Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2020/00645

 

Ж.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, Танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/02411 дүгээр шийдвэр,           

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2069 дүгээр магадлалтай,         

Ж.Б-ын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Танхимын тэргүүн Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ж.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Улсын дээд шүүхийн 2018 оны 05 сарын 08-ны өдрийн 001/ХТ2018/00741 дугаар тогтоолоор 160.988.043 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 03 сарын 06-ны өдөр эд хөрөнгө хураах тогтоол үйлдэж, Хан-Уул дүүргийн 1-р хороо ХД82-р байрны 14 тоот, 4 өрөө байрыг хураан авч, 2019 оны 03 сарын 22-ны өдөр тус орон сууцанд үнэлгээ хийлгэхээр шинжээчээр “Мөнх-Трейд” ХХК-ийг томилжээ. Үнэлгээгээр орон сууцыг 242,200,000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнээс хэтэрхий доогуур ба 2019 оны 10 сарын 10-ны өдрийн 10 цагт болох дуудлага худалдааны үнэлгээ нь миний эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Уг орон сууцыг зах зээлийн хамгийн боломжит бага үнэ ханш буюу 1м2-ыг 2,500,000 төгрөгөөр тооцоход 153.5 м2 орон сууцны нийт үнэ 383,700,000 төгрөг болж байгаа нь энгийн зах зээлийн бодит харьцуулалт юм. Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 14 тоот орон сууц миний өмчлөлийнх байтал шүүхийн шийдвэрт Хан-Уул дүүргийн 1-р хороонд байрлах өөр эд хөрөнгийн тухай байж болохоор тогтоох хэсэгт тусгагдсан байна. Шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолд тусгагдсан хаяг бүхий орон сууц надад байхгүй. Энэ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй болгож байна. Иймд 2019 оны 04 сарын 23-ны өдрийн 101/ШЗ2019/064169 дугаар захирамжийн 3-т зааснаар миний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 14 тоот 153 метр квадрат 4 өрөө орон сууцанд тогтоосон үнэлгээг хүчингүй болгож, үнэн зөвөөр дахин шинжээч томилохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж өгнө үү гэжээ.           

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 3816 дугаар шийдвэрээр Ж.Б-, Ц.Батцэцэг нараас 161,783.011 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Худалдаа хөгжлийн банкинд барьцаалагдсан төлбөр төлөгч Ж.Б-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Үйлдвэр-2 /17042/, хд-82-р байр, 14 тоотод орших 153.5 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг хөндлөнгийн 2 гэрч нарыг оролцуулан эрх, үүргийг тайлбарлан өгч, 2018 оны 10 сарын 16-ны өдрийн 18261320/02 тоот тогтоолоор битүүмжилж уг тогтоолын нэг хувийг тус байранд амьдрах С.Баянмөнхөд хариуцуулан өгсөн. Төлбөр төлөгч Ж.Б-, Ц.Батцэцэг нараас үнийн саналыг албан бичгээр авахад 383,750,000 төгрөгөөр үнийн саналыг өгсөн боловч төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк үнэлгээг шинжээчээр тогтоолгох хүсэлт гаргасан. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар 2019 оны 03 сарын 22-ны өдрийн 95 тоот тогтоолоор үнэлгээчнээр “Мөнх-Оргил трейд” ХХК-р тогтоолгоход барьцаа хөрөнгийг 242,0000,000 төгрөгөөр үнэлсэн тухай үнэлгээний мэдэгдлийг 2019 оны 03 сарын 28-ны өдрийн 4/7791 тоот мэдэгдлийг Ж.Б-т мэдэгдсэн. Тус газраас төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 05 сарын 10-ны өдрийн анхны албан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан мөн ШШГТХ-н 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах байтал энэ хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Ж.Б-, Ц.Батцэцэг нар нь манай банктай 2013 оны 11 сарын 26-ны өдөр ЗГ-RCC2013112220-1 тоот Орон сууцны зээлийн гэрээ, БГ-RCC2013112220-1-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээнүүдийг байгуулан, 146,000,000.00 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай орон сууц худалдан авах зориулалтаар авсан. Гэвч Ж.Б-, Ц.Батцэцэг нар нь Орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 101/ШШ2017/03816 тоот шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай 2018 оны 06 сарын 27-ны өдөр гэрээ байгуулан Ж.Б-, Ц.Батцэцэг нараас 161,783,011.10 төгрөг гаргуулахаар хүсэлт гаргасан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тойргийн шийдвэр гүйцэтгэгч Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэр-2/17042/ тоот хаягт байрлах ХД-82 дугаар байрны 14 тоотын 153.5 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу битүүмжилж, хураах ажиллагааг тус тус гүйцэтгэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/02411 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Б-ын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэхийг хариуцагчид даалгах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ж.Б-аас урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2069 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/02411 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямдалай хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалд орон сууцыг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэдгээ нотлоогүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн үнэлгээний материалд хавсаргасан зараас шүүсэн орон сууцнууд нь зах зээлийн үнийг бүрэн илэрхийлж байхад түүнтэйгээ харьцуулан дүгнээгүй байна. Барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгө нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр- 2 /17042/ ХО-82 байр, 14 тоот орон сууц миний өмчлөлийнх байтал шүүхийн шийдвэрт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах өөр эд хөрөнгийн тухай байж болохоор тогтоох хэсэгт тусгагдсан нь яг миний орон сууцанд очиж үнэлгээ хийсэн эсэх нь эргэлзээтэй хэвээр үлдэж байна. Гэтэл шүүхийн магадлалаар энэ алдаа, эргэлзээгүй байдлыг засах боломж байсан ч зассангүй. Барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангах тухай Улсын дээд шүүхийн 2018 оны 05 сарын 08-ны өдрийн 001/ХТ2018/00741 дугаар тогтоолд уг барьцааны зүйл нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо гэсэн байх ба тэр үед нэхэмжлэгч мөн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байх үл хөдлөх эд хөрөнгөөр барагдуулахаар нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байгаа юм. Иймд үнэлгээ хийхээр эд хөрөнгөд үзлэг хийхдээ өмчлөгч Ж.Б-ыг байлцуулахгүй үнэлгээ хийж дараа нь танилцуулан гарын үсэг зурсан нь энэ хоёр хаягийн алинд нь үнэлгээ хийсэн нь эргэлзээтэй хэвээр үлдэж цаашид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ажиллагаа явуулах боломжгүй юм. Нэгэнт шүүхэд нэхэмжлэл гаргасан дээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үнэн бодитоор шийдвэрлэх боломжоор хангаж өгнө үү гэжээ.

                                                ХЯНАВАЛ

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Ж.Б- Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ хийлгэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасанд, анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хангасан, тэдгээрийн гаргаж өгсөн, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ эрх зүйн маргааныг зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянан хэлэлцэж шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 , 167 дугаар зүйлийн 167.1-д заасныг зөрчөөгүй,  шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн гэж үзлээ.

 Нэхэмжлэгч Ж.Б- хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлдээ “... орон сууцыг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэдгээ нотлоогүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн үнэлгээний материалд хавсаргасан зараас шүүсэн орон сууцнууд нь зах зээлийн үнийг бүрэн илэрхийлж байхад түүнтэйгээ харьцуулан дүгнээгүй ..., ....үл хөдлөх эд хөрөнгө нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр- 2 /17042/ хд-82 байр, 14 тоот орон сууц миний өмчлөлийнх байтал шүүхийн шийдвэрт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах өөр эд хөрөнгийн тухай байж болохоор тогтоох хэсэгт тусгагдсан нь яг миний орон сууцанд очиж үнэлгээ хийсэн эсэх нь ...., өмчлөгч Ж.Б-ыг байлцуулахгүй үнэлгээ хийж дараа нь танилцуулан гарын үсэг зурсан нь энэ хоёр хаягийн алинд нь үнэлгээ хийсэн нь эргэлзээтэй...., анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үнэн бодитоор шийдвэрлэх боломжоор хангаж өгнө үү” гэжээ.

Ж.Б-, Ц.Батцэцэг нар нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2017/03816 дугаар шийдвэрээр 160.820.956 төгрөг Худалдаа хөгжлийн банк ХХК-д төлөх үүрэгтэй байна.

Төлбөр төлөгч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Ж.Б-ын өмчлөлийн барьцаа хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрт мөн заажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх бөгөөд сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан журмын дагуу албадан гүйцэтгэнэ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд төлбөр төлөгч нар төлбөрийг сайн дураараа төлөөгүй тул, албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар явуулж Ж.Б-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Үйлдвэр-2 /17042/, хд-82-р байр, 14 тоотод орших 153.5 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг битүүмжлэн,  хурааж үнийн санал авах, үл хөдлөх эд хөрөнгийг хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэх  ажиллагаа явуулсан  нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 46, 49, 54, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай  нийцжээ./хх-84, 88, 90-91/

Энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтад үндэслэгдсэн, шүүх үнэлгээний талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр 40.2-т заасан нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журам зөрчөөгүй байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн мэдэгдлээр төлбөр төлөгч Ж.Б-, Ц.Батцэцэг нарт мэдэгдсэн, төлбөр төлөгч нар  2019 оны 4 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд хандсан нь  үнэлгээний талаар гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байх бөгөөд хоёр шатны шүүх энэ талаар дүгнэлт хийхдээ  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шинжээчээр томилогдсон “Мөнх-Оргил трейд” ХХК нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг өртгийн, орлогын, зах зээлийн жишиг үнийн хандлагын аргаар тус тус үнэлж, орон сууцны зах зээлийн үнийг 242.200.000 төгрөг гэж  тогтоосныг нэхэмжлэгч үгүйсгэсэн, тухайн үл хөдлөх хөрөнгө нь ямар онцлог шинжээрээ шинжээчийн тогтоосон үнэлгээнээс их байх боломжтойг нотолсон баримт гаргаагүй, түүнчлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүрийн мэдэгдлийг тухай бүрт нь төлбөр төлөгч, өмчлөгчид мэдэгдэж ажиллагаанд биечлэн оролцох боломжоор хангаж уулзалт тэмдэглэл хөтөлж байсан нь хэргийн баримтаар тогтоогдсон тул эдгээр үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн гомдол хангагдах боломжгүй юм.

Барьцааны үл хөдлөх эд хөрөнгө нь Хан-Уул дүүргийн 2-р хороо, Үйлдвэр-2 /17042/ ХД-82 байр, 14 тоот хаягт С.Баярсайханы өмчлөлд бүртгэлтэй байжээ. /хх-8/

2013.11.22-ны өдөр С.Баярсайханы өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2-р хороо, Үйлдвэр-2 /17042/ ХД-82 байр, 14 тоот үл хөдлөх эд хөрөнгийг Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр- 2 /17042/ хд-82 байр, 14 тоот гэж шилжүүлж, хууль ёсны өмчлөгчөөр Ж.Б-ыг бүртгэж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна./хх-8, 57/

Ж.Б- нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр авснаас хойш буюу  Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо  ... гэсэн хаягаар бүртгэгдсэний дараа 2013.11.26-ны өдөр “Орон сууцны зээлийн гэрээ”, “Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-нд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан орон сууцны зээл авсан байх бөгөөд эдгээр гэрээнд барьцааны хөрөнгийн хаягийг Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр- 2 /17042/ хд-82 байр, 14 тоот гэж заажээ.

Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.11.28-ны өдрийн 101/ШШ2017/03816 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.01.31-ний өдрийн 210/МА2018/00349 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн хуралдааны 2018.5.08-ны өдрийн 001/ХТ2018/00741 дүгээр тогтоолоор барьцааны хөрөнгө болох   Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр- 2 /17042/ хд-82 байр, 14 тоот 153.5 м.кв 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэхдээ барьцааны гэрээнд заасан хаягт байгаа үл хөдлөх хөрөнгийг нэрлэн заасан байх бөгөөд хаяг, байршил өөр, бусдын хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд заасан гэх байдал тогтоогдохгүй байна.  

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхийн шийдвэрт заасан хөрөнгөнд үнэлгээг хийсэн нь тогтоогдсон,  барьцааны хөрөнгө мөн байх тул “...яг миний орон сууцанд очиж үнэлгээ хийсэн эсэх нь эргэлзээтэй...” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/02411 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2069 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямдалайгийн гомдлыг хангахгүй орхисугай.           

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР