт, тархины 3,4-р ховдолд цус харвалт, тархины суурь хэсэгт хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, тархины дунд артерийн урагдал тасралт, нугасны эдэд цус харвалт, дагзны хэсгийн хуйхны цус хуралт гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр буюу урдаас цохиход арагш савж унахад үүссэн байх боломжтой байна.

9. Талийгаачид учирсан доод урууланд няцарсан шарх, зүүн дээд 1-р шүдний булгаралт, буйланд цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гавал тархины гэмтэл нь үхэлд хүргэсэн хүнд гэмтэлд хамаарна. Бусад гэмтлүүдэд гэмтлийн зэрэг тогтоохгүй...” гэсэн дүгнэлт /2хх-ийн 42-48/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй  шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны  өдрийн 462 дугаартай:

1.Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №96, хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №384 үндэслэлтэй байна. Энэ нь цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ, гэмтсэн хугацаа, гэмтлийн механизмаар батлагдаж байна.

2. Нүүрэнд сүүлд нь өшиглөхөд талийгаач ухаангүй болон улмаар нас барсан нь цогцос шинжилгээгээр тогтоогдсон гэмтлүүд болох баруун зүүн чамархай, дух, дагзны дэлбэн, бага тархины аалзавчин хальсан доорх цусан харвалт, тархины 3, 4-р ховдолд цус харвалт, тархины суурь хэсэгт хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, тархины дунд артерийн урагдал тасралт, нугасны эдэд цус харвалт нь хөдөлгөөн хийгээд байх боломжгүй, шууд үхэлд хүргэх гэмтэл юм...” гэсэн дүгнэлт /4хх-ийн 158-162х/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.  

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу хангалттай тогтоогдсон байна. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг нотлох баримтуудыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгч нарын үйлдлүүдийг нотолсон гэж дүгнэв. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрдүүлэхдээ хохирогч, гэрч, шинжээч, яллагдагчаас мэдүүлэг авахдаа оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал болон мөрдөн шалгах ажиллагааны журам зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй байх тул уг нотлох баримтуудыг үнэлэх боломжтой гэж үзэв.    

 

  1. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч Б.Отгончимэг дүгнэлтдээ “...Шүүгдэгч Н.Л- нь 2019 оны 07 сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х аймгийн Р сумын төвд хохирогч М.Б  хүндэлж харьцсангүй гэх шалтгааны улмаас маргалдаж түүний толгой тус газар өшиглөж улмаар амь насыг нь хохироож хүнийг алах гэмт хэргийг, шүүгдэгч Э.Б.С- нь 2019 оны 07 сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х аймгийн Р сумын төвд амь хохирогч М.Б хүндэлж харьцсангүй гэх шалтгааны улмаас маргалдаж түүний эрүүн тус газар өшиглөж, Н-гийн эрүүл мэндэд хөнгөн учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэм хэргийг, шүүгдэгч М.Н- нь М.Н-гийн амь нас хохирсон эрүүгийн 1938005150306 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2019 оны 07 сарын 25, 26-ны өдөр гэрчээр зориуд худал мэдүүлэг өгч худал мэдүүлэх гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болоод өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Н.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг, шүүгдэгч С.Б.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг, шүүгдэгч М.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг тус тус  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох...“   гэсэн,

Шүүгдэгч Н.Л-гийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт дүгнэлтдээ: “...шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй учраас өөр мэргэжлийн шинжээчдийн багийг томилж дүгнэлт гаргуулах мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр 60 хоногийн хугацаагаар хойшлуулж өгнө үү...” гэсэн,

Шүүгдэгч Б.С-ийн өмгөөлөгч Д.Оюунчимэг дүгнэлтдээ: “...гурван удаагийн шинжээчийн дүгнэлт, Б.С-ийн болон гэрчүүдийн мэдүүлгээр талийгаач Н-гийн нүүрэн тус газар нь өшиглөж хөнгөн гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байгаа учраас хэргийн зүйлчлэл болоод гэм буруу дээр маргахгүй...” гэсэн,

Шүүгдэгч М.Н-ын өмгөөлөгч Д.Энхбаяр дүгнэлтдээ: “...зүйлчлэл болоод гэм буруугийн талаар маргахгүй...” гэсэн,

Иргэдийн төлөөлөгч Х.Гэрэлчулуун дүгнэлтдээ“...Иргэн Л-, Б.С-, Н- нар нь 0.75 шил архи хувааж уусан байна. Бие биедээ хүндэтгэлгүй хандсаны улмаас Н-г өшиглөж хойшоо савж унасан. Талийгаач Н- нас барсан нь иргэн Б.С-, Л- нарын хийсэн үйлдлээс үүдэлтэй байх гэж бодож байна...” гэсэн санал дүгнэлтүүдийг гаргасан.

 

Шүүгдэгч Б.С-ийн үйлдлийн улмаас амь хохирогч М.Н-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч Н.Л-гийн үйлдлийн улмаас амь хохирогч М.Н-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирч, нас барсан шууд шалтгаант холбоотой болох нь, мөн шүүгдэгч М.Н- нь мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлэг өгсөн нь:  шүүхийн хэлэлцүүлэгт Н.Л-гийн “...амь хохирогч Н-тай маргалдаад сууж байхад Б.С- босож ирээд амь хохирогчийн эгц урдаас нүүрэн тус газар  нь хүчтэй өшиглөсөн. Тэгэхэд таг хийх чимээ гарсан, тухайн үед амь хохирогч ямар нэгэн дуу гаргаагүй духайсан байдалтай сууж байсан...Би хэсэг хугацааны дараа амь хохирогч хүндэлж харьцсангүй гэх шалтгаанаар намайг удаа дараа хэлж байсанд нь дургүйцлээ илэрхийлээд амь хохирогчийн толгой тус газар нь өшиглөөгүй, түүний баруун мөрөнд нь хүрсэн гэдгийг тухайн үед мөрдөн байцаалт өгч байсан байцаагчдаа хэлж байсан. Намайг өшиглөсөний дараа унах нь унасан...” гэсэн, шүүгдэгч Т.Б.С-ийн: “...архи хувааж уугаад амь хохиргч Н- Л-тэй маргалдсан. Тэгэхээр нь би гэрт нь хүргэж өгчихөөд буцаж ирээд сууж байсан чинь буцаад хойноос ирээд дахиад маргалдаад байхаар нь би таныг харьж амар гээд байх чинь яах гээд байгаа юм бэ гээд тухайн үед босож ирээд өшиглөсөн. Өө за за та нар тэгдэг болсон юм уу гээд сууж байтал Л- босож ирээд эгц урдаас нь өшиглөхөд хойшоо тас гээд саваад унасан...” гэсэн, шүүгдэгч М.Н-ын “...эд нартай тааралдаад ганц нэг юм уусан. Энэ хоёр өшиглөсөнийг би өөрийн нүдээр хараагүй, би архи уугаад нилээн муудсан байсан. Сүүлд нь хүн өнгөрчихлөө гэхэд нь ухаан орсон...Л- Б- бид хоёрыг байхгүй байсан гээд хэлчихсэн гэхээр нь бид хоёр байгаагүй гээд худлаа хэлчихсэн...” гэсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Н-ийн “...ах чинь хүн амьтанд зодуулсан юм шиг байна, бие нь тааруу байна, яаралтай орж ир гэж хэлэхээр нь...би орж ахыгаа харахад юмаар бүтээчихсэн уруул нь сэтэрчихсэн царай нь хөхөрсөн, бие нь хөшсөн байдалтай байсан...” гэсэн, гэрч С.А-гийн “...Тэр үед талийгаач М.Н- Н.Л- 2 маргалдаад байх шиг болсон. Тэгснээ пид пад гээд явчихсан чинь талийгаачийг Н.Л- өшиглөөд унагаачихсан М.Н- ухаан алдсан байна эмч хурдан дуудаач гээд Б.С- хашгирч байсан...” гэсэн, гэрч Э.М-ийн “...2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр... Яасан юм, юу болсон юм, наад хүн чинь амьд юм уу гээд хойшоо хэвтүүл гээд хэвтүүлээд амьсгал, фульсийг нь үзэхэд нас барчихсан байсан. Н-гийн гаднаас нь харахад доод уруул нь сэтэрсэн шархтай, амандаа цус ихтэй, дээд үүдэн шүд суларчихсан байдалтай бие нь нилэнхүйдээ норчихсон байдалтай байсан” гэсэн,  гэрч С.Б-ын: “...Бид нар нийлж нэг шил 0,75-тай Ерөөл архи хувааж уугаад сууж байсан чинь талийгаач Н.Л-г яагаад мэндлэхээ байчихав, багийн дарга байхаараа хүнтэй мэндлээд багийн дарга биш болчихоороо хүнтэй мэндлэхээ байчихдаг юм уу гээд Л-г үгээр өдөөд байсан... Л- нь таньд бол алуулна гэж юу байхав гэхээр нь би Л-г ахын дүү хүнтэй битгий хэрүүл хий гэсэн чинь Б.С- босч ирээд бакалаар талийгаачийн эрүү хэсэг рүү өшиглөсөн. Тэгсэн чинь талийгаачийн уруулнаас цус гоожоод ирсэн. Тэгсэн талийгаач Н- чи одоо яаж байгаа юм, өө за за ингэдэг болсон юм уу гэж хэлээд сууж байсан чинь Л- босож ирээд пүүзэн гутлаараа нүүр лүү нь өшиглөсөн чинь талийгаач Н- нь хойшоогоо тас гэдэргээ савж унаад хурхираад унасан...” гэсэн,  гэрч Б.Б-ийн “...архи ууж байгаад Л-г чи мэндэлсэнгүй гэж хэлээд ... тэр хоёр маргалдсан. Тэгсэн талийгаач Н- нь Л-д хандаж та нар шиг банди нарыг бол  ах нь ална ш дээ гээд Л-гийн хүзүүн дээр алгадах шиг болсон. Тэгсэн чинь Б.С- босож ирээд бакалаар талийгаачийн урдаас өшиглөсөн. Тэгсэн талийгаачийн уруулаас цус гараад өө за за ингэдэг болцон юм байна гэж хэлсэн чинь талийгаач Н-г Л- босож ирээд шууд толгой руу хүчтэй өшиглөөд Н- хойшоо тас гэдэргээ саваж унаад хурхираад унасан... талийгаач Н-г нас барсан гэдгийг мэдээд Л- би хүн алчихлаа гээд хашаа нүдээд байхаар нь Н- тайвшруулсан...” гэсэн, гэрч Б.Д-гийн “...яллагдагч Н- ор үндэсгүй худал мэдүүлэг өгсөн байна. Миний хувьд “том биетэйгээр нь Л-гээ барихгүй бол мөд салахгүй шүү” гэж хэлсэн зүйл огт байхгүй...” гэсэн, гэрч Э.Э-гийн “...Д-гийн хувьд миний  мэдүүлэгт нөлөөлсөн, надад үг зааж өгсөн, айлган сүрдүүлсэн, эрүүдэн шүүсэн зүйл байхгүй. Тэнд байсан хүмүүс ярихдаа эхлээд Сэнгээ өшиглөөд, дараа нь Лхагваа өшиглөсөн гэж  ярьж байсан...” гэсэн, шинжээч эмч Ц.Ганболдын “...Амь хохирогч М.Н-гийн нас барсан шалтгаан нөхцөл болох тархины  гэмтэл нь нэн даруй  ухаангүй болж улмаар амь нас шууд хохирох тул дүгнэлтэд тусгагдсан сүүлийн үйлдэл буюу толгойд хүч үйлчилж гэмтлийг авсан гэж дүгнэж байна. Эхний өшиглөлтийн улмаас хохирогчийн уруулаас цус гарч байсан гэдэг нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байсан...” гэсэн,  шүүгдэгч М.Н-ын яллагдагчаар өгсөн: “...Би урьд өмнө гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ тодорхой ярьсан байгаа. Тухайн хэрэг болох үед би байсан. Түүнийгээ гэрчээр мэдүүлэг өгөхдөө тодорхой ярьсан. Мэдүүлэг өгөх үедээ би архинд Б-ийн хамтаар явсан байсан гэж худал мэдүүлсэн. Хэрэг болох үед бол Б- бид хоёр байсан юм... цагдаа шүүхээр явна гэхээр айсан юм... Өөр бол ямар нэгэн муу санаа агуулж юм нууж мэдүүлэг өгөөгүй... Л- өөрөө ч өшиглөсөн гэдгээ хүлээгээд нас барчихлаа, би одоо яанаа гээд байсан ...” гэсэн, шүүгдэгч Б.С-ийн яллагдагчаар өгсөн  “...Би талийгаач М.Н-гийн уруул хэсэгт нь нэг л удаа бакалаар өшиглөсөн. Намайг өшиглөсний дараа өө за за та нар ингэдэг болсон юм уу гэж хэлж байсан. Тэгж хэлсний дараа Л- босож ирээд талийгаач М.Н-гийн нүүрэн тус газарт нь их хүчтэй өшиглөсөн. Тэгэхэд тас хийх чимээ сонсогдоод талийгаач М.Н- тас гэдэргээ савж унаад хурхираад ахиж босож ирээгүй нас барсан...” гэсэн, шүүгдэгч Н.Л-гийн яллагдагчаар өгсөн: “...Б.С- сууж байснаа гэнэт талийгаачийн нүүр лүү эгц урдаас нь бакалаараа өшиглөөд так хийх чимээ гараад явчихсан. Тэгсэн чинь талийгаач Н- нь доошоо духайгаад суусан. Талийгаач тэгэхэд чимээгүй болоод ямар нэгэн үг хэлж дуу гаргаагүй. Тэгэхээр нь би босч ирээд талийгаачийг цээжин бие мөр лүү нь пүүзэн гутлаараа нэг удаа өшиглөсөн чинь Н- ах шууд хойшоогоо унаад хурхираад унасан...” гэсэн мэдүүлгүүд, амь хохирогч М.Н-гийн биед доод урууланд няцарсан шарх, зүүн дээд 1-р шүдний булралт, буйланд цус хуралт буюу хөнгөн гэмтэл, тархины баруун зүүн чамархай, дух, дагзны дэлбэн, бага тархинд аалзавчин хальсан доорх цусан харвалт, тархины 3,4-р ховдолд цус харвалт, тархины суурь хэсэгт хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, тархины дунд артерийн урагдал тасралт, нугасны эдэд цус харвалт, дагзны хэсгийн хуйхны цус хуралт буюу үхэлд хүрэх хүнд гэмтлийн улмаас нас барсныг тогтоосон Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 96 дугаартай,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 384 дугаартай, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй  шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны  өдрийн 462 дугаартай дүгнэлтүүд, шинжээч эмч шинжээч эмч Ц.Ганболд, Б.Ариунзул, Ч.Эрдэмболор нарын мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийн газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт “...шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй, дахин шинжээч томилох...шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулах... хэргийг шийдвэрлэх боломжгүй...” гэж,

Шүүгдэгч Н.Л- “...Б.С- босож ирээд амь хохирогчийн эгц урдаас нүүрэн тус газар  нь хүчтэй өшиглөсөн. Тэгэхэд таг хийх чимээ гарсан... би амь хохирогчийн нүүрэн тус газар хүрээгүй...” гэж тус тус мэтгэлцэж байх боловч  хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлцэгдсэн нотлох баримтуудаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой, дахин шинжээч томилох шаардлагагүй, шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулах үндэслэлгүй. Шүүгдэгч Н.Л-, Б.С-, Б.Б-, С.Н-, гэрч С.А-, С.Б- нарын мэдүүлгүүдээр шүүгдэгч Б.С- өшиглөхөд амь хохирогчийн нүүр хэсгээс цус гараад юм яриад сууж байсан, Н.Л-г өшиглөхөд амь хохирогч унаад нас барсан болох нь тогтоогдсон, амь хохирогч М.Н- нь үхэлд хүргэх хүнд гэмтэл буюу баруун зүүн чамархай, дух, дагзны дэлбэн, бага тархины аалзавчин хальсан доорх цусан харвалт, тархины 3, 4-р ховдолд цус харвалт, тархины суурь хэсэгт хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, тархины дунд артерийн урагдал тасралт, нугасны эдэд цус харвалтын хүнд гэмтлийн улмаас нас барсан, уг гэмтлийг авсан хүн суух, ярих ямар нэгэн ухамсарт үйлдэл, хөдөлгөөн хийх боломжгүй болох нь шинжээчийн дүгнэлтүүд, шинжээч эмч Ц.Ганболд, Б.Ариунзул, Ч.Эрдэмболор нарын мэдүүлгүүдээр батлагдсан тул шүүгдэгч Н.Л-гийн үйлдлийн улмаас М.Н-гийн амь нас хохирсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Амьд явах эрх бол хүн бүрийн салшгүй эрх мөн” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй” гэж хүний амьд явах эрхийг баталгаажуулсан.

 

Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Л- нь амь хохирогч М.Н-гийн толгойн тус газар өшиглөж баруун зүүн чамархай, дух, дагзны дэлбэн, бага тархины аалзавчин хальсан доорх цусан харвалт, тархины 3, 4-р ховдолд цус харвалт, тархины суурь хэсэгт хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, тархины дунд артерийн урагдал тасралт, нугасны эдэд цус харвалт гэмтэл учруулж хүнийг алсан үйлдэл нь хүний амьд явах эрхийг үгүй хийх санаа зорилготойгоор хийгдсэн нийгэмд аюултай үйлдэл юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

 

Шүүгдэгч Н.Л- нь хүний амьд явах эрхэд хууль бусаар халдсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний амь хохирсон хор уршгаараа хүнийг алах гэмт хэргийн шинжийг,

Шүүгдэгч Б.С- нь хүний эрүүл мэндэд хууль бусаар халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй,  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний эрүүл мэндэд хохирол учирсан хор уршгаараа хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг,

шүүгдэгч М.Н- нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө хэрэг учрал болох үед байгаагүй гэж хүний амь нас хохирсон хүнд хэрэгт худал мэдүүлэг өгсөн үйлдэл нь  гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан худал мэдүүлэх гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.

           

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Л- нь М.Н-гийн  амь насыг хохироож, хүнийг алах гэмт хэргийг,

Шүүгдэгч Б.С- нь М.Н-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай нь хангалттай нотлогдсон гэж дүгнэсэн тул иргэдийн төлөөлөгчийн “...талийгаач М.Н- нас барсан нь Б.С-ийн үйлдлээс үүдэлтэй...” гэсэн дүгнэлт үндэслэлгүй байна.

 

Иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч С.Н-ын гэм буруугийн талаар дүгнэлт хийгээгүй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Н.Л-, Б.С-, М.Н- нарын гэм буруутай үйлдэл, гэмт хэргийн сэдэлт шалтгаан, хохирол, хор уршгийн шалтгаант холбоог хангалттай шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Л-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг,

Шүүгдэгч Б.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч М.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

  1. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Н- нь гэм хорын хохиролд оршуулгын зардал 6,081,000 төгрөг, замын зардал 932 000 төгрөг, тэжээгчээ алдсны тэтгэврийн зөрүү 10,680,000 төгрөг нийт 17,693,000 төгрөг, үүнээс шүүгдэгч Б.С- нь 3,500,000 төгрөгийг өгсөн, уг мөнгийг хасаад үлдсэн төлбөрийг гаргуулна гэж нэхэмжилсэн.  

Шүүх хохирлын баримтуудыг шинжлэн судлаад хохирогч нь амь хохирогчийн хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон нэхэмжилсэн бөгөөд Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дах хэсэгт “Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэвэрийг хасна” гэж заасны дагуу тооцож үзэхэд зөрүү гарахгүй байх тул 10,680,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 7,013,000 төгрөг буюу оршуулгын зардал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан замын зардал нь баримтаар тогтоогдсон, шүүгдэгч Б.С-ийн хохирогчид төлсөн 3,500,000 төгрөгийг хасч тооцон шүүгдэгч Н.Л-гээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 зааснаар 3,513,000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  М.Н-ид олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.С-, М.Н- нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлагын талаар:

            Улсын яллагчаас: Шүүгдэгч Н.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, баривчлагдсан 2 хоног, цагдан хоригдсон 156 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, шүүгдэгч Б.С-ийн үйлдэл нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасанд хамаарч байх тул хэргийг өршөөж хэрэгсэхгүй болгох,  шүүгдэгч Б.С-  нь 156 хоног цагдан хоригдсон болохыг тогтоолд дурдах, шүүгдэгч М.Н-ын үйлдэл нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэгт багтаж байгаа учраас түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах...” гэсэн,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт: “...гэм буруугийн тал дээр эргэлзээ бүхий нөхцөл байдал байгаа... Н.Л-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж оногдуулж өгнө үү...” гэсэн,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг: “...Б.С- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Прокурор өршөөл үзүүлэх тухай хуульд заасныг үндэслээд хэрэгсэхгүй болгох санал тавьж байна. Би бол хөөн хэлэлцэх хугацааг дууссан үндэслэлээр саналтай гэхдээ шүүх аль ч байдлаар шийдвэрлэсэн Б.С-ийн эрх зүйн байдал дордохгүй, хууль хэрэглээний хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэл нь илүү оновчтой болов уу...” гэсэн,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр: “...М.Н- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн санал, дүгнэлтүүдийг гаргасан.

 

Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн тул Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт” Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,       

   Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэрэг гарах болсон шалтгаан, хэргийн нөхцөл байдал, үйлдлийн шинж зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж,  шүүгдэгч Н.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

            Шүүгдэгч М.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй  тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Б.С- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохиролд 3,500,000 төгрөг төлсөн ба үйлдсэн гэмт хэрэг нь хэргийн зүйлчилэл болоод үйл баримт болсон цаг хугацааны хувьд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт хамрагдаж байх тул уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.Л-, М.Н- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Б.С-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан учруулсан хохирлыг төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            5. Бусад асуудлаар:

Шүүгдэгч Н.Л-гийн баривчлагдсан болон цагдан хоригдсон нийт 158 хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцох,

шүүгдэгч Б.С-ийг 156 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч М.Н- цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, тэдний  иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн яллагдагч Н.Л-гийн өмсөж байсан улаан өнгийн хос пүүз, яллагдагч Б.С-ийн өмсөж байсан хар өнгийн хос бакалан гутал зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

шүүгдэгч М.Н-, Б.С- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Н.Л-д авсан хувийн баталгаа гаргах,  2019 оны 09 сарын 24-ний өдөр авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1.2.4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                              ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Н-гийн Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийг,

шүүгдэгч О овгийн Баярхүүгийн Б.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг,

шүүгдэгч Х овгийн М-ын Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н-гийн Л-г 13 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-ыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай  хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Баярхүүгийн Б.С-ид холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л-д оногдуулсан 13 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-т оногдуулсан 1,000,000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л-гийн цагдан хоригдсон 158 хоногийн хугацааг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

7. Шүүгдэгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагаанд төлөх  зардалгүй, битүүмжлэгдсэн  эд хөрөнгөгүй, тэдний иргэний  бичиг баримт шүүхэд хураагдаж  ирээгүй, шүүгдэгч М.Н- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.С- нь 156 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Б.Н-, Б.С- нар нь бусдад төлөх  төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирсэн улаан өнгийн хос пүүз, хар өнгийн хос бакалан гуталыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.3-т зааснаар шүүгдэгч Н.Л-гээс 3,513,000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Хөвсгөл аймаг, Рашаант сум, 4 дүгээр багт оршин суух, М.Н- /рд:РЖ81090218, утас:98806920/-д олгож, М.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 10,680,000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

10. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-, М.Н- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Н.Л-д авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

11. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.НАРМАНДАХ

 

                                         ШҮҮГЧИД                             Д.АРИУНЦЭЦЭГ

                                                           

                                                                                        Г.ЭНХТУНГАЛАГ