Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 02069

 

Ж.Б-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/02411 дугаар шийдвэртэй, Ж.Б-ын нэхэмжлэлтэй, НШШГГ-т холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямдалай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батмөнх, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШЗ2019/06419 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. Улсын дээд шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 001/ХТ2018/00741 дугаар тогтоолоор Ж.Б-, Ц.Батцэцэг нараас 160 988 043 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. НШШГГ-аас 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр эд хөрөнгө хураах тогтоол үйлдэж, Хан-Уул дүүргийн 1-р хороо ХД82-р байрны 14 тоот, 4 өрөө байрыг хураан авч, 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр үнэлгээ хийлгэхээр “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилсон. Уг үнэлгээгээр орон сууцыг 242 200 000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнээс хэт доогуур ба 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагт болох дуудлага худалдааны үнэлгээ нь миний эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Орон сууцыг зах зээлийн хамгийн боломжит бага үнэ буюу 1 мкв-ыг 2 500 000 төгрөгөөр тооцоход 153.5 мкв  орон сууцны нийт үнэ 383 700 000 төгрөг болж байгаа нь энгийн зах зээлийн бодит харьцуулалт юм.

Гэтэл үнэлгээчин нь Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаар хавсралтыг үндэслэл болгон шинээр баригдах орон сууцны 1.0 мкв талбайн суурь үнийг үндэслэсэн нь цаг хугацааны хувьд хоцрогдсон мэдээлэл ашигласан, бодит байдалд нийцэхгүй байна. Хан-Уул дүүргийн орон сууцны өмчлөгч нь Ж.Б- байтал хөрөнгийг хураахдаа намайг оролцуулалгүй, байлцуулалгүйгээр хураасан, шүүхийн шийдвэрт тусгагдсан орон сууц нь миний өмчлөлийн орон сууц биш юм. Өөрөөр хэлбэл, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, үйлдвэр-2/17042/XD 82-р байр,14 тоот орон сууц миний өмчлөл байтал шийдвэрт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах өөр эд хөрөнгийн тухай байж болохоор тогтоох хэсэгт тусгагдсан байна.

 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2017/03816 дугаар анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдсан хаяг бүхий орон сууц надад байхгүй. Энэ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй болгож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл болдоггүй тул илтэд шаардлага хангаагүй баримт гэж үзэж байна.

Иймд 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШЗ2019/064169 дугаар захирамжийн 3-т зааснаар миний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр-2/17042/XD-82 байр, 14 тоот Y-2206010924 дугаар 153 метр квадрат 4 өрөө орон сууцанд тогтоосон үнэлгээг хүчингүй болгож, үнэн зөвөөр дахин шинжээч томилохыг НШШГГ-т даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 3816 дугаар шийдвэрээр Ж.Б-, Ц.Батцэцэг нараас 161 783 011 төгрөгийг гаргуулж “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д  олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ж.Б-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Үйлдвэр-2 /17042/, хд-82-р байр, 14 тоотод орших 153.5 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг хөндлөнгийн 2 гэрч Н.Бадрах /ДБ68053112/, Х.Эрдэнэбаяр /УУ89070734/ нарыг оролцуулан, тэдэнд хууль  тайлбарлан 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 18261320/02 тогтоолоор битүүмжилж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дах хэсэгт заасан хугацаа тогтоож, уг тогтоолын хувийг тус байранд амьдрах С.Баянмөнхөд хариуцуулан өгсөн.

Төлбөр төлөгч Ж.Б-тай 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр барьцаа хөрөнгийн хаягт очиход хариуцагч С.Баянмөнх байхгүй байсан. Төлбөр төлөгч Ж.Б- нь Ц.Батцэцэгийн хамт 2019 оны 3 дугаар сарын 04-ний 10 цагт НШШГГ-ын 406 тоотод бэлэн байх талаар баталгаа гаргасан тул барьцаа үл хөдлөх хөрөнгийг хураах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоосон. Төлбөр төлөгч Ж.Б-, Ц.Батцэцэг нар тогтоосон хугацаанд ирж уулзаагүй, шийдвэр биелүүлэхийг мэдэгдсэн ч төлбөрийг төлж барагдуулаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар хөндлөнгийн 2 гэрч Ц.Алтанхуяг /ЕЙ72120494/, Г.Нямаа /ХД73061079/ нарт хууль тайлбарлан, хариуцагч С.Баянмөнхийг байлцуулж 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 161/01 тогтоолоор барьцааны үл хөдлөх эд  хөрөнгийг барьцаалан хурааж тогтоолын хувийг С.Баянмөнхөд хариуцуулан өгч гарын үсэг зуруулсан. Төлбөр төлөгч Ж.Б-, Ц.Батцэцэг нартай 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр уулзаж, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 18261320/02 тоот битүүмжлэх, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 161/01 тоот хураах тогтоолыг тус тус танилцуулан тогтоол, тэмдэглэлд танилцсан тухай гарын үсэг зуруулсан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч Ж.Б-, Ц.Батцэцэг нараас үнийн саналыг албан бичгээр авахад 383 750 000 төгрөгөөр үнэлж, үнийн саналыг өгсөн боловч төлбөр авагч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн зүгээс үнэлгээг шинжээчээр тогтоолгох хүсэлтийг 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 5/1491 тоот албан бичгээр гаргасан. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 95 тоот тогтоолоор “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг томилж, үнэлгээ тогтоолгоход Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо Үйлдвэр-2 /17042/8 хд-82 дугаар байр, 14 тоотод орших 153.5 мкв, 4 өрөө орон сууцыг 242 000 000 төгрөгөөр үнэлсэн. Энэ тухай 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 4/7791 тоот мэдэгдлийг мөн өдөр 16 цаг 13 минутад төлбөр төлөгч Ж.Б-т биечлэн, 8810-7295 дугаарын утсаар Ц.Батцэцэгт тус тус мэдэгдэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан эрхийг танилцуулсан.

Төлбөр авагч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д тус өдөр танилцуулсан бөгөөд төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн анхны албан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар эд хөрөнгийн үнэлгээний талаар гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан. Хугацаа өнгөрсөн байхад гомдол гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Иргэн Ж.Б-, Ц.Батцэцэг нар манай банктай 2013 оны 11 дүгээр сарын 26 ны өдөр ЗГ-RCC2013112220-1 тоот Орон сууцны зээлийн гэрээ, БГ-RCC2013112220-1-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг байгуулан, 146 000 000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай орон сууц худалдан авах зориулалтаар авсан. Гэвч Ж.Б-, Ц.Батцэцэг нар Орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2017/03816 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 210/МА2018/00349 тоот магадлалыг албадан гүйцэтгүүлэхээр НШШГГ-тай 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гэрээ байгуулан Ж.Б-, Ц.Батцэцэг нараас 161 783 011 төгрөг гаргуулахаар хүсэлт гаргасан. НШШГГ-аас Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэр-2/17042/ тоот хаягт байрлах ХД-82 дугаар байрны 14 тоотын 153.5 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу битүүмжилж, хураах ажиллагааг тус тус гүйцэтгэсэн нь хуулийн дагуу байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Б-ын НШШГГ-т холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэхийг хариуцагчид даалгах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ж.Б-аас урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шийдвэр гүйцэтгэх байгууллага миний өмчийг хэт доогуур үнэлж, өмчлөгчийн эрх ашгийг хохироож байна. Үнэлгээг хуульд заасан журмын дагуу хийсэн эсэх нь эргэлзээтэй. “Мөнх-Оргил трейд” ХХК нь үнэлгээ хийхдээ Барилга, хот байгуулалтын байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаар хавсралтыг үндэслэл болгон шинээр баригдах орон сууцны барилгын 1.0 мк талбайн суурь үнийг үндэслэсэн нь цаг хугацааны хувьд хоцрогдсон мэдээлэл ашигласан бодит байдалд нийцэхгүй байгааг тодорхой тайлбарласан атал шүүх энэ бодит алдааг дүгнээгүй. Орон сууцны өмчлөгч Ж.Б- намайг үнэлгээ хийхдээ оролцуулаагүй эрх ашгийг минь зөрчиж байхад шүүх хамгаалсангүй.

Миний өмчлөлийн орон сууц Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр-2 /17042/ ХО-82 байр, 14 тоот байршилтай байхад шийдвэрийн тогтоох хэсэгт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах гэж өөр эд хөрөнгийн тухай байж болохоор тусгагдсан, 2 дугаар хороонд байрлах хаяг бүхий орон сууц надад байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл болохгүй тул шүүхээс гарсан шийдвэр магадлал, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нзхэмжлэлийн шаардлагад бичсэн орон сууцны хаяг тоот нь өөр өөр байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нэг хэсэг  шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн үйл баримт хуульд нийцэхгүй зэргийг шүүх тал бүрээс нь дүгнэж тодорхой болголгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Ж.Б- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан, Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо, Үйлдвэр-2 /17042/ ХД-82 дугаар байрны 14 тоот 153.5 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 242 200 000 төгрөгөөр үнэлсэн “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 34/ш дугаар хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ. 

 

Хариуцагч НШШГГ-, төлбөр авагч буюу  энэхүү маргаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон “Худалдаа хөгжлийн банк” ХХК нь дээрх шаардлагыг эс зөвшөөрч, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа болон шинжээчийн үнэлгээ хуульд заасан журмын дагуу хийгдсэн, нэхэмжлэгч нь үнэлгээний талаарх гомдол гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэл зааж маргасан байна.

 

Хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2017/03816 дугаар хүчин төгөлдөр шийдвэрээр Ж.Б-, Ц.Батцэцэг нараас 160 820 956 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 962 055 төгрөгийн хамт гаргуулж, “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д олгох, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо, Үйлдвэр-2 /17042/ ХД-82 дугаар байрны 14 тоотод орших, улсын бүртгэлийн Ү-2206010924 дугаартай, 153.5 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэжээ. /хх70-81/

 

Төлбөр төлөгч нар нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШЗ2018/11174 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамжийн дагуу /хх69/ хариуцагч байгууллагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж /хх82/, нэхэмжлэлд дурдсан орон сууцыг битүүмжлэх, хураах зэрэг ажиллагааг явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасантай нийцсэн байна. /хх85-89/

 

Улмаар барьцааны эрхээр хязгаарлагдсан буюу нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн саналыг төлбөр төлөгч нараас 383 750 000 төгрөг гэж ирүүлснийг төлбөр авагч “Худалдаа хөгжлийн банк” ХХК эс зөвшөөрч үнэлгээг хөндлөнгийн шинжээчээр тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ. /хх90-93/ Энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар нь дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй гэж үзэх бөгөөд хариуцагч байгууллага төлбөр авагч талын 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр гаргасан хүсэлтэд үндэслэн “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 95 дугаар тогтоолоор шинжээчээр томилсон /хх94/ нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2.-т заасныг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын шинжээч томилохтой холбоотой ажиллагааны талаар маргаагүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв бөгөөд хэрэгт авагдсан баримтаар хариуцагч байгууллага шинжээчийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу томилжээ. Харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, давж заалдах гомдлын үндэслэлдээ, шинжээч “Мөнх-Оргил трейд” ХХК нь түүний өмчлөлийн орон сууцыг үнэлэхдээ Барилга, хот байгуулалтын байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаар хавсралтыг үндэслэсэн нь цаг хугацааны хувьд хоцрогдсон мэдээлэл ашигласны улмаас хэт доогуур үнэлсэн, үнэлгээ хийх ажиллагаанд Ж.Б-ыг оролцуулаагүй, мөн шүүхийн шийдвэрт заасан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах орон сууц түүний өмчлөл биш, өөр хаягт байрлах орон сууцанд үнэлгээ хийсэн гэх агуулгыг тайлбарлажээ.

 

Шинжээчээр томилогдсон “Мөнх-Оргил трейд” ХХК нь НШШГГ-ын 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 95 дугаар тогтоолын дагуу Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэр-2 /17042/, 82 дугаар байр14 тоот 6 давхар орон сууцны зориулалттай барилгын 5 дах давхрын 4 өрөө орон сууцыг Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Олон улсын үнэлгээний стандартыг баримтлан 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар үнэлж, одоогийн зах зээлийн нийт үнэ цэнийг 242 200 000 төгрөг гэж тодорхойлсон ба Хөрөнгийн үнэлгээний 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 34/Ш тоот тайланг хариуцагч байгууллагад 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээлгэн өгчээ. /хх95-124/

 

Дээрх тайланд орон сууцны өртгийн хандлагыг тодорхойлохдоо Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 203 тоот тушаалаар батлагдсан Барилга, байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээ болон “Барилга байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээг хэрэглэх дүрэм” зэргийг удирдлага болгосон байна. /хх107/ Ингэхдээ нэгж хүчин чадлын норматив үнэлгээ нь 2016 оны жилийн эцсийн зах зээлийн үнийн түвшинд суурилсан учраас 2019 оны хувьд үнийн өсөлтийн индекс (1.08)-ээр тус журамд заасны дагуу тохируулга хийсэн гэжээ. /хх112/ Иймд цаг хугацааны хувьд хоцрогдсон мэдээлэл ашигласан гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь үнэлгээ хэт доогуур гэх үндэслэл, тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн үнэлгээг доогуур гэж харьцуулан үзэх баримт хэрэгт авагдаагүй тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, зөв болжээ.

 

Нэхэмжлэгч нь дээрх үнэлгээтэй 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр танилцсан нь хэрэгт авагдсан хариуцагч байгууллагын мөн өдрийн мэдэгдэл, уг мэдэгдэлд тэмдэглэгдсэн Ж.Б-ын бичсэн гар бичвэр зэргээр тогтоогдож байна. /хх126/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заажээ. Нэхэмжлэгчийн хувьд 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд гомдол гаргасан /хх3-5/ боловч анхан шатны шүүх энэ талаар дурдаж, шинжээч томилж үнэлгээг тогтоолгохдоо өмчлөгчийг оролцуулаагүй гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж зөв дүгнэсэн байна.

 

Түүнчлэн, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2017/03816 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт Ж.Б-ын өмчлөлийн, үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаа хөрөнгийн хаягийг Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо гэж бичсэн, шүүх үүнийг тодруулаагүй гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. Учир нь, улсын бүртгэлийн Ү-2206010924, гэрчилгээний 000282644 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр-2 /17042/ хд-82 байр, 14 тоот 153.5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц нь Ж.Б-ын өмчлөл мөн болох нь хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх57/, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх31/ зэргээр тогтоогджээ.  

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/02411  дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                                        ШҮҮГЧИД                                Г.ДАВААДОРЖ

 

                                                                                         Т.ТУЯА