Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 02156

 

Х.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2019/02846 дугаар шийдвэртэй, Х.Б-гийн нэхэмжлэлтэй, “Х Х Т Э Х” ТББ-д холбогдох,

Гэрээгээр хүлээсэн үүрэг ёсоор төлөх ажлын хөлс, алданги нийт 2 050 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Миний бие тус холбооны зарим гишүүдийн хүсэлт, санаачилга, холбооны дүрмийн 3 дугаар зүйлийн 3.4.1-д заасан хуульчидтай хамтран ажиллах гэснийг үндэслэн Удирдах Зөвлөлийн шийдвэрийн дагуу “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ /цаашид “АТҮТ” ТӨҮГ гэх/, тээвэрлэгч нарын хооронд шинэчилсэн гэрээний төсөл хийх ажлыг гүйцэтгэх болсон. Үүний дагуу тус холбооны тэргүүн Т.Хүрэлхүүгээс 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр итгэмжлэл авч, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 18/01 дугаартай хууль, эрх зүйн туслалцаа үзүүлсний хөлс, төлбөр төлөх хэлцэл хийсэн. Гэрээний төсөл хийх явцад “АТҮТ” ТӨҮГ-т очиж холбогдох албан тушаалтантай уулзан, талуудын төлөөллийн хамтарсан хуралдаанд оролцож, УЗ-ийн гишүүдтэй ганцаар болон хэсгээр биечлэн уулзаж санал солилцож, салбарын туршлагатай ажилтан, УЗ-ийн гишүүн, “Газрын од” ХХК-ийн захирал Д.Энхбаттай хамтарч гэрээний эрх зүйн шаардлагыг хангаж ажилласан.

Шинэчилсэн гэрээг Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн сонсгож, эцэслэн найруулж 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 01/92 тоотоор “АТҮТ” ТӨҮГ-т хүргүүлсэн. Тэрбээр 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпалам, Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо ТББ-ын тэргүүн Т.Хүрэлхүү нар гарын үсэг зурж баталгаажуулсан шинэчилсэн гэрээний төслөөр 60 ААН, компаниуд “АТҮТ” ТӨҮГ-тай 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхэлж гэрээ хийж зорчигч тээвэрлэгчийн ажил, үүргийг гүйцэтгэж 21 аймаг, сум, хот, сууринд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байна.

Төсөл хийх ажлын хөлс 1 500 000 төгрөгөөр тохиролцож, урьдчилгаа 500 000 төгрөг олгосон. Тэргүүн Т.Хүрэлхүүгээс цахим захиа, утсаар удаа дараа, бичгээр 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр үлдэгдэл болон алдангийг асуусан боловч хариу өгөөгүй. Иймд бидний хооронд байгуулсан хэлцлийн 6, 8 дугаар зүйлийн дагуу үлдэгдэл 1 000 000 төгрөг, Г.Доржпалам, Т.Хүрэлхүү нар нь шинэчилсэн гэрээнд гарын үсэг зурсан 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ердийн боломжит хугацаа буюу 30 хоногийн дараа захиалгат ажлын төлбөр бүрэн төлөх, хүлээх хариуцлагыг хэлцлийн 4-т тусгаснаар 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс өдгөө буюу 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 210 хоногийн алданги 1 050 000 төгрөг нийт 2 050 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэл гаргаснаас хойш 1 000 000 төгрөг төлсөн тул гэрээний үүргийн хугацаа хэтрүүлсэн үлдэгдэл 1 050 000 төгрөгөөс 550 000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, үлдэгдэл 500 000 төгрөг буюу алдангийг гаргуулна гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Хариуцагч байгууллагын тэргүүлэгчдийн хүсэлтээр иргэн Х.Б-г 2018 оны 12 дугаар сард нийт зорчигч тээвэрлэгч ААН-үүдийн өмнөөс “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-тай Хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлт гүйцэтгүүлэх гэрээний төсөл хийлгэн, түүнийгээ хамгаалан батлагдах хүртэл өмгөөлөгчөөр ажиллуулах хэлцэл хийхээр тохирсон. Х.Б- төсөл хийж танилцуулан мөн оны 12 сарын 07-ны өдөр  “АТҮТ” ТӨҮГ-т албан бичгээр хүргүүлсэн. Үүнээс хойш гэрээ батлагдах хүртэл 3 удаа “АТҮТ” ТӨҮГ-ын ажлын хэсгийн ахлагч Г.Доржпалам нартай тус холбооны тэргүүн Т.Хүрэлхүү миний бие, тэргүүлэгч Д.Энхбат, менежер Л.Даваабат бид ажлын хэсгийн хуралдаанд оролцсон бөгөөд Х.Б- Баян-Өлгий аймаг явсан учир оролцож чадаагүй, энэ тухайгаа дараа нь мэдэгдэж байсан.

Гэрээ эцэслэн батлагдахад Х.Б-гийн хийсэн төслийн заалтууд, агуулга, найруулга утга санаа, үг өгүүлбэрээр анхны байдлаас их зөрүүтэй болсон. Үүнийг анхны төсөл болон батлагдсан гэрээг харьцуулан харахад ойлгомжтой болно. Х.Б- анхны төслийг 100 хувь батлагдсан гэвэл дахин нэг бүрчлэн үг үсгээр нь хөндлөнгийн экспертээр нягталж үзэх хүсэлтэй байна. Үнэ хөлсийг анх 1 500 000 төгрөгөөр тохирсон бөгөөд гэрээний төслөө 100 хувь хамгаалаагүй, агуулга, заалтууд өөрчлөгдөж батлагдсан тул урьдчилгаа 500 000 төгрөг дээр нэмж 500 000 төгрөг, нийт 1 000 000 төгрөг өгөх хүсэлтэй байна. Гэвч Х.Б-тай тэргүүлэгч Д.Энхбат болон бусад хүмүүс тохиролцож 1 000 000 төгрөг өгвөл эвлэрлийн гэрээ байгуулна гэсэн.

Д.Энхбат, Л.Даваабат нар тайлбарыг харгалзан 2 өдөр хүлээсэн ч өмгөөлөгч Х.Б- янз бүрийн тайлбар хэлээд уулзаагүй. Түүний хэлсэн ярьсан үг, 10 дугаар сарын 30-ны өдрийн 16 цаг 47 минутад бичсэн эвлэрье гэсэн мессеж саналыг үндэслэн “Хаан банк” ХХК-ийн 5180848809 тоот дансанд нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр            1 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл шүүх хуралдаанд эвлэрлээс татгалзсан байр суурьтай, алданги нэхэмжилж байгааг гайхаж байна. Тус холбоо алданги нэмж төлөх үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дах хэсэгт зааснаар хариуцагч “Х Х Т Э Х” ТББ-аас                         500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 550 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн                    47 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх, хариуцагч “Х Х Т Э Х” ТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид 15 650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч 2 050 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэрээр эвлэрэн хэлэлцэх санал гаргасаныг хариуцагч хүлээн зөвшөөрч 1 000 000 төгрөгийг шилжүүлсэн боловч мөнгийг авсны дараа эвлэрэх саналаас татгалзсан. Нэхэмжлэгчийн шаардаж буй алдангийг хариуцагч төлөх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд анх бидэнд гэрээ байгуулахад алдангийн талаар тохиролцоогүй, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төсөлд гарын үсэг зуруулсан байдаг. Нэхэмжлэгчийн бэлдэж өгсөн Авто тээврийн үндэсний төвтэй байгуулах гэрээний төсөл бүхэлдээ өөрчлөгдөж батлагдсан.

Түүнчлэн шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч 2 050 000 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд энэ хүрээнд хариуцагч талаас татгалзсан тайлбар бичгээр өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шаардлагаа 1 000 000 төгрөгөөр багасгаж, 550 000 төгрөгийн шаардлагаас татгалзаж 500 000 төгрөг буюу алданги гаргуулахаар нэхэмжилсэн. Энэхүү багасгасан шаардлагыг шүүх хариуцагчид гардуулах, хариу тайлбар гаргах боломжит хугацаа олгоогүй нь хариуцагчийг шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцуулаагүй мэтгэлцэх зарчим бүрэн хангагдаагүй гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Х.Б- нь хариуцагч “Х Х Т Э Х” ТББ-д холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөр 1 000 000 төгрөг, алданги 1 050 000 төгрөг, нийт 2 050 000 төгрөг гаргуулахаар шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 1 000 000 төгрөг төлснийг хасч тооцон үлдэх 1 050 000 төгрөгийн шаардлагаас 550 000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, 500 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна. /хх1-2,97/

 

Хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч тохиролцсон ёсоор 1 000 000 төгрөгийг төлсөн, алданги төлөх үндэслэлгүй, нэхэмжлэгч нь төслийг бичгээр хийсэн боловч ажлын хэсгийн хуралдаан болон төсөл батлах ажиллагаанд биечлэн оролцоогүй, хийсэн төсөл шаардлага хангахгүй байсан учраас өөрчлөлт оруулсан гэж тайлбарлажээ. /хх52,53,97/

 

Талууд 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “Хууль, эрх зүйн туслалцаа үзүүлсний хөлс, төлбөр төлөх хэлцэл” байгуулж, уг хэлцлийн гүйцэтгэгч буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б- нь “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, тээвэрлэгч нарын хоорондын шинэчилсэн гэрээний төсөл хийх, захиалагч болох “Х Х Т Э Х” ТББ-аас түүний ажлын хөлсөд 1 500 000 төгрөг төлөх, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцох нөхцлийг харилцан тохиролцсон байна. /хх7/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн. Уг гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Нэхэмжлэгч нь хэлцлээр тохирсон ажил буюу “Хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-ний төсөл боловсруулж, хариуцагч уг төслийг “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-т хүргүүлж, тус газар шинэчлэн боловсруулсан төслийг баталгаажуулж 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Хот хоорондын нийтийн тээвэр гүйцэтгэдэг аж ахуйн нэгж байгууллагууд гэрээг байгуулан ажиллаж байгаа нь тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т хариуцагч талаас хүргүүлсэн 01/92 дугаартай албан бичиг, тус газраас хариуцагчид хүргүүлсэн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/422 дугаартай албан бичиг, Хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээний шинэчлэн боловсруулсан төсөл зэргээр дээрх үйл баримт нотлогдож байна. /хх86-95/

 

Хариуцагч буюу тухайн гэрээний ажиллуулагч тал Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1.Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлөх, мөн хэлцлийн 4-т зааснаар захиалсан ажилд хуулийн болон бусад хэлбэрээр шийдвэр гарснаас хойш ердийн боломжит хугацаанд хөлс, төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн нь зохигчийн тайлбараар тогтоогдсон. Талууд хэлцлийн нөхцөлд “төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх” талаар тусгасан, энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.6 дах хэсэгт заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардаж, шүүхэд мэдүүлэх үед хариуцагч үндсэн төлбөрөөс 1 000 000 төгрөг төлөөгүй байсан тул алданги тооцох хууль зүйн үндэслэлтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч үндсэн төлбөрийн үлдэгдэл 1 000 000 төгрөгийг төлсөн нь хугацаа хэтрүүлсний улмаас үүссэн алдангийн төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгч энэхүү үнийн дүнд тохирох алдангиас татгалзаагүй тул шүүх 500 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгахгүй.

 

Түүнчлэн, хариуцагч хугацаа хэтрүүлсний улмаас алданги төлөхгүй буюу нэхэмжлэгчийн хийсэн ажил доголдолтой байсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүйг шүүх зөв дүгнэжээ.

 

Үүнээс гадна, хариуцагч нь “шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн багасгасан шаардлагыг хариуцагчид гардуулах, хариу тайлбар гаргах боломжит хугацаа олгоогүй” гэж давж заалдах гомдлын нэг үндэслэлээ тайлбарлаж байна. Хэргийн баримт, зохигчдын тайлбараас үзвэл, нэхэмжлэгч нь хуульд заасан эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн зарим хэсгээс татгалзсан байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэл, түүний үндэслэлийг өөрчлөөгүй тохиолдолд түүнийг хариуцагчид гардуулах, тайлбар авах зэрэг нэмэлт ажиллагаа хийх шаардлагагүй юм.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2019/02846 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Х Х Т Э Х” ТББ давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                                        ШҮҮГЧИД                                С.ЭНХТӨР

 

                                                                                         Т.ТУЯА