Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2691

 

2019 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2019/02691

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.О

Хариуцагч: НГ ХХК,

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож ажилд эгүүлэн томилуулах, олговор гаргуулж нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, илүү цагаар ажиллуулсан нэмэгдэл хөлс 4.602.185 төгрөгийг хугацаа хожимдуулсан хоног тутмын алдангийн хамт гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.О, өмгөөлөгч В.Чимгээ, хариуцагчийн төлөөлөгч Г.Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Давааням нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.О миний бие 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн тушаалаар Н.Г ХХК-ийн хүнийн нөөцийн албаны дарга, менежментийн багийн гишүүнээр томилогдон ажилласан. Ажиллаж эхэлснээс хойш ямар нэгэн зааварчилгаа бүхий ажиллах дүрэм журам, төлөвлөгөө гэх мэт чиглүүлэг огт авч байгаагүй. Хөрөнгө оруулагчдын хүсэл сонирхолыг сонсож, түүнийг үндсэн ажлынхаа чиг үүрэгтэй холбон дүрэм журам боловсруулах, ажлаа төлөвлөх, ажлын гүйцэтгэлдээ ашиглаж ирсэн төдийгүй, анх өөрийнхөө ажлын байрны тодорхойлолтыг өөрөө гаргаж байсан ч хүний нөөцийн албаны дарга болсноор ажлын байрны тодорхойлолтоо мөн л өөрөө гаргасан хэдийч баталгаажуулж өгөөгүй. Хүний нөөцийн албыг хариуцан ажиллах хугацаандаа байнгын сургагч байж, ажилд орсон шинэ ажилтан бүрийг сургаж хөгжүүлэх, дадлагажуулах, мэргэшүүлэх ажлыг байнга гүйцэтгэж ирсэн. Миний бие 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасны дагуу талууд харилцан тохиролцсон гэж үзэж ажлаас халагдсан. Ингэхдээ ажиллаж байх хугацаандаа илүү цагаар ажилласан, хүний оронд ажилласан, эрсдлийн санд хураалгасан мөнгөө авахаар харилцан тохиролцсон. Гэтэл 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тушаал гардуулахдаа мөнгө өгөхгүй гэсэн ойлголт төрүүлсэн. Ер нь намайг ажиллаж байх хугацаанд дарамт шахалттай байсан тул өөрийн хүсэлтээр гарсан. Гүйцэтгэх захирал хурал дээр намайг дайрч доромжилсон тул захиралд 1 сарын хугацаанд ажиллая дараагийн ажлын байрыг олохгүй бол болохгүй гэдгээ хэлсэн. Өргөдлөө юу гэж бичихээ мэдэхгүй байсан тул асуусан гэтэл өөрийн хүсэлтээр гарлаа гэдгээ бичээ гэхэд нь бичиж өгсөн. Үүнийг би намайг дарамталсан гэж үзэж байна. Ер нь бол би ажил олгогчтой тохирсон гэж үзэж ажлаас гарах хүсэлт бичиж өгсөн. Хуулийн зөвлөх Г.Эрдэнэтэй уулзаж тэмдэглэл хийсэн. Тэр үед илүү цагийн мөнгө олгохгүй гэсэн тайлбарыг надад хэлсэн тул илүү цагийн мөнгө олгохгүй гэж шийдэж байгаа юм байна гэж ойлгоод хуулийн байгууллагад хандсан. Удирдлагаас өргөдлийн хариуг Г.Эрдэнээр дамжуулан өгч байна гэж ойлгосон. Үүнийг ч би дарамт гэж ойлгож байгаа. Ажлаас өөрийн хүсэлтээр гарах өргөдлөө өгсний дараа энэ хүсэлтийн дагуу тушаал гарна гэдгээ мэдэж байсан тул цаг хэмнэх үүднээс тушаал гарахаас өмнө өөрийн ниймгийн даатгалын дэвтэрт тушаалын өөрчлөлтийн хэсэгт тэмдэглэл хийсэн. Компаниас тохирсон тохиролцооны мөнгийг өгөөгүй тул ажилдаа эргүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ. Би 2018 оны 09 дүгээр сараас менежментийн багийн гишүүнээр томилогдон ажиллаж энэ хугацаанд амралтын өдрүүдээр ажиллаж байсан тул 2018 оны 09 дүгээр сараас 2019 оны 05 дугаар сар хүртэл хугацааны илүү цагийн цалин 4.602.185 төгрөгийг алдангийн хамт гаргуулна. Хөдөлмөрийн гэрээнд заасан шиг удирдлагаас илүү цагаар ажиллуулах тухай тушаал шийдвэр гарч байгаагүй гэв.

Хариуцагч Н.Г ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэ шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Оийн хүсэлтээр Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэгт заасан ажилтан санаачилсан гэх үндэслэлээр 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ажлаас гарах хүсэлтээ 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр ерөнхий менежер Д.Гантулгад аман хэлбэрээр тавьсан байдаг. Түүнтэй холбогдуулан 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр захиргаа, хүний нөөцийн албанд Б.О нь өөрийн хүсэлтээр ажлаас гарах хүсэлтээ дахин бичгээр гаргаж өгсөн. Б.Оийн өөрийн хүсэлтээр ажлаас гарах хүсэлтийг хүлээж авч, компанийн хуулийн зөвлөх миний бие 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр биечлэн уулзаж, уулзалтын тэмдэглэл үйлдсэн. Б.О ажлаас гарах хүсэлтдээ дурдсаны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт заасан ажлаас чөлөөлөх хугацааг, тухайн хүсэлтийг нь хүлээн авснаар тохиролцсон гэж үзэж, ажилтны санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн дугаар 19/174 тоот тушаал гарсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Компанийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт заасан 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 18/029 тоот захирлын тушаалаар батлагдсан компанийн ажлын цаг ашиглалт, цаг бүртгэлтийн журмын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэдэг бөгөөд Б.Оийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр гаргасан өөрийн хүсэлтээр ажлаас гарах хүсэлтийг шийдвэрлэх 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн уулзалтын тэмдэглэлээр илүү цагаар ажилласан гэх нотлох баримт бичгийг өөрөө бүрдүүлж ажиллаагүй гэдэг нь нотлогддог юм. Иймд нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Ажилтны санаачлагаар хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай уулзалтаар түүний асуултанд хуулийн зөвлөхийн хувьд тодорхой хариулсан. Б.Оч татгалзах зүйлгүй гээд илүү цагийн нэмэгдэл авах талаар асуусан. Хариуд нь би үндэслэл болгоод олгох эрх зүйн баримт бичиг дутуу байна. Өөрөө хүний нөөцийн албаны дарга ажилтай учир бичиг баримтын бүрдэлтийг хангаж ажиллах нь зүйн хэрэг. Тиймд өөрөө тийм бичиг баримт боловсруулаад баталгаажуулаад явж байсан зүйл байна уу? гэсэн. Тэгэхэд Б.О хийж байсан дуусгаагүй. Тэгэхээр байхгүй гэж хэлсэн тул тиймд олгох боломжгүй гэж хариулсан байдаг. Ярилцлагаар Б.О санхүүгийн тооцоолол зөв байна. Маргах зүйлгүй гэж хариулсан. Ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчихөөд тушаал нь гараагүй байхад өөрийн нийгмийн даатгалын дэвтэртээ ажлаас чөлөөлсөн бичилт хийсэн байхаар нь яаж байгаа юм тушаал чинь гараагүй байхад гэж асуухад ямар нэгэн зорилго агуулаагүй. Ажил хөнгөвчлөх гэж бичсэн байсан гэж хариулсан. Тэр үед нь би гарах гэж байгаа тушаалыг тэгж таамаглаж тэмдэглэгээ хийж болохгүй гэж анхааруулсан. Тэгээд ээлжийн амралтын мөнгө бодогдох талаар хэлэхэд ойлгосон, гар дээр ирэх цалин дээр нэмэгдэх зүйл байна уу? гэхээр нь удирдлагуудаас тодруулаад, ISO-гийн ажилтнууд ажлын хүрээнд 2019 оны 5 дугаар сард хийсэн ажилд холбогдох нэмэгдлийг олгож болно гэж байна. Түүнийг санхүүд мэдэгдэж холбогдох тооцоог хийх болно гэдгийг тайлбарласан. Өргөдөлдөө бичсэн авах ёстой мөнгө төгрөгийг нь өгсөн. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Н.Г ХХК-нд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, цалингийн нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, ажил олгогчийн санаачлагаар илүү цагаар ажиллуулсан нэмэгдэл хөлс 4.602.185 төгрөгийг алдангийн хамт гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Б.О нь 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Н.Г ХХК-ийн захиргаа, хүний нөөцийн албанд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалтыг үндэслэл болгон хөдөлмөрийн гэрээг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгох тухай өргөдөл гаргасан тул компаний ерөнхий захиралын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 19/174 дугаартай ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.2, хөдөлмөрийн дотоод журмын 3.17, хөдөлмөрийн гэрээний 10.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Нэхэмжлэгч нь ажиллаж байх хугацаанд дарамт шахалттай байсан тул өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. Ингэхдээ ажиллаж байх хугацаанд илүү цагаар ажилласан, хүний оронд ажилласан, эрсдлийн санд хураалгасан мөнгөө авахаар харилцан тохиролцсон боловч тохиролцоондоо хүрээгүй тул ажилд эргүүлэн тогтоолгоно, хариуцагч нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, ажилласан хугацааны болон ээлжийн амралтын олговор олгогдсон, 2019 оны 05 дугаар сард илүү цагийн мөнгийг олгосон, эрсдлийн санд суутгасан суутгалыг буцаан олгосон гэж тайлбарлан маргасан байна.

Б.О нь 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Н.Гийн Захиргаа хүний нөөцийн албанд гаргасан өргөдөлдөө Н.Гтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38, 39, 40 дүгээр зүйлүүдэд хамааруулан тайлбарлахад төвөгтэй байгаа хэдий ч Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалтыг үндэслэл болгон бие биенээ хүндэтгэх үүднээс харилцан тохиролцон хөдөлмөрийн гэрээг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгох саналтай гэсэн өргөдлийг гаргаж, 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр тойрох хуудсаа зуруулж, 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Ажилтаны санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай уулзалтын тэмдэглэлээр Б.О нь хөдөлмөрийн гэрээ цуцлахад татгалзах зүйлгүй, санхүүгийн тооцоолол зөв байна, маргах зүйлгүй. Нийгмийн даатгалтын дэвтэртээ ажил хөнгөвчлөх зорилгоор бичилт хийсэн гэсэн тайлбараар уулзалтыг дуусгавар болгосон байна.

Үүгээр нэхэмжлэгч нь Хүний нөөцийн албаны дарга, тушаал төлөвлөдөг эрх бүхий албан тушаалтны хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 38, 39, 40 дүгээр зүйлүүдийг судлан үзэж, өөрийн хүсэлтээр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д зааснаар талууд харилцан тохиролцсон гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох хүсэлт гаргаж, өөрийн гаргасан хүсэлтийг үндэслэн НДД№ АХ1342680 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн тушаалын өөрчлөлтийн тэмдэглэл хэсэгт 2019.05.31 гэсэн бичилтийг хийж байсан нь түүнийг өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэж үзэхээр байна.

Тэрээр шүүх хуралдаанд ажил олгогчийн зүгээс дарамт шахалт байсан гэж тайлбарласан боловч тайлбар нь нотлогдохгүй байна. Мөн хэлэлцүүлэгт өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон талаараа тайлбарласан тул түүний гаргасан хүсэлтийг хуульд заасан шаардлагыг хангасан тул ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.2-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалсанг хууль зөрчөөгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь 2018 оны 09 дүгээр сараас 2019 оны 05 дугаар сарын хугацааны илүү цагаар ажиллуулсан нэмэгдэл хөлс 4.602.185 төгрөгийг алдангийн хамт гаргуулах шаардлага гаргасан боловч шаардлагыг нотолсон баримтгүй, үзлэгээр цагийн бүртгэл засвартай, хөдөлмөрийн гэрээний 2.3-т зааснаар илүү цагаар ажиллах бол ажил олгогчийн тушаал шийдвэр гарсан тохиолдолд илүү цагаар ажилласан гэж үзэж нэмэгдэл хөлс олгохоор тохирсоны дагуу нотлох баримтгүй тул ажил олгогчийн санаачилгаар хэтрүүлэн ажиллуулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Н.Г ХХК-нд холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож ажилд эгүүлэн томилуулах, олговор гаргуулж нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, илүү цагаар ажиллуулсан нэмэгдэл хөлс 4.602.185 төгрөгийг хугацаа хожимдуулсан хоног тутмын алдангийн хамт гаргуулах нэхэмжлэгч Б.Оийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөгдсөнг дурдаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаарр зүйлийн 115.2.3, 116, 160 дугаар зүйлийн 160.1.2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн Тухай Хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2, 53 дугаар зүйлийн 53.1-д зааснаар хариуцагч Н.Г ХХК-нд холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож ажилд эгүүлэн томилуулах, олговор гаргуулж нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, илүү цагаар ажиллуулсан нэмэгдэл хөлс 4.602.185 төгрөгийг хугацаа хожимдуулсан хоног тутмын алдангийн хамт гаргуулах нэхэмжлэгч Б.Оийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА