Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 02153

 

“Ж Г Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2019/02693 дугаар шийдвэртэй,”Ж Г Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “А Ф Х Г” ХХК-д холбогдох түрээсийн гэрээний үүрэгт нийт 27 917 923 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч М.Бадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “АФГ санхүүгийн групп” ХХК нь манай компанитай “Оффисийн талбайн түрээсийн гэрээ” байгуулж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутагт байрлах Гэгээнтэн цогцолбор Оффис-1-ийн 901, 902, 903 тоот өрөөнүүдийг түрээслэн үйл ажиллагаа явуулсан бөгөөд төлбөр төлөх үүргээ зөрчиж их хэмжээний өр үүсгэсэн. Гэрээний 4.1-д зааснаар 1 м.кв талбайн түрээсийн үнэ 45 000 төгрөг, 1 сарын төлбөр 14 503 950 төгрөг. Гэрээ байгуулахад 6 сарын төлбөрийг 10 хувийн хөнгөлөлттэй үнээр тооцож нийт 87 023 700 төгрөгийг төлсөн.  “АФГ санхүүгийн групп” ХХК нэрээ сольж “А Ф Х Г” ХХК болж, энэ нэрээр манайтай харилцаж, төлбөрийг “Алианс пропертис” ХХК-иас шилжүүлсэн байсан. 901 тоот өрөөг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл түрээсэлж, илүү төлөлт 781 732 төгрөг, 902, 903 тоот /235.55 м.кв талбайтай/ өрөөнүүдийн 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 31 хүртэлх 3 сарын түрээсийн төлбөр 31 644 250 төгрөгийг төлөлгүй өрөөнүүдийг чөлөөлсөн. Үүнээс гэрээний дагуу барьцаалуулсан 14 503 950 төгрөгийг, 901 тоотын илүү төлөлт 781 732 төгрөгийг тус тус хасч 16 378 568 төгрөгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй байна.

Гэрээний 6.3-т зааснаар 2017 оны 5 дугаар сарын 31-ээс 2018 оны 10 дугаар сарын 25 хүртэл нийт 512 хоногийн алдангийг Иргэний хуульд нийцүүлэн тооцоход 8 189 284 төгрөг. Мөн 902, 903 тоотын обой, ханыг гэмтээсэн тул 3 350 071 төгрөгийн хохирлын акт тавигдсан. Иймд хариуцагчаас түрээсийн үлдэгдэл 16 378 568 төгрөг, алданги 8 189 284 төгрөг, хохирол 3 350 071 төгрөг, нийт 27 917 923 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн үндэслэл болгосон 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Оффисийн талбайн түрээсийн гэрээг Т.Болор миний бие”Ж Г Г” ХХК-тай байгуулаагүй. Гэрээнд зурагдсан Т.Болор гэх гарын үсэг минийх биш. 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр миний бие “АФГ санхүүгийн групп” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал байсан. Энэ компани нэрээ “А Ф Х Г” ХХК болгон өөрчилсөн. Би “АФГ санхүүгийн групп” ХХК-ийн бүх хувьцааг бусдад шилжүүлж, 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс тус компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал нь Хятад улсын иргэн Ву Жиангуо /Wu Jianguo/ гэгч болсон. Энэ өдөр хүртэл компанийн нэрээр бусадтай гэрээ байгуулаагүй, ямар нэг гэрээ байгуулах зөвшөөрөл хэнд ч өгөөгүй. Гэрээнээс харахад Ву Жиангуо гэгчийн орчуулагч байсан Ц.Сайван өөрийгээ менежер гээд “АФГ санхүүгийн групп” ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурсан байна. Ц.Сайванг ажилд аваагүй, тушаал гаргаж байгаагүй, маргаад байгаа түрээсийн гэрээг байгуулахыг даалгаагүй.

2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Ву Жиангуо гэгч нь тус компанийн 99 хувийг миний нэр дээр шилжүүлж, намайг захирал болгоно гэхээр нь би зөвшөөрсөн ч одоо болтол надад компанийн тамга тэмдгийг өгөөгүй, надад ямар ч түрээсийн гэрээний талаар яриагүй, гэрээ хүлээлгэж өгөөгүй. Гэгээнтэн цогцолборын өрөөнүүдэд очиж сууж ажиллаагүй. 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр “Альянс проперти групп” ХХК-ийн захирал Д.Амарсанаа “А Ф Х Г” ХХК-ийн Ажлын өрөөг хүлээлцэх тухай албан бичигт гарын үсэг зурж өгнө үү гэж над руу хүн явуулаад “танай компанийн нэрээр өгөх шаардлагатай байгаа юм” гэж тайлбарласан. Түрээсийн төлбөрөө бүрэн төлсөн эсэхийг тодруулахад бүрэн төлсөн, төлөөгүй бол юу гэж нүүж гарахыг зөвшөөрөх вэ, нүүж гараад суллаад өгсөн гэхээр нь гарын үсэг зурсан. Хэрэгт байгаа “А Ф Х Г” ХХК-ийн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Хүсэлт хүргүүлэх тухай албан бичигт байгаа гарын үсэг минийх биш, над дээр ийм бичигт гарын үсэг зураад өгөөч гэж хүн ирж байгаагүй.

“Жигүүр гранд групп” ХХК-ийн нэхэмжлэлээс харахад “Альянс проперти групп” ХХК түрээсийн төлбөрийг төлдөг байжээ. Мөн тус компанийн захирал Д.Амарсанаа, нягтлан бодогч нар тэнд сууж ажиллаж байсныг бодоход тэд 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн түрээсийн төлбөрийг төлөөгүй гарч явснаас энэ маргаан үүсчээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “А Ф Х Г” ХХК-аас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 16 378 568 төгрөг, алданги 8 189 284 төгрөг, хохирол 3 350 071 төгрөг, нийт 27 917 923 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч”Ж Г Г” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297 540 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 297 540 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлоогүй, нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй. Талуудын хооронд байгуулагдсан гэх 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Оффисын талбайн түрээсийн гэрээнд хариуцагч компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй гүйцэтгэх захирлын гарын үсгийг дуурайлган зурсан. Гүйцэтгэх захирал өөрөө гарын үсэг зураагүй нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Гэтэл шүүх шинжээчийн дүгнэлт байсаар байхад хариуцагчийг “энэ түрээсийн гэрээн дээрх гарын үсэг минийх биш” гэх тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болсон.

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан, түрээсийн гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ ба нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт түрээсийн гэрээг бичгээр байгуулах гэсэн шаардлага байдаг, мөн 318.4 дэх хэсэгт “энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж заасан. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д "талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан" бол бичгээр хийх хэлцлийг хийгдсэн гэж үзэхээр хуульчилсан. Иймд гэрээний нэг талыг албан ёсоор төлөөлөх эрхтэй гүйцэтгэх захирал түрээсийн гэрээнд гарын үсэг зураагүйгээс уг гэрээ Иргэний хуулийн 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ байхад шүүх хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон.

Шүүх хариуцагч компанийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 17/17 дугаартай түрээсийн өрөөг хүлээлгэж өгөх тухай албан бичигт хариуцагч компанийн гүйцэтгэх захирал гарын үсэг зурсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул хариуцагч компанийг түрээсийн зүйлийг ашиглаж байсан гэж дүгнэсэн боловч түрээсийн зүйлийг ашиглаж байсан нь уг гэрээг хүчин төгөлдөр гэж тооцох үндэслэл болохгүй. Шүүх нэхэмжлэлийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлээр 1 657 650 төгрөгийн хэмжээнд хангах ёстой байсан. Учир нь, түрээсийн гэрээ бичгээр байгуулагдаагүй, хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэгч 8 189 284 төгрөгийн алданги шаардах эрхгүй, 3 350 071 төгрөгийн хохирлын акт тавигдсан гэх тайлбараа нэхэмжлэгч баримтаар нотлоогүй байхад хариуцагч тайлбарыг үгүйсгэсэн нотлох баримт гаргаж өгөөгүй гээд хохирол гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. 16 378 568 төгрөгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангасан нь илт буруу болсон. Хариуцагчийн хүсэлтээр шүүх нэхэмжлэгчээс түрээсийн төлбөр болон ашиглалтын төлбөр дансандаа хүлээн авсан бүх баримтуудыг гаргуулсан тул хариуцагчаас түүнтэй холбоотой нотлох баримт нэмж гаргах шаардлагагүй байсан. Харин түрээсийн төлбөр нэхэмжилсэн тооцоолол төлбөр хүлээн авсан баримттай таарахгүй байгаа талаар хариуцагч тайлбарласан байхад шүүх энэ талаар зөв дүгнэлт хийгээгүй.

“Жигүүр гранд групп” ХХК-ийн нэхэмжлэлээс харахад 901, 902, 903 тоот өрөөнүүдийн 2016, 2017 оны 1, 2 дугаар саруудын түрээсийн төлбөр төлөгдсөн, 901 тоот өрөөг 3 дугаар сарын 20-ны өдөр”Ж Г Г” ХХК-д хүлээлгэн өгсөн, төлбөр төлөгдсөн байна. Нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн төлбөрийн баримтууд, тооцооллоос харахад 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр “Альянс проперти групп” ХХК нь 901, 902, 903 тоотын түрээсийн төлбөрт 32 957 090 төгрөг төлсөн. Энэ дүнд 3 өрөөний 1, 2 дугаар сарын түрээс                          29 007 890 төгрөг, 901 тоот өрөөний 3 дугаар сарын 20 хүртэлх түрээс 2 632 800 төгрөг орсон. Уг нь энэ 2 дүнгийн нийлбэр 31 640 690 төгрөг байх ёстой ч 1 316 400 төгрөг илүү төлсөн байна. Нэхэмжлэгчийн тооцооноос харахад, 901 тоотын цахилгааны төлбөр 2017 оны 2 дугаар сарын 04-ний өдрөөс 3 дугаар сарын 23-ны хооронд 103 261 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 23-наас 4 дүгээр сарын 28-ны хооронд 79 175 төгрөг, 902 тоотын цахилгааны төлбөр 5 198 төгрөг, 903 тоотын цахилгааны төлбөр 81 254 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 5 дугаар сарын 31-ний хооронд 902 тоотын цахилгаан 39 328 төгрөг, 903 тоотын цахилгааны төлбөр 30 665 төгрөг, нийт 338 881 төгрөг болсон ч төлөгдөөгүй гээд түрээсийн төлбөрийн илүү төлөлт болох 1 316 400 төгрөгөөс суутган тооцсон байна.

Гэтэл 901 тоотыг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээлгэн өгсөн тул 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 4 дүгээр сарын 28-ны хооронд цахилгааны төлбөр 79 175 төгрөг гарах, нэхэмжлэх, суутгах үндэслэл байхгүй. Дээрх цахилгааны төлбөрийн тооцоо нь бусад баримтаар нотлогдоогүй, баримтгүй тул төлөх, 338 881 төгрөгийг илүү төлөлт болох 1 316 400 төгрөгөөс суутгасан нь үндэслэлгүй. 901 тоотын обой гэмтсэн гэж акт тавьж 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хохирол 195 203 төгрөгийн тооцоо гаргаж, илүү төлөлтөөс суутгасан нь үндэслэлгүй. 902, 903 тоотын обой, хана гэмгээсэн гэж 3 350 071 төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа нь нотлох баримтгүй байна. Цахилгааны төлбөрийн 338 881 төгрөг, 901 тоотын обойн хохирол 195 203 төгрөг, нийт 534 084 төгрөгийг илүү төлөлтөөс суутгасан нь үндэслэлгүй. 902, 903 тоот өрөөний 3-5 дугаар саруудын төлөгдөөгүй түрээсийн төлбөр 31 664 250 төгрөгөөс барьцаа гэж 14 503 950 төгрөг биш, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төлөгдсөн барьцааны 28 690 200 төгрөгийг хасч үлдэгдэл төлбөр нь 2 974 050 төгрөг байх ёстой. Түүнээс илүү төлөлт 1 316 400 төгрөгийг хасахад түрээсийн төлбөрт 1 657 650 төгрөг үлдэнэ. Иймд дээр дурдсан үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, 26 260 273 төгрөгийг хасч, 1 657 650 төгрөг болгон багасгаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч”Ж Г Г” ХХК нь хариуцагч “А Ф Х Г” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийхээ үндэслэлийг түрээслэгч нь  түрээсийн гэрээний зүйл болох 901 тоотыг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл, 902, 903 тоотын 234.55 м.кв талбайг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд гэрээний дагуу эзэмшиж, ашигласан бөгөөд 902, 903 тоотын 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 31-ний өдрийн хооронд 3 сарын түрээсийн төлбөр 31 664 250 төгрөгийг төлөөгүй тул барьцаа төлбөр 14 503 950 төгрөг, 901 тоотын илүү төлөлт 781 732 төгрөгийг хасч 16 378 568 төгрөг, алданги 8 189 284 төгрөг, хана, обой гэмтээсэн хохирлын 3 350 071 төгрөг, нийт 27 917 923 төгрөг гаргуулна гэснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Оффисийн талбайн түрээсийн гэрээ”-г нэг талаас түрээслүүлэгч”Ж Г Г” ХХК, нөгөө талаас түрээслэгч “АФГ санхүүгийн групп” ХХК байгуулж, үүгээр Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо, Гэгээнтэн цогцолборын Оффис-1-ийн 16 давхар барилгын 901, 902, 903 тоотын нийт 322.31 м.кв талбайг 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2 жилийн хугацаатай, 1 м.кв талбайг 45 000 төгрөгөөр буюу сарын 14 503 950 төгрөгөөр түрээслэх нөхцлийг харилцан тохиролцсон байна. /1хх6-9/

 

Дээрх гэрээний түрээслэгч “АФГ” санхүүгийн групп ХХК нь нэрээ өөрчилж “А Ф Х Г” ХХК болгон өөрчилсөн, тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Т.Болор болох талаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хуулийн этгээдийн лавлагаа, улсын бүртгэлийн гэрчилгээ авагдсан байна. /1хх79, 165-167/

 

Талуудын байгуулсан түрээсийн гэрээ, зохигчдын тайлбараас дүгнэвэл, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангажээ. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй байх тул хариуцагч талын “гэрээг хүчин төгөлдөр бус” гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

 

Түүнчлэн, хариуцагч тал давж заалдах гомдлын нэг үндэслэлээ, түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 31 664 250 төгрөгөөс 901 тоотын илүү төлөлт 1 316 400 төгрөг, барьцаа төлбөр 28 690 200 төгрөг зэргийг хасч, 1 657 650 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж тайлбарлажээ. Хэрэгт 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч”Ж Г Г” ХХК-ийн “Худалдаа хөгжлийн банк” ХХК дах 499010601 тоот дансанд “Альянс финанс групп ХХК-с түрээсийн барьцаа” гэх гүйлгээний утгаар 28 690 200 төгрөгийг шилжүүлсэн баримт /2хх50/ авагдсан байна. Гэвч талуудын хооронд байгуулсан гэрээний 4.4-т түрээслэгч нь түрээсийн 1 сарын төлбөртэй тэнцэх мөнгөн дүнг барьцаа хэлбэрээр түрээслүүлэгчид хадгалуулах талаар болон түрээсийн 1 сарын төлбөрийн дүн 14 503 950 төгрөг байх талаар тодорхой тусгажээ.

 

Иймд 16 378 568 төгрөгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй гэж үзэх бөгөөд шүүх талуудын тайлбарыг түрээсийн гэрээний заалттай нийцүүлэн дүгнэснийг буруутгахгүй. Тодруулбал, хариуцагч нь дээрх 28 690 200 төгрөг нь бүхэлдээ барьцаа төлбөрт тооцогдох байсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 16 378 568 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэж заасны дагуу хэргийг хянахад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын алданги, хохиролтой холбоотой төлбөрийг хангаж шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байгааг зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Тухайлбал, түрээсийн гэрээний хугацаа 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл байсан бөгөөд хэрэгт авагдсан Т.Болорын гарын үсэг бүхий “А Ф Х Г” ХХК-ийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 17/17 тоот “...Тус компани нь танай компанид албан бичгээр урьдчилан мэдэгдсэн ёсоор Гэгээнтэн цогцолбор оффис-1 дүгээр байрны 902, 903 дугаартай өрөөнөөс 5 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд нүүж, өрөөнүүдийг бүрэн сулласан тул 5 дугаар сарын 31-ний дотор багтаан дээрх ажлын өрөөнүүдийг хүлээн авна уу...” гэх /2хх69/ албан бичиг, зохигчийн тайлбараар гэрээг түрээслэгчийн санаачилгаар мөн өдөр цуцлагдсан гэж үзэхээр байна. Гэрээ хугацаанаас өмнө цуцлагдсан талаар талуудын хэн аль нь маргаагүй.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж тодорхойлсон бөгөөд гэрээ дээрх байдлаар хугацаанаас өмнө цуцлагдсан тохиолдолд алданги тооцох үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулсан гэрээ хугацаанаасаа өмнө цуцлагдсан байхад тухайн гэрээнд үүргийн гүйцэтгэл хангах нэг арга болох алдангийг тооцох боломжгүй юм.

 

Түүнчлэн, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дах хэсэгт зааснаар түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэх бөгөөд Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.4-т зааснаар хөлслөн авсан эд хөрөнгө буюу түрээсийн зүйлийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүүгээр муутгасан тохиолдолд түрээслүүлэгч уг хохирлыг шаардах эрхтэй. Хэрэгт авагдсан баримтаар хуульд заасан энэхүү нөхцөл байдал тогтоогдоогүй тул 3 350 071 төгрөгийн хохирол нэхэмжлэгч талд учирсан гэж үзэхгүй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох, үүнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад хуульд заасны дагуу өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн   167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2019/02693 дугаар шийдвэрийн, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “А Ф Х Г” ХХК-иас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 16 378 568 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч”Ж Г Г” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 8 189 284 төгрөг, хохирол 3 350 071 төгрөг, нийт 11 539 355 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн,

Тогтоох хэсгийн 2 дах заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297 540 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 239 843 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч “А Ф Х Г” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289 300 төгрөгийн 199 580 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                                        ШҮҮГЧИД                                С.ЭНХТӨР

 

                                                                                         Т.ТУЯА