Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Авирмэдийн Отгонцэцэг |
Хэргийн индекс | 102/2019/01462/и |
Дугаар | 2140 |
Огноо | 2019-12-18 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 2140
Ц.С-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Б , Х.С , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 629 дүгээр шийдвэрээр Б.Э-аас 149 021 766 төгрөг гаргуулж “П” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хийгдэж байна. Ц.С-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байрны 00 тоот 3 өрөө орон сууцанд үнэлгээ хийлгэсэн байх бөгөөд энэ талаар өмчлөгчид огт мэдэгдээгүй, мэдэгдсэн гэх үед нь Ц.С Монгол улсад байгаагүй. “М” ХХК хотын А зэрэглэлийн байрлалтай 3 өрөө орон сууцыг 88 000 000 төгрөгөөр үнэлснийг 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр мэдлээ. Энэ үнэлгээ нь зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн. 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Ц.С-ийг өөрөө үнийн саналаа бичиж өгсөн гэх боловч Ц.С нь 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Монгол улсын хилээр гараад 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Монгол улсад орж ирсэн бүртгэл байдаг. Тэгэхээр үнэлгээ өгөх үед Ц.С Монгол улсад байгаагүй.
Шүүхийн шийдвэрээр барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж гарсан байхад яагаад Ц.С-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах ажиллагаа хийж байгааг ойлгохгүй байна. 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр албадан дуудлага худалдаагаар ялагч тодорсон тул байраа чөлөөлж өгөхийг мэдэгдсэн байна. 2018 оны 4 дүгээр сард дуудлага худалдаагаар авсан этгээд нь дэнчингээ буцааж авсан тул дуудлага худалдаа хүчингүй болсон. Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байрны 00 тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар хийсэн хураах болон битүүмжлэх, дуудлага худалдаагаар бусдад шилжүүлэх шийдвэрлэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдлыг барьцаа хөрөнгийг бусдад шилжүүлснийг мэдээд гаргасан байхад тухайн орон сууцыг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр албадан чөлөөлөх ажиллагааг хууль зөрчжээ.
Иймд Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байрны 00 тоот орон сууцыг төлбөр авагчид шилжүүлсэн, уг орон сууцнаас албадан гаргасан ажиллагааг хүчингүй болгож, уг орон сууцанд буцаан оруулахыг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э-ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 629 дүгээр шийдвэрээр Б.Э-аас 149 021 766 төгрөг гаргуулж “П” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч үүргээ биелүүлээгүй тул төлбөр төлөгч Б.Э-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ц.С, Д.М нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байрны 84 тоотод байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 171/01 тоот тогтоолоор битүүмжлэн, 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 171/02 тоот тогтоолоор хураасан. Гэвч тухайн ажиллагааг барьцаа хөрөнгө байгаа газарт очиж тогтоол үйлдээгүй гээд ахлах шийдвэр гүйцэтгэгч П.Х нь улсын байцаагчийн акт тогтоож 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 171/02 тоот хураах тогтоолыг хүчингүй болгосон, шийдвэр гүйцэтгэгч хураах ажиллагааг 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр дахин зөвтгөж явуулж, үнийн саналыг тухайн өдрөө Ц.С-ээс авсан. Тэрээр 300 000 000 төгрөгөөр үнийн саналаа өгсөн. Тухайн санал өгсөн баримт нь он, сар, өдөргүй боловч 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр үнийн санал өгсөн тухай шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгагдсан байгаа. Шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр, үйл ажиллагаа тэмдэглэлээрээ баталгаажиж байдаг. Дэнчин буцааж олгосон асуудлын тухайд гэвэл дуудлага худалдаа зарлаад дэнчин төлсөн байхад шүүхээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тул дэнчин төлөгч хүсэлт гаргаад ажиллагааг сэргээх хүртэл хугацаанд дэнчингийн мөнгөө түр буцааж авсан. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул 2016 оны 115 дугаар тогтоолоор шинжээчээр “М” ХХК-ийг томилсон. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 88 000 000 төгрөгөөр тогтоосныг талуудад мэдэгдсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээний 70 хувиар буюу 88 000 000 төгрөгийн 70 хувиар тооцож 61 600 000 төгрөгөөр 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр анхны дуудлага худалдаанд оруулахыг 2016 оны 8 дугаар сарын 19-ны өдөр болон 22-ны өдрүүдэд Б.Э, Ц.С, Д.М нарт мэдэгдсэн. Тухайн орон сууцны өмчлөх эрхийг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Э.Э-д шилжүүлсэн, мөн сарын 29-ний өдөр түүний эзэмшилд орон сууцыг чөлөөлж өгсөн гэжээ.
Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.С-ийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51-00 тоот орон сууцнаас албадан гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, тухайн орон сууцанд Ц.С-ийг буцаан оруулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Б давж заалдах гомдолдоо:
… Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2016/00629 дугаар шийдвэрээр Б.Э-аас 149 021 766 төгрөгийг гаргуулж “П” ХХК-д олгохоор, төлбөр төлөгч төлбөрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51-00 тоот орон сууцыг битүүмжлэн хурааж, албадан дуудлага худалдаанд оруулахад 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон ба үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг дуудлага худалдааны ялагч Э.Э-д 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 6/6 дугаар өмчлөх эрх шилжүүлэх тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шилжүүлсэн. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.18 дахь хэсэгт албадан дуудлага худалдаагаар эрх шилжүүлсэн тухай эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг гүйцэтгэх баримт бичгийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ гэж заасны дагуу албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон барьцаа үл хөдлөх эд хөрөнгийг султган чөлөөлж дуудлага худалдааны ялагч Э.Э-д хүлээлгэн өгсөн.
Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.18 дахь хэсэгт заасны дагуу явагдсан бөгөөд анхан шатны шүүхээс уг ажиллагааг шүүхийн шийдвэрт тусгагдаагүй байхад орон сууцнаас албадан гаргасан гэх үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосон нь хуулийн үндэслэлгүй байна.
Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/02808 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн “Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51-00 тоот орон сууцнаас албадан гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, тухайн орон сууцанд Ц.С-ийг буцаан оруулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгасугай” гэсэн заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч Ц.С нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан орон сууц үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байр, 00 тоот орон сууцнаас албадан гаргасан ажиллагааг хүчингүй болгож, тус орон сууцанд буцаан оруулахыг даалгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2016/00629 дугаартай шийдвэрээр Б.Э-аас 148 123 200 төгрөгийг гаргуулж, “П” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШЗ2016/13717 тоот шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийн дагуу 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 1592 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 16250644 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. /хх 26-29, 31-32/
Барьцааны зүйл болох Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байр, 00 тоот хаягт байрлах 3 өрөө 40 м.кв орон сууцыг 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 171/01 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 171/02 дугаар тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53, 54 дүгээр зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна. /хх33, 34/
Дээрх хураагдсан эд хөрөнгөд үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч Б.Э, өмчлөгч Ц.С, Д.М нар нь үл хөдлөх эд хөрөнгөө 300 000 000 төгрөгийн үнийн санал гаргасныг төлбөр авагч зөвшөөрөөгүй байна. /хх 35, 36, 39/
Төлбөр төлөгч, төлбөр авагч үнийн талаар харилцан тохиролцоогүй тул төлбөр авагч “П” ХХК нь 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хөндлөнгийн үнэлгээчин томилуулах хүсэлт гаргасны дагуу мөн өдрийн 115 дугаар тогтоолоор дурдсан эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасанд нийцсэн байна. /хх 40, 41/
Шинжээч Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байр, 00 тоот хаягт байрлах 3 өрөө 40 м.кв орон сууцыг 88 000 000 төгрөгөөр үнэлэхдээ Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байдал тогтоогдохгүй байх бөгөөд уг үнэлгээг төлбөр төлөгчөөс эс зөвшөөрч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 он/ 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан хугацаанд гомдол гаргаагүй. Шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв.
Шийдвэр гүйцэтгэх байгууллагын анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулсан ажиллагааг эс зөвшөөрч төлбөр төлөгчөөс гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 181/ШШ2016/01586 дугаар шийдвэр, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/02976 дугаар шийдвэрүүд тус тус хуулийн хүчин төгөлдөр байх бөгөөд албадан дуудлага худалдааны ялагч Э.Э нь дуудлага худалдаагаар худалдан авсан орон сууцны өмчлөгчөөр зохих журмын дагуу бүртгэгдэж 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хууль ёсны өмчлөгчийн гэрчилгээ олгогдсон байна.
Дээрхийг үндэслэн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 4/9724, 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 4/10063 тоот мэдэгдлүүдээр төлбөр төлөгч, өмчлөгч нарт дээрх 3 өрөө орон сууцыг султган чөлөөлж, хүлээлгэн өгөхийг удаа дараа мэдэгдсэн, боловч орон сууцыг чөлөөлөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр орон сууцыг чөлөөлж, өмчлөгч Э.Э-ий эзэмшилд хүлээлгэн өгсөн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2017 оны/ 71 дүгээр зүйлийн 71.18 дахь хэсгийг зөрчөөгүй байна. Анхан шатны шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар өмчлөх эрх Э.Э-д хуулийн дагуу шилжиж байгааг анхааралгүй, бусдын хууль бус эзэмшлээс өмчлөгч өмчөө шаардсан нэхэмжлэл гаргаагүй гэж дүгнэсэн нь алдаатай болжээ.
Иймд орон сууцыг албадан чөлөөлсөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож орон сууцанд буцаан оруулахыг даалгах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/02808 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, мөн хуулийн /2017 оны/ 71 дүгээр зүйлийн 71.18 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
А.ОТГОНЦЭЦЭГ