Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2021/01096

 
 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, Б.Ундрах, Д.Цолмон, нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10-р сарын 11-ний өдрийн 102/ШШ2019/02693 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2153 дугаар магадлалтай,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК

Хариуцагч:******* ХХК

 

нэхэмжлэл: нийт 27,917,923 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хяналтын журмаар нэхэмжлэгчээс 2020.01.28-ны өдөр, хариуцагчаас 2020.01.20-ны өдөр тус тус гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч М.Бадрал, нарийн бичгийн даргад Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: 2016.01.28-ны өдөр АФГ санхүүгийн групп ХХК нь манай компанитай Оффисийн талбайн түрээсийн гэрээ байгуулж, ХУД-н 15-р хороо, Гэгээнтэн цогцолбор Оффис-1-ийн 901, 902, 903 тоот өрөөнүүдийг түрээслэн үйл ажиллагаа явуулсан бөгөөд төлбөр төлөх үүргээ зөрчиж их хэмжээний өр үүсгэсэн. Гэрээний 4.1-д зааснаар 1 м.кв талбайн түрээсийн үнэ 45,000 төгрөг, 1 сарын төлбөр 14,503,950 төгрөг. Гэрээ байгуулахад 6 сарын төлбөрийг 10 хувийн хөнгөлөлттэй үнээр тооцож нийт 87,023,700 төгрөгийг төлсөн. АФГ санхүүгийн групп ХХК нэрээ сольж******* ХХК болж, энэ нэрээр манайтай харилцаж, төлбөрийг Алианс пропертис ХХК-иас шилжүүлсэн байсан. 901 тоот өрөөг 2017.04.21-ний өдөр хүртэл түрээсэлж, илүү төлөлт 781,732 төгрөг, 902, 903 тоот /235.55 м.кв талбайтай/ өрөөнүүдийн 2017.03.01-с 2017.05.31 хүртэлх 3 сарын түрээсийн төлбөр 31,644,250 төгрөгийг төлөлгүй өрөөнүүдийг чөлөөлсөн. Үүнээс гэрээний дагуу барьцаалуулсан 14,503,950 төгрөгийг, 901 тоотын илүү төлөлт 781,732 төгрөгийг тус тус хасч 16,378,568 төгрөгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Гэрээний 6.3-т зааснаар 2017.05.31-с 2018.10.25 хүртэл нийт 512 хоногийн алдангийг Иргэний хуульд нийцүүлэн тооцоход 8,189,284 төгрөг. Мөн 902, 903 тоотын обой, ханыг гэмтээсэн тул 3,350,071 төгрөгийн хохирлын акт тавигдсан. Иймд хариуцагчаас түрээсийн үлдэгдэл 16,378,568 төгрөг, алданги 8,189,284 төгрөг, хохирол 3,350,071 төгрөг, нийт 27,917,923 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч тайлбартаа: Нэхэмжлэлийн үндэслэл болгосон 2016.01.28-ны өдрийн Оффисийн талбайн түрээсийн гэрээг Т.Болор миний бие ******* ХХК-тай байгуулаагүй. Гэрээнд зурагдсан Т.Болор гэх гарын үсэг минийх биш. 2016.01.28-ны өдөр миний бие АФГ санхүүгийн групп ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал байсан. Энэ компани нэрээ******* ХХК болгон өөрчилсөн. Би АФГ санхүүгийн групп ХХК-ийн бүх хувьцааг бусдад шилжүүлж, 2016.02.08-с тус компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал нь Хятад улсын иргэн Ву Жиангуо /Wu Jianguo/ гэгч болсон. Энэ өдөр хүртэл компанийн нэрээр бусадтай гэрээ байгуулаагүй, ямар нэг гэрээ байгуулах зөвшөөрөл хэнд ч өгөөгүй. Гэрээнээс харахад Ву Жиангуо гэгчийн орчуулагч байсан Ц.Сайван өөрийгээ менежер гээд АФГ санхүүгийн групп ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурсан байна. Ц.Сайванг ажилд аваагүй, тушаал гаргаж байгаагүй, маргаад байгаа түрээсийн гэрээг байгуулахыг даалгаагүй. 2016.09.16-ны өдөр Ву Жиангуо гэгч нь тус компанийн 99 хувийг миний нэр дээр шилжүүлж, намайг захирал болгоно гэхээр нь би зөвшөөрсөн ч одоо болтол надад компанийн тамга тэмдгийг өгөөгүй, надад ямар ч түрээсийн гэрээний талаар яриагүй, гэрээ хүлээлгэж өгөөгүй. Гэгээнтэн цогцолборын өрөөнүүдэд очиж сууж ажиллаагүй. 2017.05.30-ны өдөр Альянс проперти групп ХХК-ийн захирал Д.Амарсанаа******* ХХК-ийн Ажлын өрөөг хүлээлцэх тухай албан бичигт гарын үсэг зурж өгнө үү гэж над руу хүн явуулаад танай компанийн нэрээр өгөх шаардлагатай байгаа юм гэж тайлбарласан. Түрээсийн төлбөрөө бүрэн төлсөн эсэхийг тодруулахад бүрэн төлсөн, төлөөгүй бол юу гэж нүүж гарахыг зөвшөөрөх вэ, нүүж гараад суллаад өгсөн гэхээр нь гарын үсэг зурсан. Хэрэгт байгаа******* ХХК-ийн 2017.03.22-ны өдрийн Хүсэлт хүргүүлэх тухай албан бичигт байгаа гарын үсэг минийх биш, над дээр ийм бичигт гарын үсэг зураад өгөөч гэж хүн ирж байгаагүй. Нэхэмжлэлээс харахад Альянс проперти групп ХХК түрээсийн төлбөрийг төлдөг байжээ. Мөн тус компанийн захирал Д.Амарсанаа, нягтлан бодогч нар тэнд сууж ажиллаж байсныг бодоход тэд 2017.03.01-с 2017.05.31-ний өдрийн түрээсийн төлбөрийг төлөөгүй гарч явснаас энэ маргаан үүсчээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 102/ШШ2019/02693 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан******* ХХК-иас нийт 27,917,923 төгрөг гаргуулж ******* ХХК-д олгох, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 297,540 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 297,540 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2153 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2019/02693 дугаар шийдвэрийн, тогтоох хэсгийн 1,2 дахь заалтад өөрчлөлт оруулан, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан******* ХХК-с 16,378,568 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс нийт 11,539,355 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297,540 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 239,843 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289,300 төгрөгийн 199,580 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор заажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: АФГ санхүүгийн групп ХХК нь манай компанитай 2016.01.28-ны Оффисийн талбайн түрээсийн гэрээ-г байгуулж, Гэгээнтэн цогцолборын Оффис-1-ийн 9-р давхрын 901, 902, 903 тоотын өрөөнүүдийг түрээслэж үйл ажиллагаа явуулж байсан. Түрээсийн төлбөрөө тохиролцсон цаг хугацаандаа төлөхгүй гэрээний үүргээ зөрчиж, их хэмжээний өр төлбөр үүсгэсэн. Гэрээ байгуулагдаж 901 тоотын өрөөг оффисийн зориулалтаар ашиглаж эхэлснээс хойш 2017.04.21-ний өдрийг хүртэл түрээслэсэн бөгөөд илүү төлөлт нь 781,732 төгрөг, харин 902, 903 тоот (234,55 м.кв талбайтай) өрөөнүүдийг мөн түрээслэсэн бөгөөд 2017.03.01-с эхлэн 2017.05.31-г хүртэлх 3 сарын түрээсийн төлбөр 31,664,250 төгрөгийг төлөлгүй оффисыг чөлөөлж нүүж гарсан. Үүнээс гэрээний дагуу манайд барьцаалуулсан байсан 1 сарын түрээсийн барьцаа 14,503,950 төгрөгийг хасч, 901 тоотын илүү төлөлтийн 781,732 төгрөгийг хасч тооцоход 16,378,568 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулаагүй байгаа юм. Энэ төлөгдөөгүй дүнгээс гэрээний 6.3-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги тооцох-д 2017.05.31-с 2018.10.25-г хүртэл 512 хоногийн алданги тооцоход Иргэний хуульд заасан алдангийн хэмжээ үндсэн төлбөрөөс хэтэрсэн тул 50%-аар тооцож 8,189,284 төгрөгийн алданги нэмж төлөхөөр байгаа юм. Давж заалдах шатны шүүх ИХ-н 232.6 Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 -иас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж тодорхойлсон бөгөөд гэрээ дээрх байдлаар хугацаанаас өмнө цуцлагдсан тохиолдолд алданги тооцох үндэслэлгүй гэсэн нь учир дутагдалтай байна. Учир нь Талууд түрээсийн гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд хугацаанаас өмнө гэрээ цуцлагдсан ч******* ХХК нь Түрээсийн гэрээний 4.2-т Түрээсийн төлбөрийг улирлаар тооцон, улирал бүрийн эхний сарын 05-ны өдөрт Түрээслүүлэгч талын ХХБ-ны 499010601 тоот дансанд төлөх үүрэгтэй байсан. Гэвч бодит байдал дээр Түрээслэгч нь 902, 903 тоот (234,55 м.кв талбайтай) өрөөнүүдийн 2017.03.01-с 2017.05.31-г хүртэлх 3 сарын түрээсийн төлбөрийг төлөлгүй явсан үйлдэл нь гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн гэдэг хуулийн заалтад шууд хамаарах тул манай компани алданги 8,189,284 төгрөгийг түрээслэгч талаас нэхэмжлэн авах эрхтэй байна. Улмаар магадлал хууль зүйн үндэслэлгүй нь нотлогдож байна. Иймд алданги 8,189,284 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Бадрал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх ИХ-н 289.1.4-д заасан нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр 3,350,071 төгрөгийн хохирол төлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон боловч түрээсийн төлбөрийн илүү төлөлттэй холбоотой нотлох баримтыг дутуу үнэлж, хангах ёстой нэхэмжлэлийн шаардлагын дүнг буруу тооцоолон ихэсгэсэн. ******* ХХК-ийн хүлээн авсан төлбөрийн баримтуудаас харахад 2017.04.18-нд 901, 902, 903 тоотын түрээсийн төлбөрт 32,957,090 төгрөг хүлээн авсан байна. Энэ дүнд уг 3 өрөөний 1, 2 дугаар сарын түрээс 29,007,890 төгрөг ба 901 тоот өрөөний 2017.03.20-г хүртэлх түрээс 2,632,800 төгрөг орсон. Уг нь энэ 2 дүнгийн нийлбэр 31,640,690 төгрөг байх ёстой ч хариуцагч 1,316,400 төгрөг илүү төлсөн байна. Гэтэл нэхэмжлэгч илүү төлөлтийг 781,732 төгрөг гэсэн буруу тооцоолол шүүхэд гаргаж өгсөн. Учир нь 2017.03.20-ны өдөр хүлээлгэж өгсөн 901 тоотын 2017.03.23-с 04.28-ны хооронд хэрэглэсэн гэх цахилгааны төлбөр 79,175 төгрөгийг хариуцагч хариуцах ёсгүй, илүү төлөлтөөс суутгах ёсгүй байсан. Нэхэмжлэгч түрээсийн төлбөрийн илүү төлөлт болох 1,316,400 төгрөгөөс цахилгааны төлбөрт 338,881 төгрөг суутгасан байсан. Цахилгааны төлбөрийн 338,881 төгрөгөөс дээрх 79,175 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй, зөрүү 259,706 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Мөн нэхэмжлэгч 901 тоотын обой гэмтээсэн гэж 2017.05.04-нд 195,203 төгрөгийн хохирлын тооцоо гаргаж, илүү төлөлт 1,316,400 төгрөгөөс суутгасан нь үндэслэлгүй байсан. Давж заалдах шатны шүүх ИХ-н 289.1.4-д заасан нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хохирол төлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон боловч нэхэмжлэгч илүү төлөлтөөс 195,203 төгрөгийг хохиролд тооцон суутгасныг хэвээр үлдээсэн нь буруу болсон. Нэхэмжлэгч цахилгааны төлбөрийн 79,175 төгрөг, 901 тоотын обойн хохирол 195,203 төгрөг, нийт 274,378 төгрөгийг илүү төлөлт 1,316,400 төгрөгөөс суутгасан нь үндэслэлгүй юм. Иймд дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчаас гаргуулах түрээсийн төлбөрөөс 274,378 төгрөгийг хасч өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

******* ХХК нь 2018.12.07-ны өдөр******* ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, түрээсийн гэрээний үүрэгт нийт 27,917,923 төгрөг шаардсан байна.

 

Анхан шатны шүүх хариуцагчаас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 16,378,568 төгрөг, алданги 8,189,284 төгрөг, хохирол 3,350,071 төгрөг нийт 27,917,923 төгрөгийг гаргуулахаар шийдсэн.

Давж заалдах шатны шүүх хариуцагчаас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 16,378,568 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор зааж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгох өөрчлөлтийг оруулжээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо түрээсийн төлбөрийн үлдэгдэл 16,378,568 төгрөгөөс гадна алданги авах эрхтэй гэж марган 8,189,284 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрсөн байна. Харин хариуцагчийн хяналтын гомдолд түрээсийн төлбөрийн үлдэгдэл 16,378,568 төгрөгөөс ...цахилгааны төлбөрийн 79,175 төгрөг, 901 тоотын обойн хохирол 195,203 төгрөг, нийт 274,378 төгрөгийг хасч өгнө үү... гэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд гаргасан зохигчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлээс ...хохирол 3,350,071 төгрөг...-ийг хэрэгсэхгүй болгосон, үүнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул энэ талаар хяналтын шатны шүүх дүгнэлт хийгээгүй болно.

2. Түрээсийн төлбөрийн үлдэгдэл 16,378,568 төгрөгт холбогдох шаардлагыг хоёр шатны шүүх хангах үндэслэлтэй гэж үзэхдээ Иргэний хуулийн 189, 318 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, 2016.01.28-ны өдрийн түрээсийн гэрээгээр Жигүүр гранд групп ХХК нь хариуцагчид Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо, Гэгээнтэн цогцолборын Оффис-1-ийн 16 давхар барилгын 901, 902, 903 тоотын нийт 322.31 м.кв талбайг 2016.03.01-ний өдрөөс 2 жилийн хугацаатай, нэг м.кв талбайг 45,000 төгрөгөөр буюу сарын 14,503,950 төгрөгөөр түрээслэх нөхцөлийг харилцан тохиролцжээ.

Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээнд түрээслэгч нь нэг сарын төлбөртэй тэнцэх мөнгөн дүнг барьцаа хэлбэрээр түрээслүүлэгчид хадгалуулах, түрээсийн нэг сарын төлбөрийг 14,503,950 төгрөгөөр тогтоосон нь нотлогдсон байна.

Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Түрээслэгч нь түрээслүүлэгчид 16,378,568 төгрөг төлөх үүрэгтэй тухай хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх баримт хэрэгт байхгүй, шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль хэрэглээний алдаа гаргаагүй байх тул үндсэн төлбөрөөс ...нийт 274,378 төгрөг хасах... тухай хариуцагчийн гомдол Иргэний хуулийн 318 дугаар зүйлд нийцэхгүй байна.

3. Алданги 8,189,284 төгрөгт холбогдох шаардлагыг давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь баримттай байна.

Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.

Талуудын хооронд 2016.01.28-ны өдөр байгуулсан гэрээний 4.1, 4.1.1-4.1.3-т ...тухайн обьектын түрээсийн 1 м.кв талбайн үнэ 45,000 төгрөгөөр тооцно. Нийт 322,31 м.кв талбайн нэг сарын түрээсийн төлбөр 14,503,950 төгрөг бөгөөд 6 сарын түрээсийн төлбөр 10%-ийн хөнгөлөлттэй үнээр нийт 87,023,700 төгрөг байна. Түрээсийн төлбөрийг 6 сараар тооцон дараах графикийн дагуу төлнө... 2016.02.20-ны өдөр... 2016.08.20-ны өдөр... 2017.02.20-ны өдөр... 2017.08.20-ны өдөр... гэж., 4.2 ...түрээсийн төлбөрийг улирлаар тооцон, улирал бүрийн эхний сарын 5-ны өдөрт багтаан түрээслүүлэгч талын... тоот дансанд төлнө... гэж тус тус заажээ.

Хариуцагч нь гэрээний 4.1., 4.2 дахь заалтын аль хугацаанд төлбөр төлөх үүрэг хүлээснийг зааглан тодорхойлсон баримтгүй, нэхэмжлэлийн энэ шаардлагын талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл байхгүй байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

4. Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчаас түрээсийн төлбөр, алданги, хохирол нийт 27,917,923 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс үндсэн төлбөрийг гаргуулах хэсгийг хангасан өөрчлөлтийг давж заалдах шатны шүүх шийдвэрт оруулсан нь зөв боловч алданги, хохиролд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт нийцээгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан******* ХХК-иас 16,378,568 төгрөг гаргуулж ******* ХХК-д олгох, нэхэмжлэлээс 11,539,355 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох өөрчлөлтийг шийдвэр, магадлалд оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2153 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2019/02693 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг ...Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан******* ХХК-иас 16,378,568 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс нийт 11,539,355 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.. гэж, 2 дахь заалтын ...хариуцагчаас 297,540 төгрөг ... гэснийг ...хариуцагчаас 239,843 төгрөг... гэж тус тус өөрчлөн, шийдвэр магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээж, зохигчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 145,980 төгрөг, хариуцагчаас 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 8,885 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД, Б.МӨНХТУЯА

Б.УНДРАХ

Д.ЦОЛМОН