Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2015

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/02683 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г.Д-гийн хариуцагч “Т” ХХК, Б.Э- нарт холбогдуулан гаргасан гэрээний үүргийн биелэлт 9 500 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, xариуцагч Б.Э- ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 3 409 600 төгрөг гаргуулах, хариуцагч “Т” ХХК ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн үлдэгдэл 875 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Д-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Д, Ц.Б, хариуцагч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Д- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие “Tомтинк” ХХК-тай өөрийн түрээслэх үйл ажиллагаа явуулдаг “Зайсан хилл” дэх байршилтай зайрмагны үйлчилгээний талбайг батлагдсан зураг төслийн дагуу засварын ажил хийлгэхээр тохиролцсон. Тухайн үед тус компани гэрээгээ өөрийн ажилтан болох иргэн Б.Э-тэй байгуулах шаардлагатай гэж хэлээд, 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр бид харилцан ярилцаад, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Батлагдсан зураг төслийн дагуу үйлчилгээний зайрмагны цехийг 9 000 000 төгрөгөөр засварлаж, ажил эхлэхэд 6 300 000 төгрөг, үндсэн тек дуусахад 1 800 000 төгрөг, ажил дуусахад 900 000 төгрөгийг төлж, гэрээнд заасан ажлыг 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Би гэрээнд заасны дагуу өөрийн үүргээ биелүүлж төлбөрийг төлснөөр ажил эхэлсэн. Гүйцэтгэгч тал болох “Tомтинк” ХХК болон түүний томилсон ажилтан Б.Э- зураг төслийн дагуу ажлыг хийгээгүй, улмаар чанарын шаардлага хангахгүй, ажлыг дутуу хийж, үйлчилгээний талбайн чулуун шалыг гэмтээж, үндсэн текийг буруу дутуу хийж, цахилгаан дэд бүтцийн шугамыг гэмтээж захиалагч надад бодиттойгоор 9 500 000 төгрөгийн хохирол учруулсан. Гүйцэтгэгч тал болох Б.Э-, “T” ХХК-д удаа дараа мэдэгдэхэд буруугаа хүлээхгүй, хохирол барагдуулахаас татгалзсан. Иймд “T” ХХК болон гэрээний хохирол 9 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зайсан хиллд түрээсэлж байгаа талбайдаа “T” ХХК болон Б.Э-ээр зайрмагны тек хийлгүүлсэн. Гэтэл эдгээр хариуцагч нар гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу текийг хугацаандаа бүрэн хийж хүлээлгэн өгөөгүй тул бид өөр хүмүүсээр дахин текийг хийлгэсэн. Тек хийх төсвийг гаргуулахад 7 000 000 гаруй төгрөг болж, биднээс илүү төсвөөр хөлс авч, ажлаа хийх явцдаа талбайн шалыг гэмтээж, цахилгааны шугамыг гэмтээсэн тул хохиролд 9 500 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлээ дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч “Т” ХХК-ийн төлөөлөгч Б.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Г.Д-гийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад зөвшөөрөхгүй байна. Хан-Уул дүүрэгт байрлах “Зайсан хилл” цогцолборт байрлах “PAGOTO” нэрийн зайрмагны мухлагийн интерьер дизайны зураг төслийг 1 150 000 төгрөгөөр боловсруулан хүлээлгэн өгөхөөр амаар харилцан тохиролцож, урьдчилгаа төлбөрт 575 000 төгрөгийг авч ажлыг гүйцэтгэсэн. Зураг төслийг “Зайсан хилл” цогцолборын гүйцэтгэгч компани болох “Оюуны ундраа групп” ХХК-ийн зураг төслийн алба хүлээн авч баталгаажуулан засал эхлүүлэх зөвшөөрлийг өгсөн бөгөөд интерьер дизайны зургаас гадна инженерийн зураг нэхэмжилсэн. Манай байгууллага уг зургийг зурдаггүй бөгөөд энэ тухайгаа захиалагчид хэлэхэд ойлгоогүй. Иймд бид хамтран ажилладаг “Креатив монгол” ХХК-д 300 000 төгрөгийг төлж үлдэгдэл зургийг зуруулан хүлээлгэж өгсөн. Зургийн дагуу ажлыг хийхэд Г.Д- энэ өнгө надад таалагдахгүй байна. Ийм өнгө болгомоор байна гэж 3-4 удаа өнгө солиулсан. Энэ бүхэнд цаг хугацаа мөнгө орсон. Түүний хэлснээр бодит амьдрал дээр байдаг шиг печений өнгө хаа ч байхгүй, гарах ч үгүй. Дэлхийн нийтийн стандартаар өнгөний код бий. Энэ кодоор өнгийг гаргадаг. Бид өөрчлөх ямар ч боломжгүй. Иймээс компани ажлаа гүйцэтгэн хүлээлгэн өгсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Компани ажлаа гүйцэтгэн хүлээлгэн өгсөн тул үлдэгдэл хөлс 575 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Э- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Г.Д-гийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Миний бие Г.Д-тай 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “Заслын ажил гүйцэтгэх тухай гэрээ” байгуулан түүний “Зайсан хилл” цогцолборт байрлах түрээсийн талбайд зайрмагны тек хийж гүйцэтгэсэн. Тус гэрээний 2 дугаар зүйлд ажлыг 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 05-ны өдөр хийж гүйцэтгэхээр тохирсон боловч “Зайсан хилл” цогцолборын захиргаанаас өдрийн цагаар ажил гүйцэтгэхийг хориглосны улмаас бид тус газрын зөвшөөрсөн цагт буюу шөнийн 10:00 цагаас 03:00 цаг хүртэл ажлаа хийж байсан. Үүний улмаас талууд амаар ажил гүйцэтгэх гэрээг хугацааг сунгаж, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээлгэн өгсөн ажлыг захиалагч бүрэн шалгаж, акт үйлдэн хүлээн авсан. Бид батлагдсан зураг төслийн хүрээнд, гэрээний үүргээ бүрэн биелүүлэн, ямар нэгэн дутагдал, доголдол гаргаагүй хүлээлгэн өгсөн бөгөөд захиалагч ажлыг хүлээн авснаас хойш гэрээний талаар гомдлын шаардлагыг надад огт гаргаж байгаагүй, холбоо барьж байгаагүй мөртлөө шүүхэд энэ талаар нэхэмжлэл гаргасныг гайхаж байна. Захиалагчийн “Зайсан хилл”-тэй холбоотой асуудал бидний гэрээний үүрэгт хамааралгүй. Мөн нэхэмжлэгч ажлын явцад удаа дараа батлагдсан зураг төслөөс давсан шаардлага буюу текний өнгийг өөрийн хүсэлтээр хэд хэдэн удаа солиулж, гэрээнд хамаарахгүй цахилгааны ажил гүйцэтгүүлж, зургийн дагуу гүйцэтгэсэн агааржуулалтын ажлыг өөрчилж дахин хийлгүүлж, хэл ам хийн, ажиллах нөхцөлийг алдагдуулсан боловч түүний тавьсан шаардлагыг биелүүлэн ажлаа дуусгасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Э- сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлд дурдсанаар захиалагчийн тавьсан гэрээний үүрэгт хамаарахгүй шаардлагаас ажлын зардал нэмэгдэж, зөвхөн материалын зардал 10 259 600 төгрөг болсон баримтыг захиалагчид хүлээлгэж өгснийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна. Иймээс энэ өөрчлөгдсөн нөхцөл байдлын улмаас гүйцэтгэгч ажлын гүйцэтгэлийн хөлс буюу ашиг болох 1 500 000 төгрөг, 4 ажилтны 25 өдрийн хоолны зардал 500 000 төгрөг, бензиний зардал төгрөг нийт 2 150 000 төгрөгөөр хохирсон тул Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1, 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэгч гэрээнд заасан чанар бүхий ажлыг хүлээлгэн өгч, захиалагч ажлын гүйцэтгэлийг актаар хүлээн авч гэрээний үүргээ биелүүлсэн тул гэрээнээс учирсан хохирол 3 409 600 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Ажлын хөлс 9 000 000 төгрөгийг өгсөн. Мөн материалын үнийг бид төлсөн. Бид хохирч байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Т” ХХК-ийн төлөөлөгч Б.Ө сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид амаар “Зайсан хилл” цогцолборт байрлах PAGOTO нэрийн зайрмагны мухлагийн интерьер дизайны зураг төслийг 1 150 000 төгрөгөөр хийхээр тохиролцон, урьдчилгаа төлбөрт 575 000 төгрөгийг авсан. Зураг төслийн ажлаа хийж дуусгаад, “Зайсан хилл” цогцолборын гүйцэтгэгч компани болох “Оюуны ундраа групп” ХХК-аар зургийг баталгаажуулан, ажил эхлүүлэх зөвшөөрлийг авч, Г.Д-д хүлээлгэн өгсний дараа дээрх зургийн дагуу зайрмагны тех хийгдсэн тул үлдэгдэл ажлын хөлс 575 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болормаа шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

Зураг төслийн ажлын хөлсийг 1 150 000 төгрөгөөр тохирч, 575 000 төгрөг төлсөн нь үнэн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Д-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Э-, “Т” ХХК-д холбогдох 9 500 000 төгрөг гаргуулах, хариуцагч Б.Э-ийн сөрөг нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Боржигон овогт Ганбаатарын Даваагаас 575 000 төгрөгийг гаргуулж, хариуцагч “Т” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166 950 төгрөг, хариуцагч Б.Э-ийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 69 503 төгрөг, “Т” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 25 550 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 25 550 төгрөгийг гаргуулж, хариуцагч “Т” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Даваасүрэн давж заалдах гомдолдоо:

... Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/02683 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7 дахь хэсэгт заасны дагуу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс гадна нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэрэгт авагдсан ач холбогдол бүхий нотлох баримтуудыг үнэлэлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Г.Д- нь хариуцагч “Т” ХХК болон Б.Э- нартай зайрмагны тек, агааржуулалт, галын ус шүршигч, таазны гэрэлтүүлэг түүний цахилгааны ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж, ажлын хөлсөнд 9 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон боловч бодит нөхцөл байдал дээр ажил гүйцэтгэгч нарт 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 1 300 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 02-ний өдөр 1 800 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 500 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр чулууны үнэд 200 000 төгрөг, мөн өдөр цахилгааны үнэд 200 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр боолт, шайбны үнэд 6 400 төгрөг, замны үнэд 160 000 төгрөг, резваны үнэд 35 400 төгрөг, кебрикний үнэд 10 200 төгрөг, 125 300 төгрөг гэх мэт байдлаар нийт 10 000 000 төгрөгийг ажлын хөлсөнд төлсөн.

Гэтэл ажил гүйцэтгэгч болох хариуцагч нарын зүгээс ажлыг гүйцэтгэх явцад ажлын хөлс нэмэгдлээ, зөвхөн материалын үнэ 8 509 600 төгрөг болсон, ашиггүй ажиллаа гэх үндэслэлээр ажлын хөлсийг 1 750 000 төгрөгөөр нэмэгдүүлж, пагото роллс зайрмагны лангууны гүйцэтгэлийн зарцуулалтын тооцоог гаргаж өгсөн бөгөөд энэ үйл баримт нь хариуцагч Б.Э-ийн хариу тайлбар болон түүний гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаар тус тус нотлогддог. Ажил гүйцэтгэгч ажлын хөлсийг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Г.Д-гийн зүгээс ажлын гүйцэтгэлийг мэргэжлийн төсөвчнөөр тооцуулахад материалын зардал 3 428 346 төгрөг болсон бөгөөд ажлын хөлс болон бусад зардлуудаа нэмээд ажлын нийт төсөвт өртөг 7 121 293 төгрөг болсон.

Гэтэл анхан шатны шүүх нэгэнт хөлсийг төлсөн тул Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.1 дэх хэсэгт зааснаар хөлс төлөхөөс татгалзах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч ажлын хөлсийг бууруулах үндэслэлтэй болохоо нотолж мэргэжлийн төсөвчний хийсэн үнэлгээг гаргаж өгсөн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд хариуцагч үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ нотлоогүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Анхан шатны шүүхээс өөр ажил гүйцэтгэгчээр ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхэд төлсөн 4 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар доголдолтой холбоотой гомдлын шаардлага гаргах хугацаа хэтэрсэн гэж үзсэн нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна.

Учир нь ажил гүйцэтгэх гэрээний хувьд гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой тохиолдолд доголдолтой холбогдуулан гомдлын шаардлага гаргах хугацаа ажил хүлээн авснаас хойш 6 сар байх боловч доголдолтой холбоогүй буюу тухайлбал гэрээг цуцалсантай холбогдуулан учирсан хохирлоо нөхөн төлүүлэх, ажлын хөлс төлөхөөс татгалзах, ажлыг гүйцэтгэх явцад захиалагчийн болон гуравдагч этгээдийн эд хөрөнгөд учруулсан хохирлыг шаардах ... зэрэг эрхийг хэрэгжүүлэх тохиолдолд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан 3 жилийн ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа үйлчилнэ.

Дээр дурдсанчлан ажил гүйцэтгэгч нар ажлын хөлсөө үндэслэлгүйгээр нэмэгдүүлснийг захиалагч эс зөвшөөрсөнтэй холбогдуулан ажил гүйцэтгэгч нар ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэхээс татгалзсан байдаг тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч “Т” ХХК, Б.Э- нарыг гэрээний үүргээ ноцтой зөрчсөн буруутай үйлдлээс шалтгаалж ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан гэж үзэж ажлыг Э.Батмягмарын нарын 4 хүнээр үргэлжлүүлэн гүйцэтгүүлсний хөлсөнд төлсөн 4 000 000 төгрөгийн хохирлыг мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар шаардах үндэслэлтэй гэж үзэж байгаа.

Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт дараах техникийн шинжтэй ноцтой алдаа гарсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1, 118.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэх бөгөөд удиртгал хэсэгт шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, хэргийн оролцогч болон шүүх хуралдааны оролцогчдыг нэрлэн заах боловч шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Даваасүрэн миний нэрийг заагаагүй байна. Энэ нь өмгөөлөгч миний үйлчлүүлэгч Ж.Болормаа /Г.Д-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч/-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, шүүх хуралдаанд оролцоогүй мэт нөхцөл байдлыг бий болгож байна. Мөн “Т” ХХК-ийн 575 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Дээр дурдсанаар анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн гүйцэд үнэлээгүй байх тул анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/02683 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч Г.Д- нь хариуцагч “Т” ХХК, Б.Э- нарт холбогдуулан гэрээний үүргийн биелэлт 9 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч, xариуцагч Б.Э- ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 3 409 600 төгрөг гаргуулах, хариуцагч “Т” ХХК ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн үлдэгдэл 875 000 төгрөг гаргуулахаар тус тус сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

            Нэхэмжлэгч Г.Д- нь хариуцагч Б.Э- нар нь 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “Заслын ажил гүйцэтгэх гэрээ”-гээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Зайсан хилл” цогцолборын Энтертайнмент худалдаа үйлчилгээний төвийн 5 дугаар давхарт байрлах А-10-В тоот, 23.8 метр квадрат “Pagoto” брендийн зайрмаг худалдаалах талбайд батлагдсан зураг төслийн дагуу зайрмагны текийг 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хооронд хийхээр тохирч ажлын хөлс 9 000 000 төгрөгийг үе шаттайгаар буюу ажил эхлэхэд 70 хувь 6 300 000 төгрөг, үндсэн тек дуусахад 20 хувь 1 800 000 төгрөг, ажил дуусахад 10 хувь 900 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

            Захиалагч Г.Д- нь ажил гүйцэтгэгчийн ажлын үр дүнг 100 хувь гэж дүгнэн хүлээн авсан 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Ажил гүйцэтгэх акт” хэрэгт авагдсан байх бөгөөд нэхэмжлэгч нь ажлын хөлсөнд 9 000 000 төгрөг төлсөн талаар тайлбарласан байна. Иймд шүүх захиалагч ажлын үр дүнг хүлээн авч, Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар ажлын хөлсийг төлсөн гэж үзсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч нь зах зээлийн ханшнаас хэт өндөр өртөгөөр текийг хийсэн гэсэн үндэслэл зааж, мэргэшсэн төсөвчин А.Эрдэнэбаатарын 7 121 293 төгрөгийн төсөвт өртөгтэй гэх 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн үнэлгээг шүүхийн журмаар тогтоосон баримт гэж үзэхгүйгээс гадна талууд гэрээний үнийг 9 000 000 төгрөгөөр тогтоож, гэрээний үүрэг дууссан тул ач холбогдолгүй баримт болно.

 

            Захиалагч гүйцэтгэсэн ажилд ямар нэгэн доголдол илэрвэл ажлыг хүлээн авснаас хойш 6 сарын дотор гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасан доголдлын талаар ажил гүйцэтгэгчид мэдэгдсэн, хугацаа тогтоосон талаарх баримтыг шүүхэд гаргаагүй байна. Иймд доголдлын талаар гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 

            Дээрхээс үзвэл Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1, 346.2 дахь хэсэг, талуудын байгуулсан гэрээний 3.6-д заасны дагуу хариуцагч нь ажлыг бүрэн гүйцэтгэсэн, захиалагч ажлын үр дүнг хүлээн авч, хариуцагчид ажлын хөлсийг төлсөн нь тогтоогдсон тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.  

 

            Хариуцагч Б.Э- нь нэхэмжлэгчээс 3 409 600 төгрөг гаргуулахаар шаардсан сөрөг нэхэмжлэлээ баримтаар нотлоогүйгээс гадна гэрээ хэрэгжиж дууссан тул шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв болно.

 

            Зайрмагны текийн зураг төслийн ажлыг гүйцэтгэх ажлын хөлсийн 1 150 000 төгрөг төлөхөөр тохиролцсон, үлдэгдэл хөлс болох 575 000 төгрөгийг төлөөгүй гэдгээ шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч “Т” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн хэмжээгээр хангаж шийдвэрлэсэн нь талуудын зарчимд нийцнэ.  

 

            Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/02683 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184 850 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

А.ОТГОНЦЭЦЭГ