Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2022/ДШМ/23

 

2022 оны 04 сарын 01-ний өдөр              Дугаар 2022/ДШМ/23                                   

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд     

                                                Прокурор Б.Эрдэнэбаяр /цахимаар/

                                                Шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Т.Оюунчимэг

                                                Нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ нарыг оролцуулан

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалангийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/03 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч Т.Оюунчимэг, шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Д.Дашцэрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Э.З, Д.Б, В.М, Б.Б нарт холбогдох эрүүгийн 2127000000103 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Э.З, В.М, Д.Б, Б.Б нар нь бүлэглэн 2021 оны 04 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэр, Хар овоо гэх газраас хохирогч С.Б-ын 23 тооны адууг хулгайлан 13 820 000  төгрөгийн хохирол,

2021 оны 05 дугаар сарын 31-нээс 06 дугаар сарын 03-ны хооронд Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрээс хохирогч Д.Л-ийн 10 тооны адууг хулгайлан 5 380 000 төгрөгийн  хохирол,

2021 оны 06 дугаар сарын 09-нөөс 13-ны хооронд Өвөрхангай аймгийн Хархорин 1 Жалбаа багийн Борилж гэх газраас хохирогч Д.Б-ийн 7 тооны адууг хулгайлан 3 260 000 төгрөгийн хохирол учруулсан,

Э.З, Д.Б, Б.Б нар бүлэглэн 2021 оны 06 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Жалбаа багийн Шар зүлэгт гэх газраас хохирогч Ж.Д-ийн 4 тооны адууг хулгайлан 1 840 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос: Э.З, Д.Б, В.М, Б.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх: БЭ.З, В.М, Д.Б, Б.Б нарыг бүлэглэж, машин механизм ашиглаж, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар Бааст овгийн Э.З-г 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар, Луваан овгийн В.М-г 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Булиа овгийн Д.Б-г 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Ламзав овгийн Б.Б-г 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,  2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар Бааст овгийн Эрдэнэ-Очирын Заанд оногдуулсан 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг, Луваан овгийн В.М-д оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг, Булиа овгийн Д.Б-д оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг, Ламзав овгийн Б.Б-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн тус тус сольж, Э.З, В.М, Д.Б, Б.Б нарыг шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байх хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, 7.3 дугаар зүйлийн 2.5-т заасан оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргүүдийг тус тус хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баастовгийн Э.З-г2 жил 8 сарын хугацаанд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг, Луваан овгийн В.М-г 2 жил 6 сарын хугацаанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг, Булиа овгийн Д.Б-г 2 жил 1 сарын хугацаанд Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг, Ламзав овгийн Б.Б-г 2 жилийн хугацаанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг тус тус хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.З, В.М, Д.Б, Б.Б нар нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 37-43 ӨВР улсын дугаартай Бонго маркын тээврийн хэрэгслийн үнэлгээ 7,028,984 төгрөгийг Э.З, В.М, Д.Б, Б.Б нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 1,757,246 төгрөгийг гаргуулж, мөн Э.З, В.М нарын эзэмшлийн улсын дугааргүй мотоциклуудыг тус тус улсын орлого болгохоор, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдаж, хохирогч С.Б, Д.Б нар нь адуугаа эрж хайсны бензиний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.З, В.М, Д.Б, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.З, В.М, Д.Б, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Д.Дашцэрэн давж заалдах гомдолдоо: Б.Б нь 1 жилийн өмнө В.М-д хурдан удмын үрээгээ зарсан боловч 1 жилийн хугацаанд очиж авч чадаагүй байсаар Мягмарсүрэнгээс Заанаад өгчихсөн учир чи хүрээд ир гэсэн. Э.З дуудсан учир үрээнийхээ оронд адуу авахаар тохиролцоод Э.З-тай хамт гэрт нь очсон. Шөнөжин, өдөржин хүлээсээр унагалсан гүү өгөхөөр нь аваад явсан. Балдансоном удаа дараагийн мэдүүлэгтээ Э.З надад хэлээгүй. Харин Шанхын тэнд бууж бие засахдаа буруу гарын мал шүү гэдэг. Балдансоном дургүйцсэн боловч Э.З зүгээр би арыг нь даана айлтгүй гээд цааш явсан байдаг. Гэтэл Э.З тэс өөр мэдүүлэг өгдөг. Өөрөөр хэлбэл Б.Б санаачилсан гэж мэдүүлдэг. Эсрэг ашиг сонирхлыг ганц шүүгдэгчийн мэдүүлгээр Б.Б-г шийтгээд байгаа нь нотлох баримт дангаараа болохгүй учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1.2-д зааснаар ял халдаасанд гомдолтой байна. Шүүгдэгч нарын мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй учир маш их эргэлзээтэй байна. Шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх учиртай. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Т.Оюунчимэгийн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу хэргийг хөтөлбөргүй тогтоохын тулд нотлох баримтыг яллах, цагаатгах талаас нь эргэлзээгүй тогтооно гэснийг зөрчсөн болох нь Д.Б, Э.З, В.М, Б.Б нар нь ашиг сонирхлын зөрчилтэй байхад нэг өмгөөлөгч оролцуулан мэдүүлэг авсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийг зөрчсөн, тухайн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхгүйгээр хэргийн оролцогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр эцэслэн шийдвэрлүүлэхээр санал гаргасан байхад шүүх тус саналыг хүлээж авахгүйгээр хууль зөрчиж авсан нотлогооны чадваргүй нотлох баримтыг үнэлэн тухайн хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар Д.Б-ын гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл нь хангалттай нотлогдоогүй байхад гэм буруутай байна гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь Д.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн нотлох баримт болох хохирогч С.Б-ын ...Д.Б нь Бүрд сумаас нүүж ирж манай нутагт амьдрах болоод 7-гоос 8-н жил болж байна. Хүмүүсийн явган яриагаар мал хулгай хийдэг ийш тийш нь гаргаж өгдөг гэх яриа их л гардаг. Яг баригдаж байгаагүй сая л 3-аас 4-н хүний адуу алдагдах үед цуг үйлдсэн хүмүүс нь хэлж өгч баригдсан байх. Бусдаар хэрэг хийлгээд өөрөө цаад талд нь зааж өгөөд үлддэг байх гэж бодож байна... гэх мэдүүлэг, шүүгдэгч В.М-гийн ...Савалгаа хочит С.Б гэх хүн тухайн адуунуудыг надад гаргаж өгөөгүй, зааж өгөөгүй байсан бол би хулгай хийхгүй байсан... гэх мэдүүлэг, шүүгдэгч Э.З ...Батбаатар ах манай гэрт орж ирээд Жалбаа багийн Тээгийн нурууны дээхэн талд хүрэн азаргатай цөөхөн адуу байна, саран тамгатай дэлийг нь аваагүй адуунууд харагдсан тэр адуунууд лав урагшаа гүйж яваа юм шиг байна гэж хэлсэн... гэх мэдүүлэг зэрэг нь шүүгдэгч В.М, Э.З, Б.Б нарыг гэмт хэрэг үйлдэхэд Д.Б нь хамтран оролцох буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэн үйлдэл тогтоогдохгүй байгаагаас гадна тухайн мэдүүлгүүд нь Д.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн болохыг заасан шууд нотлох баримт биш байна. Шүүгдэгч нар болон хохирогч С.Б-ын мэдүүлэг нь шүүгдэгч Д.Быг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн, тусалсан идэвхтэй үйлдэл байхгүй байхад түүнийг гэм буруутай гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бусдын малыг хулгайлсан бол гэж заасан бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ идэвхтэй үйлдлээр оролцож хулгайлсан байхыг шаардаж байна. Хавтаст хэргийн материалаас харахад 4-н өөр ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг нэг өмгөөлөгч байлцуулаад сэжигтнээр татаад сэжигтнээр байцаалт авсан. Д.Б-ын буруутгаад байгаа үндэслэл нь тухайн газар нутагт тийм зүсмийн адуу байсан гэдгийг шүүгдэгч нарт зааварлаж хэлж өгсөн. Тэрний үндсэн дээр энэ хүмүүс хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Энэ талаар Э.Зы мэдүүлэгт би эдний гадаа ирээд буугаад Д.Бтай хамт адуунд явж байхдаа энэ хүний хэний хаанахын адуу юм гэж асуухаар тэрний энэний адуу гэж зааж өгдөг байсан болохоос биш тийм им тамгатай, яг тэрний адуу шүү гэдгийг зааж өгч байгаагүй гэж Заан, Батбаатар нар хэлдэг.

Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар ашиг хонжоо харсан гэж байна. Э.Заас банкны зээл төлөх гэж байгаа юм гээд 2 сая төгрөг зээлсэн. Зээл төлсөн баримт, зээлийн гэрээ зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан. Гэтэл шүүгдэгч Д.Б нь мал хулгайлах гэмт хэрэгт идэвхтэй үйлдлээр оролцсон, гэмт хэрэг болсон тухайн цаг үед хажууд нь байсан, сэдэлт зорилгын хувьд санаатай бусадтай нэгдсэн, гэмт хэрэг үйлдэн бусдад хор, хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдохгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шйдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдал тогтоогдоогүй байна. Иймд Д.Б-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж гэм буруугүйд тооцож өгнө үү гэв.

Хохирогч С.Б давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 01 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦ/03 дугаар шийтгэх тогтоолд шүүгдэгч нараас гаргасан давж заалдах гомдолд хохирогч С.Б миний бие дараах тайлбарыг гаргаж байна. Хохирогч миний бие 2021 оны 04 дүгээр сарын 28-наас 29-д шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг Хар овоо гэх газраас 23-н тооны бүдүүн адуу, нэг нялх унага нийт 24-н тооны 99 тоо тамгатай адуугаа алдсан. Адуу хайж яваад Хужирт сумын нутаг Харзны гол гэх газраас хээр азарга, зээрд байдсан гүү, хүрэн гүү, зээрд даага, зээрд халзан шүдлэн, хар үрээ, цагаан гүү, цагаан морь, хээр гүү, зээрд гүү, хээр байдас, хээр гүү нийт 12 тооны адуугаа олсон бөгөөд үлдсэн 11-н тооны бүдүүн адуу болон нэг нялх унага хайгаад олоогүй байж байгаад Хархорин сумын Цагдаагийн хэлтсээс 9-н тооны адуу 2 тооны нялх унага нийт 11-н тооны адууг хүлээж авсан. Одоо нас гүйцсэн өсгий цагаан хүрэн халзан гүү, хээр гүү хоёр дутуу байгаа.

Шүүгдэгч нарын зүгээс нялх хоёр унагыг тоонд оруулж миний алдсан 11-н тооны адууг бүрэн хүлээлгэн өгсөн мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн шүүгдэгч В.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ ...Э.З-тай хамт тус тусдаа мотоцикльтой гарсан 23-н тооны адуу хулгайлсан, 12 тооны адуу үлдээгээд үлдэх 11-н тооны адуу туугаад явсан гэх мэдүүлгийг өгсөн байна. Тэгэхээр миний алдсан 23-н тооны адууг В.М болон Э.З нар нь бүлэглэн хулгайлж авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн байна. Мөрдөн байцаалтаар миний хохирлын хэмжээг бүрэн тогтоогоогүй 2 тооны бүдүүн гүү дутуу байхад 2 нялх унагыг тоонд оруулж миний алдсан 11-н тооны адууг бүрэн хүлээлгэж өгсөн мэтээр байцаалт явуулсаныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иймд хохирогч надад учирсан бодит хохирол болох өсгий цагаан хүрэн халзан гүү, хээр гүүний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Прокурор Б.Эрдэнэбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгчийн өмгөөлөгч Дашцэрэнгээс шүүгдэгч Б.Б нь тухайн үед хулгайн адуу гэдгийг нь мэдээгүй. Харин дараа нь мэдсэн. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй байгаа тул зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэсэн гомдлыг гаргасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүгдэгч нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр Балдансоном нь тухайн үед шүүгдэгч Заан руу ярьж орой нь очиж маргааш нь адуунд нь хамт явж байгаад Зааны эзэмшлийн адууны ойр орчим өөр бусад адуу байна. Үүнийг авъя гэсэн санааг хэлсэн гэж шүүгдэгч Заан яллагдагч болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө хэлдэг. Эдгээр нотлох баримтыг шүүхээс үнэлж үзээд мал хулгайлах гэмт хэргийг Балдансоном нь Э.З, Д.Б нартай бүлэглэн бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон. Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэргийн шинж байхгүй. Харин мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгчийн зүгээс Д.Б-ын үйлдэл оролцоог нэг бүрчлэн тогтоогоогүй. Шүүгдэгч нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдийг үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж байна. Шүүгдэгч нарыг яллагдагчаар татахдаа нэг өмгөөлөгч оролцуулсан асуудал байхгүй. Сэжигтнээр мэдүүлэг авахдаа нэг өмгөөлөгч оролцуулж тайлбар авсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд шүүгдэгч болон яллагдагчийн өөрөө өгсөн мэдүүлгийг дангаар нь нотлох баримтаар тооцохгүй гэж заасан. Бусад хамтран оролцогчийн өгсөн мэдүүлгийг нотлох баримтад тооцохгүй гэсэн хуулийн заалт байхгүй. Ийм учраас шүүгдэгч В.М, Э.З нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгийг нотлох баримтад тооцохгүй. Д.Бын оролцоо үйлдлийг нотлох баримтаар тооцохгүй гэж үзэх нь хууль зүйн үндэслэлгүй. Шүүгдэгч Д.Б нь тухайн адуунуудыг хэний адуу болох хаанаас хаа хүрч яваа талаарх байдлыг бүгдийг нь зааж өгсөн талаар яллагдагч нар мэдүүлдэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан үйлдлээрээ санаатай нэгдсэн мөн В.М-гээс адуу зарсан мөнгөнөөс 2 сая төгрөг өгөхийг шаардсан. Үүний дагуу 2 сая төгрөгийг В.Мөгсөн. В.М-гээс авсан 2 сая төгрөг нь адуу, мал зарсан мөнгө байсан гэдэг нь шүүгдэгч нар болон хохирогчийн мэдүүлгээр тогтоогддог.

Иймд шүүгдэгч Д.Б-ыг мал хулгайлах гэмт хэргийг үйлдэхэд үйлдлээрээ санаатай нэгдсэн, үүнээс ашиг хүртсэн гэж улсын яллагчийн зүгээс үзээд мал хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзсэн. Мөн анхан шатны шүүхээс Д.Б-ыг мал хулгайлах гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон гэж гэм буруутайд тооцсон. Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүгдэгч нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний шинжээч нарын дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Э.З, В.М, Д.Б, Б.Б нар нь бүлэглэн машин механизм ашиглаж бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/03 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Дашцэрэн, Т.Оюунчимэг нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Т.Оюунчимэг, шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Д.Дашцэрэн нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Э.З, В.М, Д.Б, Б.Б нар нь бүлэглэн 2021 оны 04 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэр, Хар овоо гэх газраас хохирогч С.Б-ын 23-н тооны адууг хулгайлан 13 820 000  төгрөгийн хохирол,

2021 оны 05 дугаар сарын 31-нээс 06 дугаар сарын 03-ны хооронд Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрээс хохирогч Д.Л-ийн 10-н тооны адууг хулгайлан 5 380 000 төгрөгийн  хохирол,

2021 оны 06 дугаар сарын 09-нөөс 13-ны хооронд Өвөрхангай аймгийн Хархорин 1 Жалбаа багийн Борилж гэх газраас хохирогч Д.Б-ийн 7-н тооны адууг хулгайлан 3 260 000 төгрөгийн хохирол,

Э.З, Д.Б, Б.Б нар бүлэглэн 2021 оны 06 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Жалбаа багийн Шар зүлэгт гэх газраас хохирогч Ж.Д-ийн 4-н тооны адууг хулгайлан 1 840 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Л /1хх 17/, С.Б /2хх 25, 27, 32/, Ж.Д /2хх 134/, иргэний нэхэмжлэгч Д.Б /1хх 26/, Ц.Б /1хх 32, 2хх 137-138/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 113, 115 дугаартай дүгнэлтүүд, шүүгдэгч В.М /2хх 37-38, 123/, Э.З /2хх 5-7/ нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллагдагчид тогтоол танилцуулсан тэмдэглэл /1хх 06-11, 2хх 16-19, 123/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 12, 2хх 20/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсууд /1хх 112, 125, 153-154, 167/, Эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Вендо ХХК-ийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 13/021 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан /1хх 73-75/  зэрэг болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Э.З, В.М, Д.Б, Б.Б нарыг бүлэглэж, машин механизм ашиглаж, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна. 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.З, В.М, Д.Б, Б.Б нарыг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2-4-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Дээрх үндэслэлээр шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Т.Оюунчимэгээс “...шүүгдэгч Д.Б нь мал хулгайлах гэмт хэрэгт идэвхтэй үйлдлээр оролцсон, гэмт хэрэг болох тухайн цаг үед хажууд нь байсан, сэдэлт зорилгын хувьд санаатай бусадтай нэгдсэн, гэмт хэрэг үйлдэн бусдад хор, хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдохгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдал тогтоогдоогүй учир Д.Б-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү...” мөн Балдансономын өмгөөлөгч Д.Дашцэрэнгийн “...шүүгдэгч нарын мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй учир шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Мөн хохирогч Д.Б нь “...миний хохирлын хэмжээг бүрэн тогтоогоогүй 2 тооны бүдүүн гүү дутуу байхад 2 нялх унагыг тоонд оруулж миний алдсан 11-н тооны адууг бүрэн хүлээлгэж өгсөн мэтээр байцаалт явуулсаныг хүлээн зөвшөөрөхгүй, бодит хохирол болох өсгий цагаан хүрэн халзан гүү, хээр гүүний хохирлыг барагдуулж өгнө үү...” гэх тайлбарыг давж заалдах шатны шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан нотлох баримтаар дээрх байдал тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Э.З, В.М, Д.Б, Б.Б нарт оногдуулсан ял шийтгэл нь хууль зүйн үндэслэлтэй төдийгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/03 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Т.Оюунчимэг, шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Д.Дашцэрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/03 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Т.Оюунчимэг, шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Д.Дашцэрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.     

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.