Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2019/02277

 

2019 оны 10 сарын 25 өдөр

      Дугаар 183/ШШ2019/02277      

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 0 дүгээр баг, Номгон 00 байр, 00 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эрэгтэй, Х овогт Н.Б /рд:0000000/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Б, Н б у г /рд:00000/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, өөрийн байранд байрлах, И газарт тус тус холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б, түүний өмгөөлөгч Ж.Б /ШТЭҮД-0000/, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчийн хамт  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Б Баянхонгор аймагт эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд 1987 онд Политехникийн дээд сургууль, Удирдлагын акедими төгссөн, техникийн болон төрийн удирдлагын магистр зэрэгтэй, Баянхонгор гео ХК, Монгол- Болгар гео ХХК-ийн Дөвөнтийн уурхайн дарга, Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, Аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга, Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга зэрэг ажлыг тасралтгүй 32 жил гүйцэтгэж ирсэн. Н.Б нь Иргэний нисэхийн Ерөнхий газрын даргын 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн тушаалаар ажилд томилогдон ажил хүлээн авах үед нисэхийн аюулгүй байдал болон нислэгийн аюулгүй ажиллагааг хангана гэсэн заалт хангалтгүй, нисэх буудлын ажилчид үзэл бодлын зөрчилдөөнтэй зэрэг дотоод уур амьсгал таагүй, ёс зүйн зөрчилтэй байсан ба эдгээрийг хууль дүрэм журмын дагуу шийдвэрлүүлэн, хөдөлмөрийн гэрээ ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн нисэх буудлыг үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, нисэхийн аюулгүй байдал болон нислэгийн аюулгүй ажиллааг ханган ажилтнуудын хөдөлмөр хамгаалал, сахилга дэг журам, санхүү аж ахуй нийгмийн асуудал зэрэг асуудлыг хэрэгжүүлэн ажиллаж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг мөрдөн хэрэгжүүлж үйл ажиллагааг жигдрүүлж, шат шатны төлөвлөгөөт шалгалтуудад хангалттай үнэлгээ авч ажиллаж ирсэн. Гэтэл 2019 оны 5 дугаар сард И газар, Нисэх буудлуудын удирдах газраас утасдаж таны ажпыг авахаар тушаал гарч байгаа, ажлаа хүлээлцэхээр бэлдээд байж байгаарай гээд 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр комисс томилогдон ирж И газар, Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 17-ны Б/0000 тоот тушаалыг надад гардуулж ажлыг хүлээж авсан. Яагаад дээрх тушаалыг хууль бус гэж үзэж байна вэ гэвэл би 2018 оны ээлжийн амралтыг он дамнуулж амарсан. Ингээд 2019 оны амралт оны эхэнд тодорхой болж, тушаал 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр амрахаар товлогдсон. Амралтын хугацааг хувааж 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 20-ны хооронд 10 хоног ар гэрийн гачигдлаас болж амрах хэрэгтэй байна гэх хүсэлтээ гаргасан. Хүсэлтийг Нисэх буудлуудын удирдах газрын үйлдвэр хариуцсан хэлтсийн дарга н.Г нааш, цааш гэж шилжүүлсээр байгаад шийдээгүй. Ингээд дээд шатны н.Эрдэнэбаатар дарга, хэлтсийн дарга нар хүлээж бай, чөлөө олгох боломжгүй гэж байсан. Тэгээд би амьдралын шаардлагаар нислэгийн удирдагч Б.Э ажлаа хүлээлгэж өгөөд явсан. Явсан хойгуур энэ тушаал гарсан байсан. Хөдөлмөрийн тухай хуулиар ажилтан жилд нэг удаа амрах эрхтэй. Хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг өмнөх жилд нь амруулаагүй, дараа нь хувиарийн дагуу ээлжийн амралтаа авах хүсэлт гаргасан. Хариуцагч нэхэмжлэгчийн зөрчил дутагдалтай холбоотой нотлох баримтыг гаргаагүй хэрнэ нэхэмжлэгчийг чөлөөлсөн тушаал дээр санаатай ажил үүрэг биелүүлээгүй гэсэн. Үүнийг нотол гэхээр нотлохгүй, өөр хамааралгүй зүйлийг дурдаж байна. Тиймээс дээрх тушаал нь дүрэм, журам хуулиа илт зөрчсөн гэж үзэж байна. Энэхүү тушаалын үндэслэл нь ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн, эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулж шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлээгүй, ажил гүйцэтгэх чадвараас шалтгаалан байгууллагад хохирол учруулж, ажлаа шаардлагын хэмжээнд хүртэл явуулж чадахгүй байгаа нь холбогдох баримтуудаар нотлогдож байх тул Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан хэмээн тушаал гаргасантай санал нийлэхгүй байна. Миний бие хууль болон Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.3.1, 4.2.3.3, 4.2.3.6, 4.2.3.13 дахь хэсгүүдэд заагдсан ямар ч зөрчил ажлын алдаа гаргаагүй байхад нь ийнхүү шалтгаан тоочин ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. Улмаар 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Б-д дээрх тушаалыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан боловч 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн №0 дугаар “Өргөдөл гомдолд хариу өгөх хариу өгөх хуудас”-аар Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2 дахь хэсэгт “ажил олгогчийн санаачилгаар ажпаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдлыг шүүхээр хянан шийдвэрлэнэ гэсний дагуу холбогдох байгууллагад нь хандаж шийдвэрлүүлнэ үү” гэсэн байх тул шүүхэд ийнхүү гомдол гаргаж байна. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасны дагуу гаргасан тушаал тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасантай нийцэж байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргасан болно. Иймд Н.Бг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эгүүлэн тогтоож, эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Н.Б нь Иргэний нисэхийн ерөнхий газрын даргатай 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 00 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан, 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Б/212 тоот тушаалаар Баянхонгор аймаг дахь Нисэх буудлын даргаар томилогдон, 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ажилласан. Улмаар Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Б/000 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтад “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж заасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. Н.Б нь шүүхэд гаргасан нэхэмжпэлдээ “Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасны дагуу гаргасан тушаал тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасантай нийцэж байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргасан болно” гэжээ. Н.Б нь Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Б/000 дугаартай тушаалыг 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсан нь Баянхонгор нисэх буудлын “Тогтоол захирамж, тушаалын бүртгэлийн дэвтэр” дэх тэмдэглэлээр нотлогддог. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт “Ажилтан ажпаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана”, 129.3 дахь хэсэгт “Энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж тус тус заажээ. Монгол Улсын Дээд Шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 28-д “Хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т заасан “хүндэтгэн үзэх шалтгаан” гэдэгт энэ зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгоно. Харин хууль мэдэхгүй явдал нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй” гэж заасан тайлбарласан байна. Нэхэмжлэгч Н.Б-гийн “...Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргасан болно” гэсэн хуулийн заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэт зааснаас бусад тохиолдолд буюу ажилтанаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхийг олгосон зохицуулалт юм. Н.Бгийн шүүхэд гаргасан нэхэмжпэлд болон хавтаст хэрэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт заасан цэтгэн үзэх шалтгааныг нотолсон үйл, баримт байхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйл буюу шүүхээр шийдвэрлүүлэх маргааны 128.1.2 ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол гаргана гэж тодорхой заасан байдаг. Үүнийг ажилтан болон хөдөлмөрийн харилцаанд оролцож байгаа хэн аль нь мэдэх хэрэгтэй. Тиймээс нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газрын даргад хандаж явах шаардлагагүй, харин үүний оронд шууд шүүхэд хандах ёстой байхад зориудаар эсхүл хууль мэдэхгүйгээс болсон байх. Гэхдээ хуулинд хууль мэдэхгүй байх нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч И газар, Нисэх буудлуудын удирдах газарт тус тус холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...Н.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1 дэх хэсэгт зааснаар эрх зөрчигдсөний дагуу дээд шатны удирдлагадаа гомдлоо гаргасан. Гэтэл дээд шатнаас шүүхээр шийдвэрлүүл гэх хариу ирсний дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргасан” гэж,

хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч “...нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тус тус тайлбарлан маргасан.

 

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Н.Б нь 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээгээр Баянхонгор аймаг дахь нисэх буудлын даргаар ажиллаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, хөдөлмөрийн гэрээний 4.2.3.1, 4.2.3.3, 4.2.3.6, 4.2.3.13, хөдөлмөрийн дотоод журмын 2.5.5.13, 2.5.5.15, Нисэх буудлуудын удирдах газрын дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсгийг баримтлан гаргасан Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Б/000 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна.

 

Н.Б нь дээрх тушаалыг 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гардан авсан байх боловч тус шүүхэд 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гомдлоо гаргана” гэж заасантай нийцэхгүй байна.   

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан хугацаа нь мөн хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд хамаарах бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл ажлаас буруу халсантай холбоотой маргаан байх тул дээрх хугацаа хамаарахгүй юм.

 

            Иймд нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан эсэх талаар мэтгэлцээгүй, хуульд заасан хугацааг хэтрүүлж шүүхэд гомдол гаргасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар И газар, Нисэх буудлуудын удирдах газарт тус тус холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Н.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ