Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 166

 

Ч.Х-, Б.Э- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Ч.Х-ын өмгөөлөгч Ц.Амар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 770 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 819 дүгээр магадлалтай, Ч.Х-, Б.Э- нарт холбогдох 2008030730279 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ч.Х-ын өмгөөлөгч Ц.Амарын гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хамтран амьдрагч, хүүхдүүдийн хамт ****оршин суух хаягтай, урьд

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 2 хоногийн баривчлах ял шийтгүүлсэн, А овогт Б-ийн Э- (РД: ***),

Монгол Улсын иргэн, 1978 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ***тоотод оршин суух хаягтай, урьд

Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 10 хоногийн ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 187 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Б овогт Ч-ын Х- (РД: ***),

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 770 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч А овогт Б-ийн Э-г үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн, зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Ч-ын Х-ыг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн, зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн    24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-г 2 жил 5 сарын хорих ял, шүүгдэгч Ч.Х-ыг 1 жил 6 сарын хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 2 жил 5 сарын хорих ялыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газраас явахыг хориглох буюу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх 2 жил, 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Ч.Х-т оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газраас явахыг хориглох буюу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх 1 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-гийн цагдан хоригдсон 8 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, эдлэх ялаас хасаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн Ерөнхий газрын Хяналтын үйлчилгээний төвд хадгалагдаж байгаа 22 шуудай, нийт 326.9 кг байгалийн ховор ургамал “Дэрэвгэр жиргэрүү”-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-гаас 13.600.000 төгрөгийг, шүүгдэгч Ч.Х-аас 3.230.000 төгрөгийг тус тус гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 3.800.000 төгрөгийг шүүгдэгч Б.Э-гаас гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

 

            Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 819 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 770 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтын “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-гаас 13.600.000 төгрөгийг, шүүгдэгч Ч.Х-аас 3.230.000 төгрөгийг тус тус гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай” гэснийг “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.4 дэх хэсгийн 3-т заасныг тус тус баримтлан Б.Э-гаас 70.800.000 төгрөг, Ч.Х-аас 28.150.000 төгрөг тус тус гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай" гэж өөрчилж шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгч Ч.Х-ын өмгөөлөгч Ц.Амар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс хүлээн зөвшөөрч магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 7 дахь заалтаар Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х-аас 3.230.000 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэсэн. Гэвч давж заалдах шатны шүүхээс уг заалтад өөрчлөлт оруулж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.4 дэх хэсгийн 3-т заасныг тус тус баримтлан Ч.Х-аас 28.150.000 төгрөг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд орлуулахаар өөрчлөлт оруулсан буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг өөрөөр тогтоож, зөрүүтэй хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг “зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол” гэж хуульчилсан. Дээрх гэмт хэргийн шинжээс үзвэл ...түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан ... үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байна. Мөн эрүүгийн эрх зүйн онол, зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2, 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар гэмт үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршгийн хооронд шууд шалтгаан холбоо байх нь хууль зүйн хувьд нэгэнт тогтсон ойлголт юм.

Монгол Улсын дээд шүүх энэ талаар “... Аливаа юмс үзэгдэл, үйл явц нь тодорхой шалтгааны үр дүнд бий болдог бөгөөд уг ойлголт нь гэмт хэргийн шалтгаант холбоог тодорхойлох болон Эрүүгийн хуулийн тодорхой хэм хэмжээг хэрэглэхэд ч ач холбогдолтой юм.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг шууд учирсан, тийм хор уршиг учрах бодит боломж бүрдүүлсэн бол шалтгаант холбоотой гэж үздэг ба гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь тухайн тохиолдолд үүссэн хэргийн нөхцөл байдал, өөрийн үйл явцаар, гадны ямар нэг нөлөөгүйгээр тэр хор уршгийг бодитойгоор учруулсан, түүнд шууд хүргэсэн байх учиртай.

Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн хор уршиг нь зөвхөн тухайн этгээдийн гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас, чухамхүү түүний шууд үйлчлэлээр зайлшгүй үр дагавар нь болж учирсан байх нь гэмт хэргийн шалтгаант холбооны үндсэн шинж бөгөөд тухайн хор уршиг нь бусад хүмүүсийн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой учирсан бол шалтгаант холбоо үгүйсгэгддэг билээ.

Гэмт үйлдэл, эс үйлдэхүй болон түүний улмаас учирсан хор уршгийн хоорондох шалтгаант холбоог зөв тогтоох нь тухайн этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох, гэмт хэргийг зүйлчлэх, ялын төрөл хэмжээг ялгамжтай сонгох, хохирлын хэмжээ, шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, түүнийг нөхөн төлүүлэх зэрэгт онцгой ач холбогдолтой юм ...” гэж тайлбарласан.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болох Ч.Х- нь нас барсан дүүгийнхээ гэрт байсан 124.6 кг дэрэвгэр жиргэрүү ургамлыг гэртээ хадгалсан, мөн дэрэвгэр жиргэрүү гэх ургамлын тээвэрлэсэн гэх үйлдлийн улмаас байгаль орчинд хохирол учрах боломжгүй, үйлдэл хохирол хоёрын хооронд шалтгаан холбоо тогтоогдохгүй болно.

Түүнчлэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

“байгаль орчинд учруулсан хохирол” гэж байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг;

“байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлөгч” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11 дэх заалтад заасан үйлдэл, эс үйлдэхүйг хийсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтныг гэж заасан.

Улсын дээд шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 357 дугаар тогтоолд “... Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтоож, нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар заасан нь байгаль орчинд хохирол учруулсан гэм буруутай этгээдээр тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээнээс гадна түүнийг нөхөн сэргээж, хамгаалахтай холбоотой гарах зардал буюу хор уршгийг давхар нөхөн төлүүлэх агуулгыг илэрхийлнэ.

Гэвч “Байгаль орчныг хамгаалах тухай хууль’’ болон ховор ургамлыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулсан Байгалийн ургамлын тухай" хуульд ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авсан, тээвэрлэсэн үйлдлийг тухайн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж ургамлын аймагт шууд хохирол учруулсан үйлдэлтэй адилтган үзэх, улмаар тухайн ургамлыг худалдан авсан хүнээс уг ургамлын үнэлгээг өсгөн нэмэгдүүлсэн дүнгээр нөхөн төлүүлэх агуулга бүхий заалт байхгүй болно ...” гэж дурдсан.

Ч.Х-ын гэм буруутайд тооцсон зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаар өөр зорилгоор ховор ургамлыг хадгалсан, тээвэрлэсэн үйлдэл нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11 дэх хэсэгт заасан аль ч үйлдэл хамаарахгүй, түүний үйлдлийн улмаас ургамлын аймагт шууд хохирол учраагүй байхад учирсан мэтээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэсэн нь илтэд хууль зүйн үндэслэлгүй болно.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд “... Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлд зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэсэн тооцохоор хуульчилсан бөгөөд нэгэнт дээрх аргуудыг хэрэглэн хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн бол биечлэн түүсэн эсхүл тээвэрлэсэн эсэхээс үл хамааран экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй ...” гэж тайлбарласан хууль зүйн үндэслэлгүй, эрүүгийн эрх зүйн хууль ёсны зарчмыг илтэд зөрчсөн тайлбар болсон.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг тухай зүйл хэсгийн диспоцизид тодорхойлох болохоос гэмт хэргийн гарчгаар тайлбарлах хууль зүйн үндэслэлгүй. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн диспоцизид нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан байтал давж заалдах шатны шүүхээс хадгалсан, тээвэрлэсэн үйлдлийг түүсэн, бэлтгэсэн гэх үйлдэлтэй адилтган үзэж, төсөөтэй хэрэглэх нь хууль ёсны зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү ...” гэжээ.

Шүүгдэгч Ч.Х-ын өмгөөлөгч Ц.Амар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2, 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар гэмт үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршгийн хооронд шууд шалтгаант холбоо байхыг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй. Миний үйлчлүүлэгч Ч.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хадгалсан, тээвэрлэсэн” гэж үзэж гэм буруутайд тооцсон. Ховор ургамлыг хадгалсан тээвэрлэсэн үйлдлийн улмаас байгаль орчинд хохирол учирсан гэж үзэх шууд шалтгаант холбоо тогтоогдохгүй байна өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Хэргийн үйл баримтаас үзэхэд Ч.Х- нь талийгаач дүүгийнхээ гэрт байсан ургамлыг гэртээ оруулж хадгалсан байгаа юм. Тэгэхээр гэмт хэргийн субьектив санаа зорилго, шалтгаан холбоо байна уу гэдэг талаар давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа анхаарч үзээгүй байна. Мөн дэрэвгэр жиргэрүүтэй холбоотой Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр заалтыг хэрхэн ойлгож хэрэглэх, Ургамлын тухай хуульд заасан өсөн нэмэгдүүлэх заалт байгаа эсэх талаар Улсын дээд шүүх маш тодорхой тайлбарласан. Түүнчлэн “шалтгаант холбоо”-ны талаар Улсын дээд шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 268 дугаар тогтоолоор тайлбарласан байдаг. Давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа анхаарч үзээгүй. Ч.Х-ыг ховор ургамлыг тээвэрлэсэн гэх үйлдэлд гэм буруутайд тооцсон. Хэрэгт авагдсан баримтаар Б.Э- нь тухайн ургамлыг Баянгол дүүргийн Прокурорын газрын хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тогтоолын дагуу хүлээж авсан буюу төрийн эрх бүхий байгууллагаас шалгаад гэмт хэргийн шинжгүй байна гээд хэрэгсэхгүй болгосон үйлдлийг энгийн иргэн болох Ч.Х- гэмт хэрэг үйлдэж байна гэж мэдэх хууль зүйн боломж байхгүй. Иймд өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн магадлалын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад өөрчлөлт оруулсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү ...” гэв.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарыг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн, зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал болох “Дэрэвгэр жиргэрүү” гэх ургамлыг хадгалсан, тээвэрлэсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан төрөл хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан байна. Шүүхээс зүйлчилсэн зүйлчлэл тохирсон. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 57 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь өөрсдийн хууль бус ажиллагааны улмаас байгалийн баялагт учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т зааснаар экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр төлүүлэхээр тогтоосон нь үндэслэлтэй байна. Байгалийн баялгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн, олборлосноос гадна байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулсан байх тул хадгалсан, тээвэрлэсэн байх гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж ойлгож болно. Шүүгдэгч Б.Э- нь цагдаагийн байгууллагаас хурааж авсан 84 кг дэрэвгэр жиргэрүү ургамлыг Баянгол дүүргийн прокуророос хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тогтоолыг үзүүлж буцаан авч, 3.360.000 төгрөгөөр бусдад худалдаж хууль бус орлого олсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар хураан авч улсын орлогод оруулах нь зүйтэй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж бусад заалтыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна ...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Шүүгдэгч Ч.Х-ын өмгөөлөгч Ц.Амарын гаргасан гомдлыг үндэслэн, Б.Э-, Ч.Х- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв. 

2. Шүүгдэгч Ч.Х-ын өмгөөлөгч Ц.Амар хяналтын журмаар гаргасан гомдолдоо “... Ч.Х-ыг ховор ургамлыг тээвэрлэсэн гэх үйлдэлд гэм буруутайд тооцсон. ...Төрийн эрх бүхий байгууллагаас шалгаад “гэмт хэргийн шинжгүй байна” гээд хэрэгсэхгүй болгосон үйлдлийг энгийн иргэн болох Ч.Х- гэмт хэрэг үйлдэж байна гэж мэдэх боломжгүй ...” гэжээ.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт “нөхцөл байдлыг буруугаар төсөөлж, андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн” бол эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохоор хуульчилсан байна.

Гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго, сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг онцлогтой.

Нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэдэгт гэмт этгээд өөрийн үйлдэж буй гэмт хэргийн бодит мөн чанар, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг буруугаар ойлгон төсөөлж үйлдсэнийг ойлгоно.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл шүүдэгч Ч.Х- нь үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн, зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон хоёр шатны шүүхийн хууль зүйн дүгнэлтийг үндэслэлтэйгээр няцаах, үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Тодруулбал, шүүгдэгч Ч.Х- нь тухайн зүйлийг “Дэрэвгэр жиргэрүү” гэж мэдээгүй, мэдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн, эсхүл хуулиар хориглоогүй ямар нэгэн өөр зүйлтэй андуурснаар гэмт хэрэг үйлдэж байгаагаа ухамсарлаагүй гэж үзэх үндэслэлгүй учраас тухайн тохиолдолд “actus non facit reum, nisi mens sit rea” буюу “гэм буруугийн ухамсар байхгүй бол гэм буруутай гэж үзэхгүй” гэсэн нийтлэг зарчим үйлчлэхгүй.      

3. Шүүгдэгч Ч.Х-ын өмгөөлөгч Ц.Амар нь хяналтын журмаар гаргасан гомдолдоо “... үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдохгүй, Ч.Х- нь Дэрэвгэр жиргэрүү гэх ургамлыг гэртээ хадгалсан, ... тээвэрлэсэн гэх үйлдлийн улмаас байгаль орчинд шууд хохирол учраагүй байхад ... давж заалдах шатны шүүхээс ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг нэмэгдүүлж тооцсон нь үндэслэлгүй ...” гэжээ.

3.1. Эрүүгийн эрх зүйн онолын хувьд гэмт хэргийн бүрэлдэхүүнийг түүний обьектив талын шинжийг хэрхэн хуульчилснаас хамаарч хэлбэрийн болон материаллаг бүрэлдэхүүнтэй гэж ангилдаг бөгөөд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн хувьд тухайн гэмт хэргийн улмаас заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг хийснээр гэмт хэрэгт тооцогддог бол материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг нь гэмт этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас заавал хор уршиг учирсан байхыг шаарддагаараа ялгагдана.

Гэмт хэргийн шалтгаант холбоо нь дээрх гэмт хэргийн ангилалтай салшгүй холбоотой бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын заавал байх, зайлшгүй тогтоох шинж нь шалтгаант холбоо мөн боловч хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн хувьд энэ нь хамаарахгүй юм.

Тодруулбал, Ч.Х-, Б.Э- нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэрэг нь обьектив талын шинжид хамаарах “... түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан ...” үйлдлүүдийг хийснээр төгс үйлдэгдсэнд тооцдог хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг тул тухайн ургамлын эх үүсвэрийг заавал тогтоосон байхыг шаардахгүй болно.

3.2. Байгалийн ургамлын тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг төрийн захиргааны төв байгууллага тогтооно” гэж заасан байна.

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “... 5. Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын яамны одоогийн мөрдөж буй экологи-эдийн засгийн үнэлгээгээр Дэрэвгэр жиргэрүү ургамлын 1 кг үндэс 50.000 төгрөг ...” гэсэн дүгнэлт нь (1 дүгээр хавтаст хэргийн 67-68 дахь тал) Байгаль орчин, Ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А-282 дугаар тушаалаар батлагдсан “Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээ”-нд нийцсэн үнэн, зөв дүгнэлт болжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс шийдвэр гаргахдаа 1 кг “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 50.000 төгрөгөөр тогтоож хохиролд тооцсон нь шүүгдэгч нарын хувьд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байна гэж дүгнэв.

Учир нь Байгаль орчин, Аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А\677 дугаартай тушаалаар “Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээ”-г шинэчлэн баталж, уг тушаал гарсантай холбогдуулан Байгаль орчин, Ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А-282 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсон ба шинэчлэн батлагдсан тушаалын хавсралтын 381 дүгээрт “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын хуурай жингийн үнэлгээ 217.100 төгрөг, нойтон жингийн үнэлгээ 112.900 төгрөг байхаар тогтоожээ. Өөрөөр хэлбэл, шинжээчийн дүгнэлт гарах үед буюу  2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Байгаль орчин, Ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А-282 дугаар тушаалаар батлагдсан “Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээ” хүчин төгөлдөр үйлчилж байсан бол 2022 оны 06 дугар сарын 15-ны өдөр буюу шийтгэх тогтоол гарах үед Байгаль орчин, Аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А\677 дугаартай тушаалаар шинэчлэн батлагдсан “Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээ” хүчин төгөлдөр үйлчилж байжээ.

3.3. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалтад “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтоож, нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар заасан нь байгаль орчинд хохирол учруулсан гэм буруутай этгээдээр тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээнээс гадна түүнийг нөхөн сэргээж, хамгаалахтай холбоотой гарах зардал буюу хор уршгийг давхар нөхөн төлүүлэх агуулгыг илэрхийлэх бөгөөд гэмт хэргийн хохирлын талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь үндэслэл бүхий болсон байна.

Учир нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн ... нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх ...”, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11 дэх заалтад “байгаль орчинд учруулсан хохирол” гэж байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон ... байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг” хамааруулахаар хуульчилсан, мөн тус хуулийн 1 дүгээр зүйл, 49 дүгээр зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасан үндэслэл, журмаас үзэхэд байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхэд гэмт үйлдлийн төрөл, хэлбэрээс үл хамааран гагцхүү байгаль орчин, түүний баялгийн төрөл, хэлбэрийг харгалзан нийтлэг байдлаар хуульчлан тогтоосон, энэ нь Байгаль орчныг хамгаалах  тухай хуулийн зорилгын бодит илэрхийлэл болж байгааг тодотгох нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Э- нь өөрөө түүж бэлтгээгүй, харин бусдын зөвшөөрөлтэй түүж бэлтгэсэн ургамлын үндсийг авсан гэж мэдүүлдэг боловч 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хуульд заасан үндэслэл, журмын дагуу Д.Эрдэнэчимэгийн гэрчээр өгсөн 2 дахь мэдүүлэгт “...эгчээ би ургамал авсан юм баригдчихлаа, тус болоод өгөөч гэж олон удаа гуйгаад байхаар нь өрөвдөөд надаас авсан” гэж мэдүүлсэн (3 дугаар хавтаст хэргийн 21-22 дахь тал), мөн шүүгдэгч Б.Э-гийн авчирсан гэрч Д.Баттөмөрийн “... Б.Э- Эрдэнэчимэгээс 300 кг ургамлыг өрөндөө авсан ...” (2 дугаар хавтаст хэргийн 200-201 дэх тал) гэж нэг удаа мэдүүлэг өгсөн боловч мэдүүлэг авахдаа биеийн байцаалтыг бүрэн шалгаагүй, овог, нэр, регистрийн дугаар, гэрийн хаягт худлаа болох нь гэрч Э.Мандахын мэдүүлгээр (3 дугаар хавтаст хэргийн 57 дахь тал) тогтоогдсон зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтын эх сурвалжуудаар үгүйсгэгдэж байна.

Үүнээс үзвэл шүүгдэгч Б.Э-, Ч.Х- нар нь ховор ургамал болох “Дэрэвгэр жиргэрүү”-г бусдаас авсан нь тодорхой бус, эх сурвалжаа үнэн зөв тодорхойлж чадахгүй байх тул тэднийг зөвшөөрлийн үндсэн дээр түүсэн, бэлтгэсэн гэж үзэх боломжгүй юм.

Иймд “... үйлдэл, хор уршгийн шалтгаант холбоог тогтоох шаардлагатай, ... хохирлын хэмжээг үндэслэлгүй тооцсон ...” гэсэн агуулга бүхий шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзнэ.

4. Шүүгдэгч Б.Э- нь 2019 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр ховор ургамлын жагсаалтад багтсан “Дэрэвгэр жиргэрүү” ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр хадгалсан, тээвэрлэсэн, борлуулсан, Ч.Х- нь мөн цаг хугацаанд дэрэвгэр жиргэрүү ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

5. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй,  хуульд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул шийтгэх тогтоол, магадлал нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

6. Харин шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-д оногдуулсан 2 жил 5 сар, Ч.Х-т оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солихдоо ялтны чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг хэт өргөн буюу Нийслэлийн нутаг дэвсгэрээр тогтоосон нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл юм.

Иймд шүүгдэгч Ч.Х-ын оршин суугаа газар буюу Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр, шүүгдэгч Б.Э-г Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрээр зорчих эрхийг хязгаарлах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

7. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

8. Анхан шатны шүүх нь хуулиар үүрэг болгосон хэм хэмжээг зөрчиж шүүгдэгч Б.Э- нь цагдаагийн байгууллагаас хурааж авсан 84 кг “Дэрэвгэр жиргэрүү” ургамлыг буцаан авч, 3.360.000 төгрөгөөр бусдад худалдаж хууль бус орлого олсныг хураан аваагүйг давж заалдах шатны шүүх зөвтгөөгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар Б.Э-гийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 3.360.000 төгрөгийг хураан авч, улсын орлогод оруулах нэмэлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулж, энэ талаар гаргасан прокурорын саналыг хүлээн авах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс дүгнэв.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээг хэрэглэх үндэслэл тогтоогдсон тохиолдолд заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг болгосон зохицуулалт болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 770 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 819 дүгээр магадлалд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Х-ыг өөрийн оршин суугаа газар буюу Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчин явах эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд, шүүгдэгч Б.Э-г Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчин явах эрхийг 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаанд тус тус хязгаарласугай” гэсэн өөрчлөлт оруулсугай.

2. Шийтгэх тогтоол, магадлалд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-гаас гэмт хэрэг үйлдэж олсон орлого 3.360.000 /гурван сая гурван зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод шилжүүлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Х-ын өмгөөлөгч Ц.Амарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                       С.БАТДЭЛГЭР

                                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН