Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2022/ДШМ/14

 

                                                                                                          

Д.Азжаргалд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанд

Прокурор П.Шижиртуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ш.Оюумаа

Нарийн бичгийн дарга Т.Батсайхан нарыг оролцуулан

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнхандын давж заалдсан гомдлоор шүүгдэгч Д.Азжаргалд холбогдох 2015000000196 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

   Монгол Улсын иргэн, Хануй овогт Долгорсүрэнгийн Азжаргал, 1975 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймагт төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгэл зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын * дугаар багийн Өлзийтийн **-** тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй,

Д.Азжаргал нь 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр улсын чанартай А-27 дугаартай асфальтан зам дээр **-** АРА улсын дугаартай Тоёото Приус-20 загварын тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 3.4.б-д заасан “Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, Д.Хишигдэлгэр, Э.Наранчимэг нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, А.Буянжаргалын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулж, А.Чимэгсайханы амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор:

 Шүүгдэгч Хануй овогт Долгорсүрэнгийн Азжаргалыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Азжаргалд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасч,

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Азжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 Энэ хэрэгт шүүгдэгч Д.Азжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй, хохирогч Д.Хишигдэлгэр, Э.Наранчимэг, А.Буянжаргал нар нь гомдол саналгүй, нэхэмжпэх зүйлгүй болохыг дурдаж, 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Азжаргалаас 48.224.000 төгрөг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжпэгч Ч.Энэрэлд олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... Анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолын ... зарим хэсгийг буюу тогтоох хэсгийн 7 дахь хэсгийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Азжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хорих ял оногдуулан, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар ялыг өршөөн хасч, шүүгдэгчээс 48.224.000 төгрөг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэсэн.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтаас
бусад заалтыг хүлээн зөвшөөрч байгаа, харин шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад зааснаар шүүгдэгчээс 48.224.000 төгрөг гаргуулан шийдвэрлэсний 46.500.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэхүү 46.500.000 төгрөг нь хохирогчийн 10 настай М.Амарзулд 18 нас хүртэл цалин, орлогын зөрүү 28.500.000 төгрөг, 13 настай М.Аминзулд 18.000.000 төгрөг гаргуулахаар шийдсэн нь  хууль зүйн үндэслэлгүй байна. Амь хохирогчийн цалин орлогын зөрүүг Иргэний тухай хуулийн 508 дугаар зүйлд заасны дагуу бодохоор  цалин, орлого тэтгэврийн зөрүү гаргахгүй байна. Мөн хэрэв цалин, орлого тэтгэврийн зөрүү хэрэв гарахаар бол Иргэний хуулийн 509 дүгээр зүйлийн 509.1-д зааснаар сар тутам төлөхөөр гаргадаг хууль зүйн зохицуулалтай.

 Харин сүүлд дахин нэхэмжилсэн оршуулгын зардлын баримт нь хэдийгээр нотлох баримтын шаардлага хангахгүй, эргэлзээтэй хэдий ч шүүгдэгч бүрэн төлнө гэдгээ илэрхийлсэн. Шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Энэрэлд одоогийн байдлаар 26.111.000 төгрөг төлсөн байна.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.6-д заасны дагуу “...хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь тухайн хохирлын хэмжээгээр маргах эрхийг хязгаарлахгүй ...” гэж заасны дагуу хохирлын хэмжээний  хувьд давж заалдах гомдлыг гаргаж байна. Иймд ... 155 дугаар шийтгэх тогтоолын  тогтоох хэсгийн 7 дахь заалтын “... шүүгдэгч Д.Азжаргалаас 48.224.000 төгрөгийг гаргуулж ...” гэснийг “...1.724.000 төгрөгийг ...” гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ш.Оюумаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Гэм хорын хохирлыг өв залгамжлагч шаардах эрхтэй. Насанд хүрээгүй хүүхдийг 16 нас хүртэл нөхөж олгоно  гэж заасан байдаг. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар гэмт хэргийн хор уршиг нотолно анхан шатны шүүх хууль ёсны дагуу зөв шийдсэн учраас хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор П.Шижиртуяа дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнхандын гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Азжаргалд холбогдох хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянан үзэв.

Д.Азжаргал нь 2020 оны  08 дугаар сарын 12-ны өдөр **-** АРА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашиныг жолоодон улсын чанартай А-27 дугаартай асфальтан зам дээр замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б-д заасан “Жолооч хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэгтэй”,

мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Д.Хишигдэлгэр, Э.Наранчимэг нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэн А.Буянжаргалын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулж, А.Чимэгсайханы амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.Азжаргалын гэм бурууг хянан хэлэлцэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг баримтлан 2 жилийн хорих ялыг өршөөн хасч шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль болон Өршөөл үзүүлэх тухай хуулиудыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

Харин амь хохирогч А.Чимэгсайханы хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ч.Энэрэл нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол хэмээн шүүгдэгч Д.Азжаргалаас 178.957.061 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчээс Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг баримтлан 48.224.000 төгрөг гаргуулж Ч.Энэрэлд олгож шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.

Шүүх дээрх хохирлыг гаргуулахдаа баримталбал зохих заалтыг баримтлаагүй, өөрөөр хэлбэл “Эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгах” тухай Иргэний хуулийн заалтыг баримтлан бага насны хүүхдүүдэд учирсан гэм хорын хохирлын тооцоог буруу хийж хохирлыг бөөнд нь гаргуулсан нь үндэслэлгүй байна.

Учир нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж, 508.3-д “Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна” гэж,  гэм хор учруулсан төлбөрийг төлөх хугацааг мөн хуулийн 508.4.1-т “бага насны буюу насанд хүрээгүй иргэнд арван зургаан насанд хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман насанд хүртэл” гэж, 509 дүгээр зүйлийн 509.1-д “Хохирогч нас барсан буюу хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдсон төлбөрийг сар тутам төлнө” гэж гэм хорын хохирол нөхөн төлөх үүрэгтэйг тус тус хуульчилсан байна.

Төлбөр төлөх үүрэг бүхий этгээд нь дээрх төлбөрийг сар тутам төлөх бөгөөд шүүх төлбөр гаргуулах хэмжээг Иргэний хуулийн 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт заасны дагуу тогтооно.

Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 804131 дугаартай Ч.Энэрэлд амь хохирогчийн насанд хүрээгүй 2 хүүхэд болох Ч.Аминзулд 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2027 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл, Ч.Амарзулд 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2029 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүр тэжээгчээ алдсны тэтгэвэр 300,000 төгрөгөөр тогтоосон тэтгвэрийн дэвтрийн хуулбар, амь хохирогч А.Чимэгсайхан нь 2012 оны 05 дугаар сараас 2019 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийн төлж байсан, “Уудам есөн бодь” ХХК-д 2019 оны 06 дугаар сараас 2020 оны 06 дугаар сарыг хүртэл өдөр тогоочоор ажиллаж байсан тодорхойлолт зэрэг нь хэрэгт тус тус авагдсан байна. /2 дугаар хх-188-191 тал/

Амь хохирогч А.Чимэгсайханы 2020 оны 4, 5, 6 дугаар сарын цалинг 3 сарын дунджаар тооцоход /1.260.000+1.250.000+800.000/ 3.310.000 төгрөг болж байгаа ба 1 сарын дундаж нь 1.103.300 төгрөгийг Иргэний хуулийн 508 дугаар зүйлд зааснаар 4 хүнд хуваахад нэг хүнд 275.833 төгрөг бага насны 2 хүүхдэд 551.666 төгрөг оногдож байх тул тэжээгчээ алдсаны тэтгэмжийн 300.000 төгрөгийг хасаад зөрүү 251.666 төгрөгийг сар бүр шүүгдэгч Д.Азжаргалаас гаргуулж хохирогч нарт олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнхандын давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолын 7 дахь хэсгийн “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Азжаргалаас 48.224.000 /дөчин найман сая хоёр зуунм хорин дөрвөн мянга/ төгрөг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжпэгч Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны ** дугаар хорооллын Д гудамжны **-** тоотод оршин суух Чимэгсайханы Энэрэлд олгосугай” гэснийг

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.3, 509 дүгээр зүйлийн 509.1-д тус тус зааснаар шүүгдэгч Д.Азжаргалаас гэм хорын хохиролд сар бүр 251,666 төгрөгийг гаргуулж, амь хохирогчийн хүүхдүүд болох Ч.Амарзул, Ч.Аминзул нарыг 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл тус тус

тэжээн тэтгүүлэхээр төлбөрт тооцсугай” гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнхандын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Шүүгдэгч Д.Азжаргал нь хохирогч Энэрэлд 26.111.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

          

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.ХҮРЭЛБААТАР

                                        ШҮҮГЧ                                       С.ЦЭЦЭГМАА

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ё.БЯМБАЦЭРЭН