Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2154

 

Н.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/02277 дугаар шийдвэртэй, Н.Б-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н Б У Г-, И Н Е Г- нарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүсэлт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Н.Б- нь Иргэний нисэхийн Ерөнхий газрын даргын 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн тушаалаар Баянхонгор аймгийн нисэх буудлын даргаар ажилд томилогдон хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэн нисэх буудлын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, нисэхийн аюулгүй байдал болон нислэгийн аюулгүй ажиллагааг ханган ажилтнуудын хөдөлмөр хамгаалал, сахилга дэг журам, санхүү аж ахуй нийгмийн асуудлыг хэрэгжүүлэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлж, шат шатны төлөвлөгөөт шалгалтуудад хангалттай үнэлгээ авч ажиллаж ирсэн.

Гэтэл 2019 оны 5 дугаар сард И Н Е Г-, Нисэх буудлуудын удирдах газраас ярьж, тушаал гарч байгаа ажлаа хүлээлцэхээр бэлдэж байгаарай гээд 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр комисс томилогдон ирж И Н Е Г-, Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 17-ны Б/200 тоот тушаалыг надад гардуулж ажлыг хүлээж авсан.

 Дээрх тушаалыг хууль бус гэж үзэж байгаа үндэслэл нь 2018 оны ээлжийн амралтыг он дамнуулж амарсан. 2019 оны амралт оны эхэнд тодорхой болж, 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр амрахаар товлогдсон. Амралтын хугацааг хувааж 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 20-ны хооронд 10 хоног ар гэрийн гачигдлаас болж амрах хүсэлт гаргасан. Хүсэлтийг Нисэх буудлуудын удирдах газрын үйлдвэр хариуцсан хэлтсийн дарга н.Ганхуяг нааш, цааш шилжүүлсээр шийдээгүй. Дээд шатны дарга н.Эрдэнэбаатар, хэлтсийн дарга нар хүлээж бай, чөлөө олгох боломжгүй гэсэн. Амьдралын шаардлагаар нислэгийн удирдагч Б.Энхболдод ажлаа хүлээлгэж өгөөд явсан хойгуур тушаал гарсан байсан. Хөдөлмөрийн тухай хуулиар ажилтан жилд нэг удаа амрах эрхтэй. Нэхэмжлэгч өмнөх жилд нь амраагүй, дараа нь хуваарийн дагуу амралт авах хүсэлт гаргасан, хариуцагч зөрчил дутагдалтай холбоотой нотлох баримтыг хариуцагч гаргаагүй.

Гэтэл тушаалд ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн, эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулж удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлээгүй, ажил гүйцэтгэх чадвараас шалтгаалан байгууллагад хохирол учруулж, ажлаа шаардлагын хэмжээнд хүртэл явуулж чадахгүй байгаа нь холбогдох баримтуудаар нотлогдож байх тул Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан хэмээн тушаал гаргасантай санал нийлэхгүй байна. Миний бие хууль болон Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.3.1, 4.2.3.3, 4.2.3.6, 4.2.3.13 дахь хэсгүүдэд заагдсан ямар ч зөрчил, алдаа гаргаагүй.

Улмаар 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнд дээрх тушаалыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан боловч 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн “Өргөдөл гомдолд хариу өгөх хариу өгөх хуудас”-аар Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т “ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдлыг шүүхээр хянан шийдвэрлэнэ гэсний дагуу холбогдох байгууллагад нь хандаж шийдвэрлүүлнэ үү” гэсэн байх тул шүүхэд гомдол гаргаж байна.

Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасны дагуу гаргасан тушаал тул мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцэх тул 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргасан. Иймд ажилд эгүүлэн тогтоож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Б- нь Иргэний нисэхийн ерөнхий газрын даргатай 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 54 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Б/212 тоот тушаалаар Баянхонгор аймаг дахь Нисэх буудлын даргаар томилогдон, 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ажилласан. Улмаар Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Б/200 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Н.Б- нэхэмжлэлдээ “Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасны дагуу гаргасан тушаал тул мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцэх тул 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргасан гэжээ. Н.Б- нь Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Б/200 дугаартай тушаалыг 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсан нь Баянхонгор нисэх буудлын “Тогтоол захирамж, тушаалын бүртгэлийн дэвтэр” дэх тэмдэглэлээр нотлогддог.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана, 129.3 дах хэсэгт энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заажээ. УДШ-ийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолд 129 дүгээр зүйлийн 129.3-т заасан “хүндэтгэн үзэх шалтгаан” гэдэгт энэ зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсныг ойлгоно. Харин хууль мэдэхгүй явдал нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй гэж заасан тайлбарласан байна.

Нэхэмжлэгч Н.Б-гийн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргасан болно гэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт зааснаас бусад тохиолдолд буюу ажилтанаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрх олгосон зохицуулалт.

Н.Б-гийн нэхэмжлэл болон хэрэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дах хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон үйл, баримт байхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйл буюу шүүхээр шийдвэрлүүлэх маргааны 128.1.2 ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол гаргана гэж тодорхой заасан. Үүнийг хөдөлмөрийн харилцаанд оролцож байгаа талууд мэдэх хэрэгтэй.

Иймд нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газрын даргад хандах шаардлагагүй, шууд шүүхэд хандах ёстой учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт зааснаар И Н Е Г-, Н Б У Г-т тус тус холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Н.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Н.Б-г И Н Е Г- Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 17-ны Дугаар Б/200 тоот тушаалын дагуу ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн, шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлээгүй, ажил гүйцэтгэх чадвараас шалтгаалан байгууллагад хохирол учруулж, ажлаа шаардлагын хэмжээнд хүртэл явуулж чадахгүй байгаа нь баримтаар нотлогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасны дагуу хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж тушаал гаргасантай санал нийлэхгүй байна.

Нэхэмжлэгч хууль болон Хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчил гаргаагүй тул ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. Энэ үйлдэл нь хөдөлмөрийн гэрээний нэг тал нөгөө талынхаа эрхийг зөрчсөн үйлдэл болсон. Н.Б- эрхээ зөрчигдсөнөө мэдсэнээс хойш гурван сарын дотор өөрийн дээд шатны байгууллага, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнд гомдлоо гаргаж хянан шийдвэрлүүлэхээр хандсан байхад шүүх анхаарч үзсэнгүй. 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн “Өргөдөл гомдолд хариу өгөх хуудас”-аар Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдлыг шүүхээр шийдвэрлэнэ гэсний дагуу холбогдох байгууллагад хандаж шийдвэрлүүл гэсэн тул шүүхэд гомдол гаргасан. Нэхэмжлэгч нь гомдлын хугацаа хэтрүүлсэн шалтгаанаа нотлох баримтаар гаргаж өгөөд байхад шүүх дүгнэсэнгүй.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дах хэсэгт зааснаар гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс хөөн хэлэлцэх хугацаа тоолно гэж заасны дагуу гомдлын хариугаа авсан энэ үеэс хугацааг эхлэн тооцох ба нэхэмжлэгч хугацаандаа шүүхэд гомдол гаргасан гэх үндэслэлтэй байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу судалж, үнэлсэн, хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлаж, хэрэглэсний учир илтэд нэг талыг барьсан, хууль бус шийдвэр гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг хэрэгжүүлээгүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Н.Б- нь хариуцагч И Н Е Г-, Н Б У Г-т холбогдуулан, “Н.Б-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай” 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Б/200 дугаар тушаалыг эс зөвшөөрч, Баянхонгор аймгийн нисэх буудлын даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч тал дээрх шаардлагыг эс зөвшөөрч Н.Б- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт зааснаар ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гаргаагүй гэж маргасан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан хугацааг хэтрүүлж шүүхэд гомдол гаргасан гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Нэхэмжлэгч тал дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээ, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн учир дээд шатны удирдлагад 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гомдол гаргасан атал гомдлын хариуг 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ирүүлсэн, үүнээс хойш 1 сарын дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дах хэсэгт зааснаар гомдлын хариуг авсан үеэс хөөн хэлэлцэх хугацаа тоолох тул хуульд заасан хугацаа хэтрүүлээгүй, мөн нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн эсэхэд шүүх дүгнэлт хийгээгүй гэх агуулгаар тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан “Тогтоол захирамж, тушаалын бүртгэлийн дэвтэр” /Баянхонгор Нисэх буудал/ гэх баримт, зохигчдын тайлбараас үзвэл нэхэмжлэгч нь 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Б/200 дугаар “Н.Б-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гардан авсан үйл баримт тогтоогдсон, талууд энэхүү цаг хугацааны талаар маргаагүй байна. /хх49/

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдолд хамаарах бөгөөд шүүхээр хянан шийдвэрлэх маргаан юм. Энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт зааснаар ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах зохицуулалт хамаарах тул дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.  

 

Түүнчлэн, нэхэмжлэгч шүүхэд мэдүүлэх хугацааг хэтрүүлсэн нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдсон тул шүүх нэхэмжлэгчийг ажлаас халсан ажил олгогчийн тушаалын үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй юм. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/02277 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Б- нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн                                                          дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход                              саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                                        ШҮҮГЧИД                                С.ЭНХТӨР

 

                                                                                         Т.ТУЯА