Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2141

 

Ж.Т , Б.С нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2019/01849 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ж.Т , Б.С нарын хариуцагч “П” ХХК , Ц.Г нарт холбогдуулан гаргасан 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн №2013/9/27-2Б дугаартай үл хөлдөх хөрөнгийн барьцааны гэрээ болон 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн №2013/9/27-2 дугаартай зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Т.О , хариуцагч “П” ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж.Т  нь Ц.Г-тай 1990 оноос хойш хамтран амьдарч байгаа бөгөөд 2004 онд гэр бүл болсныг 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бүртгэж гэрлэлтээ батлуулсан. Ж.Т  нь улсад олон жил үр бүтээлтэй ажилласны үр дүнд байгууллагаас нь 2009 оны 12 дугаар саоын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж 57-109 тоотод байрлах, 36 м.кв нэг өрөө орон сууцыг өгсөн. Ж.Т  нь тус байрыг гэр бүлийн хэрэгцээнд зориулж эхнэр охидын хамт амьдарч байсан бөгөөд гал голомтоо бусад шилжүүлэхийг хүсэхгүй байгаа. Гэвч Ц.Г нь нөхөр Ж.Т  болон охин Т.С-даа хэлэлгүй гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчийн байрыг банк бус санхүүгийн байгууллагаас найздаа зээл авч өгөх зорилгоор 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн У1013/9/27-2Б дугаартай Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж барьцаалсан байсныг манай гэрт нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэгч орж ирж байраа чөлөөлж өгнө үү гэх шаардлага тавьснаар мэдлээ. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах адил эрх эдэлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулна, 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна, 128 дугаар зүйлийн 128.3 дахь хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 128.2 дахь хэсэгт заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу Ц.Г нь нөхөр Ж.Т , охин Б.С Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг, нараас хуульд заасан зөвшөөрөл авалгүй, нууцаар зээлийн гэрээ байгуулж барьцааны гэрээ байгуулсан үйлдэл нь Иргэний хуулийн дээрх заалтуудыг зөрчжээ. “П” ХХК -ийн захирал Д.Б нь эхнэр Ц.Г-гийн сайн найз юм. Д.Б нь тус байрыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчийн байр гэдгийг сайн мэдэж байсан бөгөөд барьцааны гэрээ байгуулахдаа гэр бүлийн бусад гишүүдээс зөвшөөрөл авалгүй, Ц.Г-г ятган өөртэй нь гэрээ байгуулсныг сүүлд мэдсэн. Дээрх хууль зөрчиж хийсэн хэлцлийн үр дүнд нөхөр Ж.Т , охин Б.С нар нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчийн байрандаа цаашид амьдрах боломжгүй нөхцөл байдалтай байна. Иймд Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.3 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн №2013/9/27-2Б дугаартай Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү. Мөн “П” ХХК , Ц.Г нарын хооронд байгуулагдсан 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн №2013/09/27-2 дугаартай Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэмэгдүүлсэн. Хариуцагч “П” ХХК -аас Ц.Г-д зээлийн гэрээний дагуу шилжүүлэх ёстой 35 000 000 төгрөг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. Зээлийн төлбөрийг “П” ХХК-аас нэхэмжлэгч Ж.Т ын дансанд шилжүүлсэн ба мөнгийг Н.С нь авч ашигласан байдаг. Монгол Улсын банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт зааснаар зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэн зээлийг олгосонд тооцно гэж тус тус заасан байна. Н.С “П” ХХК  нь зээлийн төлбөрт нийтдээ 39 000 000 төгрөгийг төлсөн байхад тус “П” ХХК -аас зээлийн төлбөрт Ц.Г-аас 35 000 000 төгрөгийг гаргуулах шүүгчийн захирамж гаргуулж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар барьцааны байрыг худалдан борлуулж хохирол гаргуулахаар болсон байна. “П” ХХК  болон Ц.Г нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг зөрчсөн байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би “П” XXK-ын захирал Д.Б-тэй найз нөхдийн харилцаатай байдаг. Тэгээд би түүний ББСБ-д гэр бүлийн дундын хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж 57-109 тоотод байрлах 36 м.кв нэг өрөө орон сууцыг барьцаалан өөрийн найз Н.С-т зээл авч өгсөн. Уг зээлийн 35 000 000 төгрөгийг “П” ХХК -аас нөхөр Ж.Т ын “Хаан банк” ХХК-ийн дансанд шилжүүлснийг гаргаж авч Н.С-т өгсөн. Гэтэл “П” ХХК -аас нэхэмжлэл гаргаж би 35 000 000 төгрөг төлөхөөр болсон. Нийт төлбөрт Н.Сайнбаяраас зээлд 41 000 000 төгрөг төлснөөс одоо 18 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй. Би дээрх орон сууцыг нөхөр болон хүүхдүүддээ хэлэлгүй барьцаанд тавьснаас болж тэдний өмчлөх эрх зөрчигдөж байгаа тул зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай шаардлагыг зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагч “П” ХХК  шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна. 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Ц.Г нь нөхрийн хамт ирж 2013/09/27 тоот зээлийн гэрээ байгуулан 3 сарын хугацаатай 35 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан ч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас 2015 оны 10 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ц.Г-гийн хүсэлтээр нэхэмжилсэн 47 848 625 төгрөгөөс 12 848 625 төгрөгийг татгалзаж, үлдэх 35 000 000 төгрөгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцож эвлэрэн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2015/07817 тоот захирамжаар эвлэрлийн гэрээг баталсан. Төлбөр төлөгч нь гэрээгээр тохиролцсон хугацаанд төлбөрөө төлөөгүй учраас албадан гүйцэтгүүлэх захирамж гаргуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа билээ. Бид зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хуулийн дагуу байгуулж улсын бүртгэлд бүртгүүлэн хүчин төгөлдөр болсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй зохицуулалтын дагуу энэ асуудлыг дахин авч хэлэлцэх, нотлох шаардлага байхгүй юм. Мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа, бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх ёстой билээ. Нөгөө талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65 дугаар зүйлийн 65.1.1, 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсгээс 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсэг хүртэл, 65 дугаар зүйлийн 65.1.10 дахь хэсгүүдэд заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж гаргана гэж зааснаар нэгэнт иргэний хэрэг үүсгэсэн бол нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй юм. Гэр бүлийн гишүүдээс зөвшөөрөл аваагүй гэх үндэслэлийн тухайд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэх зохицуулалтын дагуу барьцаанд бүртгүүлсэн орон сууцны өмчлөх эрхийн бүртгэл, гэрчилгээ нь зөвхөн Ц.Г-ийн өмчлөлд байсан бөгөөд уг бүртгэлийг үнэн зөв гэж үзнэ. Тийм учраас эдгээр хүмүүсээс зөвшөөрөл авах шаардлагагүй билээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.1.8-д зааснаар Ж.Т , Т.С нарын гаргасан хариуцагч Ц.Г болон хариуцагч “П” ХХК -ийн хооронд 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хийсэн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Т , Т.C нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 016 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Т.О  давж заалдах гомдолдоо:

… Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

“П” ХХК -аас зээлдэгч Ц.Г-д зээлийн мөнгийг бодитой шилжүүлж байгаагүй болно. 2013 оны 09 сарын 27-ны өдрийн №2013/9/27-2 дугаартай зээлийн дагуу “П” ХХК-аас зээл олгох, зээлдэгч Ц.Г зээлийг хүлээн авсан үйл баримт тогтоогдоогүй байхад анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь учир дутагдалтай болсон.

Зээлийн төлбөр гэх 35 000 000 төгрөгийг Ч.Д гэх иргэнээс нэхэмжлэгч Ж.Т ын дансанд шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан. Тус зээлийг төлбөрийг иргэн Н.С нь авч ашигласан бөгөөд зээлийн төлбөрийг хариуцан төлдөг байсан талаар гэрчийн мэдүүлэг өгсөн. 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн №2013/9/27-2 дугаартай зээлийн гэрээ нь Монгол Улсын Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн хэлцэл байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг агуулдаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаж байгаа этгээд шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон төлнө гэж заажээ.

Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн №2013/9/27-2 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч Ж.Т , Б.С нар нь хариуцагч Ц.Г болон “П” ХХК -д холбогдуулан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Ц.Г хүлээн зөвшөөрч, харин “П” ХХК эс зөвшөөрч маргажээ.

 

            Хариуцагч Ц.Г нь “П” ХХК -тай 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, 35 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлж, хүүгийн хамт буцаан төлөх үүрэг хүлээсэн, уг үүргийн барьцаанд өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр-2 /17042/, Чингисийн өргөн чөлөө 57 дугаар байрны 109 тоот 36 м.кв талбайтай, эрхийн улсын Ү-2206012438 дугаар бүртгэлтэй, нэг өрөө орон сууцыг барьцаалан талууд барьцааны гэрээг бичгээр байгуулсан үйл баримт тогтоогдсон.

 

            Нэхэмжлэгч Ж.Т  нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох орон сууцыг эхнэр Ц.Г гэр бүлийн бусад гишүүдээс зөвшөөрөл авалгүйгээр зээлийн үүргийн барьцаанд тавьж гэрээ байгуулсан гэх үндэслэлээр барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан боловч гэрээ байгуулах үед уг орон сууцны өмчлөгчөөр Н.Г дангаар бүртгэлтэй байсан нь хэрэгт авагдсан 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

 

            Иймд зээлдүүлэгч хүчин төгөлдөр гэрчилгээг үндэслэн өмчлөгч этгээдтэй барьцааны гэрээ байгуулсныг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдоогүй, бүртгэлийг үнэн зөв гэж үзсэн нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт нийцнэ.

 

            Зээлийн гэрээнд заасан 35 000 000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ зээлдүүлэгч биелүүлээгүй тул гэрээг байгуулагдсанд тооцохгүй гэж тайлбарлан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар гаргасан нэхэмжлэгч Ж.Т ын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдоогүй байна.

 

            Зээлийн гэрээний үүргээ зөрчсөн гэж зээлдүүлэгч “П” ХХК  нь зээлдэгч Ц.Г-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2015/07817 дугаартай захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталсан, шүүхийн уг захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон, шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан талаарх баримтууд хэрэгт авагдсан байх бөгөөд зээлийн гэрээний талуудын хооронд үүссэн гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг шүүх нэгэнт шийдвэрлэсэн тул дахин нотлох шаардлагагүй.

 

Нэхэмжлэгч Ж.Т  нь зээлийн гэрээний тал биш, түүнд гэрээгээр эрх, үүрэг үүсээгүй тул зээлийн хөрөнгийг шилжүүлээгүй гэж зээлдүүлэгчийг буруутган шаардлага гаргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй.

 

Шүүх нэхэмжлэлийн энэ хэсэг буюу маргаж буй үйл баримтад хамаарах нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр  зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, нэхэмжлэлийн энэ хэсгийг болгосон нь зөв.

 

            Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2019/01849 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                      Ч.ЦЭНД

 

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ