Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 257

 

  Б.Б-ын нэхэмжлэлтэй,

Хэнтий аймгийн Засаг даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:              Танхимын тэргүүн М.Батсуурь   

Шүүгчид:                 Х.Батсүрэн

                                  Д.Мөнхтуяа

                                  Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:       П.Соёл-Эрдэнэ      

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: Хэнтий аймгийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/286 тоот захирамжийг хүчингүй болгуулах, мөн 2008 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 92 тоот захирамжийг хүчинтэйд тооцуулах тухай, 

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 127/ШШ2018/0003 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ний өдрийн 221/МА2018/0197 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Б.Б-г оролцуулж,

Нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 127/ШШ2018/0003 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 40.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хэнтий аймгийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/286 тоот “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ний өдрийн 221/МА2018/0197 дугаар магадлалаар: Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 127/ШШ2018/0003 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч Б.Б-н гомдлын агуулгад: Давж заалдах шатны шүүх “Хэнтий аймгийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 08-ний өдрийн 92 дугаар захирамжид анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй” гэжээ. Анхан шатны шүүх “2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/286 дугаар захирамж хүчингүй болсон тул анхны 2008 оны 4 дүгээр сарын 8-ний өдрийн 92 дугаар захирамж хүчин төгөлдөр байна” гэж үзсэн байна.

4. “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхийг шалгах ёстой” гэжээ. Миний хувьд тухайн асуудлаар аймгийн Засаг дарга О, Г нарт удаа дараа бичгээр өргөдөл өгдөг байсан, асуудлыг шийдэж өгнө гээд шийдэхгүй байсан. Сүүлд нь Аймгийн хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсээс бичиг ирэхээр нь шүүхэд хандсан. Би 2010-2013 он хүртэл сураггүй алга болоогүй, ажил төрлөө хийгээд явж байсан, захиргааны байгууллага яагаад гэрчилгээ гарсан гэдгээ мэдэгдэж болдоггүй, хэрэв хэлсэн бол очоод авах байсан, гэрчилгээ гараагүй гэж ойлгож байтал гэрчилгээ гарсан байсан байна.

5. Мөн “маргаан бүхий газарт үзлэг хийх” гэжээ. Энэ нь үндэслэлгүй, учир нь газар эзэмших кадастрын зураг хавтаст хэрэг байгаа, анхан шатны шүүх надад эзэмшиж байгаа гэсэн нотлох баримт хэргийн материалд хавсаргасан. Дээрх байдлуудыг харгалзан үзэж захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

7.  Нэхэмжлэгч Б.Б-д Хэнтий аймгийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 92 дугаар захирамжаар 6000 мкв газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс “энэхүү захирамжийн дагуу захиргааны байгууллага газрын гэрчилгээ олгох ёстой боловч үүргээ биелүүлээгүй, гэрчилгээ гарсныг хэлээгүй, газар эзэмших гэрээ байгуулаагүй” гэж маргаж байна.

8. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт зааснаар газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн Газрын алба иргэн, аж ахуй нэгжтэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгож, улсын бүртгэлд бүртгэхээр байна. Гэтэл энэ тохиолдолд захиргааны байгууллага нэхэмжлэгчид газар эзэмших эрхийн гэрчилгээг яагаад гардуулаагүй, газар эзэмших гэрээ байгуулаагүй шалтгаан тодорхойгүй, түүний үндэслэлийг шүүхээс тодруулж, холбогдох баримтыг цуглуулаагүйгээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Тухайлбал, хариуцагчаас “нэхэмжлэгчтэй гэрээ байгуулах гэтэл сураггүй алга болсон, ирэхгүй байхаар нь хүлээж байгаад гэрчилгээг хүчингүй болгосон” гэж, нэхэмжлэгчээс “сураггүй алга болоогүй, ажлаа хийгээд байж байсан, гэрчилгээ авъя гэхээр хүлээж байгаарай гээд гэрчилгээ өгдөггүй, гэрээ байгуулдаггүй байсан” гэж тус тус маргасан ба үүнтэй холбоотой нотлох баримт байхгүй, захиргааны байгууллагаас чиг үүргийн хүрээнд ямар үйл ажиллагаа явуулсан болох, хууль бус эс үйлдэхүй гаргасан эсэх, нөгөө талаас нэхэмжлэгчийн “удаа дараа захиргааны байгууллагад гэрчилгээ авахаар хандаж байсан” гэх тайлбар нотлох баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар тус бүрд холбогдох баримтыг цуглуулах нь хэрэгт ач холбогдолтой юм.

9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны талаар нотлох баримт цуглуулах тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна. Учир нь нэхэмжлэгч “газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тухай 2014 оны 4 сард мэдсэн” атлаа тухайн цаг хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, 2017 оны 11 дүгээр сарын 13-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан шалтгаан, хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэхийг тодруулж, эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай байна.

10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5, 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд гаргах нэхэмжлэлийн шаардлага нь шүүхийн шийдвэрийн төрөлтэй уялдах бөгөөд “захирамжийг хүчинтэйд тооцуулах” нэхэмжлэл гаргасан байгаа нь хуулийн дээрх заалтад нийцэж байгаа эсэх, түүнчлэн Хэнтий аймгийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/286 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн “хүчинтэйд тооцуулахыг” хүссэн 2008 оны  4 дүгээр сарын 8-ны өдрийн 92 дугаар захирамжийг хүчингүй болгосон байхад анхан шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийн шаардлага, шүүхийн шийдвэрийн улмаас сэргэх эрх, үр дагаврын тухайд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

11. Эдгээр болон бусад асуудлаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ний өдрийн 221/МА2018/0197 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                              М.БАТСУУРЬ  

ШҮҮГЧ                                                                                      П.СОЁЛ-ЭРДЭНЭ