Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2019/02150

 

                             

 

 

 

 

 

 

      2019 оны 10 сарын 10 өдөр

        Дугаар 183/ШШ2019/02150                                 Улаанбаатар хот

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, тоотод оршин суух, Н /РД:........./-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, тоотод оршин суух, Л /РД:........./-д холбогдох,

 

 Гэрээний үүрэгт 1.200.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

                   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н, хариуцагч Л, нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ нар оролцов.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагчтай 2019 оны 04 дүгээр сард махны зориулалтаар дэлгүүр ажиллуулахаар түрээсийн гэрээ байгуулсан. Дэлгүүр дотор нь ямар нэгэн зүйл байгаагүй би бүх хөргөгч, тоног төхөөрөмжийг өөрөө оруулж хийсэн. Шинэ хаалга авсан шалтгаан нь би 5,6 сая төгрөгийг бараа бүтээгдэхүүн, 2 хөргөгч хөлдөөгч оруулж тавьсан. Хаалга эвдэрхий байсан тул хаалгыг солиулах шаардлагатай байна гэдгийг хариуцагчид хэлсэн. Хариуцагч хаалгыг сольж болно гэж хэлсэн тул би 300,000 төгрөгөөр шинэ хаалга худалдан авч, хуучныг нь сольсон. Ажиллаад эхний хэдэн хоногт огт хүн орж ирэхгүй байхаар би тэр хавьд бүх айлын үүдэнд махны дэлгүүр нээсэн зар тавьсан, урамшуулал, хөнгөлөлт зарласан боловч хүн орж ирэхгүй байхаар 2019 оны 04 дүгээр сарын 30-ны үед би хариуцагчид мессежээр гарах талаар мэдэгдсэн. 2019 оны 05 дугаар сарын 07, 08-ны үед миний гарах хугацаа болж, хариуцагч шинээр өөр хүнтэй гэрээ байгуулсан. Надад хүн орж ирдэггүй, орлого муутай дэлгүүр гэж битгий хүмүүст хэлээд бай гэсэн шаардлага тавьсан. Би гол нь надтай адил бусад хүмүүс алдагдалд битгий ороосой гэж бодоод хүмүүст үнэнийг хэлсэн. Би энэ үл хөдлөх хөрөнгийг түрээсэлснээс хойш 8,000,000 төгрөгийг алдагдалд орсон. Намайг гарлаа гэхэд хариуцагч үнэгүй.мн дээр зар тавьсан. Зарын дагуу 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр эрэгтэй, эмэгтэй 2 хүн ирж хариуцагчтай гэрээ байгуулж, түүний дансанд 1,800,000 төгрөг шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл миний араас гэрээ хийгдсэн тул түрээслээгүй хугацааны мөнгийг болон барьцааны мөнгийг нийт 1,200,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн боловч одоо 800,000 төгрөгийг нэхэж байна гэв.

 

Хариуцагч Л шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би үйлчилгээний зориулалттай 28 м/кв ажлын байраа түрээслүүлэх зар тавихдаа бүх чиглэлээр түрээслүүлэнэ гэсэн болохоос заавал махны дэлгүүр ажиллуулахыг шахаагүй, нэхэмжлэгч өөрөө махны чиглэлээр түрээсэлсэн. Би 2 сарын түрээсийн төлбөр, 1 сарын барьцаагаар гэсэн нөхцөлтэй түрээсийн гэрээ байгуулахаар 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгчтэй уулзсан. Нэхэмжлэгч 2 сарын урьдчилгаа өгөх боломжгүй, түрээсийг 1 сар 15 хоногоор барьцаагаа өгөхөөр болж түрээсийн төлбөр 900,000 төгрөг, барьцаа 600,000 төгрөг нийтдээ 1,500,000 төгрөг өгсөн. Нэгэнт бидний дунд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн боловч надад түрээсийн төлбөрөө бүрэн өгч чадаагүй тул би нэхэмжлэгчтэй бодит гэрээ байгуулаагүй. Нэхэмжлэгч зээл хөөцөлдөж, тоног төхөөрөмж авах гэж байгаа, зээл бүтэх нь тодорхой тул 300,000 төгрөгийг 10 хоногийн дараа өгнө гэсэн. Ингээд бид 2018.10.01-ний огноотой дүр үзүүлсэн гэрээг байгуулсан. Гэрээний загварыг нотариатын хажууд ажилтнаас нь аваад гэрээ байгуулсан. Надад өгөх ёстой байсан 300,000 төгрөгийг өгөөгүй, нэхэхээр хаалга аваад тавьсан гэх хариу өгсөн. Хаалга авахад надаас зөвшөөрөл авч ямар хаалга, хэдэн төгрөгөөр авах талаар надтай ярилцах ёстой. Манай ажлын байрны хаалга бол 2 давхар бүргэд хаалга. Цаанаа шилэн хаалгатай байсан. Хаалга авсны маргааш нь түрээслэхээ больж гарлаа гэхээр нь надад гэрээний дагуу өмнө мэдэгдэх үүрэгтэй, би дараагийн түрээслэгч олоод  мөнгийг нь боломжоороо өгнө гэж ойлгуулсан. 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нэг охин манай ажлын байрыг түрээслэхээр ирсэн боловч Н нь энэ газар ямар ч ашиггүй энд битгий ор гэж хэлээд явуулсан. 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр би дэлгүүр дээр очиход түгжээтэй, цонхоор харахад бүх зүйл нь хэвээр байсан. Нэхэмжлэгч гэрээний 5.1.4-д заасан үүргээ биелүүлээгүй. Урсгал зардал, СӨХ-ны төлбөрийг төлөөгүй, цахилгаан таслуулсан байсан. Бид хоёр уулзахад би 300,000 төгрөгийг буцаагаад өгье, түлхүүр хүлээж авсан өдрөөс үл хөдлөх хөрөнгийг хүлээгээд авсанд тооцно гэж хэлсэн. 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр би өөрөө цагдаа болон хаалга онгойлгодог хүн дуудаж, орцын  жижүүрийн хажууд ажлын байрны хаалгаа нээлгэсэн. Иймд би 2 сарын түрээсийн төлбөрөө авах эрхтэй, мөн 600,000 төгрөгийн барьцаанаас зохих суутгалыг хийх болно. Үүнд: манай вакуум цонхны хүрээг эвдэлсэн, хаалганы амалгаа ажлын хөлсний 50,000 төгрөг, материал 50,000 төгрөг аваад засуулсан. Цахилгаан СӨХ-ны төлбөрийг хэргийн материалд хавсаргасан. Хаалга онгойлгох 20,000 төгрөг, цоож солих 20,000 төгрөг нийтдээ 357,509 төгрөг суутгал хийж, үлдэгдэл 242,491 төгрөгийг нэхэмжлэгчид өгөх саналтай байна. Би 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгчид 600,000 төгрөг өгөөд тохиролцох санал гаргахад өөдөөс 900,000 төгрөг нэхсэн гэв.

 

    Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                           ҮНДЭСЛЭХ  нь:

 

    Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

          Нэхэмжлэгч Н нь дэлгүүрт ажиллаагүй нэг сарын түрээс 600,000 төгрөг, барьцаанд урьдчилан өгсөн 600,000 төгрөг нийтдээ 1.200.000 төгрөгийг буцааж авахыг хүссэн нэхэмжлэлийг хариуцагч Лд холбогдуулан гаргажээ.

 

    Н нэхэмжлэлдээ “... 2 сарын түрээсийн төлбөр 1,200,000 төгрөг, барьцаа 600,000 төгрөг нийтдээ 1,800,000 төгрөг хүлээлгэн өгсөн” гэж тусгасан боловч шүүх хуралдааны явцад хариуцагч Л 1 сар 15 хоногийн төлбөр 900,000 төгрөг, барьцаа 600,000 төгрөг нийтдээ 1,500,000 төгрөгийг хүлээн авсаныг зөвшөөрсөн, энэ талаар талууд маргаагүй болно.

  

Талуудын тайлбараас үзэхэд Л өөрийн  өмчлөлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Нарлаг хотхон тоот хаягт байрлах, үйлчилгээний зориулалттай 28 м.кв талбайг түрээслүүлэх тухай зарын дагуу Н уг талбайд махны дэлгүүр ажиллуулахаар, сарын 600,000 төгрөгийн төлбөр төлөхөөр тохиролцож, 2019.04.17-ны өдөр уг талбайг нэхэмжлэгч хүлээн авсан, тухайн үед талууд бичгээр гэрээ байгуулаагүй байна.

 

Шүүх талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн бөгөөд  Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд хөлслөгчид тухайн талбай бүхий эд хөрөнгийг ашиглах боломжийг олгох бөгөөд хөлслүүлэгч нь Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1, 288.1.1-д зааснаар ашиглалтын шаардлага хангасан эд хөрөнгө шилжүүлэх, 288.1.2-т зааснаар хууль буюу гэрээнд заасан бол хөлслөн авсан эд хөрөнгөтэй холбоотой зайлшгүй зардлыг хөлслөгчид нөхөн төлөх, 288.1.3-т зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлслүүлсэн эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч Н “... махны дэлгүүр ажиллуулахад шаардлагатай тоног төхөөрөмж суурилуулсан, 5-6 сая төгрөгний бараа бүтээгдэхүүн оруулсан тул голын хаалгыг солих шаардлагатай болсон” гэх талаар тайлбарлаж, шинээр 280.000 төгрөгний үнэтэй хаалга худалдан авсан, суурилуулсаны хөлс 20.000 төгрөг нийтдээ 300.000 төгрөгийн зарлагын баримт ирүүлсэн, уг хаалгыг салгаж аваагүй дэлгүүрт үлдсэн болохыг хариуцагч тал зөвшөөрсөн байна.  

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д “аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухайгаа нөгөө талдаа мэдэгдэнэ”, 205 дугаар зүйлийн 205.1-д “гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Н нь тухайн махны дэлгүүрийг “... үйлчлүүлэгч байхгүй, орлого муутай, ашиггүй байсан” гэх үндэслэлээр цаашид ажиллуулахаас татгалзаж, энэ тухайгаа 14 хоногийн өмнө хариуцагчид мэдэгдэж 2019.05.22-нд дэлгүүрийг сулласан боловч түлхүүрийг ирж аваагүй гэж тайлбарладаг, хариуцагч  2019.06.17-нд түлхүүрийг авсан тул 2 сарын хөлсийг төлүүлэх, харин барьцааны 600.000 төгрөгнөөс өөрт учирсан хохирол 357.500 төгрөгийг хасч үлдэх мөнгийг төлнө гэж маргасан байна.

Хөлслөн авсан эд хөрөнгийг буцаан хүлээлгэн өгсөн хугацаа болон үлдэх хөлсний хэмжээг хэрхэн тооцох талаар талуудын хооронд маргаан үүссэн боловч нэхэмжлэгч 2019.05.22-нд дэлгүүрийг сулласан, тухайн өдөр хариуцагч өөр этгээдтэй түрээсийн гэрээ байгуулсан, улмаар 1.800.000 төгрөгний хөлсийг дараагийн этгээдээс шилжүүлэн авсан үйл баримт нь шүүх хуралдааны явцад зохигчдын тайлбараар тогтоогдсон тул Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1, 294.1.2-т зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа 2019.05.22-ны өдөр дуусгавар болсон гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгчийн ажиллаагүй 1 сарын хөлс, барьцааны мөнгийг буцаан шаардсан нь үндэслэлтэй боловч нэхэмжлэгч зохих хэмжээгээр суутгал хийхийг зөвшөөрч /тог, байр, СӨХ-ны төлбөр гэх мэт/ нэхэмжлэлийн шаардлага 1.200.000 төгрөгнөөс 400.000 төгрөгийг хасч үлдэх 800.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг хүссэн тул нэхэмжлэгчийн багасгасан хэмжээгээр буюу 800.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдэв.

Хариуцагч нийтдээ 357.509 төгрөг суутгахыг хүссэн боловч түүний  ирүүлсэн баримтаар хаалганы  гол 20.000 төгрөг, хаалга онгойлгоход 20.000 төгрөг, 2 сарын СӨХ-ны төлбөр 18.750 төгрөг /12.500+6250/, 4 сарын сүүлийн хагас, 5 сарын байдлаар тогны мөнгө 93.000 төгрөг, байрны мөнгө 49.354 төгрөг /18.100+31.254/, нэхэмжлэгчийн зөвшөөрсөнөөр 2019.05.17-ноос 2019.05.22-ныг хүртэлх өдрийн хөлс 20.000 төгрөгөөр тооцож 100.000 төгрөг нийтдээ 359.854 төгрөгийг суутгах үндэслэлтэй, харин цонх засварын мөнгө 40.000 төгрөг, хаалганы амалгаа, материал, ажлын хөлс 100.000 төгрөгийг нотолсон баримтгүй, 6 дугаар сарын 15 хоногийн мөнгө 10.100 төгрөгийг хасах үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан 2018.10.01-ний өдрийн түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.1.2-т зааснаар хууль зөрчсөн, дүр үзүүлэн хийсэн хэлцэл байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл болно.

Учир нь талуудын хооронд 2019.04.17-ны өдөр иргэний эрх зүйн харилцаа үүссэн үйл баримт тогтоогдсон байхад 1 жилийн өмнөх байдлаар хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд дээрх түрээсийн гэрээг байгуулсан, үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх хуулийн шаардлага хангаагүй байх тул шүүх дүгнэх шаардлагагүй гэж үзлээ. 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зїйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Лгээс 800.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Иргэний хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.1.2  дахь хэсэгт зааснаар  Н, Л нарын хооронд байгуулсан 2018.10.01-ний өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 23.750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2019.06.19-нд төлсөн 33.350 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7‑д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ