Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 02011

 

Б.Г-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/02083 дугаар шийдвэртэй, Б.Г-ын нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох, /бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр “И З ББСБ” ХХК оролцсон/,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганзориг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Хандмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/01669 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 2027 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2019/00200 дугаартай тогтоолын дагуу Б.Г-аас 123 052 718 төгрөг гаргуулж “И З ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2206019756 дугаартай, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр /17042/ХД-101 байр, 2 тоот хаягт байршилтай, 79.68 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206004884 дугаартай, Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 41 байрны 12 тоот, 40 м.кв 3 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах болсон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 4/14245 тоот үнийн санал ирүүлэх тухай албан бичиг ирсний дагуу төлбөр төлөгчийн зүгээс 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр /17042/ХД-101 байр, 2 тоот 3 өрөө орон сууцны зах зээлийн үнэ 239 040 000 төгрөг, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 41 байр 12 тоот 3 өрөө орон сууцны зах зээлийн үнэ 120 000 000 төгрөг болохыг тодорхойлж саналаа хүргүүлсэн. Гэтэл төлбөр авагч “И З ББСБ” ХХК нь дээрх үнийн саналыг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 207 дугаар тогтоолоор шинжээч томилсон.

Шинжээчийн хувьд Хан -Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах 3 өрөө орон сууцыг 141 612 400 төгрөг, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хорооллын 3 өрөө орон сууцыг 108 395 200 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. Гэтэл тухайн байршилд байрлах орон сууц, үл хөдлөх эд хөрөнгийн м.кв-ийн үнэлгээ зах зээлд дунджаар 3 000 000 орчим төгрөг байдаг бөгөөд үнэлгээнд ашиглагдах, хэрэглэсэн үнэ цэнийн суурийг тодорхойлоогүй зах зээлийн үнийг тодорхойлох гол үзүүлэлт болох “Байршлын итгэлцүүр” болон “Инженерийн шугам сүлжээнд холбогдсон байдал зэргийг буруу тооцоолж, үнэлгээг зах зээлийн бодит үнэ ханшид нийцээгүй, хэт доогуур үнэлсэнд гомдолтой. Дээрх 2 тоот 79.68 м.кв талбайтай 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн хувьд нэг давхарт байрладаг, үйл ажиллагаа явуулж орлого олох боломжтой байдлыг хэт багаар тогтоосон байна. Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч томилж, үнэлгээ хийлгэх тогтоолоо талуудад танилцуулаагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дах хэсэгт заасан хүсэлтийг төлбөр төлөгч Б.Г-ын зүгээс гаргах эрхийг нь зөрчиж, үнэлгээ хийлүүлсэн байх тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/01669 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 2027 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2019/00200 дугаар тогтоолын дагуу Б.Г-аас 123 052 718 төгрөг гаргуулж, “И З ББСБ” ХХК-д олгох, Б.Г- шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйл болох Б.Г-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр /17042/ХД-101 байр, 2 тоот хаягт байршилтай, 79.68 м.кв талбайтай, гэрчилгээний 000615050, улсын бүртгэлийн Ү-2206019756 дугаартай, 3 өрөө орон сууц Б.Дашдуламын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол дах 40 м.кв талбайтай, гэрчилгээний 000483663, улсын бүртгэлийн Ү-2206004884 дугаартай, 3 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдаж олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Шүүхийн гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгч 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр үүсгэж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдэхэд биелүүлээгүй. Иймд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б.Г-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр /17042/ХД-101 байр, 2 тоот хаягт байршилтай, 79,68 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 19290457/04 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 19290457/07 тогтоолоор хураасан. Б.Дашдуламын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 41 байр 12 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 19290475/05 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 19290475/06 дугаар тогтоолоор хураасан.

Төлбөр төлөгч Б.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Отгонбаярт үл хөдлөх эд хөрөнгөд үнийн санал ирүүлэх мэдэгдлийг тус газрын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 4/14245 дугаар албан бичгээр хүргүүлэхэд 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 79.68 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 239 040 000 төгрөг, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 120 000 000 төгрөг гэсэн үнийн санал ирүүлсэн. Өмчлөгч Б.Дашдуламд үл хөдлөх эд хөрөнгөд үнийн санал ирүүлэх мэдэгдлийг тус газрын 2019 оны 6 дугаар сарын 12, 17 -ны өдрийн 4/14246, 4/14572 дугаар албан бичгээр тус тус хүргүүлсэн ч үнийн санал ирүүлээгүй. Төлбөр авагч “И З ББСБ” ХХК дээрх үнийн саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 207 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилоход “Хөрөнгө эстимэйт” ХХК нь 79.68 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 141 612 400 төгрөг, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 108 395 200 төгрөгөөр тус тус үнэлсэн.

Үнэлгээг 2019 оны 4/15742 тоот албан бичгээр төлбөр төлөгч Б.Г-т 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дах хэсэгт заасны дагуу оршин суух хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн. Өмчлөгч Б.Дашдуламд 2019 оны 4/15742 тоот албан бичгээр 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заажээ. Иймд хөрөнгийн үнэлгээг тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тайлбартаа: “И З ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Г-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 135 458 450 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/01669 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 2027 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2019/00200 дугаар тогтоолыг үндэслэж гүйцэтгэх хуудас олгогдсоны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан.

Анхны албадан дуудлага худалдааны үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт өмчлөгч нар харилцан тохиролцож тогтооно гэж зааснаар төлбөр төлөгч Б.Г-аас үнийн санал авах ажиллагааг “Үнийн санал ирүүлэх тухай” 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 4/14245 тоот албан бичгээр хүргүүлсэн ч талууд үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээг тогтоосон. Төлбөр төлөгч, төлбөр авагч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй учир шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу тохиролцоогүй бол эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ гэж заасантай нийцэж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасан. Гэтэл шинжээчийн дүгнэлтийг ахлах шийдвэр гүйцэтгэгч 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 4/15827 дугаартай албан бичгээр хүргүүлсэн байна. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Г- нь үүргээ гүйцэтгээгүй тохиодолд барьцааны зүйл болох Б.Дашдуламын өмчлөлийн 19 дүгээр хороолол дах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдаж олсон орлогоос үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан. Дээрх орон сууцыг барьцаалсан, үнэлгээ топгоосонд өмчлөгч Б.Дашдулам маргаагүй тул энэхүү орон сууцны үнэлгээнд Б.Г- маргах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 3 000 000 төгрөгөөс илүү үнэлгээтэй гэх тайлбар, үүнийг нотлох баримтыг хавсаргаагүй. Үйл ажиллагаа явуулж орлого олох боломжтой байдлын үнийн итгэлцүүрийг оновчтой тодорхойлоогүй, ашиг олох боломжтой байдлыг хэт багаар тооцсон орлогын хандлагын аргаар үнэлгээг хийсэн тухай “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд тусгасан тул энэ итгэлцүүрийг ашиглаагүй гэх гомдол үндэслэлгүй, орлого олох боломжтой байдлыг хэт багаар тогтоосон гэх гомдол нотлох баримтгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч НШШГГ-т холбогдох үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Б.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шийдвэрийн үндэслэх хэсэгт хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход тухайн хөрөнгийн орлого олох бодит боломж, өртөгийн өнөөгийн үнэ цэнэ, байрлал, шинж чанар, орчны адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнийг жишиг судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагдсан гэжээ. Гэтэл тухайн байршилд байрлах орон сууцны зах зээлийн ханш дунджаар 3 000 000 орчим төгрөг байгаа ба үнэлгээнд ашиглагдах хэрэглэсэн үнэ цэнийн суурийг тодорхойлоогүй, зах зээлийн үнэ тодорхойлох гол үзүүлэлт болох байршлын итгэлцүүр, инженерийн шугам сүлжээнд холбогдсон байдал зэргийг буруу тооцоолж, хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна.

Хан-уул дүүргийн 2 дугаар хороо, үйлдвэр /17042/ ХД-101 дүгээр байр, 2 тоот үл хөдлөх эд хөрөнгийн хувьд 1 давхарт байрладаг, үйл ажиллагаа явуулж орлого олох боломжтой байдлын үнийн итгэлцүүрийг оновчтой тодорхойлоогүй, ашиг орлого олох боломжит байдлыг хэт багаар тогтоосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч томилж, үнэлгээ хийлгэх тогтоолоо талуудад танилцуулаагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дах хэсэгт заасан хүсэлтийг төлбөр төлөгч Б.Г-ын зүгээс гаргах эрхийг зөрчиж үнэлгээ хийлгэсэн. Энэ талаар шүүхээс эрх зүйн дүгнэлт хийгээгүй тул давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгоно уу гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Г- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан, Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо, Үйлдвэр /17042/ ХД-101 дүгээр байрны 2 тоот 3 өрөө орон сууцыг 141 612 400 төгрөгөөр, Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 41 дүгээр байр, 12 тоот 3 өрөө орон сууцыг 108 395 200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргажээ.  

 

Хариуцагч НШШГГ-, мөн төлбөр авагч буюу  энэхүү маргаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон “И З ББСБ” ХХК нь дээрх шаардлагыг эс зөвшөөрч, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа болон шинжээчийн үнэлгээ хуульд заасан журмын дагуу хийгдсэн гэж маргасан байна.

 

Хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/01669 дугаар хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгч Б.Г-аас 123 052 718 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 773 214 төгрөгийн хамт гаргуулж, “И З ББСБ” ХХК-д олгох, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэжээ. /хх24-31/

 

Нэхэмжлэгч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШЗ2019/03618 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамжийн дагуу /хх22,23/ хариуцагч байгууллагаас нэхэмжлэлд дурдсан 2 орон сууцыг битүүмжлэх, хураах зэрэг ажиллагааг явуулж, улмаар барьцааны эрхээр хязгаарлагдсан буюу нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг дуудлага худалдаанд оруулах зорилгоор төлбөр төлөгч, өмчлөгч нарт үнийн санал ирүүлэхийг 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 4/14245, 4/14246 дугаар, 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 4/14572 дугаар албан бичгээр мэдэгдсэн байна. /хх43,44,47/

 

Дээрх мэдэгдлийн дагуу төлбөр төлөгч Б.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Отгонбаяр Хан-Уул дүүрэгт байрлалтай, 2 тоот 3 өрөө орон сууцыг 239 040 000 төгрөгөөр, Б.Дашдуламын өмчлөлийн 12 тоот 3 өрөө орон сууцыг 120 000 000 төгрөгөөр тус тус үнэлэх санал /хх45/ ирүүлснийг, төлбөр авагч “И З ББСБ” ХХК эс зөвшөөрч хөндлөнгийн шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан, харин Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 12 тоот орон сууцны өмчлөгч Б.Дашдулам албан ёсоор үнийн санал ирүүлээгүй байна. /хх46/

 

Энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар нь дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй гэж үзэх бөгөөд хариуцагч байгууллага төлбөр авагч талын 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр гаргасан хүсэлтэд үндэслэн “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 207 дугаар тогтоолоор шинжээчээр томилсон /хх49/ нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2.-т заасныг зөрчөөгүй.  Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, давж заалдах гомдлын нэг үндэслэлээ, шийдвэр гүйцэтгэгч нь шинжээч томилж, үнэлгээ хийлгэх тогтоолоо талуудад танилцуулаагүйн улмаас төлбөр төлөгч Б.Г-ын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дах хэсэгт заасан хүсэлт гаргах эрхийг зөрчсөн гэх боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэхэмжлэгчийн ийнхүү дурдсан заалт байхгүйн гадна хариуцагч нь “төлбөр төлөгч, өмчлөгч нарт үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн саналыг мэдэгдэлд заасан хугацаанд ирүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу үнэлгээчнээр зах зээлийн үнийг тогтоолгох” талаар мэдэгдсэн /хх43,44,47/ байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй. 

 

Түүнчлэн, шинжээч “Хөрөнгө-Эстимэйт” ХХК нь зах зээл, өртөг, орлого тус бүрийн хандлагын арга, аргачлалыг хэрэглэснээр Хан-Уул дүүрэгт байрлах 2 тоот 3 өрөө орон сууцны зах зээлийн үнэ ханшийг 141 612 400 төгрөг, 12 тоот 3 өрөө орон сууцыг                                108 395 200 төгрөгөөр тогтоосон /хх50-60/ байх бөгөөд тухайн үнэлгээг зах зээлийн ханшнаас хэт доогуур болсон гэж үзэх харьцуулан дүгнэх баримтгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн “шинжээч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн байршлын итгэлцүүрийг буруу тооцоолсон, ашиг орлого олох боломжтой байдлыг хэт багаар тогтоож зах зээлийн үнээс доогуур үнэлсэн” гэх гомдол үндэслэлгүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/02083 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                                        ШҮҮГЧИД                                С.ЭНХТӨР

 

                                                                                         Т.ТУЯА