Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2017/0919/з |
Дугаар | 244 |
Огноо | 2018-05-28 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 244
Д.Г-н нэхэмжлэлтэй,
Сүхбаатар дүүргийн Засаг даргад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч шүүгч: Л.Атарцэцэг
Шүүгчид: Х.Батсүрэн
Б.Мөнхтуяа
Д.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох,
Нэхэмжлэлийн шаардлага: Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/24 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан, дүүргийн дотоод аудитын албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2017/0976 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2018/0178 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Д.Г, өмгөөлөгч Х.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б нарыг оролцуулж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2017/0976 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Г-н Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/24 дүгээр захирамжийг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан Сүхбаатар дүүргийн Дотоод аудитын албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т тус тус баримтлан ажилгүй байсан 6 сар 29 хоногийн хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 7.859.005 төгрөгөөс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцож олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2018/0178 дугаар магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2017/0976 дугаар шийдвэрийг хэвээр шийдвэрлэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-н гомдлын агуулгад: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал бүхэлдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн. Учир нь урьдчилсан хэлэлцүүлэг 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдөр хурлын товыг тогтоож, шүүх хурал 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 16:30 цагт зарлагдсан. Энэ тухайгаа урд өдөр нь итгэмжлэгдсэн төлөөлөгчид утсаар мэдэгдсэн. Тус хэрэгт Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Ж.Б нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шүүхэд төлөөлөх 324 иргэдийн төлөөлөгчдийн нэгдсэн сургалтыг Засаг даргын Тамгын газрыг төлөөлөн зохион байгуулж байгаа тул шүүх хуралд оролцох боломжгүй, иймээс хурлыг тодорхой хугацаагаар хойшлуулж өгөх тухай хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн боловч анхан шатны шүүх хүсэлтийг хангаагүй шүүх хурлыг явуулсан.
4. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалын хянах хэсэгт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсгийг зөрчсөн” гэж дүгнэсэн боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчин, хуулиар олгогдсон хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн.
5. Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт төрийн жинхэнэ албан тушаалд ажиллуулахыг хориглох тухай зохицуулахдаа 16.2.6 дахь хэсэгт “хууль тогтоомжид заасан бусад тохиолдол” гэж, Улсын Их хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах” журмын 38 дугаар зүйлд “Сонгон шалгаруулалтад ороогүй иргэнийг төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилохгүй” гэж тус тус заасан байдаг. Дүүргийн дотоод Аудитын даргын албан тушаал нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18 дахь заалтад заасан төсвийн шууд захирагч бөгөөд төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаал мөн юм. Нэхэмжлэгч нь дээрх хуульд заасан шаардлагыг хангаагүй бөгөөд “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах” шалгаруулалтад ороогүй байтал шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
6. Нийслэл дэх төрийн Аудитын газрын 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 01/14 НТАГ-2018/643/СТА/-ТШЗ дугаар зөрчил арилгуулах тухай албан шаардлагад нэхэмжлэгч нь Төсвийн тухай, Хөдөлмөрийн тухай хуулиудын холбогдох заалтуудыг зөрчин төрийн байгууллагад 2.259.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд энэ зөрчлийг Сүхбаатар дүүргийн Дотоод аудитын албаны дарга Р.Г-г арилгах даалгавар өгсөн тухай шинэ нөхцөл байдал илэрсэн. Тус албан шаардлагад нэхэмжлэгч үндэслэлгүйгээр төрийн албаны удаан жил, зэрэг мэргэшсэн нягтлан бодогчийн нэмэгдлийг өөрийн сарын цалин дээрээ нэмж авдаг байсан нь тогтоогдсон. Гэтэл шүүхийн шийдвэр нь дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй нэхэмжлэгчид ажилгүй байсан цаг хугацааны цалин хөлсийг тооцож олгохыг тогтоосон нь үндэслэлгүй. Энэ нөхцөл байдал анхан шатны шүүх хурлын явцад илрээгүй, давж заалдах шатны шүүх хуралдааны явцад энэ тухай тайлбар хэлсэн боловч үнэлээгүй.
7. Иймд дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан процессын алдааг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй, мэтгэлцэх зарчим хангаагүй, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
8. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
9. Нэхэмжлэгч Д.Г нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын албаны даргаар ажиллаж байсан бөгөөд маргаан бүхий тушаалаар “удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт оролгүйгээр ажилд томилогдож, хууль зөрчсөн” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж шийдвэрлэжээ.
10. Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын Нэгийн 2-т зааснаар төрийн захиргааны чиг үүргийг хэрэгжүүлж байгаа төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга, түүнээс дээших албан тушаалтан удирдах албан тушаалд томилогдохдоо заавал сонгон шалгаруулалтад орж, тэнцсэн байх урьдчилсан нөхцөлтэй байна. Нэхэмжлэгчийн тухайд ийнхүү удирдах албаны сонгон шалгаруулалтад орж, маргаан бүхий албан тушаалд томилогдоогүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар тогтоогдсон байна. Гэвч энэ байдал нь нэхэмжлэгчээс шалтгаалаагүй, удирдах ажилтны сонгон шалгаруулалт зохион байгуулах, шаардлага хангасан албан хаагчийг удирдах албан тушаалд томилох нь захиргааны байгууллагын чиг үүрэгт хамааралтай, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
11. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллагын шийдвэр зорилгодоо нийцсэн, тэгш эрхийн зарчмыг хангасан байх атал энэ тохиолдолд маргаан бүхий захирамж нь зорилгодоо нийцээгүй буюу нэхэмжлэгчийг “удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад ороогүй” гэж ажлаас чөлөөлсөн атлаа нэхэмжлэгчийн оронд мөн дээрх шаардлагыг хангаагүй иргэнийг томилсон, адил тохиолдолд өөр өөр шийдвэр гаргасан, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр болжээ.
12. Хариуцагчийн “шинэ нөхцөл байдал илэрсэн, нэхэмжлэгч үндэслэлгүйгээр төрийн албаны удаан жил, зэрэг мэргэшсэн нягтлан бодогчийн нэмэгдлийг өөрийн сарын цалин дээрээ нэмж авдаг байсан нь албан шаардлагаар тогтоогдсон, байгууллагад хохирол учруулсан” тухай гомдол нь хэрэгт шууд хамааралгүй, маргаан бүхий захирамжийн үндэслэл болоогүй бөгөөд анхан шатны шүүхэд хэлэлцэгдээгүй асуудлаар хяналтын гомдол гаргах эрхгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүх нь маргаан бүхий захиргааны акт хуульд нийцсэн эсэхийг хянах ба энэ хүрээнд маргаан бүхий акт гарах үед үүссэн нөхцөл байдалд эрх зүйн дүгнэлт хийх болохоос акт гарсны дараах үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхгүй.
13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй, шүүх хуралдааны тов тогтоох урьдчилсан хэлэлцүүлэгт хариуцагч оролцоогүй, шүүхээс нэгэнт хурлын тов тогтоосны дараа “мэтгэлцэх боломжоор хангаагүй” гэж хэргийг дахин хэлэлцүүлэхээр гомдол гаргаж байгаа нь хуулийн дээрх заалтад нийцээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхээ эдлэх бүрэн боломжтой байсан.
14. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ний өдрийн 128/ШШ2017/0976 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2018/0178 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ