Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2062

 

 

Д.Н-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/02150 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.Н-ын хариуцагч С.Л-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 1 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч С.Л , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

С.Л тэй 2019 оны 4 дүгээр сард махны зориулалтаар дэлгүүр ажиллуулахаар түрээсийн гэрээ байгуулсан. Дэлгүүр дотор нь ямар нэгэн зүйл байгаагүй би бүх хөргөгч, тоног төхөөрөмжийг өөрөө оруулж хийсэн. Шинэ хаалга авсан шалтгаан нь би 5 000 000 төгрөгөөс 6 000 000 төгрөгийг хооронд бараа бүтээгдэхүүн, 2 хөргөгч хөлдөөгч оруулж тавьсан. Хаалга эвдэрхий байсан тул хаалгыг солиулах шаардлагатай байна гэдгийг хариуцагчид хэлсэн. Хариуцагч хаалгыг сольж болно гэж хэлсэн тул би 300 000 төгрөгөөр шинэ хаалга худалдан авч, хуучныг нь сольсон. Ажиллаад эхний хэдэн хоногт огт хүн орж ирэхгүй байхаар би тэр хавьд бүх айлын үүдэнд махны дэлгүүр нээсэн зар тавьсан, урамшуулал, хөнгөлөлт зарласан боловч хүн орж ирэхгүй байхаар 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр би хариуцагчид мессэжээр гарах талаар мэдэгдсэн. 2019 оны 5 дугаар сарын 07, 08-ны өдөр миний гарах хугацаа болж, хариуцагч шинээр өөр хүнтэй гэрээ байгуулсан. Надад хүн орж ирдэггүй, орлого муутай дэлгүүр гэж битгий хүмүүст хэлээд бай гэсэн шаардлага тавьсан. Би гол нь надтай адил бусад хүмүүс алдагдалд битгий ороосой гэж бодоод хүмүүст үнэнийг хэлсэн. Би энэ үл хөдлөх хөрөнгийг түрээсэлснээс хойш 8 000 000 төгрөгийг алдагдалд орсон. Намайг гарлаа гэхэд хариуцагч үнэгүй.мн сайт дээр зар тавьсан. Зарын дагуу 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр эрэгтэй, эмэгтэй 2 хүн ирж хариуцагчтай гэрээ байгуулж, түүний дансанд 1 800 000 төгрөг шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл миний араас гэрээ хийгдсэн тул түрээслээгүй хугацааны мөнгийг болон барьцааны мөнгийг нийт 1 200 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн боловч одоо 800 000 төгрөгийг нэхэж байна гэжээ.

 

Хариуцагч С.Л  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би үйлчилгээний зориулалттай 28 м.кв ажлын байраа түрээслүүлэх зар тавихдаа бүх чиглэлээр түрээслүүлнэ гэсэн  болохоос заавал махны дэлгүүр ажиллуулахыг шахаагүй, нэхэмжлэгч өөрөө махны чиглэлээр түрээсэлсэн. Би 2 сарын түрээсийн төлбөр, 1 сарын барьцаагаар гэсэн нөхцөлтэй түрээсийн гэрээ байгуулахаар 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгчтэй уулзсан. Нэхэмжлэгч 2 сарын урьдчилгаа өгөх боломжгүй, түрээсийг 1 сар 15 хоногоор барьцаагаа өгөхөөр болж түрээсийн төлбөр 900 000 төгрөг, барьцаа 600 000 төгрөг. нийтдээ 1 500 000 төгрөг өгсөн. Нэгэнт бидний дунд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн боловч надад түрээсийн төлбөрөө бүрэн өгч чадаагүй тул би нэхэмжлэгчтэй бодит гэрээ байгуулаагүй. Нэхэмжлэгч зээл хөөцөлдөж, тоног төхөөрөмж авах гэж байгаа, зээл бүтэх нь тодорхой тул 300 000  төгрөгийг 10 хоногийн дараа өгнө гэсэн. Ингээд бид 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн огноотой дүр үзүүлсэн гэрээг байгуулсан. Гэрээний загварыг нотариатын хажууд ажилтнаас нь аваад гэрээ байгуулсан. Надад өгөх ёстой байсан 300 000 төгрөгийг өгөөгүй, нэхэхээр хаалга аваад тавьсан гэх хариу өгсөн. Хаалга авахад надаас зөвшөөрөл авч ямар хаалга, хэдэн төгрөгөөр авах талаар надтай ярилцах ёстой. Манай ажлын байрны хаалга бол 2 давхар бүргэд хаалга. Цаанаа шилэн хаалгатай байсан. Хаалга авсны маргааш нь түрээслэхээ больж гарлаа гэхээр нь надад гэрээний дагуу өмнө мэдэгдэх үүрэгтэй, би дараагийн түрээслэгч олоод мөнгийг нь боломжоороо өгнө гэж ойлгуулсан. 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр нэг охин манай ажлын байрыг түрээслэхээр ирсэн боловч Д.Н нь энэ газар ямар ч ашиггүй энд битгий ор гэж хэлээд явуулсан. 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр би дэлгүүр дээр очиход түгжээтэй, цонхоор харахад бүх зүйл нь хэвээр байсан. Нэхэмжлэгч гэрээний 5.1.4-д заасан үүргээ биелүүлээгүй. Урсгал зардал, Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг төлөөгүй, цахилгаан таслуулсан байсан. Бид хоёр уулзахад би 300 000 төгрөгийг буцаагаад өгье, түлхүүр хүлээж авсан өдрөөс үл хөдлөх хөрөнгийг хүлээгээд авсанд тооцно гэж хэлсэн. 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр би өөрөө цагдаа болон хаалга онгойлгодог хүн дуудаж, орцын жижүүрийн хажууд ажлын байрны хаалгаа нээлгэсэн. Иймд би 2 сарын түрээсийн төлбөрөө авах эрхтэй, мөн 600 000 төгрөгийн барьцаанаас зохих суутгалыг хийх болно. Үүнд: манай вакуум цонхны хүрээг эвдэлсэн, хаалганы амалгаа ажлын хөлсний 50 000 төгрөг, материал 50 000 төгрөг аваад засуулсан. Цахилгаан сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг хэргийн материалд хавсаргасан. Хаалга онгойлгох 20 000 төгрөг, цоож солих 20 000 төгрөг нийтдээ 357 509 төгрөг суутгал хийж, үлдэгдэл 242 491 төгрөгийг нэхэмжлэгчид өгөх саналтай байна. Би 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгчид 600 000 төгрөг өгөөд тохиролцох санал гаргахад өөдөөс 900 000 төгрөг нэхсэн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Л гээс 800 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 400 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.1.2 дахь хэсэгт зааснаар Д.Н, С.Л нарын хооронд байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 23 750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 6 дугаар сарын 19-ны өдөр төлсөн 33 350 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч С.Л давж заалдах гомдолдоо:

… Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт хэргийн зохигч гэдэгт нэхэмжлэгч, хариуцагч хуульд заасны дагуу тэдгээртэй эрх зүйн хувьд ижил эрх, үүрэгтэйгээр хэрэгт оролцож байгаа этгээд хамаарна гэж заасан байдаг. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрх эдэлнэ гэж заасан нь үндсэн хуулийн зарчмын нэг юм. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл,26 дугаар зүйл ,38 дугаар зүйл,67 дугаар зүйл 76.1.4, 72 дугаар зүйлийн 72.2, 76 дугаар зүйлийн 76.2, 77 дугаар зүйлийн 77.8, 86 дугаар зүйлийн 86.2, 100 дугаар зүйлийн 100.3, 100 дугаар зүйлийн 100.4, 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсгээс 119 дүгээр зүйлийн 119.6 дахь хэсэг хүртэлх заалттай тус тус танилцуулах ёстой байтал нэхэмжлэгч талд танилцуулаагүй гагцхүү хариуцагчид танилцуулсан байдаг. Мөн хуулийн хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд, шүүхийн бие даасан шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх оролдлого гаргасан гаргуулахгүйн үүднээс Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу нөлөөллийн мэдүүлгийг хэргийн зохигчдод тайлбарлан өгч хөтөлдөг. Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт зааснаар шүүгч нөлөөллийн мэдүүлгийн зорилго, хууль зөрчсөнөөс үүсэх үр дагаврын талаар хэрэг үүсгэсэн даруйд тухайн хэргийн оролцогчдод тайлбарлан, энэ тухай баримтжуулна гэж заасан байдаг. Гагцхүү хариуцагч тал шүүхийн бие даасан байдал шүүгчийн хараат бус байдалд нөлөөлдөг. Нэхэмжлэгч талд нөлөөлөхгүй гэсэн үйлдэл байдаггүй. Тухайн хэрэг маргаан нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч н.Янжиндулам дээр хуваарилагдсан боловч, тухайн шүүгч томилолтынх байсан учраас хөдөө орон нутаг руугаа явж тус шүүхийн шүүгч Дэ.Энхцэцэг шүүгчид хуваарилагдсан байдаг. Гэтэл шүүгчийн туслах нь “Нөлөөллийн мэдүүлгийг” талуудад танилцуулаагүй байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй зохигчид хэргийн материалтайгаа танилцаж тэмдэглэл үйлдэх эрхтэй байдаг дээрх эрхүүдийг шүүх талуудад эрх тэгш хангаж өгөөгүй байна. Шүүх дээрх процесс алдааг гаргаад зогсохгүй шүүх ажиллагаанд хариуцагч талаас гаргасан нотлох баримтыг авалгүй буцаасан байдаг.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр дэлгүүрийг сулласан гэж нэхэмжлэгч тайлбарладаг. Гэтэл Д.Н нь 2019 оны 6 дугаар сарын 19-ны өдөр хүртэл дэлгүүрийг суллаж өгөөгүйн дээр түлхүүрийг өнөөг хүртэл өгөөгүй явна. Хэдийгээр Д.Н надад орлого бага байна гэж хэлсэн боловч хэрвээ миний үл хөдлөх хөрөнгийг тухайн өдөр нь суллаж өгсөн бол шүүхийн дүгнээд байгаа Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1, 294 дүгээр зүйлийн 294.1.2-т зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болгосон гэж үзэх үндэслэлтэй. Гэтэл нэхэмжлэгч Д.Н үл хөдлөх эд хөрөнгийг маань суллаж түлхүүрийг маань надад хүлээлгэж өгөөгүй байхад 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гэрээ дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй. Энэ нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн ямар баримтаар тогтоолгож байгаа нь тодорхойгүй. Д.Н миний үл хөдлөх эд хөрөнгийг 2 сар ашигласан байж түрээсийн төлбөр төлөх үндэслэлгүй гэж шүүх дүгнэх нь буруу. Д.Н түлхүүрийг надад 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл өгөөгүйг нотлох баримтууд болох 15 ширхэг мессэж болон фото зураг мөн гэрчийн гараар бичүүлж авсан баримтуудыг өгсөн боловч дундаас нь 1 цаас сугалж аваад бусдыг нь надад буцааж өгсөн. Энэ нь нотлох баримтуудыг бүгдийг авах ёстой шүүгчийн ёс зүйг ноцтой зөрчиж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн ажиллаагүй 1 сарын хөлс барьцаа мөнгийг буцаан шаардсан нь үндэслэлтэй боловч нэхэмжлэгч зохих хэмжээгээр суутгал хийхийг зөвшөөрч 400 000 төгрөг хасч, 800 000 төгрөг гаргуулахаар шийдэв гэж тусгасан байна. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага багасгасан саналыг, хариуцагч талын хүсэл зориг, нотлох баримтуудыг үндэслэл болгохгүй шууд нэхэмжлэгчийн тайлбараар дүгнэж байгаа нь Иргэний хуулийн ямар зүйл заалтыг барьж байгаа нь тодорхойгүй. Дээрх үндэслэл тайлбараас харахад шүүх хэт нэг талыг буюу нэхэмжлэгч талын эрх ашиг сонирхолд нийцүүлж шийдвэр гаргасан нь дээрх байдлаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хууль зөрчиж дүр үзүүлэн хийсэн хэлцэл байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл болно гэж дүгнэсэн байна. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн байж тогтоох хэсэгт гэрээний үүргийг дүгнээд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа 400 000 төгрөг багасгаж, 800 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, дараагийн заалтандаа гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон байдаг. Шүүх гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэж хариуцагчаас 800 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг дахин хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч Д.Н нь нэг сарын түрээсийн төлбөр 600 000 төгрөг, барьцаанд урьдчилан өгсөн 600 000 төгрөг, нийт 1 200 000 төгрөгийг хариуцагч С.Л гээс гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч Д.Н нь Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Нарлаг хотхон 103 дугаар байр 10 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 28 м.кв талбайг махны дэлгүүрийн зориулалтаар түрээслэхээр С.Л тэй амаар тохиролцож, 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр талбайг хүлээн авсан, 1 сар 15 хоногийн түрээсийн төлбөрт 900 000 төгрөг, барьцаанд 600 000 төгрөг, нийт 1 500 000 төгрөгийг түрээслүүлэгчид хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон байна.

 

            Түрээслэгч нь байрыг хүлээн авч, түрээсийн төлбөр, барьцааны мөнгийг түрээслүүлэгчид хүлээлгэн өгснөөс үзвэл Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн    43.1.1-т зааснаар мөн хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзэх ба шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт зөв байна.

 

            Нэхэмжлэгч Д.Н нь түрээсийн байранд 280 000 төгрөгийн үнэтэй хаалгыг шинээр худалдан авч суурилуулсан, 300 000 төгрөгийн зардал гарсан талаарх баримтыг шүүхэд гаргасан, хаалгыг салгаж аваагүй үлдсэнийг хариуцагч үгүйсгээгүй байна.

 

            Хөлслөгч Д.Н нь махны дэлгүүрийг “үйлчлүүлэгч байхгүй, орлого муутай, ашиггүй байсан” гэх үндэслэлээр цаашид ажиллуулах боломжгүй гэж байрыг буцааж өгөх саналаа 14 хоногийн дотор мэдэгдэж, 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр сулласан, түлхүүрийг өгөх гэсэн боловч аваагүй гэж тайлбарлан  түрээсийн 600 000 төгрөгийг гаргуулна, барьцааны мөнгөнөөс зардлыг суутгахыг зөвшөөрөөд нийт 800 000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлээ дэмжсэн.

 

Харин хариуцагч С.Л нь байрыг 2019 оны 5 дугаар сарын 22-нд суллаж өгөөгүй, түлхүүрийг хүлээлгэж өгөөгүй тул 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хаалгыг дуудлагын хүнээр онгойлгуулсан тул түрээсийн төлбөрийг буцаан өгөх үндэслэлгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нь байрыг 2019 оны 5 дугаар сарын 22-нд сулласан гэх боловч түлхүүрийг хүлээлгэн өгөөгүй гэх хариуцагчийн татгалзлыг баримтаар няцаагаагүй тул гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг бүрэн бүтэн буцааж өгөх Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5-д заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй, хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.

 

Мөн барьцааны 600 000 төгрөгөөс ашиглалтын зардал 357 500 төгрөг суутгана гэснийг нэхэмжлэгч зөвшөөрсөн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.

 

Дээрхээс үзвэл түрээсийн төлбөрийг буцаан өгөхийг шаардсаныг хангах үндэслэлгүй, харин барьцааны 600 000 төгрөгөөс 357 500 төгрөг суутгахыг зөвшөөрсөн хэмжээнд буюу 242 491 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

 

Хэрэгт 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөр огноолсон түрээсийн гэрээ гэх баримт авагдсаныг талууд зээл авах зорилгоор бүрдүүлсэн, нэхэмжлэлийн үндэслэл болохгүй талаар тайлбарласан бөгөөд уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох талаар шаардлага гаргаагүй, маргаанд хамааралгүй  байхад шүүх уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсүгэй гэж шийдвэрлэсэн нь буруу тул шийдвэрийн 2 дахь заалтыг хүчингүй болгох нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/02150 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “800 000 төгрөг” гэснийг “242 491 төгрөг” гэж, 

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “23 750 төгрөг” гэснийг “7 924 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 33 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                С.ЭНХТӨР

 

                                                                                          А.ОТГОНЦЭЦЭГ