Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 184/ШШ2019/02846

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Х.Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Х” ТББ-д холбогдох,

 

2,050,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие тус холбооны зарим гишүүдийн хүсэлт, санаачилга, холбооны дүрмийн 3 дугаар зүйлийн 3.4.1. "... хуульчидтай хамтран ажиллах.” заалтыг үндэслэн Удирдах Зөвлөлийн шийдвэрийн дагуу “АТҮТ” ТӨҮГ, тээвэрлэгч нарын хооронд шинэчилсэн гэрээний төсөл хийх захиалгын ажлыг гүйцэтгэхийн тулд тус холбооны тэргүүн Т.Х-ийн олгосон 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн итгэмжлэл авч, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №18/01 дугаартай хууль, эрх зүйн туслалцаа үзүүлсний хөлс, төлбөр төлөх хэлцэл хийсэн.

Тус гэрээний төсөл хийх явцдаа “АТҮТ” ТӨҮГ-т очиж зохих ёсоор холбогдох албан тушаалтантай уулзан, талуудын төлөөллийн хамтарсан хуралдаанд оролцож, мөн үдаа дараа тус хопбооны УЗ-ийн гишүүдтэй ганцаар болон хэсгээр ажил хэрэгч байдлаар биечлэн уулзаж тус тус санал солилцож, ялангуяа энэ салбарын ууган, туршлагатай ажилтан, УЗ-ийн гишүүн, “Газрын од” ХХК-ийн Д.Э захиралтай хамтарч гэрээний эрх зүйн шаардлагыг хангаж ажилласан.

Үүгээр АТҮТ, тээвэрлэгч нарын хооронд шинэчилсэн гэрээний төсөл хийж тус гэрээг тус холбооны Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн сонсгож, эцэслэн найруулж 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 01/92 тоотоор “АТҮТ” ТӨҮГ-т хүргүүлсэн. Тэрбээр 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “АТҮТ” ТӨҮГ-ын Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Д, “Х” ТББ-ын тэргүүн Т.Х нар гарын үсэг зурж баталгаажуулсан шинэчилсэн гэрээний төслөөр 60 ААН, компаниуд “АТҮТ” ТӨҮГ-тай 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхэлж гэрээ хийж зорчигч тээвэрлэгчийн ажил, үүргийг гүйцэтгэж 21 аймаг, сум, хот, сууринд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байна.

Хэлцлийн дагуу “АТҮТ” ТӨҮГ, тээвэрлэгч нарын хооронд шинэчилсэн гэрээний төсөл хийх ажлын хөлс төлбөрт 1,500,000 төгрөгөөр тохиролцсон ба урьдчилгаанд 500,000 төгрөг олгосон.

Дараа нь тэргүүн Т.Х-ээс цахим захиа, утсаар удаа дараа, бичгээр 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр үлдэгдэл болон алданги мөнгийг асуусан боловч хариу өгөөгүй өдгөө хүртэл чирэгдүүлж байна.

Иймд бидний хооронд байгуулсан хэлцлийн 6, 8 дугаар зүйлийн дагуу үлдэгдэл 1,000,000 төгрөгийг, Г.Д, Т.Х нар “АТҮТ” ТӨҮГ, Тээвэрлэгч нарын хооронд байгуулсан шинэчилсэн гэрээнд гарын үсэг зурсан 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ердийн боломжит хугацаа буюу 30 хоногийн дараа захиалгат ажлын төлбөрийг бүрэн төлөх, хүлээх хариуцлагыг  хэлцлийн 4-т тусгасны дагуу 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс өдгөө хүртэл буюу 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх 210 хоногийн алданги 1,050,000 төгрөг нийт 2,050,000 төгрөгийг “Х” ТББ-аас гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэл гаргаснаас хойш 1,000,000 төгрөг төлсөн. Гэрээний үүргийн хугацаа хэтрүүлсэн 1,050,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Нэхэмжлэгч миний бие нэхэмжлэлийн шаардлагаас 550,000 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 500,000 төгрөгийг буюу алдангийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч “Х” ТББ, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Хны Удирдах зөвлөлийн тэргүүлэгчдийн хүсэлтээр иргэн Х.Бг 2018 оны 12 сард нийт зорчигч тээвэрлэгч ААН-үүдийн өмнөөс Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-тай Хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлт гүйцэтгүүлэх гэрээний төсөл хийлгэн, түүнийгээ хамгаалан батлагдах хүртэл өмгөөлөгчөөр ажиллуулан хэлцэл хийхээр анх тохирсон. Х.Б төсөл хийж танилцуулан мөн оны 12 сарын 07-нд АТҮТ-д албан бичгээр хүргүүлсэн.

Түүнээс хойш гэрээ батлагдах хүртэл 3 удаа АТҮТ-ийн ажлын хэсгийн ахлагч Г.Д нартай тус холбооны тэргүүн Т.Х миний бие болон тэргүүлэгч Д.Э, менежер Л.Д бид ажлын хэсгийн хуралдаанд оролцсон бөгөөд өмгөөлөгч Х.Б Баян-Өлгийд явсан учир оролцож чадаагүй, энэ тухайгаа дараа мэдэгдэж байсан. Гэрээ эцэслэн батлагдахад Х.Бгийн хийсэн төслийн заалтууд, агуулга, найруулга нь утга санаа, үг өгүүлбэрээрээ анхныхаасаа ихээхэн зөрүүтэй болсон. Үүнийг анхны төсөл, батлагдсан гэрээг харьцуулан харахад ойлгомжтой байгаа. Х.Б анхныхаа төслийг 100 хувь батлагдсан гэвэл дахин нэг бүрчлэн үг үсгээр нь хөндлөнгийн экспертээр нягталж үзэх хүсэлтэй байна.

Үнэ хөлсийг анх 1,500,000 төгрөгөөр тохирсон бөгөөд гэрээний төслөө 100 хувь хамгаалаагүй, агуулга, заалтууд нь өөрчлөгдөж батлагдсан тул урьдчилгаа 500,000 төгрөг дээр нэмж 500,000 төгрөг нийт 1,000,000 төгрөг өгөх хүсэлтэй байна.

Гэвч Х.Бтай тэргүүлэгч Д.Э болон бусад хүмүүс тохиролцож одоо 1,000,000 төгрөгийг өгвөл эвлэрлийн гэрээ байгуулъя гэсэн. Д.Э, Л.Д нар тайлбарыг харгалзан 2 өдөр хүлээсэн ч өмгөөлөгч Х.Б нь янз бүрийн тайлбар хэлээд уулзаагүй болно. Өмгөөлөгч Х.Бгийн хэлсэн ярьсан үг, 10 сарын 30-ны өдрийн 16:47 цагт бичсэн мессежийг, эвлэрье гэсэн саналыг үндэслэн Хаан банкны 5180848809 дансанд нь 10 сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл өнөөдөр хурал дээр эвлэрлээс татгалзсан байр суурьтай, алданги нэхэж байгааг гайхаж байна. Тус холбоо алданги нэмж төлөх үндэслэлгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч “Х” ТББ-д холбогдуулан 2,050,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс ...шүүхэд нэхэмжлэл ирсний дараа 1,000,000 төгрөг төлсөн, үлдэх 1,050,000 төгрөгийн 550,000 төгрөгөөс татгалзсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж алданги 500,000 төгрөгийг хариуцагчаас шаарджээ.

 

Хариуцагч талаас ...гэрээнд заасан ажлыг хангалттай гүйцэтгээгүй, өөрийнх нь боловсруулсан төсөл, батлагдсан төсөл 2 хоорондоо зөрүүтэй байдаг, төсөл шаардлага хангаагүй учир дахин өөрчлөлт оруулж батлуулсан тул алдангийг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэх хүсэлт гаргасны дагуу 1,000,000 төгрөгийг төлсөн гэсэн татгалзсан тайлбарыг гарган мэтгэлцдэг.

 

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаас үзэхэд талуудын хооронд Авто тээврийн үндэсний төв, тээвэрлэгч нарын хоорондын шинэчилсэн гэрээний төсөл хийх ажлыг 1,500,000 төгрөгөөр гүйцэтгэхээр 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 18/01 дугаартай “Хууль, эрх зүйн туслалцаа үзүүлсний хөлс, төлбөр төлөх хэлцэл” байгуулагдсан байна. Талууд хэлцэл байгуулсан аагүй гэх асуудлаар маргаагүй бөгөөд тэдний хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан гэрээний харилцаа, эрх, үүрэг үүссэн, хүсэл зоригоо илэрхийлэн гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон, хүчин төгөлдөр хэлцэл байна. Тухайн хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллагч буюу нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн ажлаа хийж гүйцэтгэсэн бол ажиллуулагч буюу хариуцагчаас хөлсөө шаардах эрхтэй.

 

Талууд ажлын хөлсийг 1,500,000 төгрөгөөр тохиролцсон ба 500,000 төгрөгийг урьдчилгаа болгон өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөн 1,000,000 төгрөгийг төлсөн талаар маргадаггүй. Харин ажлын гүйцэтгэл, доголдлоос үүдэн төлбөр төлөхгүй гэх татгалзлыг хариуцагч талаас гаргадаг. Гэвч хариуцагч тал нь дээрх татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар тайлбараа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 38 дугаар зүйлийн 38.6-д заасан эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

Хариуцагч талын ...нэхэмжлэгч гэрээнд заасны дагуу үүргээ бүрэн биелүүлээгүй, гэрээний төсөл нь анх хийснээрээ батлагдаагүй гэх татгалзсан тайлбараа дээр дурдсаны дагуу баримтаар нотлоогүй бөгөөд нэхэмжлэгч талын гэрээний төсөл боловсруулах ажлаа гүйцэтгэсэн гэх тайлбар буюу маргааны үйл баримт нь ...2018 оны 12 сарын 06-ны өдрийн шинэчилсэн гэрээний төсөл боловсруулах тухай хэлцэл, Автотээврийн үндэсний төвд хүргүүлсэн 2018 оны 12 сарын 07-ны өдрийн 01/92 дугаартай ...Тус Х ТББ-аас “Хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-ний төслийг эцсийн хувилбараар боловсруулан хүргүүлж байна. Цаашид ажлын хэсэгт хуулийн зөвлөх Х.Б нь тус байгууллагыг төлөөлөх эрхтэй оролцоно гэх “Х” ТББ-ын албан бичиг, Х ТББ-д хүргүүлсэн 2018 оны 2 сарын 28-ны өдрийн 1/422 дугаартай ...Ажлын хэсгийн хурлаар танай байгууллагаас 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 01/92 тоот албан бичгээр ирүүлсэн “Хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-ний төслийг хэлэлцэн зөвшилцөж санал нэгдэн гэрээний төслийг баталгаажуулан хурлын тэмдэглэл гаргасан. “Хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-г 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Хот хоорондын нийтийн тээвэр гүйцэтгэдэг аж ахуйн нэгж байгууллагуудтай байгуулан ажиллаж байна гэх Автотээврийн үндэсний төвийн албан бичиг, “Хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-ний шинэчлэн боловсруулсан төсөл зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт “Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгч тал гэрээнд заасан төсөл боловсруулах ажлаа хийж гүйцэтгэсэн болох нь дээр дурдсанчлан баримтаар нотлогдож байх тул хариуцагч тал хөлсийг төлөх үүрэгтэй болно. Шүүхэд нэхэмжлэл гаргах үед хариуцагч нь гэрээний үүргээс 1,000,000 төгрөг төлөөгүй байсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүргээ гүйцэтгэсэн үйл баримт тогтоогдож байгаа хэдий ч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцон нэхэмжилсэн нь гэрээ болон хуульд заасны дагуу тул тухайн гүйцэтгээгүй байх хугацааны алдангийг хариуцах учиртай.

 

Нэхэмжлэгч талын ...хариуцагч тал нь гэрээгээр тохиролцсоны дагуу төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-иар алдангийг тооцож 2019 оны 3 сарын 1-ээс 2019 оны 9 сарын 30 хүртэлх хугацааны алданги 1,050,000 төгрөгөөс 550,000 төгрөгөөс татгалзаж 500,000 төгрөгийг гаргуулна гэх тайлбарыг хуулийн үндэслэлтэй, гэрээ болон хуульд нийцсэн байна гэж дүгнээд нэхэмжлэгчийн багасгасан шаардлага болох 500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

 

Тодруулбал, дээрх нэхэмжлэлийн шаардлагын алдангийг хангаж буй асуудал нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан 2018 оны 12 сарын 06-ны өдрийн 18/01 дугаартай гэрээний 4-т “Захиалсан ажилд хуулийн болон бусад хэлбэрээр шийдвэр гарснаас хойш ердийн боломжит хугацаанд гүйцэтгэгчид олгох хөлс, төлбөрийг төлнө, хугацаа хэтрүүлсэн хоног тутам үнийн дүнгийн 0,5%-иар алданги төлнө” гэж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр байгуулна”, 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтэрч болохгүй”, 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-иас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус заасантай нийцнэ.

 

Иймээс шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж улмаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 2,050,000 төгрөгөөс 1,550,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “Х” ТББ-аас 500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Бд  олгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Х” ТББ-аас 500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,550,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х” ТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид 15,650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Э.АМИН-ЭРДЭНЭ