Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2019/01882

 

2019 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2019/01882

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х ХХК  -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: И ХХК -д холбогдох

21.612.020 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, Э.Ё хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х  ХХК нь И ХХК-тай 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 2015103 тоот Бараа материал худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.

Тус гэрээгээр И ХХК-нь 432.993.500 төгрөгний бараа материалыг Х ХХК-д нийлүүлж төлбөрт нь Саншайнь Виллаже хотхоны С блокны 4/405 тоот 121,97 мкв бүхий 4 өрөө байрыг авахаар тохиролцсон.

Ингээд И ХХК нь 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр дахин Баталгааны гэрээ хийх хүсэлт гаргасан тус гэрээгээр гэрээний төлбөрт авах байрыг урьдчилж аваад үлдэгдэл барааг 90 хоногийн дотор нийлүүлж дуусгахаар тохиролцож байрыг шилжүүлж авсан.

Өөрөөр хэлбэл Х ХХК- ийн захирал тооцоо хийгээд 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож нийт 432.933.500 төгрөгийн бараа материал нийлүүлэхээс 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 223.314.880 төгрөгийн бараа нийлүүлсэн ба үлдэгдэл төлбөр болох 209.678.620 төгрөгийн бараа материалыг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ ИХХК-ийн нэр дээр шилжсэн өдрөөс 90 хоног хүртэлх хугацааны дотор бүрэн нийлүүлж дуусна гэдгээ хариуцлагатайгаар баталж байна гэсэн баталгаа гаргаж өгсөн.

Хариуцагч бараа материал борлуулчихаад НӨАТ төлөх ёстой, манайд НӨАТ-ын падаан ирэх ёстой байтал манайд шивж ирүүлээгүй байгаа юм. Талууд гэрээгээр тохирсон үнийн дүнгээр л бараа материал нийлүүлэхээр, авахаар тохирсон. Гэтэл эд нар тэр үнийн дүнгээс зөрүүтэй бичиж ирчихээд үлдэгдэл төлбөрөө өгөхгүй гээд байна.

Хариуцагч нь талууд тооцоо нийлчихсэн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн зарлагын падааны огнооны дээд талд харандаагаар 2017.01.01 гэж бичихээд нийт дүнг нь 55.423.680 байсан гээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй, үнэн хэрэг дээрээ энэ баримт нь тооцоо нийлчихсэн баримт юм.

Шүүхээс биднийг хоорондоо тооцоо нийл гэсэн боловч эднийх нийлэхгүй байна. Иймд үлдэгдэл бараа материалын үнэ болох 21.612.020 төгрөгийг гаргуулан өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Икомпани нь Х ХХК-тай 2015103 дугаар бүхий Бараа материал худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр манай компани нь 432.993.500 төгрөгийн бараа материалыг Х ХХК-д нийлүүлж, төлбөрт нь Саншайнь Виллаж хотхоны С блокны 4/405 тоот 121.97 м.кв бүхий 4 өрөө байрыг авахаар тохиролцсон юм.

Бидний хувьд гэрээнд заасан байрыг бартерт авч бараа материалыг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр тасалбар болгон бүрэн нийлүүлж дууссан бөгөөд одоо ямар нэг өр төлбөр тооцоо үлдээгүй.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ хавсарган өгсөн харилцагчийн өглөг авлагын дэлгэрэнгүй гүйлгээг харахад зарим бараа материалын үнийн дүнгүүд дутуу шивэгдэж орсон байна.

2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Х ХХК нь 39.115.980 төгрөгийн үнэ бүхий цахилгаан самбар авсан боловч нэмж тоноглуулан 55.423.680 төгрөгийн бараа материал болгон авсан байтал үүнийг анхны үнийн дүнгээр шивж оруулан манай компаниас нэхэмжилж байгааг бид хүлээн зөвшөөрөх боломжгүй, бидний хооронд байгуулсан гэрээний хавсралтад барааны үнийг тохирсон боловч самбарын иж бүрдлийг тохироогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч ИХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 21.612.020 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч ИХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч ИХХК- д Саншайнь Виллаже хотхоны С блокны 4/405 тоот 121,97 мкв бүхий 4 өрөө байрыг 100%-ийн бартерийн нөхцөлтэйгээр нийлүүлэх, ИХХК /худалдагч/ нь 432.993.500 төгрөгийн бараа материалыг Х ХХК /худалдан авагч/-д нийлүүлэх үүргийг тус тус хүлээж Бараа материал худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ./хх-ийн 7-10-р хуудас/

Уг гэрээний хавсралт А, Б -гээр бараа материалын нэр, нэгж үнийг, С-гээр бараа материал нийлүүлэх хугацааг тус тус тохирсон байна. /хх-ийн 10-р хуудас/

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Бараа материал худалдах, худалдан авах гэрээ гэсэн нэртэй боловч талуудын хооронд арилжааны гэрээ байгуулагдсан байна гэж үзнэ.

ИХХК нь 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Бараа материал худалдах, худалдан авах гэрээний дагуу 432.933.500 төгрөгийн бараа материал нийлүүлэхээс 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 223.314.880 төгрөгийн бараа нийлүүлсэн ба үлдэгдэл төлбөр болох 209.678.620 төгрөгийн бараа материалыг, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ ИХХК-ийн нэр дээр шилжсэн өдрөөс 90 хоног хүртэлх хугацааны дотор бүрэн нийлүүлж дуусгана гэсэн баталгааг Х ХХК-д гаргаж өгчээ./хх-ийн 11, 12-р хуудас/

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй тооцоо нийлснээс хойш 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 15.558.400 төгрөгийн, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 2.410.000 төгрөгийн, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 240.000 төгрөгийн, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 3.132.500 төгрөгийн, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 5.300.000 төгрөгийн, нийт 26.640.900 төгрөгийн бараа материалуудыг буцааж өгсөн болох нь зохигчийн тайлбар Х ХХК-ийн Харилцагчийн өглөгийн дэлгэрэнгүй бүртгэл, бараа материал нийлүүлэх тооцоо зэрэг баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 12, 13, 65-р хуудас/

Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу Х ХХК нь Саншайнь Виллаже хотхоны С блокны 4/405 тоот 121,97 мкв бүхий 4 өрөө байрыг ИХХК-д шилжүүлэн өгсөн талаар, Тооцоо нийлсэн дээрх баталгааны талаар, нийт 26.640.900 төгрөгийн бараа материалуудыг буцааж өгсөн талаар талууд маргаагүй болно./хх-ийн 11, 12, 65, 78-р хуудас/

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1.-т Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ гэж,

274.3.-т Арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна гэж тус тус заажээ.

Мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй барааг нийлүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй гэжээ.

            Талуудын хооронд байгуулагдсан Бараа материал худалдах, худалдан авах гэрээний үүрэгт хариуцагч ИХХК-нь нийлүүлээгүй барааны үлдэгдэл төлбөр болох 21.612.020 төгрөгийг төлөх үүрэгтэй.

            Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Х ХХК нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох Саншайнь Виллаже хотхоны С блокны 4/405 тоот 121,97 мкв бүхий 4 өрөө байрыг ИХХК- д шилжүүлэн өгсөн байхад, хариуцагч ИХХК нь 432.933.500 төгрөгийн бараа материал нийлүүлэхээс 411.321.480 төгрөгийн бараа материалийг нийлүүлж 21.612.020 төгрөгийн бараа материалыг дутуу нийлүүлсэн байх тул үнийг нь төлөх үүрэгтэй.

Талуудын хооронд байгуулагдсан Бараа материал худалдах, худалдан авах гэрээний хавсралт Б-д ПВ1*2,5- тай зэс кабелийн нэг метрийн үнийг 570 төгрөг гэж харилцан тохиролцсон боловч ИХХК нь 2018 оны 6 дугаар сарын 1, 13, 29-ний өдрүүдэд ПВ1*2,5- тай зэс кабелийг Х ХХК-д нийлүүлэхдээ нэг метрийн үнийг 750 төгрөгөөр тооцож зарлагын падаан бичиж нийлүүлсэн тул 5.222.000 төгрөгийн зөрүү /6.165.000-3.577.000 = 2.588.000, 5962.500-4.531.500 = 1.431.000, 5.002.500-3.799.500 = 1.203.000, 2.588.000+1.431.000+1.203.000= 5.222.000/, мөн хариуцагч ИХХК нь 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн зарлагын падааныг нэхэмжлэгчид баталгаа гаргаж өгсөн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс хойш өгсөн бараа материал гэж үзсэнээс 15.996.020 төгрөгийн зөрүү /55.423.680- 39.115.980 = 15.996.020/ тус тус үүссэн байна. /хх-ийн 12, 66, 68, 69, 70, 71-р хуудас/

Иймд хариуцагч ИХХК-иас Бараа материал худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 21.612.020 төгрөгийг /5.222.000+15.996.020 = 21.960.020/ гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгох үндэстэй.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэл, тайлбараа хариуцагч нотолж чадаагүй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1.-д заасныг баримтлан хариуцагч И ХХК -иас 21.612.020 /хорин нэгэн сая зургаан зуун арван хоёр мянга хорин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК -д олгосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 266.010 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 266.010 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   Ч.ИЧИНХОРЛОО