Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2021/00494

 

Г.Даваагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/02683 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2015 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч: Г.Даваагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Томтинк ХХК, Б.Эрдэнэцэцэг нарт холбогдох

Хохиролд 9,500,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, xариуцагч Б.Эрдэнэцэцэгийн ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 3,409,600 төгрөг гаргуулах, хариуцагч Томтинк ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн үлдэгдэл 575,000 төгрөг тус тус гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Даваасүрэн, хариуцагч Б.Эрдэнэцэцэг, хариуцагч Томтинк ХХК-ийн төлөөлөгч Б.Өнөржаргал, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Даваагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие Tомтинк ХХК-тай өөрийн түрээслэх үйл ажиллагаа явуулдаг Зайсан хилл дэх байршилтай зайрмагны үйлчилгээний талбайг батлагдсан зураг төслийн дагуу засварын ажил хийлгэхээр тохиролцсон. Тухайн үед тус компани гэрээгээ өөрийн ажилтан болох иргэн Б.Эрдэнэцэцэгтэй байгуулах шаардлагатай гэж хэлээд, 2018.09.25-ны өдөр бид харилцан ярилцаад, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Батлагдсан зураг төслийн дагуу үйлчилгээний зайрмагны цехийг 9,000,000 төгрөгөөр засварлаж, ажил эхлэхэд 6,300,000 төгрөг, үндсэн тек дуусахад 1,800,000 төгрөг, ажил дуусахад 900,000 төгрөгийг төлж, гэрээнд заасан ажлыг 2018.09.25-ны өдрөөс 2018.10.05-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Би гэрээнд заасны дагуу өөрийн үүргээ биелүүлж төлбөрийг төлснөөр ажил эхэлсэн. Гүйцэтгэгч тал болох Tомтинк ХХК болон түүний томилсон ажилтан Б.Эрдэнэцэцэг зураг төслийн дагуу ажлыг хийгээгүй, улмаар чанарын шаардлага хангахгүй, ажлыг дутуу хийж, үйлчилгээний талбайн чулуун шалыг гэмтээж, үндсэн текийг буруу дутуу хийж, цахилгаан дэд бүтцийн шугамыг гэмтээж захиалагч надад бодитойгоор 9,500,000 төгрөгийн хохирол учруулсан. Гүйцэтгэгч тал болох Б.Эрдэнэцэцэг, Tомтинк ХХК-д удаа дараа мэдэгдэхэд буруугаа хүлээхгүй, хохирол барагдуулахаас татгалзсан. Иймд Tомтинк ХХК болон гэрээний хохирол 9,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зайсан хилл-д түрээсэлж байгаа талбайдаа Tомтинк ХХК болон Б.Эрдэнэцэцэгээр зайрмагны тек хийлгүүлсэн. Гэтэл эдгээр хариуцагч нар гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу текийг хугацаандаа бүрэн хийж хүлээлгэн өгөөгүй тул бид өөр хүмүүсээр дахин текийг хийлгэсний 4,000,000 төгрөг, бараа материалд 2,000,000 төгрөг, анх бодит байдалд нийцээгүй хэт өндөр өртгөөр тек хийсэн, мэргэшсэн төсөвчин 7,121,293 төгрөгийн төсөв гаргасан, зөрүү 2,870,000 төгрөг, төсөвчний хөлс 200,000 төгрөг, ажил гүйцэтгэхдээ шалны чулуу гэмтээсний хохирол 430,000 төгрөг, хохиролд 9,500,000 төгрөгийг гаргуулна уу гэжээ.

Хариуцагч Томтинк ХХК-ийн төлөөлөгч Б.Өнөржаргал шүүхэд гаргасан тайлбартаа: ...Хан-Уул дүүрэгт байрлах Зайсан хилл цогцолборт байрлах PAGOTO нэрийн зайрмагны мухлагийн интерьер дизайны зураг төслийг 1,150,000 төгрөгөөр боловсруулан хүлээлгэн өгөхөөр амаар харилцан тохиролцож, урьдчилгаа төлбөрт 575,000 төгрөгийг авч ажлыг гүйцэтгэсэн. Зураг төслийг Зайсан хилл цогцолборын гүйцэтгэгч компани болох Оюуны ундраа групп ХХК-ийн зураг төслийн алба хүлээн авч баталгаажуулан засал эхлүүлэх зөвшөөрлийг өгсөн бөгөөд интерьер дизайны зургаас гадна инженерийн зураг нэхэмжилсэн. Манай байгууллага уг зургийг зурдаггүй бөгөөд энэ тухайгаа захиалагчид хэлэхэд ойлгоогүй. Иймд бид хамтран ажилладаг Креатив монгол ХХК-д 300,000 төгрөгийг төлж үлдэгдэл зургийг зуруулан хүлээлгэж өгсөн. Зургийн дагуу ажлыг хийхэд Г.Даваа энэ өнгө надад таалагдахгүй байна. Ийм өнгө болгомоор байна гэж 3-4 удаа өнгө солиулсан. Энэ бүхэнд цаг хугацаа мөнгө орсон. Түүний хэлснээр бодит амьдрал дээр байдаг шиг печений өнгө хаа ч байхгүй, гарах ч үгүй. Дэлхийн нийтийн стандартаар өнгөний код бий. Энэ кодоор өнгийг гаргадаг. Бид өөрчлөх ямар ч боломжгүй. Иймээс компани ажлаа гүйцэтгэн хүлээлгэн өгсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Компани ажлаа гүйцэтгэн хүлээлгэн өгсөн тул үлдэгдэл хөлс 575,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Эрдэнэцэцэгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэгч Г.Даваагийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Миний бие Г.Даваатай 2018.09.25-ны өдөр заслын ажил гүйцэтгэх тухай гэрээ байгуулан түүний Зайсан хилл цогцолборт байрлах түрээсийн талбайд зайрмагны тек хийж гүйцэтгэсэн. Тус гэрээний 2 дугаар зүйлд ажлыг 2019.09.25-ны өдрөөс 10.05-ны өдөр хийж гүйцэтгэхээр тохирсон боловч Зайсан хилл цогцолборын захиргаанаас өдрийн цагаар ажил гүйцэтгэхийг хориглосны улмаас бид тус газрын зөвшөөрсөн цагт буюу шөнийн 10 цагаас 03 цаг хүртэл ажлаа хийж байсан. Үүний улмаас талууд амаар ажил гүйцэтгэх гэрээг хугацааг сунгаж, 2018.10.17-ны өдөр хүлээлгэн өгсөн ажлыг захиалагч бүрэн шалгаж, акт үйлдэн хүлээн авсан. Бид батлагдсан зураг төслийн хүрээнд, гэрээний үүргээ бүрэн биелүүлэн, ямар нэгэн дутагдал, доголдол гаргаагүй хүлээлгэн өгсөн бөгөөд захиалагч ажлыг хүлээн авснаас хойш гэрээний талаар гомдлын шаардлагыг надад огт гаргаж байгаагүй, холбоо барьж байгаагүй мөртлөө шүүхэд энэ талаар нэхэмжлэл гаргасныг гайхаж байна. Захиалагчийн Зайсан хилл-тэй холбоотой асуудал бидний гэрээний үүрэгт хамааралгүй. Мөн нэхэмжлэгч ажлын явцад удаа дараа батлагдсан зураг төслөөс давсан шаардлага буюу текний өнгийг өөрийн хүсэлтээр хэд хэдэн удаа солиулж, гэрээнд хамаарахгүй цахилгааны ажил гүйцэтгүүлж, зургийн дагуу гүйцэтгэсэн агааржуулалтын ажлыг өөрчилж дахин хийлгүүлж, хэл ам хийн, ажиллах нөхцөлийг алдагдуулсан боловч түүний тавьсан шаардлагыг биелүүлэн ажлаа дуусгасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Эрдэнэцэцэгийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: ...Нэхэмжлэлд дурдсанаар захиалагчийн тавьсан гэрээний үүрэгт хамаарахгүй шаардлагаас ажлын зардал нэмэгдэж, зөвхөн материалын зардал 10,259,600 төгрөг болсон баримтыг захиалагчид хүлээлгэж өгснийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна. Иймээс энэ зөрүү, ашиг болох 1,500,000 төгрөг, 4 ажилтны 25 өдрийн хоолны зардал 500,000 төгрөг, бензиний зардал төгрөг нийт 2,150,000 төгрөгөөр хохирсон тул Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1, 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэгч гэрээнд заасан чанар бүхий ажлыг хүлээлгэн өгч, захиалагч ажлын гүйцэтгэлийг актаар хүлээн авч гэрээний үүргээ биелүүлсэн тул гэрээнээс учирсан хохирол 3,409,600 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болормаагийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Ажлын хөлс 9,000,000 төгрөгийг өгсөн. Мөн материалын үнийг бид төлсөн. Бид хохирч байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Томтинк ХХК-ийн төлөөлөгч Б.Өнөржаргалын сөрөг нэхэмжлэлд: ...Бид амаар Зайсан хилл цогцолборт байрлах PAGOTO нэрийн зайрмагны мухлагийн интерьер дизайны зураг төслийг 1,150,000 төгрөгөөр хийхээр тохиролцон, урьдчилгаа төлбөрт 575,000 төгрөгийг авсан. Зураг төслийн ажлаа хийж дуусгаад, Зайсан хилл цогцолборын гүйцэтгэгч компани болох Оюуны ундраа групп ХХК-аар зургийг баталгаажуулан, ажил эхлүүлэх зөвшөөрлийг авч, Г.Даваад хүлээлгэн өгсний дараа дээрх зургийн дагуу зайрмагны тек хийгдсэн тул үлдэгдэл ажлын хөлс 575,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болормаа шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: ...Зураг төслийн ажлын хөлсийг 1,150,000 төгрөгөөр тохирч, 575,000 төгрөг төлсөн нь үнэн гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/02683 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Даваагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Эрдэнэцэцэг, Томтинк ХХК-д холбогдох 9,500,000 төгрөг гаргуулах, хариуцагч Б.Эрдэнэцэцэгийн сөрөг нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Г.Даваагаас 575,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Томтинк ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,950 төгрөг, хариуцагч Б.Эрдэнэцэцэгийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 69,503 төгрөг, Томтинк ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 25,550 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 25,550 төгрөгийг гаргуулж, хариуцагч Томтинк ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2015 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/02683 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184,850 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Даваасүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж хүчингүй болгуулахаар хяналтын журмаар дараах байдлаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд ...нэхэмжлэгч Г.Даваа хариуцагч Б.Эрдэнэцэцэг нар нь 2018.09.25-ны өдөр Заслын ажил гүйцэтгэх гэрээ-ээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Зайсан хилл цогцолборын үйлчилгээний төвд 23,8 мкв талбайд батлагдсан зураг төслийн дагуу зайрмагны тек хийлгэж, ажлын хөлсөнд 9,000,000 төгрөгийг өгөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд захиалагч Г.Даваа нь ажил гүйцэтгэгчийн ажлын үр дүнг 100 хувь гэж дүгнэн хүлээн авсан гэх 2018.10.17-ны өдрийн Ажил хүлээлцсэн акт хэрэгт авагдсан нь захиалагч ажлын үр дүнг хүлээн авсан гэж үзэх үндэслэл болсон байна гэж үздэг. Хэдийгээр талуудын хооронд ажлын үр дүнг 100 хувь хүлээн авсан тухай ажил хүлээлцсэн акт хэрэгт авагдсан боловч ажил хүлээлцэх тухайн үед 100 хувь гэсэн тэмдэглэгээ бичигдээгүй байсан бөгөөд ажлын үр дүнг 100 хувь гүйцэтгээгүй болох нь хэрэгт авагдсан дараах баримтуудаар нотлогдоно. Талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд зөвхөн зайрмагны тек хийх биш 4 төрлийн үндсэн ажил гүйцэтгэхээр тусгагдсан байтал анхан болон давж заалдах шатны шүүхүүд зөвхөн зайрмагны тек хийж гүйцэтгэх ажилд л үнэлэлт, дүгнэлт өгсөн байдаг. Ажил гүйцэтгэх гэрээнд зайрмагны зориулалт бүхий үндсэн тек хийх агааржуулалт, галын ус шүршигч, таазны гэрэлтүүлэг, түүний цахилгаан гэсэн 3 төрлийн ажил гүйцэтгэхээр тусгагдсан бөгөөд ажил гүйцэтгэгчийн зүгээс үндсэн текийг дутуу хийхээс гадна, агааржуулалт болон таазны гэрэлтүүлэг, түүний цахилгааны ажлыг хийж гүйцэтгээгүй байдаг. Нэхэмжлэгч Г.Даваа нь Оюуны ундраа групптэй байгуулсан түрээсийн гэрээний үндсэн дээр Зайсан хилл цогцолборын 5 дугаар давхарт А-10-В 23,8 мкв талбайг түрээсэлдэг бөгөөд тухайн талбай нь Оюуны ундраа" группийн өмч тул түрээсийн талбайд засвар хийх, цахилгаан болон агааржуулалтын асуудлыг шийдвэрлэхийн тулд Оюуны ундраа" группээс зөвшөөрөл авч, холбогдох зураг төслийг батлуулж, заслын ажлын дараах актуудыг хүлээлгэж өгөхийг шаарддаг. Үүний хүрээнд Томтинк ХХК нь Зайсан хилл цогцолбор- ын загвар хийцэд нийцсэн зайрмагны тек, гэрэлтүүлэг, цахилгааны холболтын зураг төслийг Зайсан хилл цогцолбороор батлуулж, 2018.10.04-ний өдөр барилгын ажил гүйцэтгэх зөвшөөрлийг Зайсан хилл цогцолбороос авсан боловч ажлын гүйцэтгэл дутуу байсан тул Томтинк ХХК болон Г.Эрдэнэцэцэг нар нь Зайсан хилл цогцолбор-т заслын ажлын дараах актуудыг хүлээлгэн өгөөгүй байдаг. Хэдийгээр ажил гүйцэтгэх гэрээг Б.Эрдэнэцэцэгтэй бичгээр байгуулсан боловч Г.Даваа нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгүүлэхээр Томтинк ХХК-тай харилцан тохиролцож, Зайсан хилл цогцолбороос ажил гүйцэтгэх зөвшөөрлийг Томтинк ХХК авсан байдаг тул уг компанийг хамтран хариуцагчаар татсан болохыг анхаарч үзнэ үү. Мөн Томтинк ХХК, Б.Эрдэнэцэцэг нар нь ажлын гүйцэтгэлийг бүрэн хүлээлгэн өгөөгүй болох нь Оюуны ундраа" группээс Г.Даваад өгсөн мэдэгдлүүдээр нотлогддог. Тухайлбал ажлын үр дүнг 100 хувь хүлээлгэн өгсөн гэх өдөр буюу 2018.10.17-ны өдөр Оюуны ундраа группээс ...заслын ажил гүйцэтгэж байгаа компанийн ажилчид багаж хэрэгслээ замбараагүй хаяж явахгүй байх зэрэгт анхаарах, барилгын таазны шугам сүлжээний хоолойн бэхэлгээг хэвийн байдалд оруулах тухай мэдэгдэл, мөн 2018.11.08-ны өдөр агааржуулалтын системийн хаалтыг манай инженер техникийн албаар анх баталгаажуулсан зургийн дагуу гүицэтгээгүй, агааржуулалтын системийн ажлыг бүрэн гүйцэтгэх тухай мэдэгдлүүд өгч байсан бөгөөд эдгээр мэдэгдлүүд нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байгааг шүүх анхаараагүй. Мөн Томтинк ХХК, Б.Эрдэнэцэцэг нар нь ажлыг бүрэн гүйцэд хийж гүйцэтгээгүйн улмаас үлдсэн ажлыг Э.Батмягмар нарын 4 хүнээр үргэлжлүүлэн гүйцэтгүүлж ажлын хөлсөнд 4,000,000 төгрөг төлсөн зэрэг үйл баримтуудаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг батлуулсан зураг төслийн дагуу бүрэн гүйцэтгэж, хүлээлгэн өгөөгүй болох нь нотлогддог. Мөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан ажлын хөлсөнд 2,870,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан давж заалдах шатны шүүх "...талууд гэрээний үнийг 9,000,000 төгрөг гэж тогтоосон бөгөөд нэхэмжлэгч ажлын хөлсөнд 9,000,000 төгрөг төлснөөр гэрээний үүрэг дуусгавар болсон, мэргэшсэн төсөвчин А.Эрдэнэбаатар ажлын гүйцэтгэлийг 7,121,293 төгрөгийн төсөвт өртөгтэй гэж тогтоосон 2018.10.16-ны өдрийн үнэлгээг шүүхийн журмаар тогтоосон баримт гэж үзэхгүй тул ач холбогдолгүй баримт гэж дүгнэсэн. Гэтэл захиалагчийн зүгээс гэрээнд заасны дагуу мөн ажил гүйцэтгэгчээс шаардсаны дагуу ажлын хөлсийг ажил хүлээлцэхээс өмнө төлж барагдуулсан бөгөөд хамгийн сүүлийн төлбөрийг 2018.10.13-нд төлсөн байдаг. Мэргэжлийн төсөвчнөөр ажлын хөлсийг тогтоолгох болсон шалтгаан нь ажил гүйцэтгэгч нарын зүгээс ажил гүйцэтгэх явцад ажлын хөлс нэмэгдлээ, зөвхөн материалын үнэ 8,509,600 төгрөг болсон, ашиггүй ажиллаа гэх үндэслэлээр ажлын хөлсийг 1,750,000 төгрөгөөр нэмэгдүүлж, пагото роллс зайрмагны лангууны гүйцэтгэлийн зарцуулалтын тооцоог гаргаж өгч хөлсөө төлөхгүй бол ажлыг хийхгүй гэх болсон үйл баримттай холбоотой юм. Гэтэл мэргэжлийн төсөвчин ажлын төсөвт өртгийг тооцоолж зөвхөн материалын зардал гэхэд л 3,428,346 төгрөг, ажлын хөлс болон бусад зардлуудаа нэмээд ажлын нийт төсөвт өртөг 7,121,293 төгрөг болсон байдаг. Иргэний хуулийн 341 дүгээр зүйлийн 341.1-т заасны дагуу ажлын хөлсийг гэрээний талууд тохиролцон тодорхойлох боловч мөн хуулийн 341.2-т зааснаар ажлын хөлс хэт өндөр байх боломжгүй бөгөөд тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээнд нийцсэн байхыг шаарддаг. Гэтэл хариуцагч нарын зүгээс ажлын төсвийг хэт өндөр зохиосноор захиалагчид Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.4-т заасан хөлс төлөхөөс татгалзах эрх үүсч байх боловч нэгэнт захиалагчийн зүгээс ажлын хөлсөнд 10,000,000 төгрөг төлсөн байх тул илүү төлсөн хөлсийг хохирол гэж үзэж Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар шаардсан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч ажлын хөлсийг бууруулах үндэслэлтэй болохоо нотолж мэргэжлийн төсөвчний хийсэн үнэлгээг гаргаж өгсөн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд хариуцагч үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ нотлоогүй байхад мэргэжлийн төсөвчний гаргасан дүгнэлтийг шүүхийн журмаар гаргасан баримт гэж үзэхгүй, хэрэгт ач холбогдолгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Хэрэг маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдэх явцад Томтинк ХХК болон Г.Эрдэнэцэцэг нарын гүйцэтгэсэн ажлын төсөвт өртгийг тогтоолгох боломжгүй байсан болно. Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхэд хариуцагч нартай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээтэй холбогдуулан ажлыг өөр гүйцэтгэгчээр үргэлжлүүлэн гүйцэтгүүлсний хөлсөнд төлсөн 4,000,000 төгрөг, төсөвчний хөлс 200,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөг, чулууны үнэ 430,000 төгрөг, ажлын хөлсөнд төлсөн 10,000,000 төгрөгөөс 2,870,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нийт 9,500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд дээрх шаардлагуудыг ажлын доголдолтой холбогдуулан гаргаагүй болохыг шүүхээс анхаараагүй байна. Ажил гүйцэтгэх гэрээний хувьд гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой тохиолдолд доголдолтой холбогдуулан гомдлын шаардлага гаргах хугацаа ажил хүлээн авснаас хойш 6 сар байх боловч доголдолтой холбоогүй буюу тухайлбал гэрээг цуцалсантай холбогдуулан учирсан хохирлоо нөхөн төлүүлэх, ажлын хөлс төлөхөөс татгалзах, ажлыг гүйцэтгэх явцад захиалагчийн болон гуравдагч этгээдийн эд хөрөнгөнд учруулсан хохирлыг шаардах ...зэрэг эрхийг хэрэгжүүлэх тохиолдолд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан 3 жилийн ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа үйлчилнэ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн зүгээс ажлын үр дүнгийн доголдолтой холбоотой гомдлын шаардлага гаргаагүй буюу ажлын үр дүнг бүрэн гүйцэд хүлээлгэн өгөөгүйгээс ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсантай холбогдуулан хохирол шаардах эрхийг хэрэгжүүлж байхад шүүхээс Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-т зааснаар гомдлын шаардлага гаргах хугацаа хэтэрсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Ажил гүйцэтгэх гэрээ нь нэг талаас ажил гүйцэтгэгч тодорхой ажлын үр дүнг нийлүүлэхээр амлаж, нөгөө тал буюу захиалагч нь тохирсон хөлсийг төлөх үүрэг хүлээдэг хоёр талт гэрээ бөгөөд ажил гүйцэтгэх гэрээг хөлсөөр ажиллах гэрээнээс ялгах онцлог нь ажил гүйцэтгэх гэрээний хувьд ажлын үр дүн нийлүүлэх гол үүрэг байдгаар буюу ажил гүйцэтгэх гэрээний хувьд эцсийн үр дүн л чухал байдаг бол хөлсөөр ажиллах гэрээ нь аливаа этгээдийн хийсэн хөдөлмөр, чармайлтыг үнэлэхэд чиглэсэн байдаг. Үүнтэй холбогдуулан ажил гүйцэтгэгч Томтинк ХХК болон Б.Эрдэнэцэцэг нарын зүгээс батлагдсан зураг төслийн дагуу ажлыг бүрэн дуусгаж хүлээлгэн өгөөгүй нь гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байгаа юм. Мөн анхан шатны шүүх хариуцагч Томтинк ХХК-ийн 875,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 575,000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэхдээ улсын тэмдэгтийн хураамжид 17,900 төгрөгийг гаргуулахаар байтал 25,550 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч Г.Даваагаас гаргуулахаар шийдвэрлэсэнд үнэлэлт дүгнэлт өгөөгүй байдаг. Дээр дурдсанаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн гүйцэд үнэлээгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг тодруулж, тодорхой ойлгомжтой байдлаар шийдвэрийн тодорхойлох болон үндэслэх хэсэгт бүрэн тусгаагүй, зарим үнийн дүнг алдаатай бичсэнийг давж заалдах шатны шүүх залруулаагүй, магадлалд шийдвэрийн адил алдаатай байдлаар тусгасан байх тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулж тодорхойлох нь зөв гэж үзэв.

Г.Даваа нь Б.Эрдэнэцэцэг болон Томтинк ХХК-д холбогдуулан 9,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж үндэслэлээ тайлбарлахдаа ...Батлагдсан зураг төслийн дагуу зайрмагны текийг 9,000,000 төгрөгөөр 2018.09.25-ны өдрөөс 2018.10.05-ны өдрийн хооронд хийлгэхээр тохиролцсон, төлбөрийг бүрэн төлсөн боловч гүйцэтгэсэн ажил доголдолтой тул бусдаар дахин засварлуулсны хөлс 4,000,000 төгрөг, бараа материалын үнэ 2,000,000 төгрөг, бодит байдалд нийцээгүй хэт өндөр өртгөөр ажлын хөлс тогтоосон тул зөрүү 2,870,000 төгрөг, төсөвчний хөлс 200,000 төгрөг, ажил гүйцэтгэхдээ шалны чулуу гэмтээсний хохирол 430,000 төгрөг тус тус гаргуулна уу гэжээ.

Хариуцагч нарын хэн аль нь үндсэн нэхэмжлэлийг эс зөвшөөрч, батлагдсан зураг төсвийн дагуу ямар нэгэн доголдолгүй ажлыг бүрэн хийж акт үйлдэн хүлээлгэн өгсөн гэж маргасан байна.

Хариуцагч Б.Эрдэнэцэцэг нэмэгдсэн ажлын зардалд 1,259,600 төгрөг, бензины үнэ 150,000 төгрөг, ашиг 1,500,000 төгрөг, 4 ажилтны хоолны үнэ 500,000 төгрөг бүгд 3,409,600 төгрөг гаргуулна гэж, хариуцагч Томтинк ХХК нь харилцан тохирч зайрмагны текний зураг төслийг 1,150,000 төгрөгт хийлгүүлж өгсөн, 575,000 төгрөг авсан үлдэх 575,000 төгрөг гаргуулна гэсэн сөрөг нэхэмжлэлийг тус тус нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан байна.

Томтинк ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч зөвшөөрч, Б.Эрдэнэцэцэгийн сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргажээ.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг болон Б.Эрдэнэцэцэгийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Томтинк ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэлд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг бүрэн хэрэглээгүй, хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийгээгүй, улсын тэмдэгтийн хураамжийг буруу хуваарилсан байх тул шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулав.

1. Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний төрөл, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Зохигчийн хооронд 2018.09.25-ны өдөр заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, Б.Эрдэнэцэцэг нь Г.Даваагийн захиалгаар Хан-Уул дүүргийн, 11 дүгээр хороо, Зайсан хилл цогцолборын Энтертаймент худалдаа үйлчилгээний төвийн 5 дугаар давхарт байрлах А-10-В тоот, 23.8 м.кв Pagoto брендийн зайрмаг худалдаалах талбайд зайрмагны текийг 2018.09.25-ны өдрөөс 2018.10.05-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэх, захиалагч ажлын хөлсөнд 9,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон нь тогтоогджээ.

Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан, уг гэрээ хүчин төгөлдөр байна

2. Ажил гүйцэтгэгч ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгсөн эсэх болон гүйцэтгэсэн ажлыг доголдолтой гэж үзэх эсэх зохигчийн хооронд үүссэн маргааны зүйлд хоёр шатны шүүх хэргийн баримтад үндэслэгдсэн дүгнэлт хийжээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3, 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй ажлын үр дүнг шилжүүлэх, мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т зааснаар захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авч ажлын хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж, хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үздэг.

Ажлын үр дүнг хүлээлгэн өгснийг захиалагч хүлээн авсан тухай хэрэгт авагдсан баримтыг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй, гүйцэтгэсэн ажилд доголдол илэрснийг нотлоогүй байна.

Тодруулбал, ажил гүйцэтгэх гэрээнд гүйцэтгэх ажлыг үйлчилгээний зайрмагны тек хийх гэж зааж, үүнд, үндсэн тек тоноглол, агааржуулалт, галын ус шүршигч, таазны гэрэлтүүлэг түүний цахилгааны ажлыг хамааруулсан байна. Үндсэн текийг дутуу хийсэн, агааржуулалт, текний гэрэлтүүлэг, түүний цахилгааны ажлыг гүйцэтгээгүй гэж нэхэмжлэгч тайлбарлаж Зайсан хилл цогцолборын өмчлөгч Оюуны ундраа группээс Г.Даваад өгсөн албан бичгийг нотлох баримтаар гаргасан нь дээрх ажлыг дутуу хийснийг нотлохгүй. Учир нь хариуцагчийн ажлын гүйцэтгэлийн зарцуулалтын тооцоонд цахилгааны материал, цахилгааны ажлын хөлс, галын дохиолол, агааржуулалтын ажлын тооцоо тусгагдсан, ажил хүлээлцэхэд ажлын гүйцэтгэлийг 100 хувь гэж акт үйлдсэн байх тул гэрээгээр тохирсон ажлыг дутуу хийсэн доголдолтой гэж үзэх нөхцөл тогтоогдоогүй гэж үзнэ.

3. Шүүх төсвийн зөрүүд 2,870,000 төгрөг, төсөвчний ажлын хөлс 200,000 төгрөг гаргуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Талууд гэрээгээр ажлын хөлсийг 9,000,000 төгрөг гэж тогтоосон, хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын үр дүн, гүйцэтгэлийн зарцуулалтын тооцоог хүлээн авч тохирсон хөлсийг бүрэн төлсний дараа нэхэмжлэгч нь хөлсний хэмжээ хэт өндөр гэж хожим нь бусдаар зохиолгосон төсвийг үндэслэж 2,870,000 төгрөгийг буцаан шаардаж буй нь Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.4-т заасан ажил гүйцэтгэгч төсөв зохиохдоо үндэслэлгүй өндөр үнэлгээ тогтоосон бол захиалагч хөлс төлөхөөс татгалзах эрхтэй гэсэн, мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг тодорхойлох эрхтэй гэж заасантай тус тус нийцээгүй байна.

4. Ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс захиалагч өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр ажил гүйцэтгэгчээс нэхэмжилж шаардлага гаргах эрхтэй боловч хариуцагчийн гүйцэтгэсэн ажил доголдолтой нь тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нь бусдаар доголдлыг арилгуулсны 4,000,000 төгрөг болон материалын зардал 2,000,000 төгрөг, бүгд 6,000,000 төгрөг шаардах нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасантай нийцэхгүй, эдгээр шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчихгүй байна.

5. Шалны чулуу 430,000 төгрөг шаардсан шаардлагаа нэхэмжлэгч нотлоогүй байна.

6. Зайрмагны текийн ажлын зураг төсвийг 1,150,000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч нь Томтинк ХХК-тай тохиролцсон, хариуцагч уг ажлыг гүйцэтгүүлж өгсөн болохыг зохигч маргаагүй ба ажлын хөлсний үлдэх 575,000 төгрөгийг төлөхийг нэхэмжлэгч зөвшөөрсөн байна. Иймд энэ нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ...ажлын үр дүнг хүлээн авч, хөлс төлөх зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2-т гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй байна. Хариуцагч Б.Эрдэнэцэцэг төсөв нэмэгдсэн гэж нэхэмжлэгчид мэдэгдээгүй, урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдсэн гэх үндэслэл нотлогдоогүйгээс түүний 3,409,600 төгрөгийг сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг үгүйсгэх боломжгүй юм. Харин шүүх энэхүү нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ шаардлага гаргах хуулийн зохицуулалтыг баримтлаагүй алдаа гаргасныг залруулна.

7. Ажил гүйцэтгэгч нь гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажлыг хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. гэж Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д заасан. Хуулийн энэхүү зохицуулалт нь гүйцэтгэсэн ажил доголдолтой нь тогтоогдсон тохиолдолд захиалагчаас ажил гүйцэтгэгчид гомдлын шаардлага гаргах хугацааг тодорхойлсон байх бөгөөд хариуцагч нарын гүйцэтгэсэн ажлыг доголдолтой гэж үзээгүй учир хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэх боломжгүй. Харин шүүх нэхэмжлэгчийг хугацаа хэтрүүлсэн, энэ нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл гэсэн агуулгаар зөрчилтэй дүгнэлт хийснийг дурдах нь зүйтэй байна.

8. Шүүх Томтинк ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хангасан хэмжээгээр нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу хуваарилаагүй байх тул энэ үндэслэлээр мөн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасантай нийцнэ гэж дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2015 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/02683 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 349 дүгээр зүйлийн 349.1 гэснийг 219 дүгээр зүйлийн 219.1 гэж, 2 дахь заалтад нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 25,550 төгрөгийг гаргуулж, хариуцагч Томтинк ХХК-д олгосугай гэснийг нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 17,900 төгрөгийг гаргуулж, хариуцагч Томтинк ХХК-д олгосугай гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Г.Даваа /өмгөөлөгч Э.Даваасүрэн/-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 17,900 төгрөгийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Г.ЦАГААНЦООЖ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД