| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2016/0018/З |
| Дугаар | 128/ШШ2016/0232 |
| Огноо | 2016-03-29 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 128/ШШ2016/0232
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны С танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Силверберг Яаир Дэвид
Хариуцагч: Гаалийн Ерөнхий Газрын харьяа Буянт-Ухаа дахь гаалийн газар
Хамтран хариуцагч: Гаалийн улсын байцаагч Н.Оюунбилэг
Нэхэмжлэлийн шаардлага: Буянт-Ухаа дахь Гаалийн газрын 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр АНУ-ын иргэн Силверберг Яаир Дэвидэд 5,136,623 төгрөгийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан 1418152 дугаартай Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, 1,538,887 төгрөгийн торгууль ногдуулсан 0009311 дугаартай шийтгэвэр зэргийг тус тус хүчингүй болгож, хууль бусаар төлүүлсэн нийт 6,675,510 төгрөгийг буцаан олгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяр, хариуцагч Гаалийн Ерөнхий Газрын харьяа Буянт-Ухаа дахь гаалийн газар болон гаалийн улсын байцаагч Н.Оюунбилэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Доржравдан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ууганжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Силверберг Яаир Дэвидийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, хууль зүйн үндэслэлдээ: ...2014 оны 12 дугаар сард АНУ-ын иргэн Силверберг Яаир цэргийн албан хааж байх хугацаандаа үнэт металлын үнэ ханш өсөх, мөнгөний ханш уналтаас хамгаалах тооцоо хийх үүднээс хуримтлуулсан мөнгөөрөө нийтэд чөлөөтэй борлуулагддаг алт худалдан авч байгаад Монгол Улсад авч орж ирсэн. Ийнхүү орж ирэхдээ тэрээр гаалийн хяналт шалгалтаас нууж хаасан зүйлгүй, өөрийн ачаанд хийж, гаалийн шалгалтад хамруулан орж ирсэн байдаг.
Тэрээр, 2015 .оны 7 дугаар сардхүнээр дамжуулан алтаа буцааж гаргах үед нь гаалийн байцаагч нар Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр саатуулан шалгасан юм.
Уг алт нь ердийн журмаар олон нийтэд худалдаалахаар Швейцарийн Кредит Свисс Банкнаас цувьсан, АНУ-ын "Жи-Эм Буллион" компаниар дамжуулан борлуулсан, тусгай давтагдашгүй дугаар код бүхий 15 ширхэг алт бөгөөд хаана ч чөлөөтэй арилжиж, худалдаж болдог олон улсын нэр хүнд бүхий банкаар баталгаажуулсан төлбөр тооцооны нэг хэрэгсэл юм.
Буянт-Ухаа дахь гаалийн газар АНУ-ын иргэн Силверберг Яаир Дэвидийг цагдаагийн байгууллагад шилжүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар гомдол гаргасан боловч цагдаа болон прокурорын байгууллага эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Гэтэл Буянт-Ухаа дахь Гаалийн газраас Гаалийн тухай хууль тогтоомжийг зөрчин нөхөн бүрдүүлэлт хийж, хууль бусаар татвар, торгууль ногдуулсан байна.
Тухайлбал, 2015 оны 9-р сарын 11-ний өдөр Силверберг Яаир Дэвидээр гаалийн хилээр нэвтрүүлэх мэдуүлэг нөхөн хийлгэхдээ түүний 15 унци алтны үнийн дүнгийн 5 хувиар гаалийн татвар, 10 хувиар нэмэгдсэн өртгийн албан татвар нөхөн ногдуулсан ба уг татварын 30 хувьтэй тэнцэх хэмжээний торгууль буюу 1,588,875 төгрөгийн торгууль ногдуулсан нь хууль зөрчсөн үйлдэл болсон байна.
Хэдийгээр АНУ-ын иргэн Силверберг Яаир Дэвид нь тухайн татвар, торгууль зэргийг хүлээн зөвшөөрөхгүй байсан боловч Монголд байх визний хугацаа дууссан, Монголд хэт удаан байснаас санхүүгийн хувьд цаашид байх боломжгүй болсон, сургууль хичээл нь эхэлсэн зэрэг олон шалтгааны улмаас хууль бус татвар торгуулийг төлөөд алтаа авахаас өөр аргагүй байдалд орсон бөгөөд иргэн Б.Батбаяр надад энэхүү асуудлыг эцэслэн шийдвэрлүүлэхээр итгэмжлэл үлдээсэн юм.
Гаалийн байгууллага Силверберг Яаир Дэвидийн гаалийн мэдүүлгийг нөхөн бүрдүүлэхдээ бүрдүүлэлтийн горим 400 буюу "Хилийн чанадаас дотоодын хэрэглээнд зориулан оруулах" гэсэн горимыг сонгосон байдаг. Гэтэл Силверберг Яаир Дэвид нь өөрийн өмчлөлийн алтыг худалдан авсан баримт, цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг зэргээс харахад хэрээр 15 унци алтыг өөрийн өмч учраас өөртөө авч явснаас бус дотоодын хэрэгцээнд зориулан оруулаагүй нь тодорхой. байсан. Тэрээр нэг ч унци алт Монгол Улсад зарж, борлуулаагүйг худалдан авсан баримт, тоо ширхэг, номер дугаараас нь харж болохоос гадна Монгол Улсаас гарахдаа уг алтаа тоо ширхэгээр нь буцаан авч гарсныг гаалийн гарах мэдүүлгээс харж болно.
Гэтэл Гаалийн албанаас түүнийг Гаалийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.1-д заасан "барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах" гэсэн горимд хамааруулсан нь хууль бус байна: Учир нь тэрээр алтыг дотоодын хэрэглээнд зориулан оруулаагүй бөгөөд харин Гаалийн тухай хуулийн 79 дүгээр 79.1.3-д заасан "барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах" гэсний дагуу түр хугацаагаар оруулсан үйлдэлд хамаарах ба энэ тохиолдолд гаалийн татвар ногдуулах үндэслэлгүй байна.
Мөн Гаалийн улсын байцаагч ямар үндэслэлээр Яаир Дэвид Силвербергийн 15 унци алтанд нэмэгдсэн өртгийн албан татвар тооцож, ногдуулсан нь тодорхойгүй. Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд тухайн албан татвараас чөлөөлөх барааны жагсаалт байдаг ба 13.1.11-д "борлуулсан алт"-ыг албан татвараас чөлөөлөгдөхөөр зохицуулсан байна. Яаир Дэвид Силверберг тухайн алтыг Швейцарийн Кредит Свисс Банкнаас АНУ-ын "Жи-Эм Буллион" компаниар дамжуулан худалдан, авсан тул энэ нь "борлуулсан алт" гэж ойлгогдож байна. Хуульд монголын алт, эсхүл гадаадын алт гэсэн ялгаатай ойлголт байхгүй билээ.
Гаалийн улсын байцаагч нь Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.2-д заасныг үндэслэн Яаир Дэвид Силвербергийг 1,538,887 төгрөгөөр торгосон. Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.2-д "тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг энэ хуучийн 290.2.1-д заасан аргаар гаалийн хшээр хууль бусаар нэвтрүүлсэн, эсхүл тийнхүү нэвтрүүлэхийг завдсан бол иргэнийг 30000-50000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 150000-250000 төгрөгөөр торгож, тухайн зөрчилд холбогдох барааг хураах, эсхүл үнийг гаргуулж улсын төсөвт төвлөрүүлэх" гэжээ. Гэтэл Гаалийн тухай хуулийн 3.1.14-д "тарифын бус хязгаарлалт гэж Монгол Улсын хилээр бараа нэвтрүүлэхийг хориглох, эсхүл эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, тоон хязгаарлалт тогтоох болон бусад арга хэмжээг" гэж тодорхой заажээ. Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснЫ шгазар тарифийн бус хязгаарлалттай нэвтрүулэх барааны жагсаалтыг баталдаг ба алт нь тарифийн бус хязгаарлалт тогтоогдсон бараанд хамаарахгүй байна.
Үүнээс үзэхэд түүний энэ үйлдэл Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.2-д заасан зөрчлийн бүрэлдэхүүнд байхгүй байх тул үүнд ийм өндөр хэмжээний торгууль ногдуулах хууль зүйн үндэслэл байхгүй байна. Түүнчлэн 1,538,887 төгрөгийг хэрхэн тогтоосон нь тодорхойгүй, дээрх хуулийн заалтаас харахад ийм өндөр үнийн дүнгээр торгох бодит боломжгүй байна.
Зүй нь, иргэн Яаир Дэвид Силвербергийн үйлдэлд Гаалийн тухай хуулийн 290.2.4-т заасан "гаалийн удирдах төв байгууллагаас баталсан барааг мэдүүлэх журам зөрчсөн нь энэ хуулийн 290.2.1, 290.2.2 дахь заалт, 293 дугаар зүйлд заасан зөрчлийн бүрэлдэхүүнгүй бол мэдүүлэгч иргэнийг 10000-30000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, бапгууллагыг 50000-100000 төгрөгөөр торгох" гэсэн заалтын дагуу нэгэнт уг зөрчлийн бүрэлдэхүүн байхгүй бол гаалийн татвар, түүний тодорхой хувиар торгууль ногдуулах бус харин 30000 төгрөгөөр торгох нь хуульд нийцэх байсан билээ.
Ингээд Буянт-Ухаа дахь гаалийн албаны 2015 оны 9-р сарын 11-ний өдөр АНУ-ын иргэн Силверберг Яаир Дэвидэд 5,136,623 төгрөгийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар, 1,538,887 төгрөгийн торгууль ногдуулсан Гаалийн улсын байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгож, хууль бусаар ногдуулж, төлүүлсэн нийт 6,675,510 төгрөгийг буцаан олгуулах тухай гомдлыг Буянт-Ухаа дахь гаалийн албаны даргад гаргасан боловч тус газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01/884 дугаар албан бичгээр "Гаалийн байгууллагаас захиргааны шийтгэл үндэслэлгүйгээр оногдуулсан гэж үзэж байгаа бол Тээврийн прокурорын газарт хандах эрх, таньд нээлттэй байна " гэсэн хуулийн болон бодит үндэслэлгүй хариу өгсөн.
Иймд Буянт-Ухаа дахь гаалийн газрын 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр АНУ-ын иргэн Силверберг Яаир Дэвидэд 5,136,623 төгрөгийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан 1418152 дугаартай Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, 1,538,887 төгрөгийн торгууль ногдуулсан 0009311 дугаартай шийтгэвэр зэргийг тус тус хүчингүй болгож, хууль бусаар төлүүлсэн нийт 6,675,510 төгрөгийг буцаан олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Буянт-Ухаа дахь гаалийн газар болон гаалийн улсын байцаагч Н.Оюунбилэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Доржравдан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Танай үйлчлүүлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаярын 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 40/15 албан тоотод " ... гаалийн бүрдүүлэлт нөхөн хийх боломжтой байсан" гэх хүсэлт, гаалийн байгууллагад гаалийн бүрдүүлэлт хийж татвараа төлөх, алтыг хураах захиргааны арга хэмжээ хэрэглэхгүй байх удаа дараагийн Б.Эрдэнэбаярын аман хүсэлт, Тээврийн прокурорын эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай 2581 тогтоол, Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтсийн 2015 оны 09-р сарын 03-ны өдрийн 28/531 тоотын дагуу 05-2091011-15-131422 мэдүүлгээр гаалийн бүрдүүлэлт хийж гаалийн татвар ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн олон улсад чөлөөтэй худалдан арилжих, худалдан борлуулахыг юугаар нотлох, хэрвээ байгаа бол Монгол Улс нэгдэн орсон юм уу гэдгийг тодруулах шаардлагатай байна.
АНУ-ын иргэн Сильверберг Яаир Давидэд Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293.2-д зааснаар захиргааны арга хэмжээ авагдсан бөгөөд гаалийн байгууллагын кайс программын өгөгдлийн алдаанаас болж гаалийн тухай хуулийн 290 дугаар зүйлийн 290.2.2-д заасан зүйлчлэлээр хэвлэгдсэнийг залруулсан болно.
Гаалийн тухаЙ хуулийн 290 дугаар зүйлийн 290.2.2-д заасан зүйлчлэлд иргэнийг 30000-50000 төгрөгөөр торгож, тухайн зөрчилд холбогдсон барааг хураах, эсхүл үнийг гаргуулж улсын төсөвт төвлөрүүлэх санкци хэрэглэдэг юм.
АНУ-ын иргэн Сильверберг Яаир Давидэд Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293.2-д зааснаар захиргааны арга хэмжээ авч 1,588,875 төгрөгөөр торгож, нэг бүр нь 31.1 гр жинтэй 15 ширхэг алтан гулдмайг Сильверберг Яаир Давидэд буцаан өгсөн явдал нь 290 дугаар зүйлийн 290.2.2 дахь заалтыг хэрэглээгүйг давхар нотолж байна.
Гаалийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Хилийн боомтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-д зорчигч аливаа эд зүйлийг гаальд мэдүүлэх үүрэгтэй байдгийг 2 хуулинд тусгасан байдаг. Бүх улс оронд аль ч улсын иргэн улс орноор зорчихдоо бараа, тээврийн хэрэгслээ гаальд амаар болон бичгээр мэдүүлэх тогтсон үүрэгтэй байдаг. Тухайн иргэн Сильверберг Яаир Давидэд гаалийн хууль тогтоомж зөрчсөн нь прокурорын 2581 тогтоолоор тогтоогдсон учир тус нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэл болохгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Силверберг Яаир Дэвидийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяр шүүх хуралдаанд Буянт Ухаа дахь Гаалийн газраас 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Силверберг Яаир Дэвидэд 5,136,623 төгрөгийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан 1418152 дугаартай Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, 1,538,887 төгрөгийн торгууль ногдуулсан 0009311 дугаартай шийтгэврийг тус тус хүчингүй болгож, хууль бусаар төлүүлсэн нийт 6,675,510 төгрөгийг буцаан олгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж ...гаалийн мэдүүлгийг нөхөн хийлгэхдээ 400 горим буюу хилийн чанадаас дотоодын хэрэглээнд зориулан оруулах горимыг сонгосон нь буруу, түр хугацаагаар оруулсан тул гаалийн татвар ногдуулах үндэслэлгүй, уг алт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.11-д зааснаар албан татвараас чөлөөлөгдөх борлуулсан алт байхад түүнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан нь үндэслэлгүй, Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.2-д заасан зөрчлийн бүрэлдхүүн байхгүй тул шийтгэврийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хариуцагч дээрхи үндэслэл, шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэв.
2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 2581 дугаар бүхий Тээврийн прокурорын газрын тогтоолд Румын улсын иргэн Илеску Тудор Калин нь 2015 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Буянт-Ухаа боомтоор Монгол улсын хил нэвтрэхлээ 15 ширхэг алтан гулдмай авч явсныг илрүүлэн шалгасан...уг алтыг АНУ-ын иргэн Силверберг Яаир Дэвид нь Швейцарь улсын JM Bullion компаниар дамжуулан захиалж худалдан авсан нэг бүр нь 31,090 гр, 15 ширхэг алтан гулдмайг 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Монгол улсад авч орж ирэн Румын улсын иргэн Илеску Тудор Калинаар Хонг Конг улсад заруулахаар өгсөн болох нь...тогтоогдсон, Силверберг Яаир Дэвид, Илеску Тудор Калин нар нь Монгол улсад алт худалдан борлуулж ашиг олсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна...харин Силверберг Яаир Дэвид нь Монгол улсын хилээр нэвтрэхдээ дээрхи алтыг гаальд мэдүүлээгүй нь Монгол улсын Гаалийн тухай хуулийг зөрчсөн байна гэж дүгнээд тогтоох хэсгийн 3 дахь заалтаар Силверберг Яаир Дэвидэд Монгол улсын Гаалийн тухай хуульд зааснаар арга хэмжээ авахуулахыг хэрэг бүртгэгч, цагдаагийн дэслэгч У.Анхбаярт даалган 4 дэх заалтаар Буянт-Ухаа гаалийн газарт саатуулагдсан нэг бүр нь 31,1 гр жинтэй, 15 ширхэг алтан гулдмайг Силверберг Яаир Дэвидэд буцаан өгөхөөр...шийдвэрлэсэн, уг тогтоол хүчин төгөлдөр болсон байна.
Уг хүчин төгөлдөр тогтоолын дагуу 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр үйлдэгдсэн 1418152 дугаар бүхий Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр Силверберг Яаир Дэвид бүрдүүлэлтийн горим-400-аар мэдүүлснийг үндэслэн 15 ширхэг задгай гулдмайг хэлцлийн үнийн аргаар гаалийн нэгж үнийг 35,573.193600 USD-оор тогтоож улмаар мэдүүлгийн татвар тооцооны тэмдэглэгээ хэсэгт Гаалийн татварыг 33,094,345,03 төгрөгийн суурь үнэлгээний 5 хувиар буюу 1,654,717,25 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 34,749,062,28 төгрөгийн суурь үнэлгээний 10 хувиар буюу 3,474,906,23 төгрөг, хураамжид 7000 төгрөг нийт 5,129,623,48 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоожээ.
Гаалийн улсын байцаагч Оюунбилэгээс мөн өдрийн 0009311 дугаар бүхий шийтгэврээр Силверберг Яаир Дэвидэд гаальд мэдүүлээгүй зөрчил гаргасан гэх үндэслэлээр Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан 1 538887 төгрөгөөр торгох захиргааны арга хэмжээ ногдуулсан, дээрхи татвар, торгуульд Силверберг Яаир Дэвид нь 5,129, 623. 48 төгрөгийг төлсөн үйл баримтууд тогтоогдов.
Үүнээс үзвэл Силверберг Яаир Дэвид нь 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Монгол улсын Буянт-Ухаа гаалийн хилээр орж ирэхдээ Швейцарь улсын JM Bullion компаниар дамжуулан захиалж худалдан авсан гэх нэг бүр нь 31,090 гр, 15 ширхэг алтан гулдмайг гаальд мэдүүлээгүй болох нь тогтоогдсон, ингэснээр Гаалийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т бараа илгээх, хүлээн авах болон барааны гарал үүслийн улсаас үл хамааран гаалийн хилээр нэвтрүүлэх бараанд гаалийн бүрдүүлэлт хийнэ, 55 дугаар зүйлийн 55.1-д заасан мэдүүлэгч гаалийн хил нэвтрүүлэх барааг энэ хуульд заасны дагуу гаалийн байгууллагад мэдүүлнэ мөн зүйлийн 55.3-т мэдүүлэгч энэ хуулийн 55.1-д заасан барааг гаалийн мэдүүлгийн маягтын дагуу мэдүүлнэ гэж заасныг тус тус зөрчсөн байх тул түүнд захиргааны хариуцлага ногдуулсан нь үндэслэлтэй.
Нэхэмжлэгч Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.2 дахь хэсэгт заасныг баримталж захиргааны арга хэмжээ ногдуулсан нь буруу...гэж, хариуцагч 290.2.2 дахь хэсэгт зааснаар гэж бичсэн нь алдаатай болсон тул үүнийгээ залруулж Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293..2-т зааснаар арга хэмжээ авсан гэж маргаж байна.
Гаалийн тухай хуулийн 290.2.2 дахь хэсэгт тарифийн бус хязгаарлалт тогтоосон барааг энэ хуулийн 290.2.1-д заасан аргаар гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, ийнхүү нэвтрүүлэхийг завдсан бол иргэнийг 30000-50000 төгрөгөөр...торгож тухайн зөрчилд холбогдох барааг хураах, эсхүл үнийг гаргуулж улсын төсөвт төвлөрүүлэх-ээр, ман хуулийн 293.2 дахь хэсэгт энэ хуулийн 293.1-д заасан зөрчлийг болгоомжгүйгээр үйлдсэн бол буруутай этгээдэд Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ мөн хуулийн 293.1 дэх хэсэгт гаалийн үнэ, тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл...-ийг худал мэдүүлэх...зэрэг аргаар гаалийн болон бусад татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол буруутай этгээдэд Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж тус тус заажээ.
Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл нэхэмжлэгчийн барааг гаальд мэдүүлээгүй зөрчил нь барааг мэдүүлэх талаархи гаалийн бүрдүүлэлтийн горим буюу Гаалийн тухай хуулийн 293.2 дахь хэсэгт заасан зөрчлийн шинжийг агуулсан байх тул түүнд нийт 5,129,623,48 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоож улмаар Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол...татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна гэж зааснаар 1 538 887 төгрөгийн торгууль ногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Хариуцагч Гаалийн улсын байцаагч Н.Оюунбилэг 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр программын өгөгдлийн алдаанаас 293.2 нь 290.2.2 гэж буруу хэвлэгдсэн тул дахин шивж хэвлэсэн гэж тэмдэглэл үйлдсэн, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийтгэвэрт ийнхүү алдаатай бичсэн болохоо хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа хэдий ч энэ нь нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг үгүйсгэх нөхцөл болохгүй.
Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...уг алт нь албан татвараас чөлөөлөгдөх борлуулсан алт байхад түүнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан нь үндэслэлгүй гэж маргаж байх боловч тухайн үед уг алт нь нэхэмжлэгчийн өөрийнх нь өмчлөлд байсан, Монгол улсад борлуулагдаагүй тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.11-д заасан борлуулсан алт гэдэгт хамаарахгүй юм.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д иргэн хуулийн этгээдийн импортолсон буюу экспортолсон бараа, түүнчлэн Монгол улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т худалдах хэрэглэх буюу ашиглах зориулалтаар гадаад улсаас Монгол улсад импортолсон бүх төрлийн бараа-нд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна гэж тус тус зааснаар дээрхи алт нь Монгол улсад импортолсон бараа тул түүнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан нь буруу биш.
Нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлийн нэг болох ...гаалийн мэдүүлгийг нөхөн хийлгэхдээ 400 горим буюу хилийн чанадаас дотоодын хэрэглээнд зориулан оруулах горимыг сонгосон нь буруу, түр хугацаагаар оруулсан тул гаалийн татвар ногдуулах үндэслэлгүй гэх тухайд, Гаалийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д мэдүүлэгч дараахь эрх эдэлнэ...57.1.1-д гаалийн бүрдүүлэлтийн горим сонгох, өөрчлөх гэж зааснаар ямар горим сонгох нь мэдүүлэгчийн эрх байх ба энэ тохиолдолд Силверберг Яайр Дэвид нь 400 горим буюу хилийн чанадаас дотоодын хэрэглээнд зориулан оруулах горим сонгосон нь тогтоогдож байх тул хариуцагчийг буруутгах боломжгүй юм:
Иймд нэхэмжлэгчийн хууль бусаар төлүүлсэн нийт 6,675,510 төгрөгийг буцаан олгож өгнө үү гэсэн хэсэг болон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гаалийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 57 дугаар зүйлийн 57.1, 293 дугаар зүйлийн 293.1, 293.2, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 7 дугаар зүйлийн 7.1.3, 13 дугаар зүйлийн 13.1.11-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Силверберг Яаир Дэвидийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Буянт-Ухаа дахь Гаалийн газар болон гаалийн улсын байцаагчид холбогдуулан гаргасан, 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Силверберг Яаир Дэвидэд 5,136,623 төгрөгийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан 1418152 дугаартай Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, 1,538,887 төгрөгийн торгууль ногдуулсан 0009311 дугаартай шийтгэврийг тус тус хүчингүй болгож, хууль бусаар төлүүлсэн нийт 6,675,510 төгрөгийг буцаан олгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН