Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 111

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүгч Д.Халиуна, шүүгч Д.Чанцалням нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, дугаар байрны  тоотод оршин суух С.Г,

Хариуцагч: С дүүргийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: Б.Б, С.Ц, Т.М,

Гуравдагч этгээдийн эрх залгамжлагч: Б.М,

Нэхэмжлэлийн шаардлага: “С дүүргийн Засаг даргын 2009 оны 10 дугаар захирамжийн Б.Б ад холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2014 оны А/138 дугаар захирамжийн С.Ц д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2016 оны А/263 дугаар захирамжийн Т.М д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “С дүүргийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 221 дүгээр захирамжийн С.Г-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, гуравдагч этгээд Т.М-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц, түүний өмгөөлөгч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Г шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Би 2005 онд хамт ажиллаж байсан н.О гэдэг хүнээс сонсож, н.Б, н.Т нараас тус тус 700 орчим метр квадраттай газрыг нэгийг нь аавынхаа нэр дээр нөгөөг нь өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. Тухайн үед С дүүргийн Засаг даргаас захирамж гараад, газрын гэрчилгээгээ аваад явж байсан. Би 2009 онд ажлаар гадагшаа явсан. Гадагшаа явахаасаа өмнө С дүүргийн Газрын алба руу газраа шалгах гээд очиход миний газар хэвээрээ байсан. Мөн анх манай газруудын хэмжээ 720, 740 метр квадрат орчим байсан боловч тухайн үед айл, өрхүүдэд 700 метр квадрат газар өмчлүүлж байгаа гээд захирамж болон газрын гэрчилгээ 700 метр квадратаар гарсан. Дараа нь манай хойд талд нэг айл газар авах гээд “Орц, гарц гаргах хэрэгтэй байна. Танайх зөвшөөрвөл манай газрын зөвшөөрөл гарах гээд байна” гэж надад хандсан. Би зөвшөөрөөд газрынхаа хажуу талаар зурвас гаргаж, 600 метр квадрат болсон. Тухайн үед кадастрын зураг дээр гурвалжин зураас зурагдсан байсан. Ингээд миний газар 600 метр квадрат болоод, аавын газар 700 метр квадрат хэвээрээ байсан. 2016 онд газраа хэрэглэх шаардлага, боломж үүсээд хашаа байшин барих гээд очиход манай газар дээр өөр ямар нэгэн хашаа байшин байгаагүй. Харин С дүүргийн Газрын албанд газрын төлбөрөө төлөх гээд очиход л “Таны газар өөр хүнийх болсон байна. Таны нэр байхгүй байна” гэсэн асуудал үүссэн. Би газраа хууль ёсны дагуу албан ёсоор авсан. С дүүргийн Газрын албанд миний материал байдаггүй. Аавын хувийн хэрэгт миний материал холилдоод явж байдаг. Би сүүлд нотариатаар батлуулсан материалаа хэргийн материалд хавсаргаж өгсөн..” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: С дүүргийн Газрын албанаас анх 2003 оны 131 дугаар захирамжаар маргаан бүхий газарт газар олголт хийсэн байдаг. Тухайн үед н.Б, н.Т гээд хамаатны нэр бүхий 4 иргэн 51 дүгээр хүсэлтэд бүртгэгдээд газар хүссэн байдаг. Тус 4 хүний хүсэлтэд ард талд нь н.Б гэдэг хүн ороод ирсэн байдаг. Хавтаст хэрэгт С дүүргийн Газрын албанаас гаргасан схем зургууд эх хувиараа авагдсан байгаа. Тус зураг дээр 4 айлын газар а, б, в, г гээд тэнцүү хуваагаад, хүснэгтэд “...нийт талбайн хэмжээ нь 700 метр квадрат, захирамжтай хэсэг нь 400 метр квадрат” гээд биччихсэн байгаа. Мөн тус 4 иргэний гэрчилгээгээ хүлээж авсан баримт хавтаст хэрэгт авагдсан... Б.Б-ын гэрчилгээгээ хүлээж авсан баримт, гэрчилгээ нь байдаггүй. Ингээд 400 метр квадрат, 774 метр квадратаар нэхэмжлэгчийн газрын эрх хамгийн анх үүссэн. Д.Б, Б.Т нар 2007 онд газраа зарахаар болж, Ч.С, С.Г нартай гэрээ байгуулж, С дүүргийн Газрын албанд хүсэлтээ өгсөн... С.Г аавынхаа өмнөөс бүх бичиг баримтыг нь хөөцөлдөж явсан байдаг. Тийм учраас бүх бичиг баримтууд нь ижил байдаг. Ингээд гэрээгээ байгуулаад, нотариатаар батлуулаад С дүүргийн газрын албанд өгсөн боловч С дүүргийн Газрын албаны архиваас Ч.С-ийн материал гарч ирээд, С.Г-ын материал гарч ирдэггүй. Тийм учраас нэхэмжлэгч нотариатын архиваас өөрийн газар эзэмших эрхийг шилжүүлж авсантай холбоотой материалуудыг гаргуулж шүүхэд өгсөн байгаа. Хариуцагчаас анх “С.Г-д газрын эрхийн материал байхгүй, хувийн хэрэг байхгүй учир С.Г газар эзэмших эрхгүй. Газар эзэмших эрхгүй байхад С.Г-д газар эзэмшүүлэх захирамж гарсан байна. Үүнийг хүчингүй болгох хэрэгтэй” гэж тайлбарлаж байсан. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн материал нотариатын архиваас гарч ирсэн... С.Г-д газар эзэмших эрх олгосон захирамж хүчинтэй байгаа. С.Г газар дээрээ байшин барих гээд ирэхэд, газрын асуудлаа хөөцөлдөхөд “Танай газрыг өөр хүнд өгчихсөн байна” гэсэн асуудал гардаг. Ингээд нэхэмжлэгч энэ талаар судлаад, Нийслэлийн Засаг даргад хандсан. Нийслэлийн Засаг даргаас С дүүргийн Газрын алба руу асуудлыг шийдвэрлэ гээд албан тоо явуулж байсан. Гэвч асуудал шийдвэрлэгдээгүй учир нэхэмжлэгч шүүхэд хандсан. Хэдийгээр Б.Б-д 400 метр квадрат газар эзэмшүүлсэн С дүүргийн Засаг даргын 2003 оны 131 дүгээр захирамж байх боловч бусад баримтууд нь байдаггүй. Зөвхөн иргэний үнэмлэхийн хуулбар, “Ш м-д өргөдөл бичих” гэсэн гарчигтай өргөдөл байдаг. “Ш м-д өргөдөл бичих” гэдгээ засаад “Б” болгосон байдаг. Мөн тус өргөдөлд “Б.Б тус газарт зуслангийн байрлалаар олон жил амьдарсан” гэсэн байдаг. Гэвч одоог хүртэл тухайн газарт юу ч байхгүй. Тэгэхээр С дүүргийн Газрын алба хоосон иргэний үнэмлэхэд газрын эрх үүсгэсэн байна. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Б.Б-д 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10 дугаар захирамжаар газар олгосон” гэж тайлбарладаг. Манай зүгээс С дүүргийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10 дугаар захирамжийг илт хууль бус болгох нэхэмжлэлийн шаардлага гаргадаг. Учир нь Б.Б С дүүргийн Газрын албанд газар эзэмших хүсэлт өгөхөөс өмнө тус захирамж гарсан байна. Үүний дараа Б.Б С.Ц-д, С.Ц-аас Т.М-д газар эзэмших эрхээ шилжүүлсэн байдаг. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү”. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2003 оны 51 дүгээр өргөдөлд Д.Б, Н.С, Б.Т, Б.У, Б.Б нар газар эзэмших хүсэлт гаргасныг бүрдгэсэн байх бөгөөд С дүүргийн Засаг даргын 2003 оны 131 дүгээр захирамжаар нэр бүхий 5 иргэнд тус тус 400 метр квадрат газар эзэмшүүлсэн байдаг. Үүний дараа С дүүргийн Засаг даргын 2009 оны 10 дугаар захирамжаар Б.Б-ын 400 метр квадрат газрыг 600 метр квадрат болгож, газрын хэмжээ, талбайг өөрчилсөн. Мөн 2007 оны 221 дүгээр захирамжаар С.Г-од Д.Б-ийн 400 метр квадрат газрыг шилжүүлэхдээ, захирамжид талбайн хэмжээ нэмэгдүүлэх заалт оруулаагүй хэрнэ 700 метр квадратаар эрхийг нь шилжүүлсэн байдаг. Тус 5 иргэнд тус тус 400 метр квадратаар газар эзэмшүүлсэн боловч 4 иргэн газрынхаа талбайн хэмжээг нэмэгдүүлж, хувааснаар нэг газар эзэмшигчийн эрх хөндөгдөж байгаа юм. Б.Б өөрийн газар эзэмших эрхийг С.Ц шилжүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн С дүүргийн Засаг даргын 2014 онд А/138 дугаар захирамжаар С.Ц Б.Б-ын газар эзэмших эрхийг шилжүүлсэн. Үүний дараа С дүүргийн Засаг даргын 2016 оны А/263 дугаар захирамжаар Т.М-д тус газрыг шилжүүлсэн. Нэхэмжлэгч С.Г-д С дүүргийн Засаг даргын 2007 оны 221 дүгээр захирамжаар газар эзэмшүүлсэн боловч, С.Г Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил дараалан эзэмшиж, ашиглаагүй байдаг. Мөн Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн лавлагаагаар нэхэмжлэгч С.Г нь 2008 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2009 оны 11 дүгээр сарын 19 өдрийн хооронд Монгол улсад байсан болох нь тогтоогдож байна. Энэ хугацаанд газраа эзэмшиж, ашиглах бүрэн боломжтой байсан. Мөн анх Д.Б С дүүргийн Засаг даргын 2003 оны 131 дүгээр захирамжаар 400 метр квадрат газар эзэмших эрх олгогдсон. Д.Б тус газар эзэмших эрхээ нэхэмжлэгч С.Г-д шилжүүлсэн боловч С дүүргийн Засаг даргын 2007 оны 221 дүгээр захирамжаар тус газрын талбайн хэмжээг нэмэгдүүлэн шилжүүлсэн байна. Мөн тус захирамжаар С.Г-д газар эзэмших эрх үүссэн боловч мэдээллийн санд бүрдгэл хийгдээгүй байдаг. Мэдээллийн санд 700 метр квадратаар бүрдгэгдсэн кадастрын зураг байхгүй. Мэдээллийн санд Б.Б-ын нэр дээр байсан газар С.Г-ын нэр дээр шилжиж, давхцал үүссэн гэж үзэхээр байгаа. С дүүргийн Газрын албаны архивд С.Г-ын нэгж талбарын хувийн хэрэг байдаггүй. Тухайн үед яагаад архивд хадгалагдаагүйг нь мэдэхгүй. Иргэн Ч.С-ийн нэгж талбарын 186503******* дугаар бүхий хувийн хэрэгт С.Г-ын өргөдөл, хүсэлт хамт хавсаргагдсан байдаг. С дүүргийн Засаг дарга Газрын тухай хуульд заагдсан эрх хэмжээнийхээ хүрээнд иргэнд газар эзэмшүүлж, шилжүүлсэн учир үүнийг хууль бус, илт хууль бус гэж үзэх боломжгүй юм. Эрх бүхий субъектээс гаргасан захиргааны актыг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.“ гэжээ.

Гуравдагч этгээд С.Ц, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О******* нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “С.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. С дүүргийн Газрын албанаас С.Г-д хүргүүлсэн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 22/252 тоот албан бичигт түүний газар эзэмших эрх нь хүчингүй болохыг тодорхой заасан. Анхнаасаа уг газрын албан ёсны эзэмшигч нь Б.Б буюу түүнээс шилжүүлж авсан С.Ц, түүний газар эзэмших эрхийн нэгж талбар нь тодорхой заагдсан. Гэтэл С.Г-ын газар эзэмших эрхийн гэрчилгээн дээр нь нэгж талбарын дугаар байхгүй, уг газар хаана байгааг заасан масштаб байхгүй. Мөн С.Г-ын Д.Б-гээс авсан гэх гэрээн дээр нь 400 м.кв газар гэж байгаа нь зөрчилдөж байна.

Бид ямар нэгэн бичиг баримтгүйгээр аливаа үйлдлийг хийгээгүй бөгөөд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, журмын дагуу хүсэлтээ гаргаж, газар эзэмших эрхийг шилжүүлж авсан. С.Г нь зөвхөн аавынхаа газрын асуудлыг хөөцөлдөж, баримт материал бүрдүүлж газрын албатай харьцаж байсан бөгөөд энэ нь өөрийнх нь гэх ойлголтыг төрүүлэн төөрөгдүүлж байгаа харагдаж байна.

С.Г нь газар дээр байшин барилга бариагүй гэх асуудал нь иргэдийн хувьд урт хугацааны төлөвлөлт, төлөвлөгөө, хөрөнгө санхүүгээр шийдэгддэг асуудал тул С.Гоор байшин барилга барих эсэхээ заалгах асуудал огтоос биш, уг бид газар дээрээ байшин барихаар төлөвлөж байсан ч 2015 оны 12 дугаар сард цус харван бие муудаж, улмаар эмчилгээний төлбөр гарч, газраа зарахад хүрсэн. С.Г нь бие тааруу, хөгшин эсвэл нас барсан хүмүүсийг буруутгаж, газрыг нь авахаар улайран зүтгэж байгаа нь луйврын шинжтэй зүй бус үйлдэл юм.

С.Г нь уг газрын эзэн нь байсан бол газрынхаа төлбөрийг жил бүр төлөх үүрэгтэй бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр бүхэл бүтэн 10 жилийн төлбөрийг бөөнд нь төлж, энэхүү газрын маргааныг үүсгэж, өөрөө хууль дүрэм, журмыг зөрчиж үүргээ биелүүлээгүй гэдгээ нотолж байна. Харин Б.Б нь жил бүр газрын төлбөрийг тогтмол төлж, өөрийн газар дээрээ төмөр шон зоож, өргөстэй тороор хашаа татсан. Т.М-д шилжүүлэн өгөх үед шонгуудын үлдэгдэл байсан.

Гуравдагч этгээд Б.Б, С.Ц, Т.М нарын газартай холбоотой материал, гэрээ, гэрчилгээ хууль журмын дагуу авагдсан байхад ганц С.Г-ын материал олдохгүй байгаа нь хачирхалтай. Хууль журмын дагуу эзэмшиж байгаа эрхийг хүчингүй болгож өгөөч гэдэг нь хууль бус юм.

Иймд бидний хууль ёсны эрхийг хамгаалж, хэргийг шударгаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Т.М-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: С.Г нь 10 жилийн турш тухайн газрыг ашиглаж, эзэмшээгүй байж байгаад, 10 жилийн дараа газрын төлбөрөө төлсөн байдаг. Б.Б нь тухайн газрыг 2003 оноос хойш  эзэмшиж байх хугацаандаа газрын төлбөрөө тухай бүрд нь төлдөг байсан. 2016 онд манай ээж тухайн газрыг С.Ц-аас худалдаж аваад, газрын төлбөрөө бүрэн төлсөн. С.Г Улсын Дээд Шүүхэд “Намайг газар авахад тог, цахилгаан, зам байгаагүй учир газраа эзэмшээгүй орхисон” гэж тайлбарласан. С.Г 2007 онд С дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Гэхдээ С дүүргийн Газрын албатай гэрээ байгуулаагүй байдаг. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу газар эзэмшигч нь жил бүр газрын төлбөрөө төлөх ёстой байхад С.Г нь газрын төлбөрөө тухай бүрд нь төлөлгүйгээр 10 жилийн дараа төлсөн байдаг. Мөн С.Г-ын С дүүргийн Засаг даргын 221 дүгээр захирамжаар авсан газар эзэмших эрхийн гэрчилгээнд нэгж талбарын дугаар бичигдээгүй байдаг бөгөөд нутаг дэвсгэрийн зөрчилтэй, талбайн хэмжээ нь зөрчилтэй байсан. Мөн С.Г нэгж талбарын дугаар бичигдээгүй гэрчилгээтэй хэрнэ миний ээж Т.М-гийн Б.Б-аас худалдаж авсан нэгж талбарын дугаарыг ашиглан 10 жилийн дараа газрын төлбөрөө төлсөн байна. Энэ нь бидний эрхийг зөрчиж байна. С.Г-ыг хүний нэгж талбарын дугаар ашиглаж, хууль бусаар газрын төлбөрөө төлсөн гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад С дүүргийн Засаг даргын 2003 оны захирамжаар Б.Б-д газар эзэмших эрх олгосон бөгөөд 2009 оны захирамжаар газрын хэмжээг нь 400 метр квадратаас 600 метр квадрат болгож өөрчилсөн. Үүний дараа Б.Б 2014 онд газар эзэмших эрхээ С.Ц шилжүүлсэн байдаг. Манай ээж 2016 онд С.Ц-тай 2016 онд худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 3,500,000 төгрөгөөр тухайн газрыг худалдаж авсан. Бид тухайн газрыг худалдаж авахдаа тухайн газрыг маргаантай гэдгийг мэдээгүй учир хүнээс хүүтэй мөнгө зээлж авсан. Мөн газар дээрээ байшин барих гээд 8,000,000 төгрөгөөр дүнзэн мод захиалсан. Үүний дараа жилийн намар нь бид газар дээрээ байшин барих гээд ирэхэд маргаан үүссэн. Бидэнд 10,000,000 орчим төгрөгийн хохирол учирсан. Би Б.Б гэдэг хүнээс тухайн газрыг шилжүүлж авсан. Б.Б болон С.Г нарын хооронд ямар нэг газар шилжүүлэх гэрээ хийгдээгүй байхад яагаад Д.Бгийн газрыг би худалдаж авсан юм шиг хэрэг үүссэн байгааг ойлгохгүй байна. Би үүнийг илт хууль бус гэж үзэж байна. Шүүхээс маргаан бүхий газар дээр үзлэг хийхэд С.Г өөрөө газраа мэдэхгүй байсан байж хүний газар руу дайрч байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд Т.М-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч тал 2003 оны захирамжийг нэхэмжлэлийнхээ үндэслэл болгож ярьж байна. Нэхэмжлэгч С дүүргийн Засаг даргын 2009 оны захирамжийн Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хууль зүйн үндэслэлээ тодруулж хэлээгүй. Давж заалд шатны шүүхэд ашигласан баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тус баримт нь 700 метр квадрат гэсэн, гараар үйлдсэн, эргэлтийн цэг, нэгж талбарын дугааргүй баримт байгаа. С.Гыг 2007 онд газраа авахад кадастрын зураг хийгддэг болчихсон байсан. Гэтэл С.Г нь кадастрын зураг хийлгэлгүй газар авсан нь эргэлзээ төрүүлж байна. Мөн хавтаст хэрэгт С.Гоос С дүүргийн Газрын албанд өгсөн “Иргэн Б.Т*******өөс газар шилжүүлж өгнө үү” гэсэн өргөдөл авагдсан байгаа. Үүнээс харахад Ч.С, С.Г нар Б.Т*******өөс газар авсан байна. Гэтэл иргэн Б.Б-ын 2009 онд өөрийн эрхийн дагуу кадастрын зураг хийлгээд, газар эзэмших гэрээ байгуулж авсан газар дээр маргаад байгаа нь үндэслэлгүй байна. Мөн С.Г-ын газрын гэрчилгээнд “...С дүүргийн 1 дүгээр хороо...” гэсэн байгаа. Гэхдээ маргаан бүхий газар нь С дүүргийн 1 дүгээр хороонд байдаггүй. Захирамжид андуурч бичсэн байлаа гэхэд тус захирамжид эргэлтийн цэг нь мөн адил байдаггүй. Эргэлтийн цэг нь газар эзэмших гэрээн дээр нь байдаг юм болов уу гэхээр С дүүргийн Газрын албанд С.Г-ын газар эзэмших эрхийг гэрээ байдаггүй. Нэхэмжлэгч талаас өөрсдөө нотариатаар батлуулсан баримтаа нотлох баримт гэж гаргаж өгсөн. Мөн Ч.С, С.Г нар нь Б.Т гэдэг хүнээс газаар шилжүүлж аваад, гэрчилгээ нь С.Г-ын нэр дээр гарсан байгаа. Ингээд С.Г газраа хоёр болгохын тулд иргэн Б.Б-ын эргэлтийн цэг бүхий газрыг Д.Б-гийн газар мэт болгож, өөрийнх нь газар мэт болгосон. Гэтэл маргаан бүхий газрын эргэлтийн цэг анхнаасаа Б.Б-ын нэр дээр байсан. Явцын дунд ямар нэгэн байдлаар мэдээллийн санд Б.Б-аас С.Г-д газар шилжүүлсэн мэтээр өөрчлөлт оруулчихсан байгаа. Гэвч С.Г ямар нэгэн байдлаар Б.Б-тай гэрээ байгуулаагүй. Үүнтэй холбоотой материал С дүүргийн Газрын албаны архивд байхгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээдээс гаргасан бие даасан шаардлагын үндэслэлээ шүүхэд ирүүлэхдээ: “С дүүргийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 221-р захирамжийн С.Г-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлагыг дараах үндэслэлээр гаргаж байна. Үүнд:

С дүүргийн Засаг даргаас иргэн С.Г-д газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дах хэсэгт заасны дагуу өргөдөл хүсэлт гаргаж улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй байдаг төдийгүй иргэн С.Г-д хэзээ, ямар хэмжээтэй газар олгосон тухай баримтууд газрын албаны архивт байхгүй байдаг. Түүнчлан нэхэмжлэгч С.Г нь хэн гэж хүний, ямар нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийг шилжүүлж авсан нь тодорхойгүй байхад иргэн Б.Б-ын эзэмшиж байгаа газрыг С.Г-д олгосон байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг зөрчсөн байна.

Гуравдагч этгээд Т.М-гийн хувьд иргэн Б.Б-ын эзэмшлийн газрыг 2014 оны А/138 дугаар захирамжаар С.Ц-д, С.Ц нь 2016 оны А/263 дугаар захирамжаар гуравдагч этгээд Т.М д шилжүүлсэн. Гуравдагч этгээд Т.М-гийн хувьд хууль ёсны дагуу хийгдсэн гэрээ хэлцэл, захирамжуудын үндсэн дээр уг маргаан бүхий газрыг худалдан авч эзэмших эрхтэй болсон бөгөөд дээрх Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 221 дүгээр захирамж нь миний хууль ёсны дагуу олж авсан газар эзэмших эрхэд халдаж байгаад гомдолтой байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч С.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээд Т.М-гийн гаргасан бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэв. Үүнд:

Нэхэмжлэгч С.Г тус шүүхэд хандаж “С дүүргийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10 дугаар захирамжийн Б.Б-д холбогдох хэсэг, мөн дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/138 дугаар захирамжийн С.Ц холбогдох хэсгүүд нь хууль байсан болохыг тогтоолгох, мөн дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/263 дугаар захирамжийн Т.М д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “С дүүргийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10 дугаар захирамжийн Б.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, мөн дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/138 дугаар захирамжийн С.Ц холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, мөн дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/263 дугаар захирамжийн Т.М д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодруулсан, энэ тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцсэн болно.

Түүнчлэн энэ хэргийн гуравдагч этгээд Т.М шүүхэд хандаж” С дүүргийн Засаг даргын 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 221 дүгээр захирамжийн С.Г-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” бие даасан шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Б.Б нь газар эзэмших тухай хүсэлтээ гаргаагүй байхад түүнд газар эзэмшүүлэх захирамж гаргасан нь илт хууль бус...Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчиж, миний эзэмшил газрыг бусдад давхцуулан олгосон нь миний газар эзэмших эрхийг хөндсөн...” гэж, хариуцагч нь ... дүүргийн Засаг даргын захирамжууд нь Засаг даргын өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан хууль ёсны шийдвэр тул хүчингүй болгох үндэслэлгүй... гэж, гуравдагч этгээд бие даасан шаардлагын үндэслэлээ “...Дүүргийн засаг дарга Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д заасан баримтууд байхгүй, хэн гэж хүний ямар нэгж талбарын дугаартай газрын эрхийг шилжүүлж авч байгаа нь тодорхойгүй байхад захирамж гаргаж Б.Б-ын газрыг С.Г-д шилжүүлсэн нь илт хууль бус..” гэж тодорхойлонмаргаж байна.

Нэг. С дүүргийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10 дугаар захирамжийн Б.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

С дүүргийн Газрын албанаас ирүүлсэн баримтуудаас үзвэл С дүүргийн Засаг даргын 2003 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, нэр шилжүүлэх тухай” 131 дүгээр захирамжаар иргэн Д.Б, Н.С*******, Б.Т*******, Б.У*******, Б.Б нарт С дүүргийн 16 дугаар хороо, Б нэртэй газарт тус бүр 400 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Гэвч уг захирамжийн үндэслэл болсон баримтууд болох иргэн Б.Б-ын тус дүүргийн Газрын албанд гаргасан гэх өргөдөлд “дугаар хороо, Б-ийн” гэсэн үгийг засч бичсэн, “...1980 оноос хойш гардаг, гэрчилгээгээ шинэчлэн авах”-ыг хүссэн тухай дурдсан, уг өргөдлийн ард хавсаргасан иргэн Б.Б-ын иргэний үнэмлэх бүхий хуудасны дээд талд “өргөдөл бичих, Ш м” гэж тэмдэглэсэн, өргөдөлд огноо бичигдээгүй байгаа зэргээс үзвэл иргэн Б.Б-д анхнаасаа газар эзэмших эрх хууль ёсны дагуу үүссэн гэж үзэхээргүй байна.

Учир нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд иргэн газар эзэмших тухай хүсэлтээ мөн хуулийн 32.2-тзаасан

32.2.1.овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар;

32.2.2. эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил,  нэгж талбарыг харуулсан тойм зураг;   

32.2.3.газар эзэмших зориулалт, хугацаа. нотлох баримтуудын хамт хавсарган ирүүлэх үүрэгтэй атал Б.Б-ын хувьд зөвхөн иргэний үнэмлэх болон огноо бичигдээгүй “гэрчилгээг шинэчилж авах” хүсэлт гаргасан, хүсэлт болгож буй газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зургийн хамт ирүүлээгүй нь түүний хүсэлт болгож буй газар нь хаана байршилтай ямар хэмжээний газар болох нь тодорхойгүй байжээ.

Үүнээс үзвэл Б.Б-д 400 кв.м газрыг 5 жилийн хугацаатай эзэмших эрх олгогдсон гэж үзсэн ч тэрээр уг хугацаа дуусахаас өмнө газар эзэмших эрх сунгуулах хүсэлт гаргаж байгаагүй,  Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно, 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэж зааснаар түүний газар эзэмших эрх 2007 онд дуусгавар болсон байна.

Гэтэл Б.Б нь 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр С дүүргийн Газрын албанд хандаж гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар өмчилж авахыг хүссэн өргөдөл гаргаж Б зусланд эзэмшиж байгаа 700 кв.м газраа өмчилж авах хүсэлт гарган түүндээ 600 кв.м талбайн кадастрын зураг, газрын төлбөр төлсөн баримт, газрын улсын тоо бүртгэлийн 2008 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуудас зэргийг хавсаргаж өгчээ.

Үүнээс үзвэл нэхэмжлэгч газар эзэмших эрх сунгуулах болон газрын хэмжээг нэмэгдүүлэхээр биш, эзэмшиж байсан гэх газраа өмчилж авах хүсэлт гаргасан, түүндээ хүсэлт болгож буй газрын хэмжээг өөр өөрөөр илэрхийлсэн байхад хариуцагч Б.Б-д анхнаасаа газар эзэмших эрх хууль ёсны дагуу үүссэн эсэх, өмчлүүлэх боломжтой эсэх, хэрэв эрхтэй бол уг эрх нь хүчин төгөлдөр эсэхийг шалгаж тогтоогоогүй нь захиргааны байгууллага Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д заасан.”энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Үүнээс үзвэл иргэн  Б.Б-аас газар эзэмших болон эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэх тухай хүсэлт гаргаагүй, холбогдох баримтуудаа ирүүлээгүй байхад С дүүргийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10 дугаар “Газар эзэмшүүлэх, хугацаа сунгах, газар эзэмших эрхийг баталгаажуулах, бусдын нэр дээр шилжүүлэх тухай”  захирамжаар түүнд Б зусланд 600 кв.м газрыг “зусдаг” гэх үндэслэлээр 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1-д захиргааны байгууллага, албан тушаалтан дараахь 9.1.7 захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, 9.1.9-д захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана...” гэж зааснаар  илт хууль бус захиргааны акт гэж шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл, иргэн Б.Б-д С дүүргийн 16 дугаар хороо, Б зусланд 600 кв.м газрыг эзэмших эрх хууль ёсны дагуу олгогдоогүй байхад түүнд илт хууль бус захиргааны актыг үндэслэн 2009 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 0237974 дугаартай “гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ” олгож улмаар иргэн С.Г-ын хууль ёсны эзэмшил газартай давхцуулан газар эзэмших эрх олгосон нь үндэслэлгүй, Газрын тухай хуулийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх” шаардлагыг болон  Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” 27.3-д “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”. гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Иймд нэхэмжлэгч С.Г-ын газар эзэмших эрх нь хууль ёсны газар эзэмшигч Д.Б-гээс шилжүүлж авсан эрх байх бөгөөд Д.Б уг газар эзэмших эрх нь С дүүргийн засаг даргын 2003 оны 131 дүгээр захирамжаар хуульд заасан журмын дагуу үүссэн нь тогтоогдсон,  иргэн  Б.Б-ын  газар эзэмших эрх нь Засаг даргын 2003 оны 131 дүгээр захирамжаар болон 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10 дугаар захирамжаар хууль ёсоор үүссэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэв.

Хоёр. Гуравдагч этгээд Т.М-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц-с гаргасан, ”С дүүргийн Засаг даргын 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 221 дүгээр захирамжийн С.Г-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” бие даасан шаардлагын тухайд:

С дүүргийн Засаг даргын 2003 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 131 дүгээр ““Газар эзэмшүүлэх, нэр шилжүүлэх тухай” захирамжаар иргэн Д.БС дүүргийн 16 дугаар хороо, Б зусланд 400 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, уг шийдвэрийг үндэслэн Иргэний газар эзэмших эрхийн 0104******* тоот гэрчилгээг 2003 оны 10 дугаар сарын 20-ны өдөр олгож, иргэн аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших гэрээг 2006 оны 03 дугаар сарын 20-ны өдөр газрын хэмжээг 774 кв.м-ээр тооцож байгуулсан, 2006 оноор огноолсон 0104******* дугаартай эдэлбэр газрын экспликацид “захирамжтай талбай-400 кв.м, нийт талбай-774 кв.м” гэж тодорхойлсон байна.

2006 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-гээр Д.Б нь өөрийн хууль ёсны эзэмшил бүхий С дүүргийн 16 дугаар хороо, Бэд байрлах 400 ам.метр талбайтай 0104******* тоот эзэмших эрхийн гэрчилгээтэй газар эзэмших эрхийг С-ийн Г-д шилжүүлэхээр тохиролцсон, С.Г нь 2007 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Д.Б-гийн эзэмшиж байсан газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авах хүсэлт гаргасны дагуу С дүүргийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 221 дүгээр захирамжаар С.Г-д С дүүргийн 18 дугаар хороо, Б зусланд зуслангийн зориулалтаар 700 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн үйл баримтууд тус тустогтоогдож байна.

Гуравдагч этгээд бие даасан шаардлагын үндэслэлээ “...Дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д заасан баримтууд байхгүй, хэн гэж хүний ямар нэгж талбарын дугаартай газрын эрхийг шилжүүлж авч байгаа нь тодорхойгүй байхад захирамж гаргаж Б.Б-ын газрыг С.Г-д шилжүүлсэн нь илт хууль бус” гэж тодорхойлжээ.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх асуудлыг зохицуулсан бөгөөд хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана” 38.2.1-т “нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ”; 38.2.2-д “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо”; 8.2.3-д “албан татвар, хураамж төлсөн тухай баримт”, 38.2.4-д “татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт”, 38.3-д “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна”, 38.3.1-д “энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх”, 38.3.2-д “шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх”, 38.3.3-д “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх”, 38.4-д “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж тус тус заажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримт болох талуудын хооронд байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, түүнд хавсаргасан 2006 оноор огноолсон, С дүүргийн Газрын албаны архитектор Ц.Э үйлдсэн 0104******* дугаартай эдэлбэр газрын схем зураг /экспликаци/-аарА-Б 22,93 Х/м/, Б-В 35,52 У /м/, В-Г 20,61 Х /м/, Г-А 35,65 У/м/ гэж, “захирамжтай талбай-400 кв.м, нийт талбай-774 кв.м” гэж тодорхойлсноос үзвэл 0104******* дугаартай эдэлбэр газар нь иргэн Д.Бгийн эзэмшиж байсан газар мөн болох нь тогтоогдож байна.

Үүнээс үзвэл талуудын хооронд 0104******* дугаар гэрчилгээтэй газрыг шилжүүлэх ажиллагаа явагдсан байх тул  С дүүргийн Засаг даргын 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 221 дүгээр захирамжийн С.Г-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоох хууль зүйн үндэслэлгүй, уг захирамжийн улмаас гуравдагч этгээд Т.М-гийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

Хариуцагч захиргааны байгууллагаас газар эзэмших эрх шилжүүлэх талаархи Газрын тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй, талууд Д.Банх газар эзэмших эрх үүссэн С дүүргийн Засаг даргын 2003 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, нэр шилжүүлэх тухай” 131 дүгээр захирамжийн талаар маргаагүйг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Гурав. С дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/138 дугаар захирамжийн С.Ц-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, мөн дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/263 дугаар захирамжийн Т.Мд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Иргэн Б.Б нь С дүүргийн Засаг даргад 2012 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн эзэмшлийн гэх 600 м.кв газрыг С.Ц шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу мөн дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/138 дугаар захирамжаар С.Ц С дүүргийн Б хэмээх газарт байршилтай 600 м.кв газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр, С.Ц нь 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өөрийн эзэмшлийн газраа Т.М д шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу С дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/263 дугаар захирамжаар Т.М д зуслангийн зориулалтаар 600 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар шилжүүлэн эзэмшүүлэхээр тус тус шийдвэрлэж, газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгожээ.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д газар эзэмшүүлэхэд “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх” шаардлагыг журамлажээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн С дүүргийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10 дугаар захирамжийн Б.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн тул уг илт хууль бус захирамжийн дагуу үүссэн, хууль ёсны газар эзэмшигч биш этгээд болох  Б.Б-аас газар эзэмших эрх ишлжүүлэх тухай асуудлыг шийдвэрлэсэн, С дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/138 дугаар захирамжийн С.Ц-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, мөн дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/263 дугаар захирамжийн Т.Мд холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Учир нь С дүүргийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10 дугаар захирамжийн Б.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоосноор тухайн захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул гуравдашч этгээд С.Ц болон Т.М нарт газар эзэмших эрх зохих ёсоор шилжсэн гэж үзэх боломжгүй.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 38 дугаар зүйл, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “С дүүргийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10 дугаар захирамжийн Б.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, мөн дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/138 дугаар захирамжийн С.Ц-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, мөн дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/263 дугаар захирамжийн Т.Мд холбогдох хэсгийг хүчингүй болгож,” гуравдагч этгээд Т.М-гийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид  буцаан олгосугай.

3. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН

           ШҮҮГЧИД                                  Д.ХАЛИУНА

                                                                  Д.ЧАНЦАЛНЯМ