Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 41

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:114/2016/0038/3

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхтуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан баг, 15 дугаар байрны ******* тоотод оршин суух, Анчин овгийн *******гийн *******ийн  нэхэмжлэлтэй

Хариуцагч  Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд холбогдох

            Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаартай тогтоолын өөрт хамрах хэсгийг хүчингүй болгуулж, нэр дэвших эрхээ сэргээх, аймгийн Сонгуулийн хороонд Ц.*******ийг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

            Нэхэмжлэгч Ц.*******

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ё.Ринзаан, Д.Оюунчимэг

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Ариунболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ:- Миний бие Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд Шарын гол сумын 19 дүгээр тойрогт бие даан нэр дэвшиж байгаа бөгөөд Сонгуулийн тухай хуульд заасан хугацаанд, хуулиар тавигдсан шаардлагын дагуу холбогдох баримт бичгийг бүрдүүлж өгсөн. Хуульд зааснаар 201-ээс доошгүй хүний гарыг үсгийг зуруулах ёстой бөгөөд би 300 хүний гарын үсгийг зуруулсан. Гарын үсэг зуруулахдаа 90 хувьд өөрөө иргэдтэй уулзсан, 10 хувьд нь найз нөхөд зуруулж өгсөн. Гэтэл Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 сарын 19-ний өдрийн 08 тогтоолоор намайг бүртгэхээс   татгалзсан   тухай   шийдвэрийг    гаргасан    байна.  Татгалзсан   тухай     энэхүү   тогтоолд  сонгогчийн  гарын  үсгийг хуурамчаар бүрдүүлсэн гэх хуулийн заалтыг үндэслэсэн байна. Дэмжигч сонгогч нь санаандгүй тохиолдлоор регистрийн дугаараа андуурч бичих, гарын үсгээ өөр байдлаар зурах, гэрийн хаягаа одоо амьдарч байгаа хаягаар бичих, тэр хаяг нь иргэний бүртгэл дээр өөрчлөлт ороогүй байх гэх зэргээр тухайн дэмжигч сонгогчоос хамааралтай асуудлыг миний бие хариуцах боломжгүй юм. Гарын үсэг зурсан дэмжигчдийн гарын үсгийг би хуурамчаар зураагүй болохоо хариуцлагатайгаар хэлмээр байна. Сонгуулийн хороо 28 хүний гарын үсэг зөрчилтэй гээд 23 хүнтэй уулзсан байх бөгөөд 5 хүн хаяг дээрээ байхгүй байна гэсэн шалтгааныг хэлж байна.300 хүнээс  гарын үсэг зөрчилтэй хүмүүсийг хасаад хуульд заасан 201-ээс дээш сонгогчдын гарын үсэг шаардлага хангаж байгаа тул нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэр хууль бус гэж үзэж байна.

Иймд Сонгуулийн хороо гарын үсэг хуурамчаар зурсан гэх үндэслэлээр бүртгэхээс татгалзсан тогтоолыг хуулийн дагуу шалгаж Аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 сарын 19-ний өдрийн 08 тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэр дэвших эрхийг сэргээж, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгаж өгнө үү  гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ё.Ринзаан, Д.Оюунчимэг нар шүүхэд гаргасан тайлбартаа:- Бие даан нэр дэвшигч Ц.******* нь Сонгуулийн тухай хуулийн 154, 156 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж 300 сонгогчийн гарын үсгийг цуглуулсан, хуурамч гэх гарын үсгийг хасаад ч хуульд заасан шаардлагыг хангаж 201 хүнээс дээш сонгогчийн гарын үсгийг зуруулсан байгаа тул нэр дэвшигчийг бүртгэхгүй байх татгалзах үндэслэл тогтоогдохгүй байна. Гэтэл Сонгуулийн хороо Сонгуулийн хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэж, гарын үсгийг хуурамчаар үйлдсэн зөрчил гаргасан гэж үзсэн байна. Хэрэв зөрчил бол Сонгуулийн тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Цагдаагийн байгууллагад өгч шалгуулж, 118 дугаар зүйлийн 118.1-д зааснаар үйлдэл тус бүрийн зөрчлийг тогтоолгох ёстой байтал өөрснөө шалгасан. Хуурамч гарын үсэг зурсан гэх хүмүүстэй уулзаж, асууж, нягтлан шалгасан гэх боловч эдгээр баримт нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, хууль сануулаагүй, сонгуулийн хорооны гишүүдэд ийм эрхийг хуулиар зохицуулаагүй байгаа. Нэхэмжлэгч Ц.******* нь удаа дараа гомдол гаргаж байхад хариу өгдөггүй, Үндсэн хуульд заасан “сонгох, сонгогдох” эрхийг бүдүүлгээр зөрчиж байна. Иймд Сонгуулийн хороог  Үндсэн хуулийн зарчим, Сонгуулийн хууль тогтоомжийн зарчим, мөн Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “ сонгуулийн эрх бүхий иргэний  сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Ариунболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд бие даан нэр дэвшигч *******гийн *******ийн сонгуулийн  хороонд ирүүлсэн сонгогчдын гарын үсэг зуруулсан маягт дээрх сонгогчдын гарын үсэг үнэн зөв эсэхийг нягтлах ажлыг Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.8-д заасны дагуу Аймгийн сонгуулийн хорооны гишүүд болон Шарын гол сумын Сонгуулийн хорооны гишүүдээр гүйцэтгүүлсэн. Дэмжигч сонгогчдын гарын үсэг зурсан маягт дээр гарын үсэг тулгах шаардлагатай байгаа иргэд сонгогчдын нэр, хаяг, утсыг тодорхой бичсэн жагсаалтыг Шарын гол сумын сонгуулийн хорооны гишүүдэд цахим хаягаар илгээсэн. Шарын гол сумын сонгуулийн хорооны гишүүд нэр бүхий 26 сонгогчийн хаягын дагуу гарын үсгийг нь цуглуулж аймгийн сонгуулийн хороонд ирүүлсэн юм. Ирүүлсэн гарын үсгийг нэр дэвшигчийн ирүүлсэн гарын үсэгтэй тулгахад *******,*******,*******,*******,*******гийн гарын үсгүүд зөрөөтэй байсан.  Мөн дэмжигч сонгогчийн бүртгэл дээрхи 30 дугаар хуудасны Ядам овогтой *******,,, нарын гарын үсэг нэг хүний бичиг байгааг нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэхдээ бид сонгогчдын хаягийн зөрчлийг зөрчил гэж үзэж хасаагүй, хуудас бүрт зөрчил байсан.300 хүний гарын үсгийг зуруулсан дээр маргах зүйлгүй, эцэслэн нягталж шалгаснаар 10 хүний гарын үсэг хуурамч болох нь тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

            1.Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаартай тогтоолын өөрт хамрах хэсгийг хүчингүй болгуулж, нэр дэвших эрхээ сэргээлгэх, аймгийн Сонгуулийн хороонд Ц.*******ийг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах” шаардлагын тухайд:

            Хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаар тогтоолоор бие даан нэр дэвшигч Ц.*******ийг сонгогч дэмжигчдийн гарын үсгийг цуглуулахдаа Сонгуулийн тухай хуульд заасан зөрчлийг гаргасан гэж үзээд Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4 “а”-д заасныг баримтлан нэр дэвшигчээр  бүртгэхээс татгалзсан  шийдвэрийг гаргасан байна.

            Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.1-д бие даан нэр дэвшигч нь “аймгийн хурлын сонгуульд нэр дэвшигчийн хувьд 201-ээс доошгүй” сонгогчдын гарын үсгийг Сонгуулийн төв байгууллагаас баталсан маягтын дагуу зуруулсан байхыг хуульчилсан байх бөгөөд бие даан нэр дэвшигч Ц.******* нь маягтын дагуу 300 сонгогчийн гарын үсгийг зуруулснаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар болон гарын үсэг зуруулсан маягт, шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар 10 хүний гарын үсгийг өөр хүн зурсан болох нь тогтоогдож байна.

            Гэвч 300 сонгогчийн гарын үсгээс зөрчилтэй гэх 10 хүний гарын үсгийг хасахад бие даан нэр дэвшигч Ц.*******  290 сонгогч дэмжигчийн  дэмжлэгийг авсан байх бөгөөд Сонгуулийн хороо  тэдгээр сонгогч дэмжигчдийн сонгох эрхийг хязгаарласан, Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.1-д заасныг зөрчсөн шийдвэр гаргасан нь Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “хууль дээдлэх”, 5.1.5-д “ маргааныг шуурхай, үндэслэлтэй, хуулийн хүрээнд шийдвэрлэх” гэсэн зарчимтай нийцэхгүй байна.

            Иймд Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаар тогтоолын Ц.*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож, бие даан нэр дэвшигч Ц.*******ийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан “сонгогдох” эрхийг  сэргээж, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг хариуцагч аймгийн Сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.5, 156 дугаар зүйлийн 156.2.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаар тогтоолын Ц.*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн сонгогдох эрхийг сэргээж, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд Ц.*******ийг бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг даалгасугай.

 

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт  зааснаар нэхэмжлэгч Ц.*******оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооноос улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73, 81 дүгээр зүйлүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            З.ЭНХТУЯА