Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 02068

 

“Х Б” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/02094 дугаар шийдвэртэй, “Х Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, НШШГГ-т холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/00204 тоот захирамжаар нэхэмжлэгч “Х Б” ХХК-д хариуцагч Р.Оюунгэрэлээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 84 895 837 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 291 215 төгрөгийг төлөх, төлбөр төлөх үүргээ сайн дураараа биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул “Х Б” ХХК-ийн зүгээс хүсэлт гарган 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШЗ2018/11960 дугаартай албадан гүйцэтгэх тухай захирамж, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 183/ГХ2018/01095 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн.

Улмаар НШШГГ-ын 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 4/14589 дугаар мэдэгдлийг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсан. Мэдэгдэлд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 9 дүгээр гудамж, 181Г тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014927 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 103 036 076 төгрөгөөр, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2206034127 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Г-2206005107 дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт 263 405 868 төгрөгөөр тус тус үнэлж анхны дуудлага худалдааны үнийг нийт 256 509 360 төгрөг гэж үнэлсэн байгааг хүл ээн зөвшөөрөхгүй.

2013 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн БГ-13/292 дугаар барьцааны гэрээгээр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 9 дүгээр гудамж, 181Г тоот хаягт байрлах 686 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Г-2206005107 дугаарт бүртгэлтэй газрыг 5 000 000 сая төгрөгөөр, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 9 дүгээр гудамж, 181Г тоот хаягт байрлах 286 м.кв эрхийн бүртгэлийн Ү-2206014927 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 50 000 000 төгрөгөөр тус тус үнэлж барьцаалуулсан. 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн БГ13/292-01 дугаар барьцааны гэрээгээр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 9 дүгээр гудамж, 181Г тоот хаягт байрлах 363 м.кв эрхийн бүртгэлийн Ү-2206034127 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 25 000 000 төгрөгөөр тус тус үнэлж барьцаалуулсан байдаг.

Тухайн хувийн сууц нь дулааны шугам сүлжээнд холбогдоогүй, жил ирэх бүр элэгдэл хорогдолд орж бодит байдалд үнэлгээ нь өдөр тутам унаж байхад НШШГГ- 263 405 868 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн бодит үнэ ханшнаас илт өндөр байна. Иймд Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа бөгөөд НШШГГ-аас 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 4/14589 дугаар албан тоотоор ирүүлсэн барьцаа хөрөнгийн дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

Хуульд заасны дагуу шинжээчид эрх, үүрэг танилцуулсан. Шинжээчийн дүгнэлтэд шинжээч болон “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн захирал гарын үсэг зурж тайланг баталгаажуулсан байдаг. Гэтэл тухайн шинжилгээ хийх байгууллагын захиралд үнэн зөв, шударга дүгнэлт гаргана гэж эрх, үүрэг тайлбарласан тухай баримт байхгүй. Энэ нь ямар нэг ашиг сонирхлын зөрчил үүссэн байж магадгүй юм. Тиймээс төлбөр авагчийн эрх ашиг маш их зөрчигдөж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/00204 дугаар захирамжаар Р.Оюунгэрэлээс 85 187 052 төгрөгийг гаргуулж “Х Б” ХХК-д олгох, төлбөрийг сайн дураар барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 9 дүгээр гудамж, 181Г тоот хаягт байрлах 363 м.кв талбайтай хувийн сууц, гараашийн зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, мөн хаягт байрлах 686 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг, 40 м.кв талбайтай хувийн сууц, 36 м.кв талбайтай гарааш зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгч 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдэхэд биелүүлээгүй тул дээр дурдсан барьцаа хөрөнгүүдийг 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 19290366/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 19290366/04 дугаар тогтоолоор хурааж, талуудад үнийн санал өгөхийг мэдэгдэхэд харилцан тохиролцоогүй. Иймд 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 191 дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилоход 40 м.кв талбайтай хувийн сууц, 36 м.кв талбайтай гараашийн зориулалттай үл хөдлөх хөрөнгүүд 103 036 076 төгрөгөөр, 363 м.кв талбайтай хувийн сууц, 686 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт 263 405 868 төгрөгөөр, нийт 366 441 994 төгрөгөөр үнэлэгдсэн. Үнэлгээг талуудад 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 4/14588, 4/14589 дүгээр албан бичгээр мэдэгдсэн. Иймд хөрөнгийн үнэлгээг тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 9 дүгээр гудамж, 181Г тоотод байрлах 363 м.кв талбайтай хувийн сууц, гараашийн зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга Ү-2206034127, Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Нисэхийн 9 дүгээр гудамж, 181Г тоот 686 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар Г-2206005107, мөн хаягт байрлах 181 тоот 286 м.кв талбайтай хувийн сууц 36 м.кв талбайтай Ү-2206014927 үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х Б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч НШШГГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт шинжээч томилсон тогтоолоор “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг томилж үнэлгээчин Г.Отгонбаярт шинжээчийн эрх үүрэг танилцуулсан тухай тэмдэглэл үйлдсэн боловч хөрөнгийн үнэлгээг хийж гүйцэтгэсэн тайланд гүйцэтгэх захирал Д.Дэлгэрсүрэн гарын үсэг зурсан байгаа нь уг тайланд хавсаргагдсан 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 90/02 дугаартай Хөрөнгийн үнэлгээний компанийн итгэмжлэлтэй зөрчилдөж байх ба Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 “Хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлгээчин гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулсан байна” гэснээр шинжээч томилсон тогтоолд заасан хөрөнгийн үнэлгээний байгууллагын захирлыг үнэлгээчин гэж үзэхээр байна. Мөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасан ажиллагааг үнэлгээний тайланг баталгаажуулсан үнэлгээчин буюу шинжээчид явуулаагүй тул энэхүү үнэлгээ хуулийн шаардлага хангахгүй гэж дүгнэн, хуульд заасны дагуу эрх, үүрэг хариуцлагыг нь урдьчилан сануулаагүй үнэлгээчний гаргасан үнэлгээний тайланг үнэн зөв гэж тооцох үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тухай дурджээ. Нэхэмжлэгч “Х Б” ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасан талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу “үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагад үл хамаарах талуудын хэн аль нь маргаагүй ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоно уу гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч “Х Б” ХХК нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 9 дүгээр гудамж, 181Г тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014927 дугаарт бүргэлтэй, хүнсний дэлгүүр, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 103 036 076 төгрөгөөр, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2206034127 дугаарт бүртгэлтэй, хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, улсын бүртгэлийн Г-2206005107 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн  хэрэгцээний зориулалттай газрын хамт 263 405 868 төгрөгөөр тус тус үнэлсэн “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч үнэлгээг тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэх үндэслэл зааж маргасан байна.

 

Хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/00204 дугаар “Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Шүүгчийн захирамжаар хариуцагч Р.Оюунгэрэл нь нэхэмжлэгч “Х Б” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 84 895 837.31 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах, энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүд болон УБЗ 88-57 улсын дугаартай, Самсунг Ямузин маркийн автомашин зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцож эвлэрснийг баталжээ./хх15-18/

 

Хариуцагч Р.Оюунгэрэл дээрх захирамжид заасан төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүйн улмаас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШЗ2018/11960 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамжийн дагуу /хх13-14/ хариуцагч байгууллагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэх, хураах ажиллагааг явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасантай нийцсэн байна. /хх73-79/

 

Улмаар барьцааны эрхээр хязгаарлагдсан үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн саналыг төлбөр төлөгчөөс авахад 450 000 000 төгрөг гэж, төлбөр авагч “Х Б” ХХК-ийн хувьд хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн шинжээчээр тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ. /хх80,81/ Энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар нь дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй гэж үзэх бөгөөд хариуцагч байгууллага төлбөр авагч талын 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гаргасан хүсэлтэд үндэслэн “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийг 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 191 дугаар тогтоолоор шинжээчээр томилсон /хх82/ нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2.-т заасныг зөрчөөгүй байна.

 

Шинжээчээр томилогдсон “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК нь Үнэлгээний олон улсын стандарт 2017, Иргэний хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаар тушаалыг ашиглан, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн гудамж 181Г тоот хаягт байрших, 363 м.кв талбайтай хувийн сууц, гараашийн зориулалттай, 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өнөөгийн зах зээлийн үнэ, цэнийг 263 405 868 төгрөгөөр /хх84-109/, мөн хаягт байрлах 286 м.кв талбайтай хүнсний дэлгүүр, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалт бүхий 686 м.кв газрын хамт үнэлэгдэх зах зээлийн үнэ цэнийг 103 036 076 төгрөгөөр /хх110-135/ тус тус үнэлж, тайланг 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр үйлдсэн байна.

 

Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт заасны дагуу дээрх үнэлгээний талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 4/14588, 4/14589 дугаар албан бичгүүдээр мэдэгдэж, улмаар төлбөр авагч буюу “Х Б” ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар дээрх үнэлгээний талаар 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр мэдсэн бөгөөд эс зөвшөөрсөн гомдлоо шүүхэд 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гаргажээ.

 

Нэхэмжлэгч “Х Б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн одоогийн зах зээлийн үнэ цэнийг хэт өндөр үнээр тогтоосон гэж тайлбарлах  бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад “хөрөнгийн үнэлгээний тайланд шинжээч Г.Отгонбаяраас гадна “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дэлгэрсүрэн гарын үсэг зурсан. Гэтэл түүнд шинжээчийн эрх, үүргийг тайлбарлаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн байна.

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ, Хөрөнгийн үнэлгээний тайланд гүйцэтгэх захирал Д.Дэлгэрсүрэн гарын үсэг зурсан нь Г.Отгонбаярт олгосон итгэмжлэлтэй зөрчилдөж байхаас гадна Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр 9.1, 9.2 дах хэсэгт заасан ажиллагааг үнэлгээний тайланг баталгаажуулсан үнэлгээчин буюу шинжээчид явуулаагүй, үнэлгээ хуулийн шаардлага хангахгүй, эрх, үүрэг хариуцлагыг урьдчилан сануулаагүй тул үнэлгээчин Д.Дэлгэрсүрэнгийн гаргасан тайланг үнэн зөв гэж тооцох үндэслэлгүй гэж дүгнэжээ. /хх154-155/

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, НШШГГ- 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 191 дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээг тогтоох хөндлөнгийн шинжээчээр “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийг томилж, тус компанийн гүйцэтгэх захирал Д.Дэлгэрсүрэн нь үнэлгээчин Г.Отгонбаярт Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасан дуудлага худалдаанд тус компанийг төлөөлж тогтоол болон бусад баримт бичиг, хөрөнгийн үнэлгээний тайланд гарын үсэг зурах эрхийг 1 жилийн хугацаатай олгосон байна. /хх139/

 

Нэхэмжлэгч буюу төлбөр авагч талын эс зөвшөөрсөн Хөрөнгийн үнэлгээний тайланг үнэлгээчин Г.Отгонбаяр нь дээрх итгэмжлэлд үндэслэн гаргасан ба уг тайланд хуулийн этгээдийн төлөөлөх эрх бүхий этгээд Д.Дэлгэрсүрэн гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсныг үнэлгээчний хувьд оролцсон гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, Д.Дэлгэрсүрэн нь үнэлгээ тогтоох шинжээчээр томилогдсон компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн хувьд өөрийн томилсон үнэлгээчний гаргасан тайланд гарын үсэг зурж, байгууллагын тамга дарснаар тухайн үнэлгээг баталгаажуулсан гэж үзэхээр байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт буруу болжээ.

 

Маргаан бүхий хөрөнгийн үнэлгээг үнэлгээчин Г.Отгонбаяр гарын үсэг зурж, тайлагнасан. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас түүнд эрх, үүрэг тайлбарласан нь хэргийн баримтаар тогтоогдсон. /хх83,88,114/ Энэ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1, 9.4 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шүүх шинжээч Д.Дэлгэрсүрэнд эрх, үүрэг тайлбарлаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгасан” агуулга бүхий давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзлээ.

 

Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг зах зээлийн ханшнаас хэт өндөр үнэ цэнээр тогтоогдсон гэдгийг харьцуулан үзэх баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгчийг энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Х Б” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/02094 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч “Х Б” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч НШШГГ- давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                                        ШҮҮГЧИД                                Г.ДАВААДОРЖ

 

                                                                                         Т.ТУЯА