Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 02013

 

“Х К” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2019/01882 дугаар шийдвэртэй, “Х К” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “И М” ХХК-д холбогдох 21 612 020 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхболор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: “Х К” ХХК нь “И М” ХХК-тай 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 2015103 дугаар “Бараа материал худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, “И М” ХХК-нь нийт 432 993 500 төгрөгийн бараа материалыг “Х К” ХХК-д нийлүүлэх, төлбөрт нь Саншайн Виллаже хотхоны С блокны 4/405 тоот 121.97 м.кв бүхий 4 өрөө орон сууцыг авахаар харилцан тохиролцсон. “И М” ХХК 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр орон сууцны өмчлөх эрхийг урьдчилан авч үлдэгдэл барааг 90 хоногийн дотор нийлүүлж дуусгахаар тохиролцох тухай “Баталгааны гэрээ” хийх хүсэлт гаргасан. Уг баталгааны гэрээгээр “И М” ХХК  нь 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар нийт 432 933 500 төгрөгийн бараа материал нийлүүлэхээс 223 314 880 төгрөгийн бараа нийлүүлсэн, үлдэгдэл төлбөр 209 678 620 төгрөгийн бараа материалыг орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ “И М” ХХК-ийн нэр дээр шилжсэн өдрөөс 90 хоног хүртэлх хугацааны дотор бүрэн нийлүүлж дуусна гэдгээ хариуцлагатайгаар баталж байна гэсэн байдаг.

Хариуцагч бараа материал борлуулсан тул НӨАТ төлж, манай компанид НӨАТ-ын баримт өгөх ёстой атал өгөөгүй. Талууд гэрээгээр тохирсон үнийн дүнгээс зөрүүтэй үнээр баримт бичиж, бараа нийлүүлсэн. Хариуцагч нь талууд тооцоо нийлсэн хугацаанд хамаарах 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн зарлагын падааныг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэж бичсэн, 55 423 680 төгрөгийн баримт гаргаж байгааг зөвшөөрөхгүй, уг баримт нь тооцоо нийлсэн үед хамаарах баримт юм. Шүүх талуудыг тооцоо нийл гэсэн боловч хариуцагч нийлээгүй. Иймд үлдэгдэл бараа материалын үнэ болох 21 612 020 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Талууд 2015103 дугаар “Бараа материал худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, манай компани 432 993 500 төгрөгийн бараа материалыг “Х К” ХХК-д нийлүүлж, төлбөрт нь Саншайн Виллаж хотхоны С блокны 4/405 тоот 121.97 м.кв бүхий 4 өрөө байрыг авахаар тохиролцсон. Бидний хувьд гэрээнд заасан орон сууцыг бартерт авч бараа материалыг 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр тасалбар болгон бүрэн нийлүүлж дууссан ба ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хавсаргасан харилцагчийн өглөг, авлагын дэлгэрэнгүй гүйлгээг харахад зарим бараа материалын үнийн дүн дутуу шивэгдсэн байдаг. 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “Х К” ХХК нь 39 115 980 төгрөгийн үнэ бүхий цахилгаан самбар авсан боловч нэмж тоноглуулан 55 423 680 төгрөгийн бараа, материал авсан атлаа үүнийг анхны үнийн дүнгээр шивж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, гэрээний хавсралтад барааны үнийг тохирсон боловч самбарын иж бүрдлийг тохироогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “И М” ХХК-иас 21 612 020 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х К” ХХК -д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 266 010 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 266 010 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх талууд тооцоо нийлснээс хойш 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 15 558 400 төгрөгийн бараа материал буцаагдсан болох нь “Х К” ХХК-ийн харилцагчийн өглөгийн дэлгэрэнгүй бүртгэлээр тогтоогдож байна, энэ талаар талууд маргаагүй гэж дүгнэжээ. Нэхэмжлэгч тал манай компанид тооцоо нийлэхээр харилцагчийн өглөгийн дэлгэрэнгүй гүйлгээг и-мэйлээр хүргүүлсэн. Энэхүү дансны гүйлгээнд “2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 15 558 400 төгрөгийн үнэ бүхий бараа материал самбарын тоноглол хийлгэж хүлээн авав” гэсэн байдаг. Мөн нэмж тоноглуулсан 55 423 680 төгрөгийн үнэ бүхий самбарыг тус компанийн инженер н.Барсаа гэх хүн хүлээн авсан нь “И М” ХХК-ийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн зарлагын баримтаар давхар нотлогдож байхад шүүх тухайн баримтуудыг үнэлээгүй.

Нэхэмжлэгч “Х К” ХХК-ийн харилцагчийн өглөгийн дэлгэрэнгүй гүйлгээний дугаарлалт 35-аас 37 гэж алгасагдсан буюу дээр дурдсан 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 15 558 400 төгрөгийн үнэ бүхий бараа материал самбарын тоноглол хийлгэж хүлээн авав гэсэн хэсгийг устгасан баримтыг үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасныг үндэслэлгүй гэж үзэж байгаа юм. Тухайн үед нэхэмжлэгчээс тооцооны үлдэгдлийн баталгаа хийлгэхээр ирэх үед бидний зүгээс уг самбарын тоноглолтой холбоотой үнийн дүнгийн зөрүүтэй асуудлыг хэлсэн бөгөөд нэхэмжлэгч компаниас нэмж тоноглуулсан самбарыг тооцоо нийлснээс хойш тооцоонд оруулах боломжтой гэсний дагуу бид тооцоо нийлсэн актад гарын үсгээ зурсан, үүний дагуу 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр уг тоноглолыг хүлээн авсан талаар и-мэйлээр хүргүүлсэн харилцагчийн өглөгийн дэлгэрэнгүй гүйлгээгээр нотлогдож байхад дээрх нөхцөл байдлыг анхан шатны шүүх харгалзан үзээгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт 15 558 400 төгрөгийг хассан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч “Х К” ХХК нь хариуцагч “И М” ХХК-д холбогдуулан, гэрээний төлбөрт нийт 21 612 020 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан “Бараа материал худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу хариуцагч “И М” ХХК нь нэхэмжлэгч “Х К” ХХК буюу худалдан авагчид нийт 432 993 500 төгрөгийн бараа нийлүүлэх, нэхэмжлэгч нь нийлүүлсэн барааны төлбөрт 1 м.кв нь 3 550 000 төгрөгийн үнэ бүхий Саншайн Виллаже хотхон, С блокын 4/405 тоотод байршилтай, 121.97 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг худалдагч “И М” ХХК-д хүлээлгэн өгөх үүрэг хүлээхээр талууд харилцан тохиролцсон байна. /хх7-9/

 

Дээрх гэрээний хүчин төгөлдөр байдал болон нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хариуцагчийн өмчлөлд дурдсан орон сууцыг шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй, харин хариуцагчийн нийлүүлсэн барааны хэмжээ, түүний үнийн дүнгийн зөрүүтэй байдалд маргажээ.

 

Гэрээ болон зохигчдын тайлбараас үзвэл, анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ байгуулагдсан гэж зөв тодорхойлсон байна. Гэвч хариуцагч талыг “нийлүүлээгүй барааны үлдэгдэл төлбөрт 21 612 020 төгрөгийг төлөх үүрэгтэй”, талууд нийт 26 640 900 төгрөгийн бараа материалуудыг буцааж өгсөн талаар маргаагүй гэж дүгнэхдээ нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Харилцагчийн өглөгийн дэлгэрэнгүй гүйлгээ /хх12/ гэх баримтыг үнэлсэн нь хэргийн үйл баримт, талуудын тайлбартай нийцэхгүй байна.

 

“Харилцагчийн өглөгийн дэлгэрэнгүй гүйлгээ” гэх дээрх баримтыг гэрээний нэг тал үйлдсэн төдийгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 ...бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн шаардлагыг хангаагүй байхад шүүх шийдвэрийн үндэслэлээ болгосон. Түүнчлэн, хариуцагч нь буцаалт 26 640 900 төгрөгийн үнийн дүнд хамаарах 15 558 400 төгрөг нь 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр нийлүүлсэн 55 423 680 төгрөгийн барааны нэмэлт тоноглол хийлгэсэн үнэд тооцогдсон гэж маргасан байхад шүүх энэ талаар маргаагүй гэж эсрэг дүгнэлт хийснээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Хариуцагч “И М” ХХК нь 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “Х К” ХХК-ийн н.Барсаа гэх хүнд дээрх 55 423 680 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн талаарх “Зарлагын падаан” хэргийн 31, 70 дугаар талд авагдсан байх бөгөөд нэхэмжлэгч тал уг баримтыг үгүйсгэж няцаасан баримт гаргаагүй байна. Хэдийгээр, хариуцагч нь нэхэмжлэгч талд хаяглан 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 223 314 880 төгрөгийн бараа нийлүүлсэн, үлдэгдэл 209 678 620 төгрөг байгаа талаар “Баталгаа гаргах тухай” албан бичиг хүргүүлсэн боловч нэхэмжлэгчийн гаргасан “Харилцагчийн өглөгийн дэлгэрэнгүй гүйлгээ”-нээс үзвэл /хх47,48/ 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар хариуцагч нь 223 314 880 төгрөгийн бараа нийлүүлсэн байх бөгөөд уг тооцоонд 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 39 115 980 төгрөгийн бараа нийлүүлсэн гэж дээрх “Зарлагын падаан”-д бичигдсэнээс өөр дүнгээр тэмдэглэгдсэн байна.

 

Иймд нэхэмжлэгч нийлүүлсэн бараанаас хариуцагчид буцаасан нийт 26 640 900 төгрөгт хамаарах 15 558 400 төгрөгийн буцаалтыг 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр нийлүүлсэн буюу самбарын нэмэлт тоноглол хийсэн зөрүү 15 996 020 төгрөгт тооцсон гэх хариуцагч талын татгалзал, давж заалдах гомдол үндэслэлтэй гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, шүүх 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн нийлүүлсэн барааны дээрх зөрүү 15 996 020 төгрөг, гэрээний хавсралтаар тохирсон үнээс илүү үнээр барааг нийлүүлсний зөрүү үнэ 5 222 000 төгрөг, нийт 21 960 020 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үндэслэлтэй гэсэн нь хариуцагчийн нийлүүлсэн барааны үнийг нийлүүлээгүй барааны үлдэгдэл төлбөр гэж тооцооллын алдаа гаргажээ. Иймд шүүхийн тогтоосон 21 960 020 төгрөгөөс давж заалдах гомдолд дурдсан 15 558 400 төгрөг, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон илүү үнээр барааг нийлүүлсэн зөрүү 1 100 000 төгрөгийг хасч 5 301 620 төгрөгийг хариуцагч “И М” ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч “Х К” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1,2 дах заалтад зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн   167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2019/01882 дугаар шийдвэрийн, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “И М” ХХК-аас 5 301 420 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х К” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16 310 600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн,

Тогтоох хэсгийн 2 дах заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266 010 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 99 772 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч “Х К” ХХК давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235 742 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                          ШҮҮГЧИД                                         С.ЭНХТӨР

 

                                                                                    Т.ТУЯА