Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 222

 

С.Г-ын нэхэмжлэлтэй,

Сүхбаатар дүүргийн Засаг даргад

 холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:                Л.Атарцэцэг,

Шүүгчид:                             Г.Банзрагч,

                                            Х.Батсүрэн,

                                            П.Соёл-Эрдэнэ,

Илтгэгч шүүгч:                   Б.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга:    Г.Гантогтох.

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 10 дугаар захирамжийн Б.Б-д холбогдох хэсэг болон 2014 оны А/138 дугаар захирамжийн С.Ц-д холбогдох хэсгүүд нь илт хууль бус болохыг тогтоолгох, мөн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны А/263 дугаар захирамжийн Т.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0884 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2018/0150 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч С.Г, түүний өмгөөлөгч П.А.

Гуравдагч этгээд Т.М-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц, өмгөөлөгч Б.З,

Гуравдагч этгээд С.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О нар.

Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0884 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10 дугаар захирамжийн Б.Б-д холбогдох хэсэг, мөн дүүргийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн А/138 дугаар захирамжийн С.Ц-д холбогдох хэсэг, мөн дүүргийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/263 дугаар захирамжийн Т.М-д холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас хэргийн нөхцөл байдлыг дахин тодруулсны дараа дахин шинэ акт гаргах хүртэл буюу 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь зааснаар захиргааны байгууллагаас шүүхээс тогтоосон 2 сарын хугацаанд шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2018/0150 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0884 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10 дугаар захирамжийн Б.Б-д холбогдох хэсэг, мөн дүүргийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн А/138 дугаар захирамжийн С.Ц-д холбогдох хэсэг, мөн дүүргийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/263 дугаар захирамжийн Т.М-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.” гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хасч, 3 дахь заалтын дугаарыг 2 болгон өөрчилж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

            Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О-гээс “...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх магадлалдаа “Харин Т.М-д эзэмшүүлсэн газрын хувьд уг газрыг анх 2003 онд Б.Б-д эзэмшүүлсэн гэх боловч эдэлбэр газрын схем зураг байхгүй, газрын байршил тодорхойгүй байснаас гадна 2009 оны 10 дугаар захирамжаар Б.Б-д 600 м.кв газрыг дахин эзэмшүүлэхдээ 2007 онд нэхэмжлэгч С.Г-д эзэмшүүлсэн газартай давхцуулан эзэмшүүлсэн болох нь эдэлбэр газрын схем зураг, нэхэмжлэгч С.Г-ын кадастрын зураг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн газрын мэдээллийн сан дахь зурган мэдээлэл зэргээр тогтоогдож байна.” гэж дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангажээ.

4. Үүнийг миний зүгээс давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдыг бүхэлд нь хянаагүйгээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүйгээр, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Тухайлбал, хэргийн нөхцөл байдалд бүрэн дүүрэн үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хариуцагчийг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь хэрэгт авагдсан баримтуудаар кадастрын зураглал хийгддэггүй байх үед таван иргэн хуульд заасны дагуу газар эзэмшихээр авсан байсан ба дээрх таван иргэний хувьд хэн аль нь ялгалгүй хууль тогтоомжид заасны дагуу эзэмших эрхээ шилжүүлэх эрх байгаа. Нөгөө талаас улсын бүртгэлийг баталгаажуулсан эрхийн бичгийг үзэж шалгасны үндсэн дээр газар эзэмших эрхийг шилжүүлж авсан иргэн хүн уг газраа эзэмших эрхтэй.

5. Гэтэл миний энэ эрхийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх үл ойшоож зөвхөн дан ганц дүүргийн Засаг даргын 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 221 тоот С.Г-д газар эзэмших эрх шилжүүлсэн шийдвэрийг гол үндэслэлээ болгож шийдвэрлэсэн. Түүгээр ч зогсохгүй нэхэмжлэгчийн газар эзэмших эрх шилжүүлж авсан гэх процесс эргэлзээтэй байдлыг анхаарч үзээгүй байна. Харин анхан шатны шүүхээс дээрх эргэлзээтэй нөхцөл байдлуудыг анхаарч үзэн дахин шинэ акт гаргах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн нь нэг талаас дээрх шударгаар газар эзэмших эрх авсан таван иргэний төдийгүй шилжүүлж авсан хүмүүсийн тэгш эрхийг хангаж, нөгөө талаас захиргааны байгууллага албан тушаалтнаас хэргийн нөхцөл байдлыг дахин шалган тогтоож шинээр акт гаргаж иргэдийн эрхийг зөрчсөн үйлдлээ засах боломж олгосон явдал юм. Түүгээр ч зогсохгүй дээрх магадлалаар миний болон бусад гуравдагч этгээдийн С.Г-ын хууль, журмын дагуу аваагүй газар эзэмших эрхэд гомдол гаргах эрхийг хязгаарлаж байна гэж үзэж байна. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

6. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц-аас “...Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2018/0150 дугаар магадлалыг, давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг бүхэлд нь хянаагүйгээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэх үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

7. Учир нь, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх магадлалдаа “Харин Т.М-д эзэмшүүлсэн газрын хувьд уг газрыг анх 2003 онд Б.Б-д эзэмшүүлсэн гэх боловч эдэлбэр газрын схем зураг байхгүй, газрын байршил тодорхойгүй байснаас гадна 2009 оны 10 дугаар захирамжаар Б.Б-д 600 м.кв газрыг дахин эзэмшүүлэхдээ 2007 онд нэхэмжлэгч С.Г-д эзэмшүүлсэн газартай давхцуулан эзэмшүүлсэн болох нь эдэлбэр газрын схем зураг, нэхэмжлэгч С.Г-ын кадастрын зураг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн газрын мэдээллийн сан дахь зурган мэдээлэл зэргээр тогтоогдож байна” гэж дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангажээ.

8. Хэргийн нөхцөл байдалд бүрэн дүүрэн үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хариуцагчийг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Ингэхдээ Засаг даргын 2007 оны 8 дугаар сарын 01-ны өдрийн 221 тоот С.Г-д газар эзэмших эрх шилжүүлсэн шийдвэрийг гол үндэслэлээ болгож шийдвэрлэсэн, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх шилжүүлж авсан гэх процесс эргэлзээтэй байдлыг анхаарч үзээгүйд гомдолтой.

9. Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрх шилжүүлж авсан гэх процесс эргэлзээтэй байдлыг анхаарч үзээгүй төдийгүй уг газар дээр 10 жил газар ашигласны төлбөр төлөгдөөгүй, С.Г нь уг эзэмших эрхийг шилжүүлж авсан гэх хугацаанаас хойш газрынхаа татварыг төлж байгаагүй, шинээр газар эзэмших гэрээ байгуулаагүй, С.Г-ын нэр дээр архивын материал байхгүй зэрэг олон зөрчлүүд нь Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн болох нь нотлогддог. Түүгээр ч зогсохгүй нэхэмжлэгчийн газар эзэмших гэрчилгээнд нэгж талбарын дугаар бичигдээгүй байдаг. Харин гуравдагч этгээд Т.М нь 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20-р хороо, Бэлх зусланд байрлалтай газарт нэгж талбарын хил заагийг тогтоон бэхэлсэн эргэлтийн цэг, тэмдэгт хүлээлгэн өгсөн тухай кадастрын зургийг гаргуулж, улмаар 2016 оны 263 тоот Засаг даргын захирамжаар 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх үүссэн. Ийм учраас анхан шатны шүүхээс дээрх эргэлзээтэй нөхцөл байдлуудыг анхаарч үзэн дахин шинэ акт гаргах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн гэж бодож байна. Түүгээр ч зогсохгүй магадлалаар миний болон бусад гуравдагч этгээдийн С.Г-ын хууль, журмын дагуу аваагүй газар эзэмших эрхэд гомдол гаргах эрхийг хязгаарлаж байна гэж үзэж байна. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

11. Нэхэмжлэгч  С.Г нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 10 дугаар захирамжийн Б.Б-д холбогдох хэсэг болон 2014 оны А/138 дугаар захирамжийн С.Ц-д холбогдох хэсгүүд нь илт хууль бус болохыг тогтоолгох, мөн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны А/263 дугаар захирамжийн Т.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

12. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг хэрэгжүүлээгүй, оролцогчдын маргаж буй үндэслэлийг шалгаж, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж дүгнэлт хийгээгүй байна.

13. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 131 дүгээр захирамжаар тус дүүргийн 16 дугаар хороо, Бэлхэд иргэн Д.Б, Н.С, Б.Т, Б.У, Б.Б нарын 5 иргэнд тус бүрд 400 м.кв газрыг зуслангийн зориулалтаар эзэмшүүлжээ.

14. Улмаар дүүргийн Засаг даргын 2009 оны 10 дугаар захирамжаар иргэн Б.Б-д 600 м.кв газрыг эзэмшүүлсэн байх бөгөөд Б.Б нь тус газрын эзэмших эрхийг гэрээний үндсэн дээр, 2014 оны А/138 дугаар захирамжаар С.Ц-д, С.Ц нь 2016 оны А/263 дугаар захирамжаар Т.М-д тус тус шилжүүлсэн байна.

15. Нэхэмжлэгч С.Г-оос “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 221 дүгээр захирамжаар иргэн Д.Б-ийн эзэмшиж байсан 400 м.кв газрыг гэрээний дагуу шилжүүлж авсан, ингэхдээ газрын хэмжээг 700 м.кв газар болгож авсан, гэтэл дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчиж, миний эзэмшил газрыг бусдад давхардуулан олгосон” гэж маргажээ. 

16. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 131 дүгээр захирамжаар анх 5 иргэнд олгосон газрын байршил буюу иргэн Д.Б, Б.Б нарын эзэмших эрхтэй 400 м.кв газрын байршил тодорхойгүй, мөн иргэн Д.Б нь өөрийн эзэмшлийн 400 м.кв газрыг нэхэмжлэгч С.Г-д 2006 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн байхад нэхэмжлэгч нь ямар үндэслэлээр 700 м.кв газар эзэмших эрхтэй болсон, мөн гуравдагч этгээд Б.Б-ын анх эзэмшсэн газрын хэмжээ хэрхэн өөрчлөгдөж 600 м.кв болсон талаарх баримтууд хэрэгт бүрэн авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч С.Г, гуравдагч этгээд Б.Б нарт маргаж буй газрын эзэмших эрх хуульд заасан журмын дагуу үүссэн эсэх, тэдний газрын хэмжээ ямар үндэслэлээр нэмэгдэж өөрчлөгдсөн, газрын давхцалтай холбоотой баримтууд хэрэгт бүрэн цуглараагүй байхад шүүх эдгээр нөхцөл байдлуудыг нарийвчлан шалгаж, холбогдох баримтыг цуглуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.   

17. Түүнчлэн нэхэмжлэгч С.Г нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 10 дугаар захирамжийн Б.Б-д холбогдох хэсэг, 2014 оны А/138 дугаар захирамжийн С.Ц-д холбогдох хэсгүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны А/263 дугаар захирамжийн Т.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. 

18. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т нэхэмжлэлд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодорхой тусгасан байхыг, мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т захиргааны актыг илт хууль бус гэж үзэх үндэслэлүүдийг хуульчилсан.

19. Нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны актууд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан үндэслэлүүдийн алинд хамаарахыг тодорхойлоогүй, түүний захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байхад шүүх шаардлагын үндэслэлийг тодруулаагүй, маргаан бүхий захиргааны актуудыг илт хууль бус болохыг тогтоох үндэслэлтэй эсэх талаар ямарч дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэж, анхан шатны шүүх “...нэмж тодруулах зүйлийн цар хүрээ, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн...” гэж дүгнэн, маргаан бүхий актуудыг түдгэлзүүлж, харин давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий актууд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий актуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.   

20. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай дээр дурдсан нотлох баримтыг цуглуулж, нэхэмжлэлийн шаардлага бүрт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0884 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2018/0150 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, Ж.Ц нараас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Л.АТАРЦЭЦЭГ

                         ШҮҮГЧ                                                                       Б.МӨНХТУЯА