Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 221/MA2017/0613

 

 

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2017/0613

Улаанбаатар хот

 

“Саран арвай” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                                

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Шинэбаяр, Д.Энхсүх нарыг оролцуулан, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 123/ШШ2017/0016 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаагийн гаргасан давж заалдах гомдлоор, “Саран арвай” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 123/ШШ2017/0016 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6, 40.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Саран Арвай” ХХК-аас Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/102 тоот захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа давж заалдах гомдолдоо: “Төв аймаг дах Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч “Саран арвай” ХХК-ийн “Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/102 дугаар захирамжийг хүчингүй болгуулах’’ шаардалага бүхий нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлээд гаргасан 123/ШШ2017/0016 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.6, 30 дугаар зүйлийн 30.3.4, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь  бодитойгоор харьцуулан үзэх, хэрэгт хамаатай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь  үнэлж дүгнэх тухай Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дугаар зүйлийн 31.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.3, Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөнөөс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-д заасан “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх “Маргаан бүхий актын улмаас  нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй болох нь дараах байдлаар тогтоогдож байна” гэжээ.

1. “…нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь тухайн нэгж талбар бүхий 198 га газрыг 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс хойш эзэмших эрх нь дуусгавар болсон бөгөөд үүнээс хойш 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч Засаг дарга нь маргаан бүхий актаар “тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ” гэж дүгнэжээ.

“Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг дарга 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 102 дугаар захирамж гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэж гаргасан. Гэтэл шүүх  “...эзэмших эрх дуусгавар болсон...” гэх тухайн захирамж гаргахдаа заагаагүй үндэслэлийг дурдаж дүгнэсэн нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн  39.1.2-д “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно”, 39.1.4-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгосон” гэж зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсны дараагаар эзэмших эрх дуусгавар болохоор зохицуулсан хуулийн заалттай нийцээгүй, 39.1.1-д “газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй”, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 5 дугаар зүйлийн 5.5-д “Газар эзэмших гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд газар эзэмшигч газраа эзэмшсээр байгаа бол энэхүү гэрээ 1 жилийн хугацаанд хүчинтэй гэж үзнэ” гэх заалтуудыг зөвхөн нэхэмжлэгч талд хамааралтай байдлаар тайлбарлаж хэрэглэсэн нь хуулийн болон гэрээний заалттай нийцээгүй гэж үзэж байна.

2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээд эд мэдэгдэнэ” гэж мөн 3 дугаар зүйлд дээрх дурдсан талуудын эрх, үүргийг тодорхойлсон байх учир хариуцагч маргаан бүхий актыг гаргахаас өмнө нэхэмжлэгчид мэдэгдэж тайлбар авсны үндсэн дээр акт гаргах үүргийг хүлээхгүй, харин хүчингүй болгосон захирамжийг 2016 оны 06 дугаар сарын 08-нд мэдэгдэж, тухайн газрыг хагалж эхэлж байсан үйл ажиллагааг зогсоосон болох нь тогтоогдож байна гэж дүгнэжээ.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зохицуулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо “хүндэтгэн үзэх шалтгаангүй нөхцөл байдлыг нягтлан шалгаж тогтоогоогүй, мөн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ‘”…2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/64 тоот Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон. Иймд 198 га бүхий талбайг 2016 оны 05 дугаар сарын 25-ны дотор чөлөөлөх’ тухай 01 тоот “Мэдэгдэл’” ирүүлсэн байдаг.

Гэтэл нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/94 тоот захирамжаар газар эзэмших эрх үүссэн байхад тус компанид хамааралгүй А/102 тоот захирамж гаргахаас өмнө мэдэгдэх үүргээ буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг зөрчсөн.

3. “’...06 дугаар сарын 08-ны өдөр газраа хагалж байхад ирж үйл ажиллагааг нь зогсоосон...” нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь өөрөө газар эзэмших гэрээ дуусгавар болсны дараа 2016 оны 6 сард 4 метр өргөнтэй 1100 метр урттай газар буюу 0,44 га газрыг хагалж ажиллаж байсан нь тогтоогдож, эзэмшиж байсан 198 га газраа 2014 оны 05 сараас 2016 оны 05 дугаар сарыг хүртэл 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй нь тогтоогдож байна” гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлд хамааралгүй А/64 тоот захирамж хүчингүй болгосон тухай “Мэдэгдэл” гэгчийг 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр танилцуулсан үес эхлэн тухайн газарт 5 сараас эхлэн явуулж байсан бүхий л үйл ажиллагааг сумын цагдаагийн хамт ирж зогсоосон тул аргагүйн эрхэнд,

4. Нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь эзэмшиж байсан 198 га газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн гаргасан актыг буруутгах үндэслэлгүй байна гэжээ.

5. “...талууд газрын төлбөр төлсөн эсэх талаар маргасан боловч нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь газрын төлбөрөө зохих ёсоор төлдөггүй байсан нь тогтоогдож байх хэдий ч маргаан бүхий актын гаргах үндэслэлд дурдаагүй тул маргаан бүхий актын үндэслэлд  дурдаагүй асуудлаар актад холбогдуулан дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ” гэжээ

6. “…нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь 2014 оноос 2016 онд тус талбайгаас өөр талбайд тариалалт хийж, харин 198 га талбайд 2 жилийн хугацаанд гэрээнд заасан зохицуулалтын дагуу ашиглаж, эзэмших боломжгүй байсан талаар тодорхой үндэслэл бүхий нотлох баримт гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй” гэжээ

7. Маргаан бүхий актын 1 дэх хэсэгт “...тухайн газрын газар эзэмших эрхийг хүчингүй болгосугай” гэж заасан нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болох гэсэн хуулийн зохицуулалтад хэлбэрийн хувьд нийцхээргүй бичигдсэн байх боловч ...бичигдсэн хэлбэрээс тус тус актыг зорилгодоо нийцээгүй гэж үзэж нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн тухайн нэгж талбар бүхий газрыг эзэмших эрхийг сэргээх үндэслэл болохгүй” гэжээ

8. “...нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гарсан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зохицуулалтын дагуу тухайн  газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үр дагаврыг үгүйсгэх боломжгүй бөгөөд хариуцагчийн гаргасан актын 2 дахь хэсэгт заасан үр дагавар нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зорилгодоо нийцсэн...”

9. “... нэхэмжлэгч тухайн нэгж талбар бүхий газрыг эзэмших гэрээ нь дуусгавар болсон байх тул маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль эсны эрх ашиг сонирхол зөрчигдөхгүй болгох нь тогтоогдсон...” гэж

Иймд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 123/ШШ2017/0016 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-д зааснаар хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

 Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/94 дүгээр захирамжаар тус сумын Галуут багийн нутаг дэвсгэрт газар тариалангийн зориулалтаар 198 га газрыг “Саран арвай” ХХК-д эзэмшүүлжээ.

Гэвч “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан газрын хянан баталгааны дүгнэлт хийлгээгүй, 2 жил дараалан үйл ажиллагаа явуулаагүй, гэрээний заалтуудыг ноцтой зөрчсөн” гэсэн үндэслэлээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/102 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр “Саран арвай” ХХК-ийн эзэмшиж байсан 198 га газраас нийт боловсруулалт хийсэн талбай 0.44 га, бусад талбайд уринш, боловсруулалт огт хийгээгүй, бэлчээрийн ургамал ургаж, атаршсан” гэж, мөн гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нэхэмжлэгч нь тухайн талбайг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй болох нь тогтоогдсон бөгөөд үүнд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхтэй нэхэмжлэгч маргаагүй байна.

Түүнчлэн хариуцагчаас 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “Саран арвай” ХХК-д хүргүүлсэн мэдэгдэлд захирамжийн дугаарыг зөрүүлэн бичсэн боловч огноо болон газрын хэмжээг тодорхой заасан, мөн нэхэмжлэгч нь уг суманд 198 га хэмжээтэй өөр газар эзэмшдэггүй, нэхэмжлэгчээс мэдэгдлийг авснаа хүлээн зөвшөөрсөн байх тул “маргаан бүхий актыг гаргахаас өмнө мэдэгдэх ажиллагаа явуулаагүй” гэсэн тайлбар үндэслэлгүй.

Үүнээс гадна Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж заасан байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хуулийн дээрх заалтыг “захирамж гаргахаасаа өмнө мэдэгдэнэ” гэж тайлбарлаж байна. Хуулийн дээрх заалтыг тэгж ойлгох үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэг нь хоёрдмол утгагүйгээр “гаргасан захирамжаа газар эзэмшигчид мэдэгдэх” заалт байна. Түүнчлэн нэхэмжлэгч тухайн газарт газар хагалсан нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосны дараах үйл ажиллагаа бөгөөд энэхүү үйлдлийг зориулалтын дагуу ашигласан гэж үзэхгүй.

Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараас үзэхэд маргаан бүхий захиргааны акт болох А/102 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчөөгүй байх тул давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Дээрх асуудлуудаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 123/ШШ2017/0016 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

                                    ШҮҮГЧ                                                          Э.ЛХАГВАСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                          Э.ЗОРИГТБААТАР