Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 02037

 

Г.Н-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 104/ШШ2019/00356 дугаар шийдвэртэй, Г.Н-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.О-д холбогдох,

Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Н-, түүний өмгөөлөгч Д.Барсүрэн, хариуцагч Ж.О-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Ж.О-тай 2009 онд танилцаж, хамтран амьдарснаар 2010 онд бидний дундаас хүү Н.Төрболд төрсөн. Гэрлэлтээ батлуулаагүй. Таарамжгүй харилцааны улмаас 2015 оноос эхлэн тусдаа амьдарч, Ж.О- нь хүү Н.Төрболдыг эгч н.Отгонбаярт үлдээгээд Солонгос Улс руу явсан байсан тул би хүүгээ очиж авснаар миний асрамжинд 9 нас хүртлээ байсан. Ж.О- нь хүүд эх хүний хайр халамж үзүүлж байгаагүйгээс гадна хүү маань ээж гэж ямар хүн байдгийг мартсан байсан. Гэтэл Ж.О- 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр бидэнд хэлэхгүй хүүг сургуулиас нь авч явсан байсан. Үүнээс хойш надтай уулзуулаагүй, одоо Завхан аймагт амьдарч байгаа сурагтай. Тус газар нь Монгол Улсын хамгийн хүйтэн цэг бөгөөд хөдөөний сургуулийн сургалт болон сурах, амьдрах орчин муу.

Миний эцэг, эх, бид гурав хүү Н.Төрболдыг юугаар ч дутаагаагүй. Сурч боловсрох, идэж уух, өмсөх зүүх бүх зүйлд маш сайн анхаарсан. Сурах, амьдрах нөхцлийг 100 хувь бүрдүүлсэн гэж үзэж байгаа. Өдий болтол эцгийн хайраар огт дутаагүй. Харин эхийн хайраар дутсан байж болно. Завхан аймагт оршин суух хаяг нь түр оршин суугч болохоос албан ёсны хаяг биш. Ж.О- зугаа цэнгээний газар ажиллуулж байгаа, тийм орчинд хүүхдээ өсгөмөөргүй байна. Одоо хүү маань жаргалтай, элэг бүтэн инээж амьдарч чадахгүй, элгэн дотроо хүнд чулуу хийсэн мэт байгаа гэж бодож байна. Миний хүүхэд нээлттэй хүнд хэлэх гэснээ хэлдэг байсан боловч сүүлд уулзахад намайг эгцэлж харж чадахгүй байсан. Би хүүдээ маш их санаа зовж байгаа тул хүүгээ өөрийнхөө асрамжинд авч, Ж.О-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, хүүгээ өөрийн асрамжид авна. 2015 онд хүүхдийн асрамж тогтоолгохоор шүүхэд хандсан боловч Солонгос Улсад ажиллах виз гараад нэхэмжлэлээсээ татгалзсан. Солонгос Улсад байх хугацаанд хүүг аавынх нь асрамжид байлгаж, Г.Н-ын ааваар дамжуулж хүүдээ мөнгө өгч, утсаар ярьдаг байсан. Г.Н- хүүг надтай яриулахгүй, явуулсан хувцас өмсүүлэхгүй янз бүрийн зан гаргадаг байсан учраас Монголд ирснээ хэлэхгүйгээр хүүтэйгээ утсаар яриад сургуулиас нь аваад нутаг явсан. Завхан аймагт ах, дүү нараа бараадаад газар худалдаж аваад гэр бариад хүүтэйгээ амьдарч байгаа. Улаанбаатар хотод байр захиалсан ашиглалтад орох болоогүй. Завхан аймагт караоке ажиллуулж байгаа, автомашин худалдан авсан. Хүү маань ээжтэйгээ амьдарна гэж хэлсэн. Хүүхдийн амьдрах орчин орон гэр, тэжээх хөрөнгө мөнгөний талаар бол харин ч Г.Н- 40 нас хүрсэн атлаа ээж, аавынхаа хажууд өөрийн гэсэн орон гэргүй амьдарч байгаа. Иймд хүүг маань эхийн асрамжид үлдээж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дах хэсэгт зааснаар 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Н.Төрболдыг эх Ж.О-ын асрамжинд үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Г.Н-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106 070 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ж.О-аас 106 070 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Н-т олгож,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.5 дах хэсэгт зааснаар энэ хуулийн 26.2 дах хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлэхийг нэхэмжлэгч Г.Н-т, энэ үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг, хүүхдийг тодорхой хугацаанд эцэг Г.Н-тай уулзуулж байхыг хариуцагч Ж.О-д тус тус даалгаж, нэхэмжлэгч Г.Н- хүүхдийн эрх ашгийг хохироож байна гэж үзвэл асрамжийг өөрчлүүлэхээр, хариуцагч Ж.О- нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг тус тус мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2.2.-т зааснаар тус шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 104/ШЗ2019/00827 дугаартай шүүгчийн захирамжаар авсан урьдчилсан арга хэмжээг дуусгавар болгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэснийг буруу гэж үзэж байна. Тухайлбал, хүү Н.Төрболдын анги удирсан багш н.Оюунтуяа нь 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр “сурагч Н.Төрболдыг сургуульд сурах 3 жилийн хугацаанд өвөө А.Ганболд, аав Г.Н-, эмээ нар нь хүүг сурч боловсрох, хөгжих, хамгаалагдах, эрүүл саруул өсч торниход онцгой анхаарч гэх үндсэн үүргээ маш сайн биелүүлж багштай байнга холбоотой байж, хамтарч ажиллаж байсныг тодорхойлов. Ж.О-ыг 3 жил, 7 сарын хугацаанд анги удирдсан багш би нэг ч удаа харж байгаагүй” гэсэн тодорхойлолт хэрэгт авагдсан байхад шинжээчийн дүгнэлтэд анги удирдсан багш н.Оюунтуяа өөр зүйл ярьсан мэт бичсэн байсан.

Түүнчлэн, хүү Н.Төрболдтой хийсэн ярилцлагыг худал зохиомлоор бичсэн. Дээрх шинжээч нар эргэлзээтэй, илэрхий хуурамч дүгнэлт гаргасан байхад шүүх дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилоогүйг буруу гэж үзнэ. Аав нь хүү Н.Төрболдыг төрсөн цагаас нь эхлэн 4 дүгээр анги хүртэлх хугацаанд халамжлан хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх үүргээ бүрэн гүйцэтгэж, өвөө эмээ нарын хамт хүүгээ ирээдүйд сайн сайхан хүн болж төлөвшихөд бүхий л цаг хугацаа, сэтгэлээ зориулан ирсэн. Гэтэл шүүх бодитой дүгнэлт гаргах үүргээ биелүүлээгүй. Ж.О- хүүд үлгэр жишээ болдоггүй, хүүхдээр худал хэлүүлдэг н.Баярхүү гэгч 3 хүүхэд, эхнэртэй хүнтэй хамтран амьдарсаар байна. С.Баярхүү нь архи ууж, жирэмсэн эхнэрээ хүүхдүүдийнхээ нүдэн дээр зодож танхайрсан нэгэн, би хүүгээ хойд эцгийн гар харуулахгүй.

Миний хүү н.Төрболд 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Налайхын төрөх тасагт төрсөн, улсаас сар бүр олгодог 20 000 төгрөгийг 6 жилийн хугацаанд данснаас нь Ж.О-, түүний эгч нар авч байсныг 2017 онд олж мэдсэн ба хүүхдэд нэг ч төгрөг өгөөгүй, дансанд нь мөнгө үлдээгээгүй байсан. Данс нээх үед хүүхдийн мөнгийг авч болохгүй гэж Ж.О-д хэлдэг байсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Г.Н- нь 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Н.Төрболдыг өөрийн асрамжид авах, эх Ж.О-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх, НҮБ-ын Хүүхдийн эрхийн Конвенцийн 12 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэг, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дах хэсэгт заасныг үндэслэн 13 настай хүү Н.Төрболдын санал авахад тэрээр “ээжийнхээ асрамжид байна” гэж өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн тул шүүх түүний үзэл бодолд ач холбогдол өгч саналыг нь харгалзан эх Ж.О-ын асрамжид үлдээх нь зүйтэй гэж дүгнэн шийдвэрлэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс 9 настай хүү Н.Төрболдыг  өмгөөлөгч байлцуулан саналыг нь асуусан гэх баримт авагдсан байна. Дээрх тэмдэглэлд “Н.Төрболд нь ...аав намайг бага байхад ээжийг зоддог байсан гэж хэлээрэй гэж ээж хэлсэн...” /хх40/, “...Ээжийг аав зоддог байсан болохоор Солонгос улс руу явсан гэж хэлээрэй гэсэн...” /хх41/ талаарх хариулт тусгагдсан байна. Энэ тохиолдолд хүүхэд эцэг, эхийн хэний асрамжид үлдэх талаар өөрийн хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, үнэн зөв эргэлзээгүй байдлаар санал гаргасан гэж үзэх боломжгүй.

 

 Түүнчлэн дээрх ажиллагаанд өмгөөлөгч Г.Н-ыг байлцуулан хүүхдийг асуусан гэж тэмдэглэгдсэн боловч тухайн өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг шүүх тодруулаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байгааг дурдах нь зүйтэй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцэхгүй байна.

 

Иймд хүүхдийн асрамжийг тогтооход ач холбогдолтой хэргийн үйл баримт эргэлзээгүйгээр нотлогдсон гэж дүгнэх үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 104/ШШ2019/00356 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Н- давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн нийт 106 070 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба  магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                                        ШҮҮГЧИД                                Г.ДАВААДОРЖ

 

                                                                                         Т.ТУЯА