Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2020/00569

 

Б.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/02083 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2011 дүгээр магадлалтай,

Б.Г-ын нэхэмжлэлтэй,

Н-т холбогдох,

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.Гын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/01669 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 2027 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2019/00200 дугаартай тогтоолын дагуу Б.Гаас 123 052 718 төгрөгийг гаргуулж, “И” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох №000615050, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206019756 дугаартай, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр /17042/ХД-101 байр, 2 тоот хаягт байршилтай, 79,68 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, №000483663, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206004884 дугаартай, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 41 байр, 12 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг тус тус дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 4/14245 тоот үнийн санал ирүүлэх тухай албан бичиг ирсний дагуу төлбөр төлөгчийн зүгээс 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр /17042/ХД-101 байр, 2 тоот хаягт байршилтай 3 өрөө орон сууцны зах зээлийн үнэ нь 239 040 000 төгрөг, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 41 байр 12 тоот хаягт байршилтай, 3 өрөө орон сууцны  зах зээлийн үнэ нь 120 000 000 төгрөг тус тус болохыг тодорхойлж саналаа хүргүүлсэн.

Гэтэл төлбөр авагч “И” ХХК нь манай зүгээс гаргасан үнийн саналыг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42,55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №207 тоот тогтоолоор шинжээч томилж, шинжээч нь Хан -Уул дүүргийн 2 дугаар хороо Үйлдвэр /17042/ХД-101 байр, 2 тоот хаягт байршилтай, 3 өрөө орон сууцыг 141 612 400 төгрөг, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 41 байр 12 тоот хаягт байршилтай, 3 өрөө орон сууцыг 108 395 200 төгрөгөөр үнэлсэн байна.

Гэтэл тухай байршилд байрлах орон сууц, үл хөдлөх эд хөрөнгийн мкв-ийн үнэлгээ нь зах зээл дээр дунджаар 3 000 000 орчим төгрөгийн үнэтэй байгаа ба үнэлгээнд ашиглагдах хэрэглэсэн үнэ цэнийн суурийг тодорхойлоогүй, зах зээлийн үнийг гол тодорхойлох үзүүлэлтүүд болох “Байршлын итгэлцүүр” зэргийг буруу тооцоолж, “Инженерийн шугам сүлжээнд холбогдсон байдал үнэлгээг нь зах зээлийн бодит үнэ ханшид нийцээгүй, хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна. Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр /17042/ХД-101 байр, 2 тоот хаягт байршилтай, 79,68 м.кв талбайтай, гэрчилгээний №000615050, улсын бүртгэлийн Ү-2206019756 дугаартай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хувьд нэг давхарт байрладаг ба үйл ажиллагаа явуулж орлого олох боломжтой байдлыг хэт багаар тогтоосон байна.

Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч томилж, үнэлгээ хийлгүүлэх тогтоолоо талуудад танилцуулаагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт заасан хүсэлтийг төлбөр төлөгч Б.Гын зүгээс гаргах эрхийг нь зөрчиж, үнэлгээ хийлүүлсэн байна.

Иймд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр /17042/ХД-101 байр, 2 тоот хаягт байршилтай, 79,68 м.кв талбайтай, гэрчилгээний №000615050, улсын бүртгэлийн Ү-2206019756 дугаартай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 141 612 400 төгрөг, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 41 байр 12 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, гэрчилгээний №000483663, улсын бүртгэлийн Ү-2206004884 дугаартай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 108 395 200 төгрөг гэж тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунчимэг, Г.Ганзориг нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/01669 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 2027 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2019/00200 дугаартай тогтоолын дагуу Б.Гаас 123 052 718 төгрөгийг гаргуулж, “И” ХХК-д олгох, Б.Г нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйл болох Б.Гын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр /17042/ХД-101 байр, 2 тоот хаягт байршилтай, 79,68 м.кв талбайтай, гэрчилгээний №000615050, улсын бүртгэлийн Ү-2206019756 дугаартай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Б.Дашдуламын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 41 байр 12 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, гэрчилгээний №000483663, улсын бүртгэлийн Ү-2206004884 дугаартай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдаж олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Шүүхийн гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр үүсгэж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдэхэд биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б.Гын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр /17042/ХД-101 байр, 2 тоот хаягт байршилтай, 79,68 м.кв талбайтай, гэрчилгээний №000615050, улсын бүртгэлийн Ү-2206019756 дугаартай, 3 өрөө орон сууцыг 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 19290457/04 тогтоолоор битүүмжлэн, 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 19290457/07 тогтоолоор хураасан. Б.Дашдуламын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 41 байр 12 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, гэрчилгээний №000483663, улсын бүртгэлийн Ү-2206004884 дугаартай, 3 өрөө орон сууцыг 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 19290475/05 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 19290475/06 тогтоолоор хураасан.

Төлбөр төлөгч Б.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Отгонбаярт үл хөдлөх эд хөрөнгөнд үнийн санал ирүүлэх мэдэгдлийг тус газрын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 4/14245 дугаар албан бичгээр хүргүүлэхэд 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр /17042/ХД-101 байр, 2 тоот хаягт байршилтай, 79,68 м.кв талбайтай, гэрчилгээний №000615050, улсын бүртгэлийн Ү-2206019756 дугаартай, 3 өрөө орон сууцыг 239 040 000 төгрөг, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 41 байр 12 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, гэрчилгээний №000483663, улсын бүртгэлийн Ү-2206004884 дугаартай, 3 өрөө орон сууцыг 120 000 000 төгрөгийн үнийн санал ирүүлсэн. Өмчлөгч Б.Дашдуламд үл хөдлөх эд хөрөнгөнд үнийн санал ирүүлэх мэдэгдлийг тус газрын 2019 оны 6 дугаар сарын 12,17 -ны өдрийн 4/14246, 4/14572 дугаар албан бичгээр тус тус хүргүүлсэн боловч үнийн санал ирүүлээгүй.

Төлбөр авагч “И” ХХК нь үнийн саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 207 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилоход “Хөрөнгө эстимэйт” ХХК нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр /17042/ХД-101 байр, 2 тоот хаягт байршилтай, 79,68 м.кв талбайтай, гэрчилгээний №000615050, улсын бүртгэлийн Ү-2206019756 дугаартай, 3 өрөө орон сууцыг 141 612 400 төгрөг, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 41 байр 12 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, гэрчилгээний №000483663, улсын бүртгэлийн Ү-2206004884 дугаартай, 3 өрөө орон сууцыг 108 395 200 төгрөгөөр тус тус үнэлсэн.

Үнэлгээг 2019 оны 4/15742 тоот албан бичгээр төлбөр төлөгч Б.Гт 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасны дагуу оршин суух хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн. Өмчлөгч Б.Дашдуламд 2019 оны 4/15742 тоот албан бичгээр 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заажээ.

Иймд хөрөнгийн үнэлгээг тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “И” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Гт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 135 458 450 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг маргааныг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/01669 тоот шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 2027 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2019/00200 тоот тогтоолыг үндэслэж гүйцэтгэх хуудас олгогдсоны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан.

Анхны албадан дуудлага худалдааны үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт өмчлөгч нар харилцан тохиролцож тогтооно гэж зааснаар төлбөр төлөгч Б.Гаас үнийн санал авах ажиллагааг “Үнийн санал ирүүлэх тухай” 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 4/14245 тоот албан бичгээр хүргүүлсэн боловч талууд үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээг тогтоосон. Төлбөр төлөгч, төлбөр авагч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй учир Нар шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу тохиролцоогүй бол эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ гэж заасантай нийцэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасны дагуу шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тасгийн дарга бөгөөд Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Э.Ичинхорол 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 4/15827 дугаартай албан бичгээр үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүргүүлсэн байна.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Г нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Б.Дашдуламын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 41 дүгээр байр, 12 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдаж олсон орлогоос үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан. Мөн нөгөөтэйгүүр Б.Дашдуламын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 41 дүгээр байр, 12 тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан бөгөөд үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар тус үл хөдлөхөд үнэлгээ тогтоосон тал дээр өмчлөгч Б.Дашдулам маргаагүй байх тул энэхүү орон сууцны үнэлгээн дээр Б.Г маргах үндэслэлгүй юм.

Мөн нэхэмжлэгч тал орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нь 3 000 000 төгрөгөөр илүү үнэлгээтэй хэмээн тайлбарлаж байх боловч үүнийг нотолсон баримт хэрэгт хавсаргаагүй. Үйл ажиллагаа явуулж орлого олох боломжтой байдлын үнийн итгэлцүүрийг оновчтой тодорхойлоогүй, ашиг олох боломжтой байдлыг хэт багаар тооцсон орлогын хандлагын аргаар үнэлгээг хийсэн тухай “Хөрөнгө эстимайт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд тусгасан тул энэ итгэлцүүрийг ашиглаагүй гэх гомдол үндэслэлгүй бөгөөд орлого олох боломжтой байдлыг хэт багаар тогтоосон гэх гомдол нь нотлох баримтгүй тул үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/02083 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан хариуцагч Нт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Б.Гын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2011 дүгээр магадлалаар: Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/02083 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 сарын 02-ны өдрийн 2011 дугаартай магадлалд дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Магадлалын ХЯНАВАЛ хэсэгт: “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, давж заалдах гомдлын нэг үндэслэлээ шийдвэр гүйцэтгэгч нь шинжээч томилж, үнэлгээ хийлгэх тогтоолоо танилцуулаагүйн улмаас төлбөр төлөгч Б.Гын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт заасан хүсэлт гаргах эрхийг нь зөрчсөн гэх боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэхэмжлэгчийн ийнхүү дурдсан заалт байхгүйн гадна хариуцагч нь “төлбөр төлөгч, өмчлөгч нарт үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн саналыг мэдэгдэлд заасан хугацаанд ирүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу үнэлгээчнээр зах зээлийн үнийг тогтоолгох” талаар мэдэгдсэн /хх-43, 44, 47/ байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй” гэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7 “Энэ хуулийн 43.1, 43.4-т заасан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэгч, орчуулагч, шинжээч. үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч, тэмдэглэл хөтлөгч өөрөө татгалзан гараагүй бол тэдгээрийг татгалзан гаргах тухай хүсэлтийг талууд, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэр гүйцэтгэгч, эсхүл ахлах шийдвэр гүйцэтгэгчид бичгээр гаргана”, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 “Энэ хуулийн 16.1.1-16.1.4-т заасан үндэслэл байвал хэргийн оролцогч, түүний хууль ёсны төлөөлөгч шинжээчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг гаргаж болно” заасан эрхийг эдлэх бололцоо олгоогүй байдаг. Нраас шинжилгээ, үнэлгээ хийх байгууллагаар “Хөрөнгө эстимэйт” ХХК, түүний үнэлгээчин томилогдсон болохыг мэдэгдээгүй, шинжээч томилсон тогтоолоо төлбөр төлөгч Б.Гт танилцуулалгүйгээр үнэлгээ хийлгүүлж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т заасан эрхийг эдлэх боломж олгоогүй.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/02083 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 сарын 02-ны өдрийн 2011 дугаартай магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Г нь Нт холбогдуулан төлбөрт битүүмжлэгдэн, хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээ зах зээлийн бодит үнэ ханшид нийцээгүй, хэт доогуур үнэлсэн гэх үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Б.Гаас 123 052 718 төгрөгийг гаргуулж “И” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөрт барьцаалагдсан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 41 дүгээр байр, 12 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Үйлдвэр /17042/ ХД-101 дүгээр байрны 2 тоот 79.68 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг битүүмжлэн, хурааж, улмаар албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал авахад талууд тохиролцоогүй үндэслэлээр шийдвэр гүйцэтгэгч “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон байна.

Шинжээч Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Үйлдвэр ХД-101 дүгээр байрны 2 тоот 79.68 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 141 612 000 төгрөгөөр, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 19-р хороолол 41 дүгээр байрны 12 тоот 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 108 395 000 төгрөгөөр тус тус үнэлжээ.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсний үндсэн дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй, төлбөрт хураагдсан эд хөрөнгийг  Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан аргачлалд нийцүүлэн үнэлсэн нь үнэлгээний тайланд тодорхой тусгагдсан, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үнэлгээг татгалзсан үндэслэл, тайлбараа баримтаар нотлоогүй гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. дахь заалтыг зөрчөөгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахдаа хэрэгт цугларсан баримтад тулгуурлан өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хууль хэрэглээний алдаа гаргаагүй, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцжээ.

Нэхэмжлэгч Б.Г нь шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуулийн зөрчиж, “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон тухай мэдэгдээгүй, шинжээч томилсон тогтоолоо танилцуулаагүй нь төлбөр төлөгчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7., Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.-т заасан эрхийг эдлэх боломж олгоогүй тул үнэлгээг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү...” гэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43.7., Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.-д шинжээч шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцохоос өөрөө татгалзан гараагүй бол тэдгээрийг татгалзах хүсэлтийг талууд, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэр гүйцэтгэгчид гаргаж болохоор зохицуулжээ.

Шийдвэр гүйцэтгэгч шинжээчид хуульд заасан эрх үүргийг танилцуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд шинжээч эрх, үүрэгтэйгээ танилцсаны үндсэн дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцохоос татгалзсан тухай хүсэлт гаргаагүй байна.

Нэхэмжлэгчид шинжээчээс татгалзах үндэслэл байсан эсэх, тэрээр эрхээ хэрэгжүүлээгүйгээс түүний ямар эрх зөрчигдсөн талаар гомдолд дурдаагүй, холбогдох үндэслэлийг баримтаар нотлоогүй байна.

Түүнчлэн шинжээч үнэлгээг хийхээр үл хөдлөх эд хөрөнгүүдтэй биечлэн танилцсан байх бөгөөд хэрэв түүнээс татгалзах үндэслэл байсан бол төлбөр төлөгч тухайн үед шинжээчээс татгалзах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан тул шийдвэр гүйцэтгэгч эрхээ хэрэгжүүлэх боломж олгоогүй гэх гомдлоор шинжээчийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/02083 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2011 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Б.Гын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Б.Гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД