Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 233

 

А.М, И.А, А.Г нарын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн Засаг дарга,

Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Газрын албанд холбогдох

 захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:              Танхимын тэргүүн М.Батсуурь,  

Шүүгчид:                 Г.Банзрагч

                                  Б.Мөнхтуяа

                                  Д.Мөнхтуяа  

Илтгэгч шүүгч:       П.Соёл-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга: У.Батцэцэг,

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 553 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/414 дүгээр захирамжуудын иргэн Г.Ж-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, 2797 мкв газрыг өндөр хүчдэлийн шугамаас урагш 4 метр шилжсэн болон 4 хуваасан кадастрын зургийг мэдээллийн санд оруулахыг даалгах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0068 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2018/0214 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч А.Г, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, өмгөөлөгч Т.Ц, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э нарыг оролцуулж,

Нэхэмжлэгч нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0068 дугаар шийдвэрээр: Кадастрын зураглал бас газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3. 23.4.4 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 207 дугаар захирамжаар И.А, А.Г, А.М нарт эзэмшүүлсэн нэгж талбарыг мэдээллийн санд бүртгэхийг Баянзүрх дүүргийн Газрын албанд даалгаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 553 дугаар захирамжийн Г.Ж-д холбогдох хэсэг; Нийслэлийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/414 дүгээр захирамжийн Г.Ж-д холбогдох хэсгийг дахин шинэ акт гартал 4 сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 553 дугаар захирамжийн Г.Ж-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/414 дүгээр захирамжийн Г.Ж-д холбогдох хэсгийг хүчингүйд тооцож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2018/0214 дүгээр магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0068 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч А.М, И.А, А.Г нарын гомдлын агуулгад: Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлон шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч нарын зүгээс “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 553, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/414 дүгээр захирамжуудын иргэн Г.Ж-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, кадастрын мэдээллийн санд буруу оруулсан зургийг зөвтгөж оруулахыг хариуцагч нарт даалгах” тухай шаардлага гаргасан.

4. Нэхэмжлэгч А.М нь 2007 онд дүүргийн Засаг даргын захирамжаар 700 мкв газрыг эзэмшсэн боловч тэр талаарх мэдээлэл нь газрын мэдээллийн санд огт бүртгэгдээгүй бөгөөд нэхэмжлэгч И.А-н 2797 мкв газраас гуравдагч этгээд Г.Ж-д шилжүүлсэн өгсөн байдаг бөгөөд нэхэмжлэгч И.А нь газраасаа хэнд ч зараагүй, гуравдагч этгээд Г.Ж-тай ямар нэг гэрээ байгуулж, газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт гаргаагүй.

5. Гэтэл хууль зөрчиж, газар эзэмших эрхийг шилжүүлснээр нэхэмжлэгч А.М-н хувьд газар эзэмших эрх нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй, хэзээ ч газар эзэмшиж байгаагүй мэт бүртгэл байхгүй болсны зэрэгцээ, түүний хууль ёсоор эзэмшиж байсан газрыг мэдээллийн санд оруулаагүй буюу буруу оруулсны улмаас тэрээр бусдын өмнө газрын маргааны улмаас үүрэг хүлээх, цаашлаад иргэний шүүхэд хариуцагчаар дуудагдах нөхцөл байдалд ороод байгаа юм. Өөрөөр хэлбэл газрын мэдээллийн санд түүний газар буруу орсноор түүнийх нь дагуу бусад газар эзэмшигчид хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө барьж, үүний улмаас маргаан үүсч, улмаар А.М-с хохирол шаардах нөхцөл байдал үүсээд байгаа.

6. Маргаж байгаа газрын хойд талд 35 кв.т-ын хүчин чадалтай өндөр хүчдэлийн шугам байрлаж байгаа болон түүний хамгаалалтын зурвасыг 4 метр байхаар тогтоосон баримтууд хэрэгт авагдсан бөгөөд мөн бусад баримтаар тэр хавийн бүх айлууд газраа дээрх хэмжээнд нийцүүлсэн болох нь тогтоогдохын зэрэгцээ энэхүү ажиллагаа нь төрийн байгууллагын оролцоогүйгээр хийгдэх ажиллагаа биш юм. Тиймээс энэ талаар огт баримт цуглуулаагүй гэж давж заалдах шүүх үзсэн нь үндэслэлгүй, хэрэгт авагдсан дээрх баримтууд болон бусад баримт, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байхад давж заалдах шатны шүүх нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагагүй асуудлаар дахин хэлэлцүүлэхээр буцаах нь хуульд нийцэхгүй, хуулийг буруу хэрэглэж байна гэж үзэж байна.

7. Нэхэмжлэгч нар дээрх бүртгэлийг хийлгүүлэхээр Баянзүрх дүүргийн газрын албанд хандаж байсан эсэх, хэрэв хандаж байсан бол хэн, хэзээ, ямар хүсэлт, өргөдөл гаргасан болох, хариуцагчаас энэ талаар ямар нэгэн хариу өгсөн эсэх талаарх баримтыг цуглуулаагүй талаар дүгнэжээ. Тэгвэл нэхэмжлэгч нарын зүгээс энэ талаар амаар болон бичгээр удаа дараа хандаж, дээд шатны байгууллага, албан тушаалтан болох Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн өмчийн харилцааны газарт хандаж өргөдлөө гаргаж, хариу авсны үндсэн дээр захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргасан болно.

8. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийгээгүй тухайд: Нэхэмжлэгч нар нь анх тус шүүхэд 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийг гаргасныг шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй гэж үзэж, захиргааны хэрэг үүсгэсний ззрэгцээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй асуудалд шүүхээс заавал дүгнэлт хийх шаардлагатай гэсэн хуульд заасан үүрэг байхгүй.

9. Түүнчлэн   2015 онд барилга, гарааш, хашаа баригдаж байх үед маргаан гарч, иргэний хэргийн шүүхээр явж байсан хугацаанд гомдол санал гараагүй гэж гуравдагч этгээдийн зүгээс маргадаг боловч гуравдагч этгээд нь өөрийн эзэмшил газраасаа илүү гарган хашаа гарааш барьсныг нэхэмжлэгч А.М нь нэхэмжлэгч А.Г-н газар руу орсон хэсгийг нь буулгаж, зайлуулснаас хохирлын асуудлаар шүүхээр маргаж байснаас мэдээллийн санд буруу бүртгэснийг засуулах гэж маргаж байгаагүй болно.

10. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

11. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

12. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 553 дугаар захирамжаар А.М-с 700 мкв газрыг Г.Ж-д шилжүүлсэн, улмаар Нийслэлийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/414 дүгээр захирамжаар өмчлүүлэх шийдвэр гаргасан бөгөөд нэхэмжлэгч нараас гуравдагч этгээд А.М-т 700 мкв газар эзэмшүүлж, өмчлүүлсэн үйл баримттай маргаагүй, зөвхөн бодит байдалд байрлаж байгаа газрын байршил, цэг координат нь газрын мэдээллийн сангийн бүртгэлээс зөрүүтэй талаар маргаж байна.

Маргааны үйл баримтын тухайд:

13. Маргаан бүхий газар нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгон, Баяндөхөмийн 2 дугаар гудамжинд байрлах бөгөөд анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 207 дугаар захирамжаар И.А, А.Г, А.Г, А.М нарт эзэмшүүлсэн, эдгээр 4 иргэнд тус бүр 700 мкв газар эзэмшүүлэхээр гэрчилгээ олгосон боловч мэдээллийн санд газрын байршил, цэг, координатыг тус тусад нь бүртгээгүй, харин 2797 мкв хэмжээгээр нийтэд нь бүртгэгдсэн болох нь тухайн үеийн архивын баримтаар тогтоогджээ.  

14. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.13 дахь хэсэгт зааснаар газар дээр нь тэмдэглэж, газрын кадастрын зурагт буулгасан ерөнхий хил нь газар олгохдоо тогтоосон хилтэй, мэдээллийн санд бүртгэгдсэн хилтэй тохирч байх ёстой. Гэтэл энэ тохиолдолд тухайн үед маргаан бүхий газрын  координатын цэгийг буруу тодорхойлсон, мэдээллийн санд бүртгэгдсэн зураг нь газар дээрх бодит байдалтай тохирохгүй байгаа болох нь сансрын зураг, 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон байна.

15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт зааснаар хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, уг нэмж тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагад дахин шинэ акт гаргахыг даалгах шийдвэрийг захиргааны шүүх гаргах эрхтэй байна. Энэ хүрээнд эзэмшил газрын цэг координат нь улсын бүртгэлд үнэн зөв бүртгэгдэх зарчмыг баримтлан, мэдээллийн сангийн бүртгэл болон бодит байдал дахь газрын байршил хоорондоо тохирох үйл ажиллагааг захиргааны байгууллага хариуцан шийдвэрлэх үүрэгтэй, энэхүү үүргээ захиргааны байгууллагаас биелүүлээгүй байхад захиргааны шүүхээс захиргааны байгууллагын өмнөөс газрын байршил тодорхойлох шийдвэр гаргах нь шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн тул “газрын байршлыг хуульд нийцүүлэн мэдээллийн санд бүртгэх шинэ акт гаргахыг захиргааны байгууллагад даалгаж” шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ.

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах шаардлагагүй талаар:

16. 2007 оны 6 дугаар сарын 8-ны өдөр дүүргийн Газрын алба нь 2007 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн нэхэмжлэгч тус бүрийн эзэмшил газрын кадастрын зургийг хүлээн авч, “мэдээллийн санд бүртгэе” гэсэн шийдвэр гаргасан атлаа мэдээллийн санд уг зургийг оруулаагүй, хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй болох нь хэрэгт авагдсан газрын кадастрын зураг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Захиргааны байгууллагын дээрх хууль бус эс үйлдэхүйгээс шалтгаалан нэхэмжлэгч А.М-н эзэмшиж байсан газрын зураг мэдээллийн санд бүртгэгдээгүй, улмаар Г.Ж-н нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэх явцад газрын хил байршил тодорхойгүй нөхцөл байдал тогтоогджээ. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн албан бичигт “...мэдээллийн санд А.М-т эрх зүйн харилцаа үүсээгүй байна” гэсэн нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт нийцэхгүй буюу нэхэмжлэгчид 700 мкв газар эзэмшүүлэх шийдвэр нэгэнт хүчин төгөлдөр байхад түүнд нийцүүлэн холбогдох кадастрын зургийг газрын мэдээллийн санд бүртгэж оруулах нь захиргааны үүрэг бөгөөд ийнхүү бүртгэгдсэн мэдээлэл хадгалагдсан байхыг шаардах эрх, хууль ёсны ашиг сонирхол нэхэмжлэгч А.М-т үүссэн байна.  

17. Маргаан бүхий газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтээс үзэхэд гуравдагч этгээд Г.Ж нь 700 мкв газар эзэмших эрхтэй атлаа бодит байдалд 870 мкв газар эзэмшиж байгаа, газар хэтрүүлэн эзэмшсэн шалтгаан тодорхойгүй, нэхэмжлэгч И.А-н тухайд эзэмшил газрын хэмжээ 700 мкв хэмжээтэй атал мэдээллийн санд бүртгэгдсэн Г.Ж-н кадастрын зураг нь И.А-н бодитоор эзэмшиж байгаа газартай 213 мкв, А.Г-н эзэмшил газартай 22 мкв тус тус давхцал үүсгэхээр бүртгэгдсэн байгаа нь уг нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байхад давж заалдах шатны шүүхээс “нэхэмжлэгч тус бүрийн эрх хэрхэн зөрчигдсөн талаар тодруулах шаардлагатай” гэж хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь буруу байна.

18. Өмчийн харилцааны газрын 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 4/84 дүгээр албан бичигт “...Ж-н өмчийн газар дээрх байшин бодит байдал дээр байгаа байршлаас хойш 6 метрийн зайтайгаар мэдээллийн санд бүртгэгдсэн, газрын хойд талын эргэлтийн цэгүүдийг уг гудамжны байршлыг бүхэлд нь урагш шилжүүлсэн хэмжээгээр өөрчлөөгүй” гэж, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1/1045 дугаар албан бичигт “...Г.Ж-н эзэмшиж байгаа газрын мэдээллийн сангийн зурган мэдээлэл нь эзэмшиж буй газартай байршлын хувьд тохирохгүй байгаа” гэснээс үзэхэд нэхэмжлэгч нарын эзэмшил газрын хил хязгаарыг мэдээллийн санд зөрүүтэй оруулсан болох нь тогтоогдсон, гуравдагч этгээдийн “гудамжийг бүхэлд нь урагш шилжүүлээгүй” тухай тайлбар няцаагдаж байхад давж заалдах шатны шүүх эдгээр нотлох баримтыг үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй атлаа хэргийг буцааж шийдвэрлэсэн нь мөн буруу болжээ.

19. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс газрын байршлыг урагш шилжүүлэн өөрчлөхөөс татгалзсан үндэслэлээ “замтай тулчихсан байгаа, Гачууртад хүн ам ихсэж байгаа тул газрыг өргөтгөж, дахин төлөвлөгөөнд оруулсан тохиолдолд өртөх магадлалтай” гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, бодит байдалд нийцээгүй, ирээдүйд болох эсэх нь тодорхойгүй асуудлаар маргаж байгаагаас гадна нэхэмжлэгч нараас “газар урагш шилжүүлэхэд замаас 5 метрийн зайтай” гэж тайлбарлажээ.  

20. Хариуцагчийн “нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн газар давхцалгүй тул нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй” тухай тайлбар хууль зүйн үндэслэлгүй, гуравдагч этгээдийн 700 мкв газар эзэмших эрхийг үгүйсгээгүй, харин газрын байршлын талаар буюу “эзэмшил газрын бодит байдал, хилийн цэг нь мэдээллийн сангийн бүртгэлтэй тохироогүй” тухай маргасан байхад зөрүүтэй  тайлбар гаргасан, мэдээллийн сангийн газрын цэг, координат тодорхойлсон бүртгэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, захиргааны байгууллага газрын байршлыг зөвтгөн тодорхойлж, холбогдох бүртгэлийг хуульд нийцүүлэн бүртгэх үүрэгтэй.

21. Маргаан бүхий газартай хил залгаа 35 кв-ын хүчин чадалтай, “Гацуурт” цахилгаан дамжуулах агаарын шугам байгаа болох нь  хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, шугам байгаа эсэх талаар хэргийн оролцогчид маргаагүй байна. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан “маргаан бүхий газар 4 метр урагш шилжсэн” эсэх талаар нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулж, бодит байдалд газар урагш шилжсэн үйл баримт тогтоогдсон буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд “өндөр хүчдэлийн шугамнаас болоод хашааг урагш татаж барьсан асуудал байгаа, энэ асуудлаар тодорхой шийдвэр гараагүй” гэж тайлбарласан байна. Ийнхүү захиргааны байгууллагаас газар урагш шилжүүлсэнтэй холбогдуулан бичгээр шийдвэр гараагүй боловч газар урагш шилжсэн үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан байхад давж заалдах шатны шүүхээс “захиргааны байгууллагаас ямар нэгэн шийдвэр гаргаж байсан эсэх, үнэхээр газрыг шилжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааг захиргааны байгууллага зохион байгуулж, оролцсон эсэх талаар нотлох баримт цуглуулаагүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, дахин цуглуулах нотлох баримт байхгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт нийцэхгүй.

22. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “мэдээллийн сангийн бүртгэлийг газар сунгуулах хүсэлт гаргахдаа нэхэмжлэгч мэдсэн байх боломжтой, гомдол гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй, нэхэмжлэгч нарын тухайд газрын хил байршлыг мэдээллийн санд өөрөөр бүртгэсэн талаар иргэний шүүхэд хариуцагчаар оролцох үедээ мэдсэн талаар тайлбарласан бөгөөд газрын кадастрын зурагт илэрхийлэгдэх өгөгдлүүд, өргөрөг, уртрагийн өнцөг, цэг солбицлыг мэргэжлийн бус этгээдээс, энгийн ойлголтоор таньж мэдэх бололцоогүй, захиргааны байгууллагын маргаан бүхий газар дээр биечлэн очиж, цэг тэмдэглээ хийгээгүй эс үйлдэхүй тогтоогдсон тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

23. Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны захирагчийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 157 дугаар албан бичигт “өндөр хүчдэлийн шугамтай хэт ойртон газар авч буусантай холбогдуулан газар зохион байгуулагчийн шийдвэрээр И.А, А.Г, А.Г нарын 700 мкв газраас 5 метр газрыг хасч, өөрчлөлт оруулсан нь үнэн болно” гэжээ. Энэхүү албан бичгийг үндэслэн гуравдагч этгээдээс “Баяндөхөмийн 24 дүгээр гудамжийг бүхэлд нь урагш шилжүүлэх биш, зөвхөн нэхэмжлэгч нарын газраас тус бүр 5 метр газрыг хассан байхад маргааны үйл баримтыг нягтлан ойлгоогүй, хийсвэр дүгнэлт хийсэн” гэж маргаж байгаа нь хуульд нийцээгүй, хэргийн бусад баримт нотлох баримтаар үгүйсгэгдэж байна. Учир нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь хэсэгт зааснаар Гачуурт тосгоны захирагч болон газар зохион байгуулагч нарт бусдын эзэмшиж байгаа газрын хэмжээг хасах шийдвэр гаргах эрх хуулиар олгогдоогүй тул дээрх албан бичиг нь нотолгооны ач холбогдолгүй, түүнчлэн дээр дурдснаар захиргааны байгууллага “өндөр хүчдэлийн шугамаас шалтгаалан нэхэмжлэгч нарын эзэмшил газрын байршлыг урагш шилжүүлсэн” үйл баримттай маргаагүй, хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч нараас шаардсан газрын байршил “урагш шилжүүлэх” шаардлагыг мөн адил гуравдагч этгээдээс шаардах нь хүн бүр хуулийн өмнө адил, тэгш байх зарчимд нийцнэ.

Шүүхийн шийдвэр биелүүлэх арга, журамын талаар

24. Анхан шатны шүүхийн “нэхэмжлэгч нарт эзэмшүүлсэн газрын байршлыг тодорхой болгон мэдээллийн санд бүртгэсний дараа Г.Ж-д шилжүүлсэн газрын мэдээллийг бүртгэх нь хуульд нийцэх, ийнхүү бүртгэх эрх нь Газрын албанд байгаа” тухай дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

25. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.5 дахь хэсэгт зааснаар газар эзэмшүүлэх тухай Засаг даргын шийдвэрийг үндэслэн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд олгогдсон газрын нэгж талбарын дугаар, хэмжээ, байршлыг тэмдэглэх ажиллагаа нь хооронд нь салгаж үл болох захиргааны байгууллагын шат дараатай хийгдэх үйл ажиллагаа бөгөөд мэдээллийн сан болон бодит байдал дахь газрын хил, байршил зөрүүтэй байгаатай холбогдуулан гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн  Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 553 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/414 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин бүртгэл хийх хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт нийцсэн байна.

26. Дээрх захирамжууд түдгэлзснээр гуравдагч этгээдийн 700 мкв газар эзэмших эрх үгүйсгэгдэхгүй, харин зөвхөн газрын байршил өөрчлөгдөх үр дагавар үүсгэх ба захиргааны байгууллагаас хэргийн нөхцөл байдлыг тодруулах хүрээнд “газар дээрх бодит цэг, байршил болон мэдээллийн сангийн бүртгэлийн зөрүүг арилгах, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эзэмшил газрын хил хязгаарыг хуульд нийцүүлэн газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг шинээр үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх” замаар дахин шинэ акт гаргаж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.

27. Эдгээр үндэслэлүүдээр магадлалыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2018/0214 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0068 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ  

ШҮҮГЧ                                                                                         П.СОЁЛ-ЭРДЭНЭ