Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 152/ШШ2024/00223

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Сийн,

Хариуцагч: Ч.Бт холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2,717,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Ц.С,

Хариуцагч: Ч.Б,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Д.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Ч.Бтай 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулан нотариатаар батлуулж 1,300,000 төгрөгийг сарын 10,6 хувийн хүүтэй зээлдсэн. Ч.Баас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан боловч Д.Бд төлсөн гэх шалтгаанаар зээлдсэн мөнгөө өгөхгүй байгаа юм. Ч.Баас мөнгө төлсөн баримт нотолгоо зэргийг шаардсан боловч шаардлагыг хүлээн авахгүй, өгөхгүй гээд утсаа авахгүй, дугаараа сольсон тул Ч.Баас үндсэн зээл 1,300,000 төгрөг, алданги 1,417,000 төгрөг, нийт 2,717,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ч.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие нь 2022 оны 11 дүгээр сард ёийг Боршоо боомтод барилгын засварын ажил хийж байхад нь 94044155 дугаарт холбогдож 1,300,000 төгрөгийн хэрэг гараад байна гэж ярьсан. Эхлээд 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Ц.С гэх 5800605499 тоот данснаас 300,000 төгрөг шилжүүлсэн. Д.Бэс мөнгө шилжүүлсэн Ц.С чамтай ямар холбоотой хүн бэ? гэж утсаар асуухад манай эхнэр гэж хэлсэн. Д.Б рүү 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр холбогдож мөнгөний хэрэг гараад байна гэхэд би Боршоо боомтод байгаа учраас очиж чадахгүй, мөн 300,000 төгрөгөөс дээш болохоор зээлийн гэрээ байгуулаад аваарай би эхнэр лүүгээ мөнгө шилжүүлчихнэ гээд тухайн өдөр Д.Бий эхнэр Ц.Стай зээлийн гэрээ хийж 1,300,000 төгрөгийг 2 хувааж авсан. Тухайн үед Ц.С надад та 10 хувийн хүүтэй гэж мэдэж байгаа юу гэж асуусан, бидний хооронд өөр ямар нэгэн яриа болоогүй. Миний бие Боршоо боомтод ажилладаг, мөн Д.Б боомтын барилга засварын ажил хийж байхад нь зээлсэн мөнгөнийхөө хүүг тухайн сар бүр нь бэлнээр өгсөн. Үндсэн зээлсэн 1,300,000 төгрөгийг Д.Бд 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 5085235835 тоот дансанд нь өөрийн харилцах данснаас шилжүүлсэн болно. Ц.С нь гаргасан нэхэмжлэлдээ намайг утсаа авахгүй, мөнгө өгөхгүй гэх мэтээр гүтгэлгийн шинжтэй зүйл бичсэнд харамсаж байна. Би хоёр дугаартай хэвийн ажиллаж байгаа. Ц.С нь 2022 оны сүүлээр 1 удаа мессеж, 2023 оны 4, 8 дугаар сард утсаар л ярьсан. Тухайн үед Д.Бд зээлсэн мөнгө мөнгөө төлсөн гэдгээ хэлсэн. Миний хувьд Д.Бэс зээлсэн мөнгөө төлсөн. Би Ц.Сг танихгүй, Д.Б нь танд зээлсэн мөнгөний эх үүсвэр надаас гарсан гэж хэлээд дансаа явуулсан учраас нэг гэр бүлийн хүмүүсийн хэнд нь ч шилжүүлсэн болно гэж үзээд зээлсэн мөнгөө төлсөн. Миний бие зээлсэн мөнгөө төлчхөөд байхад 6 сарын дараа Ц.С гэр бүлийн болон мөнгөнөөс үүдэлтэй маргаанаа надаас нэхэмжилж байгаад гүнээ харамсаж байна. Иймд хууль журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Чондоо овогтой Баатарттай ярилцаж тохиролцон 300,000 төгрөгийг Ц.Сгаар дамжуулан зээлдсэн. Тухайн үед Ц.С миний гэр бүлийн гишүүн буюу эхнэр байсан. Дараа нь 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр дахин 1,000,000 төгрөг нэмэж зээлдээч гэж ярилцаж тохирсон. Тухайн үед миний бие Боршоо боомтод барилгын ажилтай байсан ба нотаритаар гэрээ хийж боломжгүй байсан учраас Ц.Сгаар дамжуулан гэрээ хийлгэн мөнгө шилжүүлсэн. Энэ үйлдэл нь дансны гүйлгээгээр нотлогдох болно. Ч.Б нь тухайн зээлсэн мөнгө, хүүгийн хамт 2023 оны 3 дугаар сард анх ярилцаж тохиролцсон Д.Б миний 5085235835 тоот дансанд шилжүүлсэн. Иймд Ч.Б нь одоо ямар нэгэн өр төлбөргүй болно. Тухайн үед жуулчлалын үүрэг гүйцэтгэсэн Ц.Сгийн шунахайн сэдэл, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн бодлоор нотариатын гэрээг ашиглан шүүхэд хандсан учир энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Энэ үйлдэл олон дахин давтамжтай хийгдэж байгаа. Тухайн зээлийн үйл ажиллагаа явуулах мөнгийг би найз болох Х.Энхцэцэгээс зээллэн 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулж байсан болно” гэжээ.

Хариуцагч Ч.Бын хүсэлтээр Д.Бийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулав.

Нэхэмжлэгч талаас төлбөрийн даалгавар, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1355 дугаартай зээлийн гэрээ, Ч.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа, түүний Хаан банк дахь 5800605499 депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 282040120038 дугаартай зээлийн гэрээ, 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 282040120038 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 282040120038 дугаартай баталгаат ипотекийн гэрээ, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Хаан банкн мөнгөн шилжүүлгийн баримт,

Хариуцагч талаас түүний Хаан банк дахь 5800307209 депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Д.Бийн тайлбар гэх баримт, Д.Бийн Хаан банк дахь 5085235835 депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдөр нэг талаас Х.Э, Д.Б нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Д.Б, Н.Т нарын хооронд байгуулагдсан 1401 дугаартай зээлийн гэрээ, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Д.Б, Н.Т нарын хооронд байгуулагдсан 2813 дугаартай зээлийн гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Д.Б, Н.Т нарын хооронд байгуулагдсан 0126 дугаартай гэрээ, Увс айма дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 152/ШЗ2023/00030 дугаартай захирамж, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Д.Б, Н.Ж нарын хооронд байгуулагдсан 1018 дугаартай зээлийн гэрээ, Д.Бийн Хаан банк дахь 5085235835 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.    

2. Нэхэмжлэгч Ц.С нь хариуцагч Ч.Баас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 2,717,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

2.1. Нэхэмжлэгч Ц.С нь хариуцагч Ч.Бтай 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 1,300,000 төгрөгийг нэг сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлж, зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Гэвч хариуцагч нь тохиролцсон хугацаанд зээл болон зээлийн хүүг төлөөгүй тул үндсэн зээл 1,300,000 төгрөг, алданги 1,417,000 төгрөг, нийт 2,717,000 төгрөг гаргуулна.

2.2. Миний бие Д.Бтэй 2022 онд амт амьдарч эхлэхээс өмнө хүүтэй мөнгө зээлүүлдэг байсан. Д.Бэс 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шилжүүлсэн 290,000 төгрөг нь Ч.Бт зээлүүлхээр шилжүүлсэн мөнгө биш, гэр бүлийн хэрэгцээнд зориулж шилжүүлсэн мөнгө юм. Мөн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шилжүүлсэн 1,000,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр манай ааваас зээлж авсан 3,000,000 төгрөгийн өрөө төлөх зорилгоор шилжүүлсэн мөнгө. Ч.Бт зээлүүлсэн мөнгө бол миний мөнгө учраас зээлийг гэрээний дагуу шаардах эрхтэй гэв.

3. Хариуцагч Ч.Б нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын дараах үндэслэлээр үгүйсгэж байна.

3.1. Анх Д.Бэс 300,000 төгрөг зээллэхээр тохиролцож, дараа нь 1,000,000 төгрөг нийт 1,300,000 төгрөг зээллэхээр амаар тохиролцсон. Д.Б нь 1,000,000 төгрөгөөс дээш төгрөг зээллэх бол бичгээр гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлэх шаардлагатай гэсэн. Д.Б нь тухайн үед Боршоо боомтод ажиллаж байсан ба өөрөө гэрээ байгуулах боломжгүй байгаа гээд, түүний эхнэр Б.С уулзаж гэрээ байгуулаарай гэсний дагуу Ц.Стай зээлийн гэрээ байгуулсан. Зээллэсэн мөнгөө хүүгийн хамт Д.Бд төлж барагдуулсан.

3.2. Д.Б, Ц.С нар нь тухайн үед гэр бүлийн харилцаатай байсан боловч гэрлэлтээ цуцлуулсныхаа дараа хоорондын маргаандаа намайг оролцуулж, хохироож байна гэв.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Б нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэж байна.

4.1. Хариуцагч Ч.Бтай анх 300,000 төгрөг зээлдүүлэхээр тохиролцсон бөгөөд Ч.Б нь нэмж 1,000,000 төгрөг зээллэх санал тавьсан учраас 1,000,000 төгрөгөөс дээш мөнгө зээлдүүлэх тохиолдолд бичгээр гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлэх шаардлагатай гэж хэлсэн. Миний бие тухайн үед Увс аймгийн Боршоо боомтод ажиллаж байсан, өөрөө нотариат орж хариуцагч Ч.Бтай зээлийн гэрээ байгуулах боломжгүй байсан учраас эхнэр Ц.Сд Ч.Бтай зээлийн гэрээ байгуулаарай гэж хэлсэн. Ингээд Ц.С, Ч.Б нарын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан.

4.2. Ч.Бт зээлдүүлсэн 1,300,000 төгрөгийг миний бие Б.Сийн данс руу өөрийн данснаас шилжүүлсэн. Миний бие Х.Э гэгчээс мөнгө зээлж, бусдад хүүтэй мөнгө зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг байсан. Энэ нь нотлох баримтаар гаргаж өгсөн зээлийн гэрээгээр нотлогдоно.

4.3. Хариуцагч Ч.Б нь зээллэсэн 1,300,000 төгрөгийг хүүгийн хамт бүрэн төлж барагдуулсан. Иймд нэхэмжлэгч Ц.Сгийн нэхэмжлэл үндэслэлгүй гэв.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1. Хариуцагч Ч.Б нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Бэс 2022 оны 11 дүгээр сард эхлээд 300,000 төгрөг, дараа нь 1,000,000 төгрөг, нийт 1,300,000 төгрөгийг зээллэхээр амаар тохиролцсон байна.

5.2. Нэхэмжлэгч Ц.С нь хариуцагч Ч.Бтай 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 18 цаг 00 минутад 1,300,000 төгрөгийг, нэг сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцож, зээлийн гэрээг бичгээр байгуулан, нотариатаар гэрчлүүлжээ.

5.3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Бийн Хаан банк дахь 5085235835 тоот харилцах данснаас нэхэмжлэгч Ц.Сгийн Хаан банк дахь 5800605499 тоот харилцах дансанд 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 16 цаг 00 минутад 290,000 төгрөг шилжүүлсэн[1] ба нэхэмжлэгч Ц.Сгийн Хаан банк дахь 5800605499 тоот харилцах данснаас хариуцагч Ч.Бын Хаан банк дахь 5800307209 тоот дансанд 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 300,000 төгрөгийн гүйлгээ[2] хийгджээ. Улмаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Бийн Хаан банк харилцах данснаас нэхэмжлэгч Ц.Сгийн Хаан банк дахь харилцах дансанд 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 18 цаг 06 минутад 1,000,000 төгрөг шилжүүлж[3], нэхэмжлэгч Ц.С 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 18 цаг 11 минутад зээлийн үйлчилгээний шимтгэл 6,000 төгрөгийг суутган, 994,000 төгрөгийг хариуцагч Ч.Бын Хаан банк дахь харилцах дансанд шилжүүлсэн болох нь хавтаст хэргийн 39 дүгээр талд авагдсан нэхэмжлэгч Ц.Сгийн Хаан банк дахь 5800605499 тоот харилцах дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна.

5.4. Хариуцагч Ч.Б 1,300,000 төгрөгийг 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр өөрийн Хаан банк дахь 5800307209 тоот харилцах данснаас бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Бийн Хаан банк дахь 5085235835 тоот харилцах дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан хариуцагч Ч.Бын Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар[4] тогтоогдож байна.

6. Талууд зээлийн гэрээ байгуулагдсан эсэх, анх зээлсэн мөнгөний хэмжээ, зээлийн хүүгийн талаар болон хариуцагч Ч.Б зээлийн гэрээний дагуу 1,300,000 төгрөгийг хүүгийн хамт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Бд шилжүүлсэн үйл баримтын талаар маргаагүй.

Харин хариуцагч Ч.Бт зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн 1,300,000 төгрөг нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Бийн мөнгө биш, нэхэмжлэгчийн өөрийн хөрөнгө тул үндсэн зээл 1,300,000 төгрөгийг хүүгийн хамт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Бд шилжүүлсэн нь үндэслэлгүй, зээлийн гэрээ хариуцагч Ч.Б, нэхэмжлэгч Ц.С нарын хооронд байгуулагдсан учраас хариуцагч Ч.Б үүргийн гүйцэтгэлийг Д.Бд хүлээлгэн өгснийг үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн гэж маргаж байна.

7. Хариуцагч Ч.Б болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Б, нэхэмжлэгч Ц.С нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 281 дүгээр 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ба тус хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж тус тус заажээ.

Хариуцагчийн зүгээс өмнө нь Ц.С гэх хүнийг таньдаггүй байсан, зээл авахаар ярилцаж тохиролцсон зүйлгүй, Д.Бэс зээл авахаар тохиролцсон ба Д.Б нь манай эхнэртэй зээлийн гэрээг бичгээр байгуулаад мөнгөө аваарай гэсэн учраас нотариат орж, тэнд Ц.С гэх хүнтэй анх удаа уулзаж, гэрээ байгуулсан гэх тайлбар гаргадаг.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн дээрх тайлбарыг үгүйсгээгүй бөгөөд “…Бид хамт амьдарч байхад байсан мөнгөө зээлээд амьдарч байсан. 11 дүгээр сард Ч.Бт 300,000 төгрөг хийчих гэхээр нь зээлсэн, яагаад гэрээ хийхгүй байгаа юм бэ гэхэд за 300,000 төгрөг гайгүй байлгүй дээ гэсэн. Дахиад нөгөө хүн чинь 1,000,000 төгрөг зээлчих гэж байна байгаа юу гэхээр нь би байна гээд Ч.Б орж ирээд гэрээгээ хийгээд зээлсэн…” гэх тайлбар гаргасан.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Б нь хариуцагч Ч.Бтай зээлийг хүүтэй олгох тохиолдолд зээлийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэх нөхцлийн талаар тохиролцож, өөрөө Боршоо боомтод ажиллаж байсан учраас гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэх боломжгүй байсан тул тухайн үед гэр бүлийн харилцаатай байсан Ц.Сгийн дансанд Ч.Бт зээлдүүлэх мөнгийг шилжүүлж, Ц.С Ч.Бтай зээлийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. “…Миний данс руу Тунгалаг 290,000 төгрөгийн хүү хийсэн. Ч.Б ах 300,000 төгрөг зээлмээр байна гэхээр нь би үлдэгдэл хүрэхгүй байна гээд Ц.Сруу шилжүүлээд Ч.Б луу хийчих гэж хэлсэн. Маргааш нь гүйлгээ хийсэн байсан. 1 сая төгрөгийн тухайд гэвэл 1,000,000 төгрөг Ц.Сгийн дансанд хийгээд Ч.Б ахад зээлсэн энэ хооронд 8 минут орчим болоод буцаж данснаас нь гарсан…” гэх тайлбар гаргасан.

Нэхэмжлэгчийн зүгээс бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Б, хариуцагч Ч.Б нар зээлийн гэрээ байгуулахаар тохиролцсон үйл баримтыг үгүйсгээгүй бөгөөд хариуцагч Ч.Б нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Бд мөнгө зээлдүүлэх тухай санал тавьж, талууд анх 300,000 төгрөг зээлдүүлэх, мөнгөний хэрэгцээ гарвал нэмж 1,000,000 төгрөгийг хүүтэй зээлдүүлэх тухай тохиролцсон болох нь зохигч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбараар тогтоогдож байх тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болон хариуцагч нарыг зээлийн гэрээний гол нөхцлийн талаар тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй.  

8. Нэхэмжлэгч тал хариуцагчид зээллэсэн 1,300,000 төгрөгийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хөрөнгө бус өөрийн хөрөнгө гэж маргаж, “…290,000 төгрөгийг гэр бүлийн хэрэгцээнд зориулж шилжүүлсэн, …Д.Б ааваас 3,000,000 төгрөг 5 хувийн хүүтэй аваад хугацаа нь болоод авах гэхэд зээлийн мөнгө над руу 1,000,000 төгрөг хийсэн гүйлгээг надад өгсөн гээд байгааг би гайхаж байна” гэх тайлбар гаргадаг.  

Гэвч шүүхээс хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарт үндэслэн, хариуцагч Ч.Б болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хооронд амаар зээлийн гэрээ байгуулагдсан ба бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Б нь хүү тохиролцсон зээлийн гэрээг хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан хэлбэрээр байгуулах зорилгоор тухайн үед гэр бүлийн харилцаатай байсан нэхэмжлэгч Ц.Сг харилцан итгэлцлийн үндсэн дээр хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний харилцаанд оролцуулсан гэж дүгнэв.

Тодруулбал, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн зүгээс “...Миний данс руу Тунгалаг 290,000 төгрөгийн хүү хийсэн. Ч.Б ах 300,000 төгрөг зээлмээр байна гэхээр нь би үлдэгдэл хүрэхгүй байна гээд Ц.Сруу шилжүүлээд Ч.Б луу хийчих гэж хэлсэн. Маргааш нь гүйлгээ хийсэн байсан. 1 сая төгрөгийн тухайд гэвэл 1,000,000 төгрөг Ц.Сгийн дансанд хийгээд Ч.Б ахад зээлсэн. Энэ хооронд 8 минут орчим болоод буцаж данснаас нь гарсан” гэх тайлбар гаргадаг ба нэхэмжлэгчийн зүгээс бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн дээрх тайлбарыг үгүйсгэж, 290,000 төгрөгийг гэр бүлийн хэрэгцээнд зориулж шилжүүлсэн, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шилжүүлсэн 1,000,000 төгрөгийг манай ааваас 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зээллэж авсан 3,000,000 төгрөгийг төлөх зорилгоор шилжүүлсэн гэх тайлбар гаргадаг.

Гэвч нэхэмжлэгч нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр түүний Хаан банк дахь харилцах дансанд шилжүүлсэн 290,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шилжүүлсэн 1,000,000 төгрөгийг мөн өдөр нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн харилцах данснаас хариуцагч Ч.Бын Хаан банк дахь харилцах дансанд шилжүүлж, хариуцагч Ч.Бтай 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн гэрээг бичгийн хэлбэрээр байгуулж, нотариатаар гэрчлүүлснээр нэхэмжлэгч Ц.С болон хариуцагч Ч.Б нарын хооронд зээлийн гэрээ бодитойгоор байгуулагдсан үйл баримт хэрэгт авагдсан зохигч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн Хаан банк дахь харилцах дансны хуулга, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1355 дугаартай зээлийн гэрээгээр тогтоогдож байна.   

Иймд дээрх үйл баримтад үндэслэн, тухайн үед гэр бүлийн харилцаатай байсан нэхэмжлэгч Ц.С, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Б нар нь хариуцагч Ч.Бтай байгуулсан зээлийн гэрээний харилцаанд хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид буюу хамтран зээлдүүлэгчээр оролцсон гэж дүгнэв.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар нь тухайн үед гэрлэлтээ бүртгүүлсэн, хууль ёсны гэр бүлийн харилцаатай байсан ба нэхэмжлэгч Ц.С нь нөхөр Д.Бтэй харилцан ярилцаж, тохиролцсоны үндсэн дээр хариуцагч Ц.Баатартай зээлийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн, 1,300,000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлсэн байх ба энэ үйл баримт нь хариуцагч Ч.Б болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Б нарын хооронд амаар байгуулагдсан үүргийн эрх зүйн хэлцлийг болоод тухайн хэлцлийг биелүүлэх зорилгоор нэхэмжлэгч Ц.Сгийн Хаан банк дахь харилцах дансанд 1,290,000 төгрөг шилжүүлсэн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хүчин төгөлдөр хүсэл зоригийн илэрхийллийг үгүйсгэх үндэслэл болохгүй тул нэхэмжлэгч Ц.С, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Бн нарыг хариуцагч Ч.Бт 1,300,000 төгрөгийг хамтран зээлдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

9. Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1-д “Хэд хэдэн этгээд үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх үүрэгтэй бол тэдгээрийг бүрэн эрх бүхий хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид гэнэ” гэж заасан бөгөөд тус хуулийн 241.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчдийн хэн нэг нь энэ хуулийн 241.1-т заасан шаардлага гаргаагүй бол үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг өөрийн үзэмжээр үүрэг гүйцэтгүүлэгчийн аль нэгд шилжүүлж болох бөгөөд энэ тохиолдолд бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн өмнө хүлээх үүргээс чөлөөлөгдөнө” гэж заажээ.

Хариуцагч Ч.Б бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Бд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн зүгээс маргаагүй болно.

Харин нэхэмжлэгч Ц.С, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар нь гэрлэлтээ цуцлуулсны улмаас хариуцагч Ч.Бтай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хамтран үүрэг гүйцэтгүүлэгчдийн хэн аль нь хариуцагчаас шаардаж, маргаан үүсчээ.

2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Ц.С, Ч.Б нарын хооронд байгуулагдсан 1355 дугаартай зээлийн гэрээнд үүргийн гүйцэтгэлийг хэнд, хэрхэн хүлээлгэж өгөх талаар тодорхой заагаагүй байна.

Хариуцагч Ч.Б нь Иргэний хуулийн 241.3-т зааснаар өөрийн үзэмжээр үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчийн хэн нэгэнд хүлээлгэн өгөх эрхтэй ба хариуцагч Ч.Б нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлийн гэрээний нэг тал болох бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд хүлээлгэн өгснийг үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн гэж үзэхгүй.

10. Иймд хариуцагч Ч.Б нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хамтран зээлдүүлэгч Д.Бд гүйцэтгэсэн байх тул Иргэний хуулийн 241.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.С нь хариуцагч Ч.Баас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 2,717,700 төгрөг шаардах эрхгүй гэж дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

11. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр төлсөн улсын тэмдэгтийн хураамж 58,422 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Сгийн, хариуцагч Ч.Бт холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 2,717,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр төлсөн улсын тэмдэгтийн хураамж 58,422 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Я.УРНАА

 

[1] Хавтаст хэргийн 57 дугаар тал

[2] Хавтаст хэргийн 38 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 58 дугаар тал

[4] Хавтас хэргийн 27 дугаар тал