Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 362

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

           улсын яллагч Б.Уранцэцэг,

шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 ... прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Г-н Дд холбогдох 2017 2601 0436 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1991 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр ... төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, ЗТН нэгдүгээр баазад жолооч ажилтай, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт ...9 дүгээр ... тоотод амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Т.овгийн Г. Д, РД:...

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Г.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 02 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө ... тоот Хнд иргэн Г.О  нүүрэнд нь цохиж толгой руу нь мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, хохирогч Г.О зугатахад нь хөөж ... 9 дүгээр хорооны 76 дугаар сургуулийн замын уулзварын хашлага мөргөн зогссон байхад хохирогчийн ... УБЦ улсын дугаартай “Ниссан Ноте” маркийн автомашиныг Хны хугархай банзаар цохиж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж 1.380.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хуралдаанаар нотлох баримтуудыг шинжлэн судлахад:   

Шүүгдэгч Г.Д нь 2017 оны 02 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө ... 10 дугаар хорооны ... тоот Хнд иргэн Г.О  нүүрэнд нь цохиж, толгой руу нь мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн

хохирогч Г.О нь хөөж ... 9 дүгээр хорооны 76 дугаар сургуулийн замын уулзварын хашлага мөргөн зогссон байхад хохирогчийн ... УБЦ улсын дугаартай “Ниссан Ноте” маркийн автомашиныг Хны хугархай банзаар цохиж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж 1.380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-9/,

- эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцож үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-10-12/

- хохирогч Г.О-Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 02 дугаар сарын 15-ны орой ...нэг залуу над руу ирээд “чи хэн бэ” гэхэд нь би дуугараагүй байхад тэр залуу үгийн зөрүүгүй миний толгой руу цохихоор нь би зөрүүлээд нэг удаа тэр залууг цохисон. Тэгэхэд тэр залуу намайг хүзүүдэж аваад мөргөх гэж завдсан, намайг татаад толгойгоороо мөргөхөөр нь би тонгойсон чинь миний дух орчим 1 удаа мөргөөд толгой руу цохиод байх шиг байсан. Тэгээд хэн нэгэн нь салгасан...салаад Стай машиндаа суугаад явахад нөгөө хүмүүс араас машинтайгаа хөөгөөд 120 айлын гудамжаар ороод зугтаахад араас хөөгөөд байсан...би 76 дугаар сургуулийн уулзвараар баруун эргэх гээд сандарсандаа дутуу дарж уулзвараар эргэж чадалгүй замын хашлагыг машины урд талаараа мөргөөд зогссон. Нөгөө машин миний машины хажууд зогсоод нэг хүн бууж ирээд миний машины жолоочийн эсрэг талын цонхыг цохиж хагалсан. Цагдаагийнхан үзлэг хийснээс хойш би машин дээрээ очиход миний машины цонх, гэрэлнүүдийг хагалсан байсан, урд гупер нь салсан, моторын тос нь гоожсон байталтай байсан. Миний толгой руу Д гээд залуу нь мөргөж, цохиж доргиосноос би бөөлжөөд байсан....Надад хохирлын мөнгө болох 7.100.000 төгрөгийг тохиролцоод өгсөн учраас надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Би анх нэхэмжилсэн мөнгөний үлдэгдэл болох 258.000 төгрөгийг нэхэмжлэхгүй, миний хувьд хохирол бүрэн төлөгдсөн...гэх мэдүүлэг /хх-20-22/   

- гэрч Д.С-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Д гарч ирээд О-г толгой хэсэг рүү нь толгойгоороо 1 удаа мөргөсөн, тэгснээ гараараа мөн толгой руу нь 1-2 удаа цохисон баруун гараараа л цохисон байх. Тэр 2 зууралдаад газарт унаад өнхрөөд байсан. Тэндээс гараад бид 2 машинаараа зугатаасан чинь Д, Х дүү нар нь хөөгөөд бид 2 цагдаагийн хэлтэс рүү орсон. 76 дугаар сургуулийн уулзвар дээр иртэл О-н ... УБЦ улсын дугаартай автомашиныг хугархай банзаар цохиод эвдчихсэн байсан...гэх мэдүүлэг /23-24/,

-  гэрч Т.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....2017 оны 02 дугаар сарын 15-ны орой би найз охин Н-н, Н-н эгч С болон О нарын хамт кино үзсэн.. Н-г гэрийнх нь гадаа хүргэж өгч байхад гадаа нь нэг приус-20 маркийн машин байсан Н машинаас бууж ирээд Х ахаа та яах гээд байгаа юм гээд намайг Б ахыг дуудчих гэхээр нь би дотогшоо ороход Д ах Б ахтай юм яриад сууж байснаа намайг орохоор ийшээ суу яриа байна гэсэн...Х гаднаас орж ирээд миний дагз руу гараараа алгадсан...гэтэл Д босч ирээд Хг боль гээд суулгасан...С гаднаас орж ирээд юу болоод байгаан гар зайл, гэж хөөсөн. Д түрүүлж гараад би араас нь гарсан чинь О Хн дотор зогсож байхад Д ах О-г хүзүүдэж аваад чи тэр О нь юм уу гээд зодолдоод байсан ба би шууд гараад машинтайгаа зугатаачихсан юм...гэх мэдүүлэг /хх-29-30/

- гэрч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр манай автобус баазаас 2 найз ирээд 1 шил архи хувааж уусан. Тэр 2 явсан..гаднаас орой Д, Х 2 манай гэрт ирсэн...Д бид 2 юм яриад сууж байхад Б гаднаас орж ирсэн...араас нь Х манай охин Н нар орж ирсэн...С орж ирээд архи уулаа гээд уурлаад Дыг хөөгөөд Д гараад явсан...би араас нь гартал С-н найз О гэх залуутай Д зууралдчихсан байхад нь татаад Дыг дүү нартайгаа муудалцаж болохгүй гээд гэрлүүгээ оруулсан...Х О-г зодсон асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-31-32/

- насанд хүрээгүй гэрч Б.Н-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр би найз Б болон өөрийн төрсөн эгч С, түүний найз О нарын хамт кино үзчихээд О. С. нар Б бид 2-ыг гэрийн гадаа хүргэж өгсөн. Машины үүдэнд зүгсож байхад Х ах ирээд машинаа холдуул гээд байсан. Б гэр лүү ороод би ортол араас Х ах орж ирсэн...Х ах чанга дуугаар яриад байсан ба Д ах айлд ирчихээд юундаа чанга дугараап байгаа юм гэж байсан. Тэгээд С эгч орж ирээд та нар гэрт архи уулаа гээд хөөсөн Д ах түрүүлээд гарсан...манай Хнд О ах зогсож байсан...Д ах О ахтай зууралдаад ааь тэр 2-ыг салгасан, яг яаж зодолдсон талаар би мэдэхгүй байна. Өөр зүйл тэнд болоогүй...гэх мэдүүлэг /хх-35-36/

- “Вендо” хөрөнгийн үнэлгээний компаний “автомашин техникийн үнэлгээний тайлан”- 3.090.600 төгрөг /хх-40-41/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2853 дугаартай шинжээчийн:...Г.О биед уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд баруун 1-р шүдний сулрал, буйланд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-45/

- шинжээч эмч Т.Ч-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...О биед учирсан уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд баруун 1-р шүдний сулрал, буйланд цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх мэдүүлэг /хх-39/,

            - сэжигтнээр Б.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..2017 оны 2 дугаар сарын 15-ны орой 22 цаг өнгөрөөгөөд найз Дын ажлын газар болох Автобус 1-р бааз дээр би очоод Дын дүү нь ... УБЯ улсын дугаартай саарал өнгийн приус 20 маркын машин жолоодоод Д болон түүний 2 найзын хамт 0.75 граммын 1 шил архи аваад Дын дүүгээс бусад нь хувааж уусан. Д бид 2 Б ахынд бууж байхад хүүхдүүд нь орж ирж байсан, бид 2-ыг гар зайл гээд том охин нь тэгээд байх шиг байсан. Д түрүүлээд гарсан..хүмүүс Хн дотор шуугилдаад байхаар нь гарах гэтэл намайг нэг нь барьчихаад гаргахгүй байсан....хэсэг байж байгаад гартал хүмүүс Хны үүдээр байсан...Д бид 2 машинд суугаад хөдөлсөн. Хаагуур явсан талаар мэдэхгүй байна. Явж байгаад замдаа хар өнгийн машин хөөгөөд байсан. Тэгээд Жанцангийн уулзвар орчихоод Баянхошууны шинэ эцэс рүү явж байхад 76 дугаар сургуулийн уулзвар дээр түрүүний араас нь хөөж байсан хар өнгийн ниссан нөте маркийн машин замын хашлага мөргөчихсөн зогсож байсан. Жолооч нь гараад гүйхээр нь араас нь би гүйгээд гүйцээгүй гудамжаар ороод явчихсан...тэгээд би эргэж ирэхэд уг машины цонх гэрэл хагарсан байсан. Д хагалсан байх би хагалаж байхыг нь бол хараагүй...гэх мэдүүлэг./хх-63-64/

            - шүүгдэгч Г.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..гэрээс гартал Хн дотор нэг залуу зогсож байсан. Би тэр залууг надтай цуг явж байсан юм болов уу гэж бодоод хүзүүгээр нь тэвэрч автал тэр залуу намайг түлхээд нэг удаа гараараа намайг цохисон...тэгэхээр нь би тэр залууг гараараа толгой хэсэг рүү нэг удаа мөргөсөн энэ үед намайг нэг хүн газарт унагаагаад зууралдаад байсан...Б ах намайг гэртээ оруулсан...Гэрээс гараад О гадаа байсан тул...машиндаа суугаад дэлгүүр орох гэтэл хажуугаар нэг хар машин өнгөрсөн ба дүүгээс асуухад түрүүний залуугийн машин байна гэхээр нь тэр залуутай уулзах гээд араас нь яваад зогсоо гэсэн. 76 дугаар сургуулийн уулзвар дээр ниссан нөте машин хашлага мөргөөд зогсчихсон байхаар нь харалдаа ирээд зогс гээд Х бид 2 машинаас буугаад машин дээр очиход нөгөө залуу буугаад зугтаасан чинь Х тэр залууг хөөгөөд гудамж руу орчихоор нь замын хажууд хэвтэж байсан хугархай банзыг аваад уг машины урд салхины шил, урд 2 их гэрэл, жолооч талын хойд хаалганы шил, баруун хойд талын гэрэл, дохио, жолоочийн эсрэг талын хаалганы шил, жолоочийн хойд хаалганы ард байрлах жижиг шил, жолоочийн эсрэг талын хойд хаалганы шил, урд копуд зэргийг би тэнд байсан хугархай банзаар цохиж хагалсан. Энэ үед ганцаараа байсан...гэх мэдүүлэг /хх-71-76/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд Г.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

   Шүүгдэгч нь өөрийн гэмтээсэн хохирогч Г.Ө  автомашиныг  худалдан авч, нийт 7.100.000 төгрөг төлсөн /хх-111-112/ байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулав.

Торгох ял оногдуулахад 1 нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар 1000 төгрөгтэй тэнцүүлсэн, мөн оногдуулсан торгох ялыг төлж барагдуулах хугацааг шүүгдэгчийн орлого олох боломжийг тогтоов.

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан эд зүйлгүй болно.  

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 93 см урттай хугархай банзыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.     

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:  

 

1. Шүүгдэгч Г.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

 

2. Шүүгдэгч Г.Дыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.    

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 900,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.   

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан 900.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 93 см урттай хугархай банзыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.    

  

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй,  тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

 

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

 

            8. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Г.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР