Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2022/ДШМ/332

 

   Ч.Х-, Б.Э- нарт холбогдох

           эрүүгийн хэргийн тухай   

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Лхагвасүрэн,

шүүгдэгч Ч.Х-, түүний өмгөөлөгч Ц.Амар,

шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/132 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Ч.Х-ын өмгөөлөгч Ц.Амарын гаргасан давж заалдах гомдлоор Ч.Х-, Б.Э- нарт холбогдох эрүүгийн 2008030730279 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Ч.Х-, 1978 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй,

            -  Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

            - Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

            2. Б.Э-, 1983 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хамтран амьдрагч, хүүхдүүдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 2 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн,

  Шүүгдэгч Б.Э- нь 2019 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Старгаз” ХХК-ийн агуулахад нийт 286 кг ховор ургамал Дэрвэгэр жиргэрүүг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор хадгалсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр “Старгаз” ХХК-ийн агуулахад хадгалсан нийт 286 кг ховор ургамал Дэрвэгэр жиргэрүү ургамлаас 202 кг 275 гр-ыг 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор буюу Замын-Үүдийн хилээр гаргаж, худалдаалах, ашиг олох зорилгоор Улаанбаатар хотоос Дундговь аймгийн Сайханцагаан сумын 7 дугаар баг хүртэл замын унаа болох С.О- жолоочтой *** улсын дугаартай, мөнгөлөг өнгийн “Toyota Estima” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн,

мөн үргэлжилсэн үйлдлээр шүүгдэгч Ч.Х-тай бүлэглэн, Дундговь аймагт хураалгасан байсан 202 кг 275 гр ховор ургамал Дэрвэгэр жиргэрүү ургамлыг хүлээн авч, зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор буюу Замын-Үүдийн хилээр гаргаж, худалдаалах, ашиг олох зорилгоор 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр *** улсын дугаартай, “Hyundai Starex” загварын тээврийн хэрэгслээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт Оюутолгойн зам дээр тээвэрлэсэн,

мөн үргэлжилсэн үйлдлээр Өмнөговь аймагт хураалгасан байсан 202 кг 275 гр ховор ургамал Дэрвэгэр жиргэрүү ургамлыг хүлээн авч, Улаанбаатар хотод тээвэрлэн авч ирсэн, 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл ***  тоотод Ч.Х-ын хашаанд *** улсын дугаартай, “Hyundai Starex” загварын тээврийн хэрэгсэлд зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор 202кг 275 гр Дэрвэгэр жиргэрүү ургамлыг Ч.Х-ын хадгалсан 124,6 кг Дэрвэгэр жиргэрүү ургамалтай нийлүүлэн хадгалсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 2 дугаар сард Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст урьд “Старгаз” ХХК-ийн агуулахаас хураалгасан байсан 84 кг ховор ургамал Дэрвэгэр жиргэрүү ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор буюу ашиг олох зорилгоор бусдад зарж борлуулсан,

Ч.Х- нь Б.Э-тай бүлэглэн Дундговь аймагт хураалгасан байсан 202 кг 275 гр ховор ургамал Дэрвэгэр жиргэрүү ургамлыг хүлээн авч цааш зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор буюу Замын-Үүдийн хилээр гаргаж, худалдаалах, ашиг олох зорилгоор 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр *** улсын дугаартай, “Hyundai Starex” загварын тээврийн хэрэгслээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр Оюутолгойн зам дээр хууль бусаар тээвэрлэсэн,

мөн үргэлжилсэн үйлдлээр Өмнөговь аймагт хураалгасан байсан Б.Э-гийн 202 кг 275 гр ховор ургамал Дэрвэгэр жиргэрүү ургамлыг хүлээн авч, Улаанбаатар хотод тээвэрлэн ирж, өөрийн нас барсан дүүгийн гэрт байсан 124,6 кг нэн ховор Дэрвэгэр жиргэрүү ургамлыг нийлүүлэн зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор хадгалсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

             Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ч.Х-, Б.Э- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Э-г үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ч.Х-ыг үргэлжилсэн үйлдлээр, бусадтай бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус баримтлан тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх үүргийг 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Ч.Х-ыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх үүргийг 1 жилийн хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, Цагдаагийн Ерөнхий газрын Хяналтын үйлчилгээний төвд хадгалагдаж байгаа нийт 22 шуудай 326,9 кг байгалийн ховор ургамал Дэрвэгэр жиргэрүүг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гаргуулж, хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсгийн 3, Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3-д зааснаар шүүгдэгч Б.Э-гаас 71.500.000 төгрөгийг, шүүгдэгч Ч.Х-аас 31.150.000 төгрөгийг тус тус гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх заалтад зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 3.800.000 төгрөгийг шүүгдэгч Б.Э-гаас гаргуулж улсын орлогод оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Х-ын өмгөөлөгч Ц.Амар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолын дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Х- нь Э-гийн гуйлтаар 2020 оны 9 дүгээр сарын 23-наас 25-ны өдрийг хүртэлх хугацаанд 202 кг 275 гр ховор ургамал Дэрвэгэр жиргэрүүг 47-18 УНҮ улсын дугаартай, Hyundai Starexзагварын тээврийн хэрэгслээр Дундговь аймгаас Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр хүртэл, Өмнөговь аймгаас Улаанбаатар хот хүртэл тээвэрлэсэн гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Шүүхээс гэмт хэргийн обьектив талын шинжийг тогтоосон боловч субьектив талын шинжийг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна. Дээрх үйлдлийн хувьд гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй. Хавтаст хэрэгт Баянгол дүүргийн прокурорын газрын 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 2939 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоол авагдсан. Төрийн эрх бүхий байгууллагаас хэргийг шалгаад гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэрэг бүртгэлтийн хэрэг хаасан байтал Х- нь Э-гийн үйлдлийг хууль ёсны эсхүл хууль бус гэдгийг мэдэх ямар ч боломжгүй. /Хэрвээ Х- гэм буруутай гэж үзэж байгаа бол Дундговь, Өмнөговь аймгийн цагдаагийн байгууллагын зүгээс ч 202 кг 275 гр ховор ургамал “Дэрвэгэр жиргэрүү”-г Э-д хүлээлгэж өгч байгаа үйлдлийг хэрхэн дүгнэх нь ойлгомжгүй юм. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Х-ыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг тээвэрлэсэн” гэж гэм буруутайд тооцсон хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсгийн 3, Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3-д зааснаар ... шүүгдэгч Ч.Х-аас 31.150.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ. Х- нь хадам дүү болох талийгаач Т-ын гэрээс олдсон шуудайтай ургамал /Дэрвэгэр жиргэрүү/-г 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл ***  тоот өөрийн хашаанд байрлах амбаарт хадгалсан үйл баримт тогтоогддог. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй буюу хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг. Гэмт хэргийн обьектив талын үндсэн шинжид үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, шалтгаант холбоо гэсэн 3 ойлголт хамаарах бөгөөд Монгол Улсын эрүүгийн эрх зүй, онолд шууд шалтгаан холбооны /обьектив хамааруулах/ онолыг баримталдаг нь нэгэнт тогтсон ойлголт. Энэ талаар Улсын Дээд шүүхээс 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 268 дугаартай тогтоолоор тайлбарласан. Х-ын талийгаач хадам дүүгийн гэрт байсан ургамлыг гэртээ хадгалсан үйлдэл нь байгаль орчинд хохирол учруулсан үйлдэл гэж үзэх боломжгүй, Байгал орчныг хамгаалах тухай хуулийн 2 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт үйлдэл болон нөхцөлийг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна. Олон улсын эрүүгийн эрх зүйн нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн зарчим болох nullum crimen sine lege, nulla poena sine lege зарчим болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэсэн хууль ёсны зарчмыг шүүх хэргийг шийдвэрлэхдээ баримтлаагүй. Шүүхээс хохирол учруулсан гэдэгт ямар үйлдлийг ойлгох, ямар үйлдлийг улмаас хохирол учрах боломжтой, үйлдэл-хор уршгийн шалтгаант холбоог тогтоох зэргийг дүгнээгүй, “... нийтлэг байдлаар хуульчилсан...” гэж дүгнэсэн нь дээр дурдсан зарчмыг баримтлаагүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтаас шүүгдэгч Х-т холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

3. Тус хэрэгт өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн Прокурорын газарт 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гомдол гаргасан болно. Гэвч уг гомдлыг хянан үзэлгүйгээр, 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдөр яллах дүгнэлтийг яллагдагчид гардуулсан. Мөн өмгөөлөгчийн зүгээс гаргасан гомдлыг яллах дүгнэлт гардуулсны дараа гаргасан гомдол гэж илтэд хууль зөрчсөн хариуг шүүхэд ирүүлсэн байсан.

Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчих үндэслэлд хамаарахгүй ч оролцогчийн эрхийг зөрчсөн зөрчил мөн болохыг хянаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ч.Х- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Шүүгдэгч Б.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би Дорнод аймгаас 290 орчим кг ургамлыг авч ирсэн. Анх ургамлыг авч ирээд шалгахад ургамал авсан хүнтэйгээ холбогдсон. Компанийнхаа бүх бичиг баримтыг авч ирж шалгуулсан. Би албан ёсны зөвшөөрөлтэй, татвараа төлсөн гэж хэлсэн. Баянгол дүүргийн прокурорын газраас хянасан. Буцааж надад тогтоол гардуулсан. Түүний дагуу явж Дундговь аймгаас ургамлыг тээвэрлэсэн байдаг. Намайг албан ёсны зөвшөөрөлтэй байхад сүүлд нь дахин прокурорын тогтоолыг цуцалсанд гомдолтой байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.Э-гийн өмгөөлөгч Б.Балжидмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. “Ц” ХХК нь 2 тонн дэрвэгэр жиргэрүү ургамлыг бэлтгэх зөвшөөрлийн дагуу бэлтгэсэн. Ингэж бэлтгэхдээ тодорхой хэмжээг тасалж Э-д өгсөн болох нь хавтас хэрэгт авагдсан эхний удаа өгсөн гэрчийн мэдүүлгээр тогтоогддог. Энэ гэрчийн мэдүүлгийн дагуу Э- нь зохих зөвшөөрөлтэй гэж ойлгож, тээвэрлэсэн, хадгалсан үйлдэл байсан. Үүнийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас хааж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс дүгнэхдээ зохих зөвшөөрөлтэй болгохын тулд гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хуульд зааснаас өөр зорилгоор болон зохих зөвшөөрөлгүйгээр гэж гэмт хэргийн шинжийг хоёулангаар нь дүгнэсэн. Зохих зөвшөөрөлгүй бол биш. Ургамал нь компанийн зөвшөөрөлтэй байсан. Хуульд зааснаас өөр зорилгоор гэдгийг хэрхэн ойлгох талаар анхан шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Хуульд зааснаас өөр зорилгоор Дэрвэгэр жиргэрүү ургамлыг тээвэрлэсэн, хадгалсан гэж Э-г гэм буруутайд тооцсон. Анхан шатны шүүхээс үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна. Хохирол хор уршгийн тухайд анхан шатны шүүхээс шийдвэрлэхдээ Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 13-т байгаль орчинд учирсан хохирлыг хэн нөхөн төлөхийг тодорхой заасан. Өөрөөр хэлбэл, байгалийн баялагийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон үйлдэл, эс үйлдэхүйг хийсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага төлнө гэж заасан. Гэтэл “Ц” ХХК нь зөвшөөрлийн дагуу Дорнод аймгийн нутаг дэвсгэрээс ургамлыг түүсэн. Энэ тусгай зөвшөөрлийн дагуу ургамлыг түүсэн нь байгаль орчинд хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй. Яагаад гэвэл, зохих ёсны зөвшөөрлийг авч ургамлыг түүсэн байдаг. Э- нь хохирлыг төлж барагдуулах хууль зүйн үндэслэлгүй байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11-т байгаль орчинд учруулсан хохирол” гэж байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ гэж заасан. Анхан шатны шүүхээс үүнийг дүгнээгүй байна. Тэгэхээр, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн Э-гийн байгаль орчинд хохирол учруулсан гэх 71.500.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй байна. Шүүгдэгч Х-, Э- нарт ашигтай байдлаар шийдвэрлүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Лхагвасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрдэнэчимэг гэх хүний Замын-Үүд дээр лацдуулж хураалгасан асуудал нь импортоор гаргах зөвшөөрөл нь олгогдох хугацаа нь хойшилсон байдаг. Түүнээс хэрэгтээ холбоотойгоор лацдаж хураасан асуудал байхгүй. Тус хэргийн хаасан тогтоолыг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар гэж шүүгдэгч Э-гийн өмгөөлөгч Балжидмаагийн зүгээс буруу хэлчих шиг боллоо. Энэ нь Баянгол дүүргийн прокурорын газраас хэргийг хаасан тогтоол байдаг. Хэрэг хаасан тогтоол гарснаас хойш Дундговь, Өмнөговь аймагт хураалгасан байсан 202 кг 275 гр Дэрвэгэр жиргэрүү ургамлыг тухайн прокурорын тогтоолыг үзүүлэн эргүүлэн авсан үйлдэл байдаг. Хаасан тогтоолыг үзүүлэн хэдийг л бол хэдийг авч явж болох юм байна гэсэн бодол төрсөн гэж үзэж байгаа. Мөн шүүгдэгч Х-ын 124.6 кг Дэрвэгэр жиргэрүү ургамлыг 202 кг 275 гр мөн ургамалтай нийлүүлж шуудайлж хадгалсан байдаг. Хэргийн газрын үзлэгээр нийтдээ 326.9 кг болсон. Энэ нь 22 шуудай болсон. Мөн шүүгдэгч Х-ын өв залгамжилж авсан гэх 124.6 кг Дэрвэгэр жиргэрүү ургамал нь 8 шуудай буюу Монгол гэрт хадгалагдаж байсан асуудал яригддаг. Үүнийг мэдээгүй гэж одоо болтол тайлбарладаг. Эрүүгийн хэрэг хаасан тогтоол нь Эрдэнэчимэгийн өгсөн мэдүүлэг, Баттөмөр гэх хүн нь иргэний бүртгэлд байдаггүй гэсэн шинээр илэрсэн нөхцөл байдлын үндсэн дээр хэрэгсэхгүй болсон байдаг. Тухайн хадгалсан, тээвэрлэсэн Дэрвэгэр жиргэрүү ургамал нь бүхэлдээ хууль бус байдаг. Яагаад хууль бус гэж үзсэн бэ гэхлээр дээрх Дэрвэгэр жиргэрүү ургамлыг хуульд зааснаар хувь хүн, иргэнд огт олгодоггүй байгаа. Зөвхөн аж ахуй нэгжид олгодог. Аж ахуй нэгжид олгохдоо Дэрвэгэр жиргэрүү ургамлыг үржүүлэх, тариалах зорилгоор буюу нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газарт тусгай зөвшөөрлийг олгодог. Тухайн тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа байгууллага нь “Ц” ХХК байгаа. Тухайн хэрэгт шүүгдэгч Х-ын өмгөөлөгч Амарын зүгээс байгаль орчинд ямар хохирол учирсан юм бэ гэсэн асуудлыг ярьсан. Тухайн Дэрвэгэр жиргэрүү ургамал нь Монгол Улсын улаан номонд 2013 онд орсон. Устаж болзошгүй ургамлын тоонд орсон. Энэхүү ургамлыг 22 шуудайгаар нь буюу 326.9 кг хадгалсан, тээвэрлэсэн нь зүй бус гэж тухайн хэргийг шалгасан. Тээвэрлэсэн гэмт хэргийн шинж байхгүй. Субъектив талын шинж байхгүй байна гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс тайлбар хэлсэн. Яагаад субъектив талын шинж байгаа гэж үзсэн бэ гэхээр тухайн хэргийг хаасан тогтоол хүчин төгөлдөр сэргээгүй байхад өөрт байсан 124.6 кг-ыг нэмж нэгтгэж, шуудайг нь нэг болгож, хэргийг хаасан тогтоолыг барьж явж байгаа үйлдэл нь өөрөө субъектив санаатай байна. Нийлүүлж, худалдан борлуулах зорилготой байна гэж субъектив санааг тогтоосон. Нас барсан дүүгийнхээ гэрт байсан ургамлыг амбаарт авч хадгалсан нь гэмт хэргийн шинжгүй гэсэн тайлбар хэлдэг. Мөн Улсын Дээд шүүхийн тогтоолыг иш татаж өмгөөлөгчийн зүгээс тайлбарласан. Дээрх Улсын Дээд шүүхийн тогтоолыг би судалж үзсэн. Хэрэг болгон өөрийн гэсэн онцлогтой. Хэрэг болгон өөрийн үйл баримттай. Тухайн үйл баримттай хэргээс шал өөр төрлийн хэрэг байгаа. Үүнийг иш татаж ярьж байгаа нь шүүхэд нөлөөлөх гэж үзэж байгаа оролдлого гэж миний зүгээс үзэж байна. Гэмт хэрэг ингэж шийдвэрлэгдсэн учраас энэ гэмт хэрэг ийм гэдэг байдлаар дүгнэхгүй. Яагаад гэвэл 124.6 кг Дэрвэгэр жиргэрүү ургамал нь 8-9 шуудай байгаа. Монгол гэрт нас барсан дүү нь амьдардаг байсан. Энэхүү ургамлыг огт мэдэхгүй байж амбаарт хадгалсан гэдэг нь үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Э-гийн зүгээс тухайн Дэрвэгэр жиргэрүү ургамлыг хаанаас олж авсан бэ гэсэн асуудал яригдахад “Ц” ХХК-ийн захирал Эрдэнэчимэгийн өгсөн мэдүүлэг байдаг. “...Б.Э- шалгагдаад хэцүү байна гэхээр нь тухайн хүнийг өрөвдөөд худал мэдүүлэг өгч байсан. ...” гэсэн агуулгатай мэдүүлэг өгсөн байдаг. Нийт 268 кг Дэрвэгэр жиргэрүү ургамлыг хадгалснаас 84 кг худалдан борлуулсан байдаг. Мөн шүүгдэгч Х-ын 124.6 кг Дэрвэгэр жиргэрүү ургамлыг 202 кг 275 гр-ыг Дэрвэгэр жиргэрүү ургамалтай нийлүүлж шуудайлж хадгалсан байдаг. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын ял шийтгэлийг маш уян хатан оногдуулсан. Шүүгдэгч нарт зорчих эрхийг хязгаарлах арга хэмжээ авч шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зөрчсөн зүйлгүй, үндэслэлтэй шийдвэр гарсан. Хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэсэн давж заалдах гомдлыг шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс дурдсан. Хэргийн оролцогч гомдол, хүсэлтийг аль ч шатанд гаргах эрхтэй. Прокуророос яллах дүгнэлт үйлдсэн. Прокурорын яллах дүгнэлт нь өөрөө эцсийн шийдвэр биш. Яллах дүгнэлт үйлдсэнээс хойш гомдол хүсэлтийг шүүхийн шатанд хэлэлцэх боломжтой байдаг. Ийм учраас яллах дүгнэлтийг гардуулснаас хойш гаргасан гомдол хүсэлтийг шүүхийн шатанд хэлэлцэнэ гэж үзэж байгаа. Дээрх гомдол хүсэлтийг утга нь юу бэ гэхлээр өнөөдрийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэж буй гэм буруугийн асуудал дээр субъектив талын шинж байхгүй байна. Шүүгдэгч Х-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн хүсэлтийг прокурорын шатанд анх гаргасан. Тухайн хүсэлтийг шүүхийн шатанд гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэсэн байдлаар татгалзаж шийдвэрлэж байсан. Шүүхийн шатанд субъектив талын шинж байгаа эсэхийг анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан зүйл байхгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Б.Э-г “2019 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Старгаз” ХХК-ийн агуулахад нийт 286 кг ховор ургамал Дэрвэгэр жиргэрүүг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор хадгалсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр “Старгаз” ХХК-ийн агуулахад хадгалсан нийт 286 кг ховор ургамал Дэрвэгэр жиргэрүү ургамлаас 202 кг 275 гр-ыг 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор буюу Замын-Үүдийн хилээр гаргаж, худалдаалах, ашиг олох зорилгоор Улаанбаатар хотоос Дундговь аймгийн Сайханцагаан сумын 7 дугаар баг хүртэл замын унаа болох С.О- жолоочтой *** улсын дугаартай, мөнгөлөг өнгийн “Toyota Estima” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн,

мөн үргэлжилсэн үйлдлээр шүүгдэгч Ч.Х-тай бүлэглэн, Дундговь аймагт хураалгасан байсан 202 кг 275 гр ховор ургамал Дэрвэгэр жиргэрүү ургамлыг хүлээн авч, зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор буюу Замын-Үүдийн хилээр гаргаж, худалдаалах, ашиг олох зорилгоор 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр *** улсын дугаартай, “Hyundai Starex” загварын тээврийн хэрэгслээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт Оюутолгойн зам дээр тээвэрлэсэн,

мөн үргэлжилсэн үйлдлээр Өмнөговь аймагт хураалгасан байсан 202 кг 275 гр ховор ургамал Дэрвэгэр жиргэрүү ургамлыг хүлээн авч, Улаанбаатар хотод тээвэрлэн авч ирсэн, 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл ***  тоотод Ч.Х-ын хашаанд *** улсын дугаартай, “Hyundai Starex” загварын тээврийн хэрэгсэлд зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор 202кг 275 гр Дэрвэгэр жиргэрүү ургамлыг Ч.Х-ын хадгалсан 124,6 кг Дэрвэгэр жиргэрүү ургамалтай нийлүүлэн хадгалсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 2 дугаар сард Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст урьд “Старгаз” ХХК-ийн агуулахаас хураалгасан байсан 84 кг ховор ургамал Дэрвэгэр жиргэрүү ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор буюу ашиг олох зорилгоор бусдад зарж борлуулсан” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Ч.Х-ыг “Б.Э-тай бүлэглэн Дундговь аймагт хураалгасан байсан 202 кг 275 гр ховор ургамал Дэрвэгэр жиргэрүү ургамлыг хүлээн авч цааш зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор буюу Замын-Үүдийн хилээр гаргаж, худалдаалах, ашиг олох зорилгоор 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр *** улсын дугаартай, “Hyundai Starex” загварын тээврийн хэрэгслээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр Оюутолгойн зам дээр хууль бусаар тээвэрлэсэн,

мөн үргэлжилсэн үйлдлээр Өмнөговь аймагт хураалгасан байсан Б.Э-гийн 202 кг 275 гр ховор ургамал Дэрвэгэр жиргэрүү ургамлыг хүлээн авч, Улаанбаатар хотод тээвэрлэн ирж, өөрийн нас барсан дүүгийн гэрт байсан 124,6 кг нэн ховор Дэрвэгэр жиргэрүү ургамлыг нийлүүлэн зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор хадгалсан” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Б.Э-, Ч.Х- нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон тухайн зүйл, хэсэгт зааснаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх үүргийг Б.Э-д 1 жил 5 сарын хугацаагаар, Ч.Х-т 1 жилийн хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, уг ялыг биелүүлээгүйгээс үүдэн гарах хууль зүйн үр дагаврыг сануулж, хариуцан арилгавал зохих хохирлын хэмжээг тус тус тогтоож, хураан авсан эд мөрийн баримтыг хэрхэх асуудлыг шийдвэрлэжээ.

Гэвч дээрх байдлаар шийдвэрлэхдээ, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Б.Э-г үргэлжилсэн үйлдлээр зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг худалдсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулгыг тусгаагүй, энэхүү хэргийн нөхцөл байдалд огт хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4 дэх заалтуудын шаардлагад нийцээгүй байна.

Түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай нийцэж, тохирсноор Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргүүд нь байгалийн тэнцэл алдагдах, үндэсний аюулгүй байдал, хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд бодит аюул учруулж байдаг, нийгэмд аюултай, өргөн тархсан хууль бус үйлдлүүдийн нийлбэр бөгөөд энэхүү гэмт явдлын бүрэлдэхүүнд байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг багтдаг.

Байгалийн нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор их хэмжээгээр түүх, бэлтгэх, худалдах, худалдан авах, хадгалах, тээвэрлэх, боловсруулах үйлдлүүд нь эцсийн дүндээ байгаль орчны нөхөн төлжих чадавхыг бууруулж доройтуулах, байгалийн нөөц баялгийг хомсдуулах, экологийн тогтолцоог алдагдуулах сөрөг үр дагавартай.

“Дэрвэгэр жиргэрүү” хэмээх ургамал нь Монгол улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны 153 дугаар тогтоолд орсон ховор ургамлын ангилалд хамаарах бөгөөд модлог үндэс нь хөрсний чийгийг барьж, бусад ургамалд усан тэжээл өгч экосистемийн тэнцвэрийг хадгалж, цөлжилтөөс сэргийлэх үр нөлөөтэй.

Хэргийн газарт үзлэг хийх явцад *** улсын дугаартай, “Hyundai Starex” загварын тээврийн хэрэгсэл дотроос нийт 22 шуудай, 326.9 кг жин бүхий дээрх ургамлыг хураан авсан байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр зохицуулсан.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Х-, Б.Э- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн үр дагаврын талаар огт дүгнэлт хийлгүй орхигдуулж, зөвхөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдэл оролцоо, хувийн байдал, нөхөн төлбөл зохих хохирлын хэмжээ зэргийг харгалзан үзсэн мэтээр дүгнээд тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрлүүдээс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон доод хэмжээнд оногдуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцэхгүй.

            Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль ёсны болон шударга ёсны зарчмыг чанд баримталж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюул, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харьцуулан үнэлж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн төрөл, хэмжээний ялыг сонгон оногдуулах талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх учиртай.

Нөгөөтэйгүүр, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага нь хэрэг, маргаантай холбоотойгоор шүүх хуулийг эрэмбэ, цаг хугацаа, дарааллын хувьд зөв хэрэглэсэн байх явдал юм.

            Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталж, мөн оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдөж буй Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрлийг зааснаас гадна, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн зарим хэсэгт Өршөөл үзүүлэх тухай хуулийг хязгаартай хэрэглэхээр хуульчилсан.

            Тодруулбал, энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ... 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ... Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх /Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйл/, ... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж тусгайлан зохицуулсан бөгөөд үүнд шүүгдэгч Ч.Х-, Б.Э- нарын холбогдсон гэмт хэрэг багтсан байхад шүүх энэ хуулийг алгасаж хэрэглээгүй байна.

            Өршөөл үзүүлэх нь Эрүүгийн хуулийн энэрэнгүй ёсны зарчмын биелэлт түүний хэрэгжүүлж буй төрийн үйл ажиллагааны бодит илрэл бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээд болон ял эдэлж байгаа ялтнуудын үйлдсэн гэмт хэргийн эрх зүйн үр дагаврыг хүчингүй болгож эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахаар Улсын Их хурлаас хууль тогтоох замаар хэрэгжүүлдэг онцгой үйл ажиллагаа болохыг анхаарах нь зүйтэй.

            Иймээс дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, Ч.Х-, Б.Э- нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч Ч.Х-, Б.Э- нарын хувийн байдлыг харгалзан тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх хүртэл тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ч.Х-ын өмгөөлөгч Ц.Амарын гэмт хэргийн шалтгаант холбоо, хууль хэрэглээ, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны асуудлаар гаргасан давж заалдах гомдолд энэ удаад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/132 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ч.Х-, Б.Э- нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл Ч.Х-, Б.Э- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН