Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 76

 

 

Д.А, Д.А нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Учралгэрэл, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 579 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 924 дүгээр магадлалтай, Д.А, Д.А нарт холбогдох 1709010320273 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.А-ын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 448 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял шийтгүүлж, 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Ш овогт Д-ын А,

2.Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Солонгос хэлний багш мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Ш овогт Д-ын А нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” гэмт хэрэгт тус тус гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.А, Д.А нарыг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч тус бүрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэж, торгох ялыг хорих ялтай нийцүүлэн 30 хоног хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч тус бүрийн нийт эдлэх ялыг 1 жил 30 хоногийн хугацаагаар тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.   

 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Д.А, Д.А нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн ял нэмж нэгтгэсэн 3 дахь заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч  тус бүрийн биечлэн эдлэх ялыг 1 жилийн хорих ялаар тогтоосон өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Д.А-ын өмгөөлөгч П.Учралгэрэл, Ц.Даваажаргал нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.А гаргасан гомдолдоо “Миний бие хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байна. Үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хор уршгаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа болно. Тухайн хэрэг болох өдөр өөрийн төрсөн дүү Д.А-г хохирогч М-тай маргалдаж байх үед ах хүний хувьд өмөөрч, уураа барьж чадалгүй бусдын эрүүл мэнд болон эрх чөлөөнд нь халдаж, олон нийтийн газар танхайрсандаа харамсаж байна. Энэ гэмт хэргийн улмаас Маналд учирсан 280,000 төгрөгийн бодит хохирлыг төлж барагдуулсан төдийгүй цаашид эмчилгээ хийлгэхэд зориулж 2,000,000 төгрөг нэмж өгч, хохирогчтой эвлэрэн уучлалт гуйсан болно. Нэг айлын хоёр хүүхэд бие биенээ өмөөрснөөс болж хэрэгт холбогдож, улмаар хорих ял шийтгүүлснийг эцэг маань сонсож цочролд орж, хоёр удаа цус харвасан. Одоо бусдын асрамжид байгаа болно. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан, тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, ар гэрийн байдал зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэжээ.  

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Д.А-ын өмгөөлөгч П.Учралгэрэл хэлсэн саналдаа “Шүүгдэгч А нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж ирсэн тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар тэнсэж өгөхийг хүсч байна. А нь 6 сар гаруй хоригдсон бөгөөд түүний ар гэр нь маш хүнд байдалтай, эцэг нь 2 удаа цус харвасан, эхнэр нь дурангийн хагалгаанд орсон, 3 охин нь харж хандах хүнгүй байгаа байдлыг харгалзаж үзнэ үү” гэв.

Мөн хуралдаанд прокурор Ц.Насанбат гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан учраас уг зүйл ангийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Шүүгдэгч Д.А, Д.А нарт оногдуулсан ял тохирсон, хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж үзэж байгаа тул анхан болон давж заалдах шатны тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.А-ын гаргасан гомдлыг үндэслэн Д.А, Д.А нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Д.А, Д.А нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2017 оны 08 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Клаб-24” нэртэй баарны үүдэнд болон ойролцоох авто зогсоолын орчимд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж Б.М-д хүч хэрэглэн зодсоноос эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хоёр зовхи, хамар, зүүн чамархай, хацар, шанаа, уруул, хүзүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салстын цус харвалт, зүүн чихний дэлбээ, хүзүү, зүүн бугалганд цус хуралт, дээд уруул дотор салстын язрал, хоёр шуу, баруун шилбэнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.А, Д.А нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн тэднийг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хуульд заасан хэмжээний ял оногдуулсан байна.

Хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх явцад шүүгдэгч нарт холбогдох “хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар дууссан гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй болжээ.

Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийг хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэхээр заасан бөгөөд ингэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэрэг хэргийг санаатай үйлдсэн хүнд энэхүү зохицуулалтыг хэрэглэхгүй байхаар хуульчилсан байна.

Шүүгдэгч Д.А, Д.А нарын хувьд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах явцад Б.М-д хүч хэрэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд тэднийг энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “...хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдлээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцно” гэсэн зохицуулалтад хамаарагдаж байгаа болно. Өөрөөр хэлбэл нийлмэл гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоодог билээ.

Хэдийгээр давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон боловч энэ нь шүүгдэгч нар нийлмэл гэмт хэрэг үйлдсэн талаарх дүгнэлтийг өөрчлөхгүй бөгөөд  одоо хүчин төгөлдөр үйлчилж буй 2015 оны Эрүүгийн хуульд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хэрэглэх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.А-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 579 дүгээр шийтгэх тогтоол, түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 924 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.А-ын гаргасан хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН