Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2021/00771

 

Г.Наранбаатарын нэхэмжлэлтэй

                    иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 104/ШШ2019/00356 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2037 дугаар магадлалтай, 

Г.Наранбаатарын нэхэмжлэлтэй,

Ж.Отгонжаргалд холбогдох, 

Хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Наранбаатар, хариуцагч Ж.Отгонжаргал, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал нар оролцов. 

Нэхэмжлэгч Г.Наранбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Ж.Отгонжаргалтай 2009 онд танилцаж ханилан суусан. 2010 онд бидний дундаас хүү Н.Төрболд төрсөн. Энэ хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй хамт амьдарч байсан. Хамт амьдрах хугацаанд болохгүй олон зүйл болдог байсан ч гэсэн би гэр бүлээ хамгаалах гэж их л хичээж ирсэн. Улмаар харилцаа таарамжгүй байснаас болж 2015 онд бид 2 тус тусдаа амьдарч Ж.Отгонжаргал хүү Н.Төрболдыг эгч н.Отгонбаярт үлдээгээд Бүгд найрамдах Солонгос улс руу явсан байсныг очиж авсан. Хүү Н.Төрболд миний асрамжид 9 нас хүртэл байсан. Гэтэл энэ оны 06 дугаар сарын 04-ний өдөр Солонгосоос ирээд хүүхдийг бидэнд хэлэхгүй багштай нь хуйвалдаад сургууль дээрээс нь ирж авч явсан. Түүнээс хойш хүүг маань надтай уулзуулаагүй. Одоо Завханд амьдарч байгаа сурагтай. Миний хүүхэд нээлттэй хүнд хэлэх гэснээ хэлчихдэг байсан. Хамгийн сүүлд уулзахад миний өөдөөс эгцэлж ч харж чадахгүй байсан. Гэтэл би энд бүх сурах, амьдрах нөхцлийг 100 хувь бүрдүүлсэн гэж үзэж байгаа. Тэгээд ч Ж.Отгонжаргал зугаа цэнгээний газар ажиллуулж байгаа тийм орчинд өссөн хүүхэд ямар болох вэ. Би энд л маш их санаа зовж хүүгээ өөрийнхөө асрамжид авахаар шүүхэд хандсан. Ж.Отгонжаргал хүүхдийг надтай уулзуулаад холбоотой байлгаж чадна гэвэл би хүүгийнхээ саналыг хүндэтгэж чадна. Даанч Ж.Отгонжаргал тэгж чадахгүй. Хүүг миний асрамжид өгч, тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Отгонжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Би хүүгээ өөрийнхөө асрамжид авна. 2015 онд би хүүхдийн асрамж тогтоолгохоор шүүхэд хандсан. Миний Солонгос явах виз гараад нэхэмжлэлээсээ татгалзаад Солонгост байх хугацаанд хүүг аавынх нь асрамжид байлгасан. Солонгост байхдаа Г.Наранбаатарын ааваар дамжуулж хүүдээ мөнгө өгдөг, утсаар ярьдаг байсан. Г.Наранбаатар хүүг надтай яриулахгүй, өгч явуулсан хувцсыг өмсүүлэхгүй янз бүрийн зан гаргадаг байсан учраас би Солонгосоос ирж байгаа тухайгаа хэлэхгүйгээр хүүтэйгээ утсаар яриад сургууль дээрээс нь аваад нутаг явсан. Би орох оронгүй арчаагүй хүүгээ авч явах чадваргүй хүн биш. Хотод байр захиалсан арай ашиглалтад орох болоогүй байна. Завханд нэг караоке ажиллуулж байгаа. Сая нэг унаа авсан. Иймд хүүг маань эхийн асрамжид үлдээж өгнө үү гэжээ.

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 104/ШШ2019/00356 дугаар шийдвэрээр: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.-д зааснаар 2010 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Наранбаатарын Төрболдыг эх Ж.Отгонжаргалын асрамжинд үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Г.Наранбаатарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 106.070 /нэг зуун зургаан мянга дал/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ж.Отгонжаргалаас 106.070 /нэг зуун зургаан мянга дал/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Наранбаатарт олгож шийдвэрлэжээ.  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2037 дугаар магадлалаар: Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 104/ШШ2019/00356 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Наранбаатар давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн нийт 106 070 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.Отгонжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2037 дугаар магадлалаар хүүгийн минь ээжтэйгээ байх чин хүсэлтийг анхаарч үзэлгүй, санаандгүй хэлсэн алдаанаас нь шийдвэр гаргаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосонд гомдолтой байна.

Миний хүү болон бид хоёр бид биедээ бүхнээс илүү хайртай хамт байх чин хүсэлтэй гэдгийг дахин хэлье. Энэ нь олон удаагийн асуумж, шинжээчийн дүгнэлт, анхан шатны шүүхийн шийдвэрээр нотлогдож байгаа. Хүүгийн минь хүсэл сонирхол иймд байхад хүүгийнхээ сонголт, хүсэлтийг хүндлэхгүй байгаа нь Г.Наранбаатар нь эцэг хүнд баймгүй хувиа бодож увиагүй аашилж байна.

Энэ бүхнийг харгалзан үзэж хүү Н.Төрболдыг эх Ж.Отгонжаргалыг асрамжид үлдээж өгнө үү өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ

Г.Наранбаатар нь Ж.Отгонжаргалд холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, хүүхдийг өөрийн асрамжид авна гэсэн тайлбар гаргаж, маргасан байна.

Анхан шатны шүүх хүү Н.Төрболдыг эх Ж.Отгонжаргалын асрамжид үлдээж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Зохигч талууд хамтран амьдарч байхдаа 2010.06.25-ны өдөр хүү Н.Төрболдыг төрүүлсэн, 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаа нь тэдгээрийн тайлбараар тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.

Харин хүүхдийг хэнийх нь асрамжид үлдээх талаар маргаж, мэтгэлцжээ.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо ...шүүхээс 9 настай хүү Н.Төрболдыг өмгөөлөгч байлцуулан саналыг асуусан, Н.Төрболд нь аав намайг бага байхад ээжийг зоддог байсан гэж хэлээрэй гэж ээж хэлсэн,ээжийг аав зоддог байсан болохоор Солонгос явсан гэж хэлээрэй гэсэн хариулт тэмдэглэлд тусгагдсан, энэ тохиолдолд хүүхэд эцэг эхийн хэний асрамжид үлдэх талаар өөрийн хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, санал гаргасан гэж үзэхгүй, ...өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг тодруулаагүй гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасантай нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүх хүүхдийн саналыг хэрэгт авагдсан бусад баримттай харьцуулан үзсэний үндсэн дээр дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байхад хуульд заагаагүй үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн тул магадлалыг хүчингүй болгоно.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хүүхдийн эцэг, эх тус тусдаа амьдардаг, цаашид гэр бүл болж хамт амьдрах боломжгүй, ийм нөхцөлд анхан шатны шүүх хэн нь нэхэмжлэл гаргаснаас үл хамаарч асрамжийн асуудлыг шийдвэрлэх нь хүүхдийн эрх ашигт нийцнэ гэж үзсэн нь үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, шинжээч томилсон ба шинжээчийн дүгнэлтэд ...сэтгэл гутрал, түгшүүрийн зовнил, дасан зохицох чадвар, донтох эрсдэл байгаа эсэхийг тогтоох үнэлгээнүүд, зан төлөвийн тодрол, эцэг эхийн хандлага, хариу үйлдлийг хэмжих асуумж, хүүхдээс авсан IPPA Хүүхдийн ээнэгших дасан зохицох төлөв оношилгоогоор ээж давуу талтай байна гэжээ /хэргийн 49-112 дугаар тал/ .

Хүүхэд долоо ба үүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзэх талаар Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.-т заасан, шүүх өмгөөлөгчийг байлцуулан санал асуухад хүү Н.Төрболд ээжтэйгээ хамт амьдрах талаар тайлбар гаргажээ /хэргийн 40-41 дүгээр тал/.

Түүнчлэн хүү Н.Төрболд ээжийнхээ хамт амьдарч байгаа нь тогтоогджээ.

Насанд хүрээгүй хүүхдийн одоогийн амьдарч буй нөхцлийг өөрчлөх тодорхой шалтгаан байхгүй тохиолдолд түүний дассан орчныг солих нь хүүхдийн эрх ашигт нийцэхгүй.

Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан хүү Н.Төрболдыг эх Ж.Отгонжаргалын асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-г зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл, хүүхдийг эхийн асрамжид байлгах үндэслэл, шалтгааныг шийдвэрт тодорхой заасныг буруутгах үндэслэл тогтоогдоогүй байна.

Гэр бүлийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүүхдийн асрамжийг өөрчлөх тодорхой нөхцөл үүссэн тохиолдолд нэхэмжлэгч нь хүүхдийн асрамж өөрчлөх нэхэмжлэл гаргахад энэхүү тогтоол саад болохгүй болно.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2037 дугаар магадлалыг хүчингүй болгож, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 104/ШШ2019/00356 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 107,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ 

ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА 

П.ЗОЛЗАЯА

Г.ЦАГААНЦООЖ