Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 02036

 

Б.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2019/02691 дугаар шийдвэртэй, Б.О-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Н Г” ХХК-д холбогдох,

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож ажилд эгүүлэн томилох, олговор гаргуулж нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх, илүү цагийн нэмэгдэл хөлс 4 602 185 төгрөгийг алдангийн хамт гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.О-, түүний өмгөөлөгч В.Чимгээ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Миний бие 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн тушаалаар “Н Г” ХХК-ийн хүний нөөцийн албаны дарга, менежментийн багийн гишүүнээр томилогдон ажилласан. Энэ хугацаанд ямар нэгэн зааварчилгаа бүхий ажиллах дүрэм журам, төлөвлөгөө гэх мэт чиглүүлэг огт авч байгаагүй. Хөрөнгө оруулагчдын хүсэл сонирхолыг сонсож, түүнийг үндсэн ажлын чиг үүрэгтэй холбон дүрэм журам боловсруулах, ажлаа төлөвлөх, ажлын гүйцэтгэлдээ ашиглаж ирсэн төдийгүй, анх өөрийн ажлын байрны тодорхойлолтыг өөрөө гаргаж байсан. Хүний нөөцийн албаны дарга болоод ч ажлын байрны тодорхойлолтоо өөрөө гаргасан ч баталгаажуулж өгөөгүй. Ажиллах хугацаанд байнгын сургагч байж, шинэ ажилтан бүрийг хөгжүүлэх, дадлагажуулах, мэргэшүүлэх ажлыг гүйцэтгэж ирсэн.

2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасны дагуу талууд харилцан тохиролцсон гэж үзэж ажлаас халагдсан. Ингэхдээ ажилласан хугацаанд илүү цаг, хүний оронд ажилласан, эрсдлийн санд хураалгасан мөнгөө авахаар тохиролцсон боловч 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр тушаал гардуулахдаа “өгөхгүй” гэсэн ойлголт төрүүлсэн. Ер нь ажиллах хугацаанд дарамт шахалттай байсан тул өөрийн хүсэлтээр гарсан. Гүйцэтгэх захирал хурал дээр намайг дайрч доромжилсон тул “1 сарын хугацаанд ажиллая дараагийн ажлын байрыг олохгүй бол болохгүй” гэдгээ хэлсэн. Өргөдлөө юу гэж бичихээ асуухад “өөрийн хүсэлтээр” гэж бич гэсэн. Үүнийг дарамт гэж үзэж байна. Ажил олгогчтой тохирсон гэж үзэж ажлаас гарах хүсэлт бичсэн. Хуулийн зөвлөх Г.Эрдэнэтэй уулзаж тэмдэглэл хийхэд илүү цагийн мөнгө олгохгүй гэсэн удирдлагын хариуг дамжуулан өгсөн гэж ойлгосон. Ингээд шүүхэд хандсан.

Ажлаас гарах өргөдлөө өгсний дараа тушаал гарна гэдгээ мэдэж байсан тул цаг хэмнэх зорилгоор өөрийн нийгмийн даатгалын дэвтэрт тэмдэглэл хийсэн. Компани тохирсон мөнгийг өгөөгүй тул ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ. Миний бие 2018 оны 9 дүгээр сараас менежментийн багийн гишүүнээр томилогдон 2019 оны 5 дугаар сар хүртэл амралтын өдрүүдээр ажилласан тул илүү цагийн цалин 4 602 185 төгрөгийг алдангийн хамт гаргуулна. Хөдөлмөрийн гэрээнд заасан шиг удирдлагаас илүү цагаар ажиллуулах тухай тушаал, шийдвэр гарч байгаагүй гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Б.О-ийн хүсэлтээр Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэгт зааснаар ажилтан санаачилсан гэх үндэслэлээр 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Нэхэмжлэгч ажлаас гарах хүсэлтээ 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр ерөнхий менежер Д.Гантулгад аман хэлбэрээр гаргасан байдаг. Үүнтэй холбогдуулан 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр захиргаа, хүний нөөцийн албанд Б.О- ажлаас гарах хүсэлтээ бичгээр гаргасныг хүлээж авч, хуулийн зөвлөх миний бие 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр биечлэн уулзаж, уулзалтын тэмдэглэл үйлдсэн.

Б.О- ажлаас гарах хүсэлтдээ дурдсаны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дах хэсэгт заасан ажлаас чөлөөлөх хугацааг тухайн хүсэлтийг хүлээн авснаар тохиролцсон гэж үзэж, ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн дугаар 19/174 тоот тушаал гарсан.

Компанийн дотоод журмын 6.5-д 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 18/029 тоот захирлын тушаалаар батлагдсан компанийн ажлын цаг ашиглалт, цаг бүртгэлтийн журмын 4.1-д заасны дагуу шийдвэрлэдэг. Б.О-ийн хувьд илүү цагаар ажилласан гэх баримтгүй нь 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн уулзалтын тэмдэглэлээр нотлогддог. Энэхүү уулзалт ярилцлагаар Б.О- санхүүгийн тооцоолол зөв байна, маргах зүйлгүй гэж хариулсан. Ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд тушаал нь гараагүй байхад өөрийн нийгмийн даатгалын дэвтэртээ ажлаас чөлөөлсөн бичилт хийсэн байхаар тодруулахад “ямар нэгэн зорилго агуулаагүй, ажил хөнгөвчлөх гэж бичсэн” гэж хариулсан. Тухайн үед нь гарах гэж байгаа тушаалыг таамаглаж тэмдэглэгээ хийж болохгүй гэж анхааруулсан. Ээлжийн амралтын мөнгө бодогдох талаар хэлэхэд ойлгосон, гар дээр ирэх цалин дээр нэмэгдэх зүйл байна уу гэхээр нь “удирдлагуудаас тодруулаад, ISO-гийн ажилтнуудад ажлын хүрээнд 2019 оны 5 дугаар сард хийсэн ажилд холбогдох нэмэгдлийг олгож болно гэж байна, түүнийг санхүүд мэдэгдэж холбогдох тооцоог хийх болно гэдгийг тайлбарласан. Өргөдөлдөө бичсэн авах ёстой мөнгө төгрөгийг нь өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн Тухай Хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2, 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Н Г” ХХК-д холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож ажилд эгүүлэн томилуулах, олговор гаргуулж нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, илүү цагаар ажиллуулсан нэмэгдэл хөлс 4 602 185 төгрөгийг хугацаа хожимдуулсан хоног тутмын алдангийн хамт гаргуулах нэхэмжлэгч Б.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Миний бие тус компанийн хүний нөөцийн албанд 1 жил 6 сарын турш ээлжийн амралтгүй, ажлын ачаалал ихтэй ажилласан ч аливаа алдаа дутагдал гаргаагүй ажилласан. Гэтэл 2019 он гарснаас хойш компанийн удирдлага ажлын байрны дарамт үзүүлж, удаа дараа өрөөндөө дуудан уулзаж “...цаашид хамтран ажиллаж чадахгүй хурдан өргөдлөө бичиж өг ...” гэж шахаж шаардаж дарамт үзүүлсэн. Надад өөрийн хүсэлтээр сайн дурын үндсэн дээр ажлаас халагдах хүсэл сонирхол байгаагүйг шүүх анхаарч үзээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн үнэлж шийдвэрээ гаргаагүй тул давж заалдах гомдол гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.О- нь хариуцагч “Н Г” ХХК-д холбогдуулан, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоон ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, илүү цагаар ажиллуулсны нэмэгдэл хөлс 4 602 185 төгрөгийг алдангийн хамт гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч тал бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Б.О- нь “Н Г” ХХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 19/174 дугаар “Ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.2, хөдөлмөрийн дотоод журмын 3.17, хөдөлмөрийн гэрээний 10.1.6, ажилтны хүсэлтийг тус тус үндэслэн Хүний нөөцийн албаны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байна. /хх14/

 

Энэ нь хэрэгт авагдсан Н группийн захиргаа, хүний нөөцийн албанд 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Б.О-ээс гаргасан өргөдөл /хх41-43/, 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай уулзалтын тэмдэглэл /хх54-55/ зэргээр тогтоогдож байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.2 дах хэсэгт заасныг ажил олгогч зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, давж заалдах гомдлын үндэслэлээ, ажил олгогчийн зүгээс ирсэн ажлын байрны дарамт, удирдлагын шахалтын улмаас хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох өргөдөл гаргасан гэж тайлбарлажээ.

 

 Хэрэгт авагдсан ажилтны гаргасан өргөдөл буюу “...Н групптэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох үндэслэл нь Хөдөлмөрийн хуулийн 38, 39, 40 дүгээр зүйлүүдэд хамааруулан тайлбарлахад төвөгтэй байгаа ч мөн хуулийн 38.1.1 заалтыг үндэслэл болгон бие биенээ хүндэтгэх үүднээс харилцан тохиролцон хөдөлмөрийн гэрээг 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгох саналтай...” гэснийг,                       нийгмийн даатгалын дэвтэрт ажлаас чөлөөлөгдсөн огноог 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гэж өөрөө тэмдэглэсэн талаарх тайлбар зэрэгтэй харьцуулан үзвэл ажил олгогчийн зүгээс ажилтанд шахалт, шаардлага, зүй бус нөлөөлөл үзүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд тухайн ажилтан өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг цуцлахыг санаачилсан гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Түүнчлэн, Б.О- нь ажлын шаардлагаар илүү цагаар ажилласан хугацааны нэмэгдэл хөлс, түүний алдангийг шаардах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар уг шаардлагаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. 

 

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2019/02691 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн                                                          дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход                              саад болохгүй ба магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                                        ШҮҮГЧИД                                Г.ДАВААДОРЖ

 

                                                                                         Т.ТУЯА