Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Авирмэдийн Отгонцэцэг |
Хэргийн индекс | 101/2019/03409/и |
Дугаар | 2063 |
Огноо | 2019-12-09 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 2063
Д.Д-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Д , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч “Н” ХХК-тай орон сууц захиалах гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт барихаар төлөвлөсөн “Амар амгалан 2” хотхоны 2 дугаар байранд 31 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг захиалсан ба 1 м.кв талбайн үнийг 1 500 000 төгрөг, нийт 46 920 000 төгрөгөөр авахаар тохирсон. Урьдчилгаа төлбөрт 23 460 000 төгрөгийг хариуцагч компанийн “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн дансанд төлсөн ба 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээлгэн өгнө гэсэн. Гэтэл намайг үүнээс хойш 6 сарын дараа буюу 2019 оны 4 дүгээр сард 88108286, 22101586, 88100526 тоот утсаар борлуулагч нартай нь холбогдож барилгын ажлын талаар асуухад хэвийн явагдаж байна гэсэн. Гэвч би орон сууцыг ямар шатандаа явж байгааг шалгахаар анх захиалга авсан газарт очиход тус компани нүүсэн байсан. Үүний дараа 2019 оны 6 дугаар сард Д.Гүрсоронзон захиралтай уулзахад тэрээр барилга барих ажиллагаа түр зогссон, та “Амар амгалан 2” хотхоны 2-1 дүгээр байр руу гэрээгээ шилжүүлж болно гэсний дагуу гэрээгээ шилжүүлэх гэтэл уг компани олдоогүй. Одоо надад 2021 оны 01 дүгээр улиралд ашиглалтад орох байр хэрэггүй, энэ байрыг барьж эхлээгүй тул урьдчилгаа 23 460 000 төгрөгийг буцаан авна, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч нь манай компанийн барьж буй “Амар амгалан 2” хотхонд захиалга өгсөн бөгөөд уг төсөл зогсоогүй, ажил хэвийн явагдаж байгаа ч хугацаа алдсан талаар маргахгүй. Учир нь бид нараас бус өөр хөндлөнгийн хүчин зүйлээс болсон. Тодруулбал, “Ч” ХХК нь хууль бусаар манай компанийн санхүүжилтийг татсанаас барилгыг хугацаандаа хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэхэд хүндрэл учирсан. Гэвч тус банкинд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. “Амар амгалан 2-2” төслийн ажлыг 2020 оны 3 дугаар сараас эхлүүлнэ. Бид эхний ээлжид гэрээгээ цуцлах хүсэлтэй захиалагч нартай хугацаа тогтоон эвлэрч байна. Хэрэв санхүүжилт орж ирэх юм бол эдгээр хүмүүст мөнгийг нь тэр даруй буцаан өгнө. Уг нэхэмжлэлийн шаардлагын хувьд гэрээг цуцалж байгаагаа тодорхой бичээгүй. Хариуцагч тал урьдчилгаа төлбөрт 23 460 000 төгрөгийг хүлээн авсан талаар маргахгүй ч нэн даруй төлөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг тус тус үндэслэн хариуцагч “Н” ХХК-аас 23 460 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Д д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275 250 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 275 250 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О давж заалдах гомдолдоо:
… Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байтаа тул давж заалдах журмаар дараах гомдлыг гаргаж байна.
Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар: Шүүх хариуцагч "Н " ХХК болон нэхэмжлэгч Д.Д нарын хооронд байгуулсан гэрээг үндэслэн шийдвэрээ гаргаж, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн гэрээний урьдчилгаа төлбөр болох 23 460 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгохыг даалгасан боловч тухайн гэрээг цуцлах эсхүл хүчингүй болгох талаар нэхэмжлэлд дурдаагүй зүйлийг хянан шийдвэрлэсэн. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх ёстой ч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээг цуцлах, дуусгавар болгох, хүчингүй болгох шаардлага гаргаагүй нэхэмжлэлийг анхнаасаа хүлээж авах ёсгүй байсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.Д-ын нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, 23 460 000 төгрөгийг буцаан авахыг нэхэмжилсэн боловч гэрээг нэг талаас цуцлах шаардлага гаргаагүй байхад шүүх талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосноор үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзаж цуцлах эрхтэй гэж үзэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Нотлох баримтыг үнэлэн авч үзээгүй талаар: Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан боловч хариуцагчийн зүгээс үүргээ тийнхүү гүйцэтгээгүй шалтгаан үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэхэд хүргэх болсон хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсан талаар баримтаар нотлохгүй байна гэж шүүх үзсэн. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Амар амгалан 2” хотхоны төсөл зогсоогүй, ажил хэвийн явагдаж байгаа ч, хугацаа алдсан талаар маргахгүй ээ. Учир нь бид нараас бус хөндлөнгийн хүчин зүйлээс болсон. Тодруулбал “Ч” ХХК нь хууль бусаар манай компанийн данснаас санхүүжилтийг татсанаас барилгыг хугацаандаа хүлээлгэн өгөх үүргийг биелүүлэхэд хүндрэл учирсан. Тус банкинд холбогдуулан Эрүүгийн Цагдаагийн газарт эрүү үүсгэн шалгаж байгаа тухай шүүх хуралдаан дээр хэлсэн бөгөөд мөрдөн шалгагдаж байгаа хэргийн талаар тухайн цаг мөчид буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие мэдээлэл, нотлох баримт гаргаж өгөх боломжгүй байсан. Учир нь эрүүгийн журмаар мөрдөн шалгагдаж байгаа хэргийн нууцлалын талаарх мэдээлэл задруулахгүй байх талаар үүрэг хүлээлгэж, хууль сануулан хариуцагч компанийн захирал Д.Г-р гарын үсэг зуруулсан болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцсэн байна.
Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан 23 460 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 122 дугаар “Орон сууц захиалгын гэрээ”-гээр нэхэмжлэгч нь “Амар Амгалан 2” хотхоны 2 дугаар байрны 1 дүгээр орцны 205 тоот 31.28 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 1 м.кв-ийн үнэ 1 500 000 төгрөг буюу нийт 46 920 000 төгрөгөөр худалдан авахаар, урьдчилгаа төлбөрт 23 460 000 төгрөгийг төлөхөөр, хариуцагч нь орон сууцыг захиалагчид 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцжээ. /хх3-4/
Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь зөв байна.
Нэхэмжлэгч Д.Д урьдчилгаа төлбөрт 23 460 000 төгрөгийг төлж гэрээний үүргээ биелүүлсэн, харин хариуцагч “Н” ХХК нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулж хүлээлгэн өгөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн нь тогтоогдсон бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэхэд хүргэх шалтгааныг санхүүжилт татагдсан гэж тайлбарласан ч баримтаар нотлоогүй байна.
Иймд нэхэмжлэгч Д.Д нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь захиалсан орон сууцыг 2021 оны 1 дүгээр улиралд ашиглалтад оруулна гэж гэрээг цуцлахаас татгалзан дээрх хугацаа хэлснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй ба хариуцагч буюу гүйцэтгэгч нь гэрээний зүйлийг нэхэмжлэгч буюу захиалагчид хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчсөн тул захиалагч Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 219.3 дахь хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж хохирлоо шаардах эрхтэй.
Хариуцагч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар олсон ашиг үр шимийг буцаах үүрэгтэй.
Анхан шатны шүүх хариуцагч “Н” ХХК-аас 23 460 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Д д олгож шийдвэрлэснийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасанд нийцсэн, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/02835 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275 300 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД С.ЭНХТӨР
А.ОТГОНЦЭЦЭГ