Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 02155

 

“К К И ББСБ” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/02780 дугаар шийдвэртэй, “К К И ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Д-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 20 326 288 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Маргад, Д.Батхуяг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 30 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай Д.Цолмон, Ш.Д- нарт зээлж, зээлийн болон барьцааны гэрээг тус тус байгуулсан. Зээлдэгчийн хувьд эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн. Гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дууссан. Үүний дараа зээлдэгчийг зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлээ төлж барагдуулаагүй. Талуудын 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан барьцааны гэрээнд Ш.Д-гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө барьцаалагдсан ба зээлийн үлдэгдэл 18 730 169 төгрөг, хүү 1 330 099 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 266 020 төгрөг, нийт 20 326 288 төгрөг байна. Иймд нэхэмжлэгч талыг хохиролгүй болгохын тулд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний эхний нүүрэнд нэхэмжлэгч нь Д.Цолмонтой гэрээ байгуулсан. Гэрээнд Ш.Д- зээл авсан гэсэн нэг ч үг, өгүүлбэр байдаггүй. Хамтран зээлдэгчийн хэсэгт Ш.Д- гарын үсэг зурсан байдаг. Ш.Д- тайлбарлахдаа нэхэмжлэгч байгууллагаас зээл аваагүй, Д.Цолмон зээл авч, би зээлийн барьцаанд орон сууцаа барьцаалахыг зөвшөөрч, итгэмжлэл хийж өгсөн. Намайг дуудаж гэрээнд гарын үсэг зуруулсан. Зээл авахаар хандаж, гэрээ байгуулж, харилцан тохиролцсон зүйл байхгүй гэдэг. Гэтэл нэхэмжлэгч нь Ш.Д- зээл авсан, гэрээ байгуулсан, авсан мөнгөө төлөхгүй байна гэж тайлбарлах боловч 30 000 000 төгрөгийг түүнд өгөөгүй, шилжүүлсэн баримтгүй ба Ш.Д- нэг ч төгрөг аваагүй, харин 30 000 000 төгрөгийг Д.Цолмонд өгсөн байдаг. Иргэний хуульд зааснаар зээлийн гэрээний төлбөр шилжүүлж өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцдог. Иймд нэхэмжлэгч болон Ш.Д- нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй.

Хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн мэдэгдэл, зээлийн тооцоо зэрэгт Ш.Д- гэх нэр байхгүй, бүх баримт Д.Цолмонгоор байдаг. Нэхэмжлэгч Д.Цолмонд зээлийн мэдэгдэл өгсөн, Д.Цолмон, Ш.Д- нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаад Д.Цолмон олдохгүй болохоор Ш.Д-гаас мөнгөө нэхэмжилж байна. Уг асуудлыг шүүхээр шийдүүлэх гэж байгаа бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Д.Цолмонг заавал оролцуулах ёстой. Зээлдэгч Д.Цолмон 30 000 000 төгрөгийг нэхэмжлэгч талаас яаж авсан, зээлийн төлбөрийг хэзээ яаж төлснийг Ш.Д- мэдэхгүй учраас мэтгэлцэх боломжгүй. Д.Цолмонг шүүх хуралдаанд оролцож, төлбөр тооцооны асуудлыг тодорхой болгож, хэргийг шийдвэрлэсний дараа төлбөрийг сайн дураараа төлөхгүй бол Ш.Д-гийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах асуудал л яригдана. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Ш.Д-гаас зээлийн гэрээний үүрэгт нийт 20 326 288 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “К К И ББСБ” ХХК-д олгох,

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Ш.Д- үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд түүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205044968 дугаартай, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, 37б байр, 59 тоотын 49.50 м.кв талбайтай орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгах,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329 781 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх, хариуцагч Ш.Д-гаас улсын тэмдэгтийн хураамжид 329 781 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Констракшн коммершл инвестмент ББСБ" ХХК нь иргэн Д.Цолмонтой харилцан тохиролцсоны үндсэн дээр 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ЗГ00010037 тоот зээлийн гэрээ байгуулсан нь хэрэгт авагдсан зээлийн гэрээний эхний хэсгийн ерөнхий зүйл гэх хэсгээс харагдана. Харин Ш.Д- нь Д.Цолмонгийн хүсэлтээр "Констракшн коммершл инвестмент ББСБ" ХХК, Д.Цолмон нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаанд өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаалахыг зөвшөөрч, барьцаалуулагчийн хувиар оролцсон байдаг. Түүнээс биш Ш.Д- нь зээлийн харилцаанд оролцож, хэлэлцээр хийж, гэрээг байгуулж, мөнгөн хөрөнгийг өөртөө шилжүүлсэн үйлдэл хийгээгүй, гэрээнд заасан мөнгөнөөс нэг ч төгрөгийг аваагүй.

Нотлох баримтуудаас үзэхэд Д.Цолмонгийн зүгээс зээл авах хүсэлт дангаараа гаргасан, нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний төлбөр тооцооны талаар Д.Цолмонтой харилцдаг, түүний нэрээр зээлийн данс нээсэн байдаг. Ш.Д-гийн нэр дээр зээлийн данс нээгээгүй, зээлийн асуудлаар Ш.Д-тай огт харилцдаггүй байсан нь тодорхой харагдана. Түүнээс гадна, зээлийн эргэн төлөлт, үлдэгдэл төлбөр тооцооны талаар Ш.Д- ямар ч мэдээлэл, баримтгүй тул тус зээлийн гэрээний эргэн төлөлт яаж хийгдэж байсан, үлдэгдэл төлбөр байгаа эсэх, байгаа бол үлдэгдэл төлбөрийн талаар ямар нэгэн мэдээлэл, тайлбар, нотлох баримт шүүхэд гаргах, улмаар нэхэмжлэгчтэй уг асуудлаар эрх тэгш, шударгаар мэтгэлцэх боломжгүй байсан.

Тиймээс Д.Цолмонтой байгуулсан зээлийн гэрээтэй холбогдох хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн зээлдэгчийг оролцуулах зайлшгүй шаардлагатай байхад шүүх хэргийн нотлох баримтууд, бодит байдалд үндэслэлтэй дүгнэлт хийлгүй Ш.Д-г зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэж, гэрээний төлбөр 20 326 288 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч “К К И ББСБ” ХХК нь хариуцагч Д.Цолмон, Ш.Д- нарт холбогдуулан зээлийн гэрээний үндсэн төлбөр 18 730 169 төгрөг, зээлийн хүү 1 330 099 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 266 020 төгрөг, нийт  20 326 288 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Цолмонг хариуцагчаар татахаас татгалзаж, Ш.Д-г дангаар хариуцагчаар тодорхойлсон. Дээрх шаардлагыг хариуцагч  Ш.Д- бүхэлд нь эс зөвшөөрч зээлийн гэрээний нэг тал биш, уг гэрээний дагуу мөнгөн хөрөнгө хүлээн аваагүй, эргэн төлөлтийн талаар мэдэхгүй учир мэтгэлцэх боломжгүй гэж маргажээ. /хх1,55,73/

 

Хэрэгт авагдсан ЗГ00010037 дугаартай зээлийн гэрээг /хх12-15/ нэг талаас нэхэмжлэгч “К К И ББСБ” ХХК, нөгөө талаас зээлдэгч Д.Цолмон, хамтран зээлдэгч Ш.Д- нар гарын үсэг зурж 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан байна. Уг гэрээгээр зээлдүүлэгч нь 30 000 000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөл тохирч, зээлдэгч тал хавсралт 1-д тохирсон хуваарь ёсоор төлбөрийг эргэн төлөх үүрэг хүлээжээ.

 

Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан талаар болон уг гэрээ нь бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол гарын үсэг зурахаар зохицуулсан Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасантай нийцүүлэн дүгнэсэн байна.  

 

 Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Ш.Д-гийн өмчлөлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, 37Б-59 тоот байршилтай, улсын бүртгэлийн Ү-2205044968 дугаартай, 49.5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээг бичгээр байгуулан улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна. 

 

Нэхэмжлэгч нь гэрээнд заасан зээлийн мөнгөн хөрөнгө болох 30 000 000 төгрөгийг тохирсон ёсоор Д.Цолмонгийн эзэмшлийн “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн 411014960 тоот дансанд шилжүүлсэн нь хэрэгт авагдсан банкны дансны хуулга /хх83,84/, зохигчдын тайлбараар тогтоогдсон тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээл болон хүүг буцаан төлөхийг зээлдэгч нараас шаардах эрхтэй.

 

Хариуцагч Ш.Д-гийн хувьд нэхэмжлэлийн шаардлагын татгалзал, давж заалдах гомдлын үндэслэлээ, зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч бус зөвхөн барьцаалуулагчийн хувиар уг харилцаанд оролцсон, зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээж аваагүй, ашиглаагүй гэх агуулгаар тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан зээл хүсэгчийн тухай мэдээлэл /хх24-25/, зээлийн болон барьцааны гэрээ зэргээс үзвэл, тэрээр 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тус ББСБ-д хандан бизнесийн зориулалтаар 30 000 000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлэх талаар хүсч, улмаар зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр, барьцааны гэрээнд үүрэг гүйцэтгэгчээр оролцохыг хүлээн зөвшөөрч бичгийн гэрээ тус бүрт гарын үсгээ зурж, хүсэл зоригоо илэрхийлэн баталгаажуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Иймд шүүх хариуцагчаар тодорхойлогдсон Ш.Д-г дээрх зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч гэж дүгнэсэн нь зөв. 

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дах хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэйг зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг хамтран зээлдэгч Ш.Д-гаас шаардсаныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Цолмонгоос татгалзсан тохиолдолд шүүх түүнийг шүүх хуралдаанд оролцуулах, мэтгэлцүүлэх шаардлагагүй бөгөөд энэ талаар хариуцагчаас гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй.

 

Иймд гомдолд дурдснаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/02780 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш.Д- улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329 781 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн                                                          дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход                              саад болохгүй ба магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                                        ШҮҮГЧИД                                С.ЭНХТӨР

 

                                                                                         Т.ТУЯА