Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 711

 

 

 

 

 

 

 

 

 

 

А.С-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор М.Амарзаяа,

ялтан А.С- /цахимаар/,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Г.Мөнхзул, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 281 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.С-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2016 2601 2631 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. А.С, 1992 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын 13 дугаар гудамжны 34 тоотод оршин суух,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 107 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 304 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялын зарим 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 185 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 6 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 6 хоногийн хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 557 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 3 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан. /РД:УХ92082754/,

 

Яллах дүгнэлтэд бичигдсэнээр: А.С- нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 30-20 тоотод оршин суух иргэн Ц.М-н өвлийн сууцны вакум цонхыг түлхэн, бусдын орон байранд нэвтэрч:

- иж бүрэн хуучны төв халх хийцтэй 12 цагаантай, жирмэн угалзтай хуучны хув хар дөрөөтэй эмээл 1 ширхэг,

- битүү ороолттой мөнгөн хазаар 1 ширхэг,

- суман хар модтой, мөнгөн дугуйтай ташуур 1 ширхэг,

- эртний тархи манан, алтан нуухтай, ясан халбагатай дунд гарын хөөрөг 1 ширхэг,

- чүнчиг толгойтой мөнгөн нуухтай, мөнгөн халбагатай дунд гарын хөөрөг 1 ширхэг,

- чүнчиг толгойтой мөнгөн нуухтай, мөнгөн халбагатай дунд гарын бондгор хийцтэй хөөрөг 1 ширхэг,

- 17 см орчим амсартай, 20 лангийн хуучны ноён сэрвээ хийцтэй их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, 2 литрийн виски 1 шил, 8 мм өргөнтэй 50-55 см хэмжээтэй, 585 сорьцтой, турк монетон гинж 1 ширхэг, 8 мм өргөнтэй цулгай эрэгтэй алтан бөгж 1 ширхэг, Солонгос Улсад үйлдвэрлэсэн бөөрөнхий хавтгай хэлбэртэй цацарсан хээтэй монетон ээмэг бөгж, гинжний хослол 1 ширхэг, 585 сорьцтой угалзан хээтэй турк монетон бөгж 1 ширхэг, 585 сорьцтой бөмбөлөгтэй урт гинжин хэлхээтэй турк монетон хослол ээмэг 1 ширхэг, 999 сорьцтой солонгос алтан кольцо бөгж 1 ширхэг, гар хийцийн жимсэн хэлбэртэй, шигтгээтэй 585 сорьцтой хүүхдийн хос ээмэг 1 ширхэг, чигчий хурууны монетон бөгж 1 ширхэг, 5 мм өргөнтэй, 55 см урт мөнгөн гинж 1 ширхэг, ирвэсний толгойн хийцтэй турк монетон бөгж 1 ширхэг, хүүхдийн турк монетон ээмэг 1 ширхэг, биет 550.000 төгрөг зэрэг эд зүйлүүдийг хулгайлж бусдад нийт 47.100.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: А.С-гийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас А.С-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон өөрчилж, А.С-г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэн, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, А.С-г 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар А.С-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар А.С-н цагдан хоригдсон 183 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн хар өнгийн “Самсунг эс-1” загварын гар утсыг А.С-н төлөх хохирол, хор уршигийн төлбөрт тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, А.С-н гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлснийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар А.С-гаас 17.570.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.М-д олгож шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч А.С- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие тэр үед хохирогч М гэх хүний эмээлийг зарж яваад баригдаж хоригдсон. Удалгүй ирж анхны байцаалт авсан. Анхны байцаалт дээрээ бүх болсон явдлаа үнэнээр нь хэлж хулгайн эд зүйл буюу эмээл, хазаар, ташуур зэргийг үл таних хүмүүсээс 600.000 төгрөгөөр худалдаж авсан болохоо мэдүүлсэн. Прокурор, байцаагч хоёр энэ хэргийг хүлээ гэж тулгаж, дарамталдаг байсан. Сүүлдээ бүр энэ хэргийг хүлээчих гэж гуйж ирдэг байсан. Тэр бүгдэд нь би “хийгээгүй, худалдаж авсан” гэдгээ хэлж байсан. Прокурор, байцаагч хоёр хамт ирээд “хэргийг хүлээчих, шинэ хуулиараа хамгийн бага ялыг өгнө” гэсэн. Тэгэхээр би нь “батлан даалтад гармаар байна” гэж хэлсэн. Удалгүй прокурор ганцаараа ирээд “чи найдвартай биз дээ, оргож босоод явчих юм биш биз дээ, гараад байцаалтаа өгөөрэй, ийм хэрэгт сэжиглэгдэж байгаа хүнийг батлан даалтад гаргадаггүй юм” гэсэн. Хэд хоногийн дараа байцаагч ирж батлан даалтад авсан. Замдаа “Б.Я-н мэдүүлгийн дагуу байцаалтаа яг ижилхэн өгнө шүү” гэхэд нь би “тэгье” гэсэн. Быг яагаад ийм ор үндэсгүй худлаа мэдүүлэг өгснийг мэдэхгүй боловч хорих 461 дүгээр ангид прокурор А.Ганзориг, ахлах дэслэгч Баянжаргал нарын дарамтад орж ийм худал, ор үндэсгүй мэдүүлэг өгсөн байх гэж бодож байна. Гэрч Б.Я, У, Б нарын мэдүүлгийг сайн шалгуулж, энэ хэргийг хийгээгүй болохоо нотлуулах хүсэлтэй байна. Мөн прокурор А.Ганзориг, байцаагч Баянжаргал нарыг шалгаж өгнө үү. Анхан шатны шүүхээс надад 2 жилийн ял өгнө гэж прокурор А.Ганзориг, байцаагч Баянжаргал нар тохирсон боловч 5 жилийн хорих ялаар шийтгэсэн. Миний бие хийгээгүй хэргийнхээ төлөө 5 жилийн хорих ял авсандаа маш их гомдолтой байна. Иймд хэргийн материалыг нягтлан шалгаж, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү, хэргээ үнэн зөв шударгаар шийдүүлмээр байна ...” гэв.

 

Прокурор М.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Ялтан А.С-гийн үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон. Хэрэгт хийгдвэл зохих бүх ажиллагааг нэг бүрчлэн хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд хянав.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангажээ.

 

А.С- нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 30-20 тоотод оршин суух иргэн Ц.М-н өвлийн сууцны вакум цонхыг түлхэн, бусдын орон байранд нэвтэрч:

- иж бүрэн хуучны төв халх хийцтэй 12 цагаантай, жирмэн угалзтай хуучны хув хар дөрөөтэй эмээл 1 ширхэг,

- битүү ороолттой мөнгөн хазаар 1 ширхэг,

- суман хар модтой, мөнгөн дугуйтай ташуур 1 ширхэг,

- эртний тархи манан, алтан нуухтай, ясан халбагатай дунд гарын хөөрөг 1 ширхэг,

- чүнчиг толгойтой мөнгөн нуухтай, мөнгөн халбагатай дунд гарын хөөрөг 1 ширхэг,

- чүнчиг толгойтой мөнгөн нуухтай, мөнгөн халбагатай дунд гарын бондгор хийцтэй хөөрөг 1 ширхэг,

- 17 см орчим амсартай, 20 лангийн хуучны ноён сэрвээ хийцтэй их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, 2 литрийн виски 1 шил, 8 мм өргөнтэй 50-55 см хэмжээтэй, 585 сорьцтой, турк монетон гинж 1 ширхэг, 8 мм өргөнтэй цулгай эрэгтэй алтан бөгж 1 ширхэг, Солонгос Улсад үйлдвэрлэсэн бөөрөнхий хавтгай хэлбэртэй цацарсан хээтэй монетон ээмэг бөгж, гинжний хослол 1 ширхэг, 585 сорьцтой угалзан хээтэй турк монетон бөгж 1 ширхэг, 585 сорьцтой бөмбөлөгтэй урт гинжин хэлхээтэй турк монетон хослол ээмэг 1 ширхэг, 999 сорьцтой солонгос алтан гольцо бөгж 1 ширхэг, гар хийцийн жимсэн хэлбэртэй, шигтгээтэй 585 сорьцтой хүүхдийн хос ээмэг 1 ширхэг, чигчий хурууны монетон бөгж 1 ширхэг, 5 мм өргөнтэй, 55 см урт мөнгөн гинж 1 ширхэг, ирвэсний толгойн хийцтэй турк монетон бөгж 1 ширхэг, хүүхдийн турк монетон ээмэг 1 ширхэг, биет 550.000 төгрөг зэрэг эд зүйлүүдийг хулгайлж бусдад нийт 47.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.М-н мэдүүлсэн “... Би 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 13 цаг өнгөрч байхад эхнэр Г-н хамт “Хархорин” зах руу хоол, хүнсний зүйл цуглуулах гээд гарсан. Гэрээсээ гарахдаа хаалга, цонхоо бүгдийг нь шалгаж үзээд явсан. Тухайн үед хүүхдүүд өглөө сургуульдаа явцгаасан байсан. “Хархорин” зах дээгүүр явж байгаад 16 цаг 30 минутын орчим эхнэр бид хоёр замаараа хүүхдээ сургуулиас нь аваад гэртээ ирээд байшин руугаа ороход үүдний хаалганы цоож эвдрэл, гэмтэлгүй зүгээр байсан. Тэгсэн чинь банны өрөөний хаалга, граж руу ордог хаалга онгорхой байсан. Эхнэр маань яагаад хаалга онгорхой орхив гээд надаас асуусан. Би онгорхой орхиогүй гэж хэлээд том өрөө рүүгээ харсан чинь зочны өрөөний стенкний хажуу талд байсан мөнгөн эмээл, хазаар, ташуур байхгүй байсан. Том өрөөний цонхны салхивч онгорхой байдалтай, буйдан дээр үүдний хувцасны шүүгээн дотор байсан улаан өнгийн цүнхийг тавьсан, дотор нь байсан хувцаснуудыг цонхны урд талд шалан дээр тарааж хаясан байдалтай байсан. Тэгээд бид гэрт хулгай орсоныг мэдээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай гэрээс том өрөөний стенкний хажууд байсан болон сервантан дотор байсан эд зүйлсүүдээс стенкний хажууд эмээлний суурин дээр байсан иж бүрэн хуучны төв халх хийцтэй 12 цагаан жирмэн угалзтай хуучны хув хар дөрөөтэй мөнгөн тоногтой дунд гарын эмээл 1 ширхэг, битүү ороолттой мөнгөн хазаар 1 ширхэг, суман хар модтой мөнгөн дугуйтай 1 ширхэг ташуур, даваа толгойтой ясан халбагатай алтан нуухтай дунд гарын бондгор хийцтэй тархи манан хөөрөг 1 ширхэг, Чүнчиг толгойтой мөнгөн нуух, мөнгөн халбагатай дунд гарын бондгор хийцтэй чүнчигноров хөөрөг 1 ширхэг, 17 см-ийн амсартай, 20 лангийн хуучны ноён сэрвээ хийцийн их гарын мөнгөн аяга 1 ширхэг, хуванцар дагштай оюу шигтгээтэй “охин Гэрэлтунгалагтаа аав Цагаан, ээж Ч-с” гэсэн бичиглэлтэй дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, хуванцар дагштай шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, ёроолдоо зааны бүтнээрээ орсон сийлбэртэй дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, сийлбэргүй цулгай хуванцар дагштай шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга, хоёр литрийн шилтэй дөрвөлжин хэлбэрийн шотланд виски 1 ширхэг, мөнгөний гахайг хагалж дотор нь байсан 450.000 төгрөгийг авсан байсан, дотор нь яг 450.000 төгрөг байсан. Учир нь өнгөрсөн оны шинэ жилээр манай хүүхдийн ёолкон дээр цугларсан 280.000 төгрөгийг тэр чигт нь хийсэн байсан. Үүн дээр 2016 оны 1 дүгээр сараас хойш сар болгон 10.000, заримдаа 20.000 төгрөг дээж болгон хийж байсан. Хамгийн сүүлд 2016 оны 10 дугаар сарын 1 бил үү 2-ны өдөр 10.000 төгрөг хийхэд 450.000 төгрөг болсон. Үүнийг манай эхнэр гэрчилнэ. 8 мм-ийн өргөнтэй, 50-55 см урттай, 585 сорьцтой, турк монетон гинж 1 ширхэг, зочны өрөөний стенкэн дотор байсан 8 мм-ийн өргөнтэй цулгай, сорьцгүй, эрэгтэй алтан кольцо бөгж 1 ширхэг, 585-ын сорьцтой Солонгос Улсад үйлдвэрлэгдсэн бөөрөнхий хавтгай хэлбэртэй, цацарсан, хээтэй, монетон кулон ээмэг, бөгж гинжний хослол 1 ширхэг, үүнийг би 2013 онд “Мөнгөн завъяа”-гаас 1.600.000 төгрөгөөр худалдан авч байсан. 585-ын сорьцтой угалзан хээтэй эмэгтэй турк монетон бөгж 1 ширхэг, 585-ын сорьцтой бөмбөлөгтэй урт гинжин хэлхээтэй турк монетон хос ээмэг 1 ширхэг, 999 сорьцтой голоороо үл ялиг ховилтой Солонгос Улсад үйлдвэрлэгдсэн алтан эмэгтэй кольцо бөгж 1 ширхэг, гар хийцийн жимсэн хэлбэртэй улаан ногоон шигтгээтэй 585 сорьцтой монетон хос ээмэг 1 ширхэг, чигчий хурууны монетон бөгж 1 ширхэг, сейфнд миний 2 түрүүвчинд байсан нийт 100.000 төгрөгийг авсан байсан. Гэхдээ түрүүвч нь алдагдаагүй. Хүүхдийн өрөөний цонхны тавцан дээр байсан миний өөрийн зүүдэг мөнгөн гинж урт нь 55 см, өргөн нь 50 мм-тэй гинж алдагдсан. Ирвэсний толгойн хийцтэй, турк монетон эрэгтэй бөгж 1 ширхэг, хүүхдийн мотетон ээмэг зэрэг эд зүйлс алдагдсан. Хэрэг гарсаны маргааш бил үү, нөгөөдөр нь би өөрийн танил Даваахүү гэж Мөрдөн байцаах газарт ажилладаг цагдаад хэлээд “манайд хулгай орж эмээл, хазаар зэрэг эд зүйлсээ алдсан, сураг чимээ тавьж байгаарай” гэдгээ хэлсэн. Тэрнээс хойш 1 сарын дараа Даваахүү цагдаа утсаар яриад “та хүрч ирээд алдагдсан эмээлний зургийг хараадах уу, танайхаас алдагдсан байж магадгүй байна, хүрээд ир” гэхээр нь би Даваахүүгийн ажил дээр нь очоод хартал миний эмээлний зураг яг мөн байсан. Тэгсэн чинь Даваахүү “эмээлийг чинь нэг хүн 2.000.000 төгрөгөнд зарна гэнээ, бид нар цаад зарах гээд байгаа жинхэнэ хүнийг нь барьж авмаар байна, таньд 2.000.000 төгрөг байна уу” гэхээр нь “тэгэлгүй яахав, би гаргаж өгч чадна” гэж хэлсэн. Даваахүү цагдаа “за за эргээд холбогдоно, та ойрхон байж байгаарай” гэж хэлсэн. Тэр өдрийн үдээс хойшхон Даваахүү над руу утсаар яриад “та мөнгөө шилжүүлчих” гэхээр нь шилжүүлсэн. Үдээс хойшихон над руу Даваахүү дахиж яриад “манай ажил дээр хүрээд ир” гэхээр нь яваад очсон чинь Даваахүү өрөөндөө сууж байсан ба “одоо танай гэрээс алдагдсан эмээлийг үзүүлье, та эмээлээ хараад танина биз дээ” гэхээр нь би “хараад танина” гэсэн. Тэгээд байж байтал гаднаас 2 залуу шуудайтай зүйл барьж орж ирээд шуудайнаас миний эмээлийг гаргаж ирсэн. Тэгээд би эмээлээ шууд хараад танисан. Миний эмээл, хазаар, ташуур яах аргагүй мөн байсан. ... Би хэрэг гарсаны дараа хажуу айлынхаа хүмүүстэй уулзаж асуусан. Тэгэхэд манай гудамжны Бекболат гэх залуу тухайн үед өөрийнхөө машиныг асахгүй болохоор нь чирүүлэх машин тэр хавиар хайж яваад манай гэрийн үүдэнд сэжиг бүхий 2 залууг удаан зогсож байсныг харсан гэсэн. Мөн манай урд талын хийдийн хамба Ууганбаяр хийдээсээ гарч яваад манай хашааны урд талын буланд 1 залууг сэжиг бүхий байдалтай зогсож байхыг харсан гэсэн ...” /1-р хх-88-89, 90-92, 93, 94, 2-р хх-244/,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Г-н мэдүүлсэн “... Би 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 16 цаг өнгөрч байхад хашааныхаа хаалгыг онгойлгоод ортол манай гражийн хаалга дэлгээтэй байхаар нь гайхаад нөхөр бид хоёр гэрийнхээ хаалгыг түлхүүрээр нь онгойлгоод гэртээ яваад ороход угаалгын өрөөний хаалга дэлгээтэй, шкафны хаалга дэлгэгдчихсэн онгорхой байхаар нь том өрөө рүүгээ ортол гэрийн хамаг эд зүйлс эмх цэгцгүй болчихсон, том өрөөний цонхны жижиг цонх онгойчихсон байсан. Буйдан дээгүүр хөөрөгний гадуурх даалимбан уутнуудыг гаргаад тавьчихсан байсан. Ингээд гэрт хулгай орсоныг мэдээд цагдаагийн байгууллагад дуудлага өгч бүртгүүлсэн ...” /1-р хх-95-96/,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Б-н мэдүүлсэн “... Би 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 15 цагийн үед өөрийн эзэмшлийн 67-68 УБЗ улсын дугаартай автомашиныг асаах гэж гэрээсээ гарсан. Миний машин хашаанд байсан. Машинаа асаах гээд түлхүүрээ дарахад машины аккумлятор суусан байсан. Тэгэхээр нь би хашаанаасаа гарч таньдаг хүмүүсээс машин холбогч болон чирүүлэх машин хайж явсан. Тэгээд урагшаагаа усан сан руу алхаад “Хадагт овоо” хүнсний дэлгүүр хүртэл алхаад таньдаг хүмүүсээ хэсэг харж зогссон. Тэгж алхаж байтал Мишигсүрэн ахын хашааны гадаа үл таних 2 залуу зогсож байсан. Тэгээд би таньдаг хүн таарахгүй болохоор нь буцаж гэр лүүгээ очоод 2 минут хиртэй болоод буцаад түрүүнийхээ явсан гудамжаар явсан. Тэгтэл тэр хоёр залуу Мишигсүрэн ахын хашааны гадаа юм яриад зогсож байсан. Тэгээд би “Хадагт овоо” дэлгүүр хүртэл дахиад таньдаг хүн байна уу гэж алхаад таарахгүй болохоор нь буцаж гэр лүү алхсан. Тэгтэл тэр хоёр залуу нөгөө газраа зогсож байсан. Машин олдохгүй болохоор би найз Эрхэмбаатарыг машинтай нь дуудаж машин асаагаад өг гэж ярьсан. Тэгээд удалгүй 10 минутын дараа манай найз машинтайгаа ирсэн. Тэгээд миний машиныг чирээд хашаанаас гарч “Хадагт Овоо” дэлгүүр хүртэл чирсэн, ... машин ассан. Тэгснээ машины түлш дуусаад унтарсан. Тэгэхээр нь болье гэж бодоод найзаараа буцаж хашаа руугаа чирүүлж явж байтал нөгөө 2 залуу юм яриад зогсож байсан. Тэгээд би машинаа хашаандаа оруулж тавьчихаад гэртээ орж хувцсаа солиод буцаад доошоо буюу “Хадагт овоо” дэлгүүрийн хажуугаар төв зам руугаа чиглэж алхсан. Тэр хооронд нөгөө 2 залуу Мишигсүрэн ахын хашааны дээд үзүүрт зогсож байсан. Тэгээд би бодохдоо “ямар учраас энэ 2 залуу энд зогсоод байгаа юм бол” гэж бодоод Мишигсүрэн ах руу залгаж хэлье гээд залгатал надад нэгж байгаагүй. Тэгэхээр нь за за энд хүн хүлээж байгаа юм байлгүй гэж бодоод төв зам руу гарч ажил руугаа алхаад явсан. Тэр хоёр залуу ойролцоогоор миний мэдэхийн нилээн удаан зогссон байхаа. Тэр хоёр залууг харвал танина. Би хүн байхгүй гэдгийг мэдээгүй. Ер нь бол байгаа байх гэж бодоод явсан. ... Би тэр хоёр залуугийн нэг залууг нь таньж олуулах ажиллагааны үеэр таньсан залуу мөн байна. Би тэр хоёр залууг сайн харсан болохоор тухайн үед миний санаанаас гараагүй. Яах аргагүй мөн, би хараад шууд таньсан. Ялангуяа өнөөдрийн таньсан залууг би тухайн хэрэг гарсан өдөр онцолж харсан болохоор сайн таньж байна ...” /1-р хх-108-109, 110-111, 112, 3-р хх-4-5/,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.У-н мэдүүлсэн “... Би 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Усан сангийн хажууд байх ажлынхаа гадаа машинаа тавьсан байсан. Тэгээд тухайн өдрийн 16 цагийн үед ажлаа тараад машинаа халаагаад байж байтал Хангайн 30-20 тоот хашаа хоёрын өнцөгт 20 гаруй насны цагаан царайтай, туранхайвтар биетэй, ойролцоогоор 165-170 см өндөр нуруутай, гадуураа хар бараан өнгийн куртик өмссөн, ардаа хар өнгийн үүргэвч үүрсэн, сээткэн бараан өнгийн саравчтай малгатай залуу нааш, цааш холхиод байхаар нь надад тухайн үед сэжигтэй санагдаад байсан. Би М-н утас руу нь залгах гэсэн чинь байшингийнх нь цонхны жижиг цонх нь онгорхой харагдахаар хүн байгаа юм байна гэж бодоод тайвшраад утасдаж хэлээгүй. Тэгээд хэсэг машинаа халааж байгаад хөдлөөд доошоогоо уруудаад явсан. 17 цаг өнгөрч байхад М над руу утсаар залгаад манайд хулгай орчихлоо, харсан, үзсэн хүн байна уу гээд залгаад ярихаар нь нөгөө эргэлдээд байсан залууг хулгай хийчихлээ гэж бодсон. Тэр залуу ганцаараа байсан. Миний бодлоор тухайн үед тэр залуу Мишигээгийн хашааны гадаа хүн хараад нөгөө залуу нь дотогшоо орсон байх гэж бодож байна. Гэхдээ би нэг хүн л харсан. Би машинаа 10-15 орчим минут халаасан. Тэр хооронд тэр залуу байж л байсан. ...Тэр залуу 20-25 орчим насны гадуураа бараан өнгийн куртиктэй, бараан өнгийн сээткэн саравчтай малгай өмссөн, доогуураа нарийхан бараан өнгийн өмдтэй, кетэрхүү гутал өмссөн залуу байсан. Тэр залуу ойролцоогоор 165-170 см өндөр нуруутай залуу байсан ...” /1-р хх-125-126/,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Б-н мэдүүлсэн “... Манайхаас холгүй С гэж хүүхдийнх байдаг байсан. С бид хоёр багийн найзууд. С над руу 2016 оны 10 дугаар сарын сүүлээр, яг хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна. Өдөр 14-16 цагийн үед миний тухайн үед барьж байсан 88939286 бил үү 88941018 гэсэн дугаарын аль нэг рүү нь 8800-тай дугаараас залгаад “хаана байгаа юм бэ” гэхээр нь би ТҮЦ-н дээрээ байна гэсэн. Тэгсэн чинь таксины мөнгө аваад 21 дүгээр хорооллын уулзварын наана хүрээд ир гэж дуудсан. Тэгээд би модны 2-т байдаг ТҮЦ-ээ хаагаад замаасаа такси бариад 1 дүгээр хорооллын арын дэнжээр тавигдсан шинэ засмал замаар 21 дүгээр хороолол руу явсан. Тэгээд би 21 дүгээр хорооллын уулзвар дээр байдаг бензин колонкын наана очоод таксинаас буугаад С руу залгасан чинь “чи гудамж руугаа ороод хүрээд ир” гэсэн. Тэгээд би зааж өгсөн гудамж руу алхаад яваад орсон чинь миний өөдөөс С хар өнгийн костюм пиджакны даавуун уутан дотор овор ихтэй нилээн том зүйл урдаа барьчихсан алхаж ирээд хөгшөөн цаанаасаа такси барьчих гэсэн. Тэгж хэлэхээр нь би замаасаа такси барьсан чинь саарал өнгийн автомашин зогссон. Тэгээд бид хоёр таксин дотор суусан чинь С “таксины жолоочид шууд Баянхошуу руу 112-ын тийшээ явчих” гэж хэлсэн. Таксин дотор явж байхад Сгийн куртикны 2 халаас нь эд зүйлс хийгээд түнтийлгэчихсэн харагдсан. Би чухам куртикнийх нь халаасанд юу байсан эсэхийг мэдээгүй. Тэгээд 112-ын буудлын арын гудамж руу ороод С бид хоёр таксинаас буусан. Такси явсаны дараа С надад 2 ширхэг мөнгөн аяга өгсөн. Миний бодлоор дунд гарын мөнгөн аяга байсан шиг санагдаж байна. С надад тэр 2 ширхэг мөнгөн аягаа өгөхдөө “хөгшөөн чамд баярлалаа” гэж хэлж өгсөн. Тэгээд бид хоёр тэр гудамжнаас салсан. Би таксин дотор явж байхдаа Сгийн авч явсан хар өнгийн ууттай зүйлийг наадах чинь юу юм бэ гэсэн чинь “чи мэдэх хэрэггүй ээ” гэсэн. Сгийн өгсөн 2 ширхэг мөнгөн аягыг би маргааш өдөр нь “Хархорин” захын гадаа байдаг байсан залууд 90 гаруй мянган төгрөгөнд зарсан. Мөнгөө би ТҮЦ-нийхээ түрээсэнд өгчихсөн. Тэрний дараа 3, 4 хоногийн дараа намайг ТҮЦ-н дээрээ сууж байсан чинь С нилээн ганган болчихсон, шаргал өнгөтэй “I рhоnе 6” загварын гар утас барьчихсан орж ирсэн. ...2016 оны 11 дүгээр сарын дундуур санагдаж байна С миний 88939288 гэсэн дугаар руу 880-той дугаараас залгаад “хөгшөөн эмээл сонирхох хүн байна уу” гэхээр нь би “ямар эмээл зарах гээд байгаа юм бэ, юун эмээл юм бэ” гэхэд С “нэг хүн эмээл зараад өгөөч гээд гуйгаад байгаа юмаа, би чиний фасебүүк хаяг руу чинь энэ эмээлнийхээ зургийг явуулчих уу, чи авах хүн, амьтан сураглаад өгөөч” гэхээр нь би “за за тэг тэг” гэсэн. С над руу удаагүй эмээлнийхээ зургийг явуулсан боловч зураг нь миний фасебүүкэд нээгдэхгүй, харж болохгүй байсан. Тэгээд хэд хоногоос явуулъя гэсэн. 2-3 хоногийн дараа би өөрийнхөө фасебүүкэд орчихсон байж байтал С фасебүүкэд орж ирээд над руу нөгөө эмээлнийхээ зургийг явуулсан. Тэр явуулсан эмээл нь нээх гоё хийцтэй, нүдэнд тусаад, нилээн үнэ цэнэтэй эмээл юм шиг надад санагдсан. Тэгэхээр нь би өөрөө авчихдаг юм уу гээд мөнгө хайсан боловч мөнгө олдоогүй. С тэр эмээлээ 5.000.000 төгрөгөнд зарна гэсэн. ... Золбооноо гэж залуу орж ирээд тамхи авангаа бид хоёр ойр зуурын юм ярьж хөөрсөн. Сгийн зарах гээд байсан эмээлний зургийг Золбооноод үзүүлээд авах хүн байна уу, гэсэн чинь Золбооноо “манай нэг найз байгаа юмаа, тэр найз маань аавтайгаа хамт оторт явчихсан байгаа, ирэхээр нь үзүүлье” гэж хэлсэн. Нэг өдөрТҮЦ-нд орж ирээд “нөгөө эмээл чинь байгаа юу гэхээр нь би тэр дороо Сгийн фасе рүү ороод Сгаас зарах эмээл чинь байгаа юу” гэсэн чинь С байгаа гэсэн. Тэгээд би Сгаас явуулсан эмээлний зургийг Золбооноод үзүүлсэн чинь Золбооноо харангуутаа тухайн эмээлний зургийг утсан дээрээ татаж аваад би авах хүндээ үзүүлчихээд хариу хэлье гээд явсан. Тэгээд нөгөөдөр өглөө нь 11 цаг өнгөрч байхад Золбооноо манай ТҮЦ-ний гадаа нэг ахтай хамт ирсэн. Тэгээд Золбооноо бид хоёр машиндаа үлдээд нөгөө ах машинаасаа буугаад гадаа утсаар яриад байсан. Гэтэл Золбооноо “ахын дүү наад эмээл чинь хулгайн эмээл байна, би наад эмээлний зургийг чинь эмээл авах хүндээ үзүүлсэн чинь хулгайн эмээл байна гээд байна, одоо уг эмээл чинь хаана байгаа юм бэ, зарах гэж байгаа хүнээ заагаад өгчих, хоёулаа сүүлд нь баларна” гэж хэлсэн. Тэгсэн чинь гаднаас Золбооноотой хамт ирсэн залуу орж ирээд “ах нь цагдаа байна, наад эмээл чинь хулгайн эмээл байх шиг байна, чи одоо эмээл зарах гээд байгаа хүн рүүгээ яг одоо яриадах, эмээлийг чинь худалдаж авъя” гэж хэлчих гэхээр нь би тэр дороо С руу залгаад “эмээлийг чинь худалдаж авъя, хаана байгаа юм бэ гэсэн чинь С “бэлэн мөнгө чинь байгаа юм бол авахгүй юу” гэсэн. Тэгэхээр нь би бэлэн мөнгө алга байна гэсэн чинь “мань чинь бэлэн мөнгөтэй хүнд зарна гэж хэлэхээр нь “чи доошоо жаахан ярьчихаачээ, би мөнгө муутай байна гэсэн чинь С “чи тэгвэл 2.000.000 төгрөгөнд ав, мөнгөө бэлэн болгоод залгахгүй юу” гэсэн. Тэгэхээр нь би тэр цагдаа ахад Сгийн хэлснийг дамжуулж хэлсэн чинь цагдаа ах нэг хүн рүү утсаар яриад байсан. Тэгээд хэсэг байж байгаад Золбооноо, тэр цагдаа ах хоёр намайг дагуулаад хорооллын эцсийн “Хаан” банкны гадаа очсон. Би ямар ч байсан машинд нь сууж байсан. Золбооноо тэр цагдаа ахтай хамт банк руу орсон. Хэсэг байж байгаад “мөнгө бэлэн болчихлоо, чи нөгөө эмээл зарах залуу руугаа яриад мөнгөө олчихлоо, эмээлийг чинь худалдаж авъя гэж хэлчих” гэсэн. Би С руу залгаад “эмээлийг чинь авъя гэсэн чинь намайг “Бичил” хорооллын хуучин “Масс” баарны арын байрны гадаа хүрээд ир” гэсэн. Тэгээд Сгийн зааж өгсөн газар нь Золбооноо, тэр цагдаа ах бид нар явж очсон. Золбооноо бид хоёр Золбооноогийн “Приус” машинтай, харин Даваахүү гэж цагдаа өөр машинтай бид хоёрыг дагаад хамт явж очсон. Би Сгийн зааж өгсөн байр руу дөхөөд С руу залгаад “бараг ирчихлээ гэсэн” чинь С “Приус” машинтай ирж байгаа мөн үү, тэгвэл наад урдаа байгаа машин руугаа шахаад зогсчих” гэж хэлсэн. Би С руу залгаад “шахаад зогсчихлоо” гэсэн чинь машинаасаа буугаад наад хажуу талынхаа орц руугаа ороод ир гэсэн. Ингээд би машинаас буухдаа Золбооноогоос 2.000.000 төгрөг аваад орц руу ортол С тухайн орцны нэг давхарт шуудайтай зүйл хажуудаа тавьчихсан зогсож байсан. Надаас “чи хэнтэй явж байгаа юм бэ гэхээр нь нөгөө эмээл авах хүнтэйгээ явж байна” гэсэн чинь “чи янз бүрийн хүн амьтантай явж байгаа юм биш биз дээ” гэхээр нь үгүй гэж хэлсэн. Би Сгаас эмээлийг нь худалдаж авахаар болоод 2.000.000 төгрөгөө өгөөд эмээлийг нь аваад орцноос гараад Золбооноогийн машины арын багажинд шуудайтай эмээлээ хийгээд Стай гар бариад баяртай гэж хэлээд салсан. С надаас салаад доошоо уруудаад явсан. Тэгээд байж байтал Золбооноо нөгөө цагдаа ахтай утсаар яриад эмээлээ авчихлаа гэсэн. Тэрнээс хойш 1 цаг гарангийн дараа байх нөгөө цагдаа ах Золбооноо руу залгаад 4 замд байдаг цагдаагийн газар хүрээд ир гэж дуудсан. Золбооноо бид хоёр зааж өгсөн цагдаагийн газарт очоод цагдаа ахын өрөөнд нь эмээлээ бариад орсон чинь эмээлний эзэн гэх нэг ах ирчихсэн байж байсан. Золбооноо бид хоёр тэр цагдаа ахад шуудайтай эмээлийг нь хүлээлгэж өгчихөөд явсан. Тухайн үед эмээлний эзэн гэх хүн эмээлээ харчихаад “миний эмээл мөн байна, мөн байна” гэж байсан. Би Стай хамт хулгайн гэмт хэрэг үйлдээгүй ...” /1-р хх-131-133/,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Л-н мэдүүлсэн “... Би Стай нилээн хэдэн жилийн өмнө хорооллын бааранд танилцаж байсан. Тэрнээс хойш найзалж эхэлсэн. Би 95177357 номерын дугаарыг 2016 оны 6 дугаар сараас эхлэн одоог хүртэл барьж байна. С над руу хааяа ярьж, мессэж бичдэг. Тэгээд над руу ярьж мессэж бичсэн байх гэж бодож байна. Би 2016 оны 10 сарын 25-ны өдөр Стай уулзсан эсэхээ сайн санахгүй байна. ... С над руу нэг орой утсаар залгаад уулзъя гэсэн. Бид хоёр манай ажлын ойролцоо уулзсан. ...С 88711777 дугаар барьдаг байсан. ... С надтай уулзахаараа нарийн ширийн асуудлаа ярьж байгаагүй ...” /1-р хх-196-197/,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.З-н мэдүүлсэн “... Б утсаа гаргаж ирээд “манай нэг танил ийм эмээл зарах гээд байна, энэ эмээлийг авчих хүн байна уу гэхээр нь би “юу ч гэсэн асууж сураглаж” өгье гэсэн. Надад гэхдээ тэр зарах эмээл нь нэг л сэжигтэй санагдсан. Тэгээд маргааш өдөр нь би Даваахүү гэж танил цагдаа ах руугаа залгаад “миний танил нэг залуу эмээл зарах гээд байна, миний бодлоор хулгайн эд зүйлс юм болов уу гэж ойлголоо, таны ажилд хэрэгтэй байж магадгүй” гэж хэлсэн. Тэгсэн чинь Даваахүү ах “харин тиймээ манай нэг танил хүнийхээс эмээл нь алдчихсан юм шиг” за за ойлголоо гэсэн. Тэгээд “чи наад залуутайгаа холбоо бариад цаад эмээл зарах гэж байгаа хүнийг нь хэдүүлээ бариад авчихмаар байна” гэж хэлсэн. ... Б машинаас буухдаа надаас 2.000.000 төгрөг аваад машинаас буугаад эмээл зарах гэж байгаа хүнтэйгээ уулзана гээд орц руу эхэлж орсон. Тэгээд удаагүй Б шуудайнд хийчихсэн эмээл барьчихсан гарч ирсэн бөгөөд хамт нэг залуутай гарч ирсэн. Тэр залуу болохоор эмээл зарсан залуу юм шиг байна лээ. Тэгээд Б арын багажинд эмээлээ хийгээд машинд орж ирж суухаар нь хөдлөөд доошоо уруудсан. Эмээл зарсан залуу ч гэсэн байр уруудаад доошоо явсан. ... иргэнийхээ үүргийг биелүүлэх гээд Даваахүү цагдаад мэдээлэл өгөх болсон ...” /1-р хх-209-210/,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Б-н мэдүүлсэн “...Би С гэдэг хүнийг танина, манай ах Тогтохбаярын найз байгаа юм. 2016 оны 11 дүгээр сарын эхээр орой бүрэнхий болчихсон байсан. Манай ах Т өөрийн 99660007 гэсэн дугаараас миний 88737083 гэсэн дугаарын утас руу залгаж “С ах нь манайд юм аваачиж тавих байх” гэж ярьсан. Тэгээд бүрэнхий болчихсон байсан, хүүхдүүдийн хамт гэртээ байж байхад С ах манай гэрт ирээд “танайд юм тавих гэсэн юм” гэж хэлсэн. С ах гартаа том шуудайтай зүйл барьчихсан байсан. С ах гэрт орж ирээд жижиг өрөөний блокон дээр гаргаж тавиад гараад явсан. С ах ганцаараа байсан. С ахын шуудайтай зүйлийг юу байсан талаар би үзээгүй. Манай ах Т орой ажлаасаа ирээд “С ах нь юм тавьсан уу” гэж асуухаар нь тавьсан гэж хэлсэн. Манай ах ч мөн адил блокон дээр гарч үзээгүй ...” /1-р хх-211-212/,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Т-н мэдүүлсэн “... 2016 оны 11 дүгээр сарын эхээр яг хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна. Манай найз С над руу 88711777 гэсэн дугаараас залгаад “би түрээсийн байрнаасаа гарч байгаа, шуудайтай хувцас танай гэрт тавьчих уу” гэж хэлэхээр нээх юм бодолгүй тэг тэг гэж хэлсэн. Тэгээд би тэр өдөр гэртээ ажлаа тараад орой 23 цагийн үед ирээд дүү Б-с “С ах чинь өдөр ирсэн үү” гэж асуусан. Бүрэнжаргал “С ах ирсэн, тэгээд блокон дээр нэг шуудайтай юм тавиад явсан” гэж хэлсэн. Тэр шуудайтай зүйлийг сонирхож хараагүй. Тэгээд түүнээс хойш С надтай холбоо бариагүй. Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 16 цагийн үед С над руу 88012103 гэсэн дугаараас залгаад “танай гэрт хүн байгаа юу, би нөгөө тавьсан юм аа авах гэсэн” юм гэж хэлсэн ...” /1-р хх-213-215, 216-217/,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Е.С-ы мэдүүлсэн “... Сг би хар бага наснаас нь таньдаг. Хэзээ гэдгийг нь санахгүй байна С ах “манай өвөө нэг эмээл хөдөөнөөс авчирсан, тэрийг 4.000.000 төгрөгөөр зарчихмаар байна” гэж ярьсан. Тэгэхэд би аймар үнэтэй юм байна, үнэгүй зарын сайтан дээрээс эмээлийн үнэ харж өгөхөд 2.000.000 төгрөгийн үнэтэй байсан. Тэгээд би тэр эмээлээ яаж ийж байгаад зараад миний нөүтбүүкийг авч өг гэж ярьсан ...” /1-р хх-250/ гэх мэдүүлгүүд,

           

            Хохирол үнэлгээ, хөрөнгийн үнэлгээний “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн гаргасан “... Эмээл 1 ширхэг 15.000.000 төгрөг, хазаар 1 ширхэг 1.800.000 төгрөг, ташуур 1 ширхэг 2.000.000 төгрөг, хөөрөг 1 ширхэг 12.000.000 төгрөг, хөөрөг 1 ширхэг 3.500.000 төгрөг, их гарын мөнгөн аяга 1 ширхэг 4.000.000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг 200.000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг 200.000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг 180.000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг 150.000 төгрөг, виски 1 ширхэг 200.000 төгрөг, мөнгөний гахай 10.000 төгрөг, гинж 1 ширхэг 1.600.000 төгрөг, бөгж 1 ширхэг 1.200.000 төгрөг, ээмэг, бөгж, зүүлтний хослол /монет/ 1 ширхэг 1.600.000 төгрөг, бөгж 1 ширхэг 180.000 төгрөг, ээмэг /хос/ 300.000 төгрөг, бөгж 1 ширхэг 1.600.000 төгрөг, ээмэг /хос/ 180.000 төгрөг, бөгж 1 ширхэг 150.000 төгрөг, гинж 1 ширхэг 60.000 төгрөг, бөгж 1 ширхэг 400.000 төгрөг, ээмэг 1 ширхэг 50.000 төгрөг, нийт 46.560.000 төгрөг болно ...” гэх 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 08/001 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-97-103, 2-р хх-247-249/, 

 

            Шүүх сэтгэц эмгэг судлалын “... А.С- нь сэтгэцийн өвчингүй байна, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна, хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлах чадвартай байна ...” гэсэн 295 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-21-23/,            

 

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-13-16, 17-24/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /1-р хх-53, 225/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-55, 56/, эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /1-р хх-57, 59, 60, 2-р хх-231, 236/, эд зүйл түр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-58/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-62-63, 65, 142, 144, 176-177, 179/, харьцуулах шинжилгээнд хэв, хэлбэр авсан тэмдэглэл /1-р хх-67/, А.С-гийн фейсбүүк хуудсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-68-73, 74-77/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-78-80, 82-83/, эд мөрийн баримт /1-р хх-87/, эд зүйлийн үнэлгээ /1-р хх-105/, хүнийг таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-113-115, 117/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-118-120, 121-124, 127-128, 130, 134-135, 137-139, 237-239, 240-243/, зураг таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-145, 146, 180-182, 185-186, 189-190, 191-192, 194/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураглал /1-р хх-201-202, 203-206, 207-208/, А.С-гаас сайн дураараа гаргаж өгсөн эд зүйлсийг хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-233-234, 235/, А.С-гийн сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар бусдад 47.100.000 төгрөгийн хохирол учруулсан нь нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсний дагуу прокуророос А.С-гийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шүүхэд ирүүлснийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад зааснаар зүйлчлэн, шүүгдэгчийн гэм буруу, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн шүүгдэгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүх хуралдаан дээр гэм буруугийн болон хохирлын талаар маргаагүй байх бөгөөд шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуульд нийцнэ.

 

Иймд шүүгдэгч  А.С-гийн гаргасан “... хэргийн материалыг нягтлан шалгаж, анхан шатны шүүхэд буцааж өгөхийг ...” хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 281 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Сгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                      ШҮҮГЧИД                                                     Д.ОЧМАНДАХ

 

                                                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ