Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2019/02780

 

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2019/02780

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ККИ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ш.Д-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 20.326.288 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ККИ ББСБ ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэн Ш.Дд 30.000.000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээ, барьцааны гэрээ тус тус байгуулсан. Зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 12 сарын 21-ний өдөр дууссан. Зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа зээлдэгчийг зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлээ төлж барагдуулаагүй. Талуудын 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан барьцааны гэрээнд Ш.Дгийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө барьцаалагдсан байдаг. Өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үлдэгдэл 18.730.169 төгрөг, зээлийн хүү 1.330.099 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 266.020 төгрөг, нийт 20.326.288 төгрөг байна. Нэхэмжлэгч талыг хохиролгүй болгохын тулд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ш.Д нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл зээлийн гэрээний эхний нүүрэнд ККИ ББСБ ХХК нь Д.Цтой гэрээ байгуулсан. Гэрээнд Ш.Д зээл авсан гэсэн нэг ч үг, өгүүлбэр байдаггүй. Хамтран зээлдэгчийн хэсэгт Ш.Д гарын үсэг зурсан байдаг. Ш.Д тайлбарлахдаа би ККИ ББСБ ХХК-иас зээл аваагүй, Д.Ц зээл авч, би зээлийн барьцаанд орон сууцаа барьцаалахыг зөвшөөрч, итгэмжлэл хийж өгсөн гэдэг. Намайг дуудаж гэрээнд гарын үсэг зуруулсан. Түүнээс би зээл авахаар хандаж, гэрээ байгуулж, ББСБ-тай харилцсан тохиролцсон асуудал байхгүй гэдэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Д зээл авсан, гэрээ байгуулсан, авсан мөнгөө төлөхгүй байна гэж ярьж байна. Гэтэл нэхэмжлэгч талаас Ш.Дд 30.000.000 төгрөг өгөөгүй, Ш.Д ч гэсэн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй гэдэг. ККИ ББСБ ХХК-иас 30.000.000 төгрөгийг Д.Цд л өгсөн. Нэхэмжлэгч тал 30.000.000 төгрөгийг Ш.Дд шилжүүлсэн тэр хүнээс мөнгө авна гэж тайлбарлаж байгаа бол мөнгө шилжүүлсэн баримтыг шүүхэд өгөх ёстой. Иргэний хуульд зааснаар зээлийн гэрээний төлбөр шилжүүлж өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцдог. ККИ ББСБ ХХК-иас Ш.Дд зээлийн мөнгө шилжүүлсэн баримт хэрэгт байхгүй тул нэхэмжлэгч, Ш.Д нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй. Хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн мэдэгдэл, зээлийн тооцоо зэрэгт Ш.Д гэх хүний нэр нэг ч байхгүй. Бүх баримт Д.Цгийн нэрээр байдаг. Нэхэмжлэгч талаас Д.Цд зээлийн мэдэгдэл өгсөн байдаг. Нэхэмжлэгч талаас шүүхэд Д.Ц, Ш.Д нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаад Д.Ц олдохгүй болохоор Ш.Дгаас мөнгө нэхэмжилж байна. Нэхэмжлэгч тал зээлийн асуудлыг шүүхээр шийдүүлэх гэж байгаа бол хэрэгт Д.Цг заавал оролцуулах ёстой. Зээлдэгч Д.Ц 30.000.000 төгрөгийг нэхэмжлэгч талаас яаж авсан, зээлийн төлбөрийг хэзээ яаж төлснийг Ш.Д мэдэхгүй. Нэхэмжлэгч талыг яагаад 20.000.000 төгрөг нэхэмжилж байгааг Ш.Д тайлбарлаж мэдэхгүй. Ш.Д маргааны талаар мэдэхгүй учраас мэтгэлцэх боломжгүй байна. Иймд Д.Цг шүүх хуралдаанд заавал оролцуулж, төлбөр тооцооны асуудлыг тодорхой болгож, хэргийг шүүхээр шийдүүлсний дараа Д.Ц төлбөрийг сайн дураараа төлөхгүй бол Ш.Дгийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах асуудал яригдана. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

         

   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ККИ ББСБ ХХК нь хариуцагч Ш.Дд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20.326.288 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь зээлийн гэрээний оролцогч биш бөгөөд зээлийн гэрээний дагуу мөнгийг хүлээн аваагүй тул хариуцахгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ККИ ББСБ ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ЗГ00010037 тоот зээлийн гэрээ, мөн өдөр ҮХБГ1712210066 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулж, Ш.Дгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205044968 дугаартай, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, 37б байр, 59 тоотын 49.50 м.кв талбайтай орон сууцыг барьцаалан, 30.0000.000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн байна.

Эдгээр гэрээг нэг талаас зээлдүүлэгч ККИ ББСБ ХХК, нөгөө талаас зээлдэгч Д.Ц нар байгуулав гэж тодорхойлсон байх ба дээрх 2 гэрээний гэрээ байгуулсан нь хэсэгт хамтран зээлдэгч гэж Ш.Д гарын үсэг зуржээ.

Банк бус санхүүгийн байгууллагаас олгох зээл нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлд заасан зээлийн гэрээнд хамаарах бөгөөд тус зүйлийн 453.2-т зээлийн гэрээг бичгээр хийхээр, түүнчлэн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т барьцааны гэрээг бичгээр байгуулахаар, 156.2-т үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхээр тус тус заасан байна.

Хариуцагч нь гэрээний оролцогч биш гэж татгалзаж байх тул тэдний хооронд зээлийн болон барьцааны гэрээ бичгээр байгуулагдсан эсэх нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт үйлдэж г,арын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээг байгуулсанд тооцохоор тусгасан байдаг.

Мөн Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болохоор, 43 дугаар зүйлийн 43.2.3-т хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлснээр хэлцэл байгуулагдсан гэж үздэг.

2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ00010037 тоот зээлийн гэрээ, ҮХБГ1712210066 тоот зээлийн барьцааны гэрээнд хариуцагч Ш.Д гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан, улмаар барьцааны гэрээ нь зээлийн гэрээний хамт улсын бүртгэлд бүртгэгдсэн байх тул Ш.Д нь зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч мөн байна гэж шүүх дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээг бичгээр хийсэн, барьцааны гэрээг энэ хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна.

Зээлдүүлэгч ККИ ББСБ ХХК нь зээлдэгчид гэрээгээр тохирсон 30.000.000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэрээнд заасан Д.Цгийн Худалдаа Хөгжлийн банк дахь 411014960 тоот дансанд шилжүүлсэн болох нь Д.Цгийн дансны хуулга, харилцагчийн дансны хуулга гэх баримтаар тогтоогдож байх ба зээлдэгч нар нь үндсэн зээлийг хүүтэй нь хугацаанд нь төлөх үүргээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэсэн зарчмыг зөрчиж, зохих ёсоор, шударгаар биелүүлээгүйгээс талуудын хооронд маргаан гарчээ.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж зааснаар нэхэмжлэгч ККИ ББСБ ХХК нь хамтран үүрэг гүйцэтгэгч Ш.Дгаас шаардсан нь хуульд нийцэж байна.

Хариуцагч нь үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээний талаар тооцоолол үнэн зөв эсэх талаар маргаж оролцох боломжгүй, зээлийн төлөлтийн талаар мэдэхгүй гэж тайлбарласан боловч түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар татгалзлаа нотолж чадаагүй, зээлийн гэрээний 3.1.4-т хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг авахаар тохиролцож, энэ дагуу нэмэгдүүлсэн хүүг тооцсон нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн заалтыг зөрчөөгүй байна.

Иймд хариуцагч Ш.Дгаас үндсэн зээлийн үлдэгдэлд 18.730.169 төгрөг, зээлийн хүүнд 1.330.099 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 266.020 төгрөг, нийт 20.326.288 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ККИ ББСБ ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д зааснаар барьцааны эрх нь зээлдүүлэгчийн шаардах эрхтэй салшгүй холбоотой эрх бөгөөд мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсноор барьцааны эрх дуусгавар болох зохицуулалттай. Хариуцагч Ш.Д нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй тул барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Иймд хариуцагч Ш.Д нь зээлийн гэрээний үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж зааснаар 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ҮХБГ1712210066 тоот зээлийн барьцааны гэрээний дагуу барьцаалсан Ш.Дгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205044968 дугаартай, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, 37б байр, 59 тоотын 49.50 м.кв талбайтай орон сууцыг худалдан борлуулж, үүргийн хангахыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь хуульд нийцнэ гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 329.781 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 329.781 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Ш.Давагаас зээлийн гэрээний төлбөрт 20.326.288 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ККИ ББСБ ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Ш.Д үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд түүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205044968 дугаартай, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, 37б байр, 59 тоотын 49.50 м.кв талбайтай орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329.781 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Дгаас улсын тэмдэгтийн хураамжид 329.781 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

   4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 


 

                                         

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.МӨНХЦЭЦЭГ